Ч.МӨНХ
Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их, дээд сургуульд элсэнэ. Төгсөгчдөд мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, эрэлттэй мэргэжлүүдийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч С.Батхолбоотой ярилцлаа.
-Хөдөлмөрийн зах зээлд өдгөө ямар ажил, мэргэжил эрэлттэй байна вэ. Ер нь их, дээд сургуульд элсэгчид аль чиглэлийн мэргэжил эзэмших нь зүйтэй бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа хүн бүхэн олон хүчин зүйлийг харгалзан мэргэжлээ сонгох нь зүйтэй. Сонирхол, ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу мэргэжлээ тодорхойлох учиртай. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, аав, ээжийнхээ зөвлөгөөг ч харгалзах нь зөв. Монгол Улсад шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн мэргэжил гэж бий. Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын хавсралтаар үүнийг баталсан. Боловсрол, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөдөө аж ахуй зэрэг 13 чиглэлийн 37 мэргэжлийг уг жагсаалтад багтаасан байдаг. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Дэлхийн банк, “Edelman intelligence” судалгааны болон олон улсын бусад байгууллагын тайлан, бүх яамны санал, салбар бүрийн зорилго, зорилтод нийцүүлэн тухайн жагсаалт гаргасан. Мөн олон улсад 2030 он хүртэл хамгийн эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэйд тооцогдож буй мэргэжлүүдийн судалгааг харгалзсан юм. Тэгэхээр төгсөгчдийг үүнтэй танилцуулаарай гэж зөвлөмөөр байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний ирэх нэг жилийн эрэлтийг тодорхойлох “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр” судалгааг жил бүр хийдэг. Уг судалгааны дүнгээс харвал 2022 онд хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролоор эзэмших шаардлагатай даатгалын тооцооллын шинжээч, цахилгааны инженер, ахлах нягтлан бодогч, малын эмч, автомашины механик инженер эрэлттэй байна. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэдэг ачааны тэрэгний жолооч, тогооч, барилга угсралтын мужаан, арматурчин, гагнуурчин зэрэг ажил, мэргэжил эрэлттэйг тогтоосон.
-Одоогийн нөхцөл байдлаас гадна цаашид, жишээ нь ойрын 20-30 жилд эрэлттэй болох ажил, мэргэжлийн талаар судалгаа хийж, төлөвийг тодорхойлдог уу?
-Шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэлхийн нийгэм, улс төр, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт дунд ирээдүйн эрэлтийг олон жилээр тооцоолоход амаргүй. Дэлхийн эдийн засгийн форумын “Ирээдүйн ажлын байрны судалгаа-2020” гэсэн тайланд 2025 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, нэмэгдэх магадлалтай ажил, мэргэжлийн жагсаалтыг гаргасан байдаг. Тус тайланд дурдсанаар бол өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухааны ба их өгөгдлийн мэргэжилтэн, дижитал маркетер зэрэг ажил, мэргэжил эрэлттэй болно гэсэн. Бүгд л технологийн болон технологитой холбоотой. Мөн 2025 он хүртэл эрэлт нь хамгийн их буурах ажил, мэргэжлийн жагсаалтыг ч гаргасан байдаг. Бас нэг чухал асуудал нь хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын эрэлтийг тодорхойлсон явдал. Тодруулбал, аналитик, инновацлаг, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, манлайлах зэрэг 15 ур чадварыг хамгийн эрэлттэй гэж тооцоолсон.
-Манай улсын хувьд ажил горилогч ямар ур чадваруудтай байх нь давуу тал болох вэ?
-“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр” судалгааны дүнгээс харахад ажил олгогчид ажилтны мэргэжлийн ур чадвараас илүүтэй зөөлөн буюу хувь хүний үндсэн зан чанарт суурилсан ур чадварыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний үндсэн зан чанар, суурь хүмүүжил, ерөнхий хандлага, ёс зүйг хамгийн чухал ур чадвар гэж үзэж байна. Тэр дундаа зөөлөн ур чадварын үзүүлэлтүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлсэн. Тухайлбал, ажил олгогч шинэ ажилтан авахдаа найдвартай, хариуцлагатай байдал, эерэг, зөв хандлага, харилцааны болон цаг ашиглах, бие даан ажиллах чадварыг хамгийн ихээр чухалчилж байна. Жил бүрийн судалгаагаар ажил олгогчид эдгээр үзүүлэлтийг тогтмол нэрлэдэг гэж болно. Түүнчлэн ачаалал даах, багаар ажиллах чадвар нь ажил олгогчдод чухал ач холбогдолтой бөгөөд горилогчоос нэн тэргүүнд шаардаж буй.
-Хөдөлмөрийн зах зээлд өдгөө ажиллах хүчний эрэлт хэр байна вэ. Ер нь ажиллах хүчний эрэлт өнгөрсөн онуудынхаас ихсэж байна уу, буурч байгаа юу?
-Бидний хийсэн судалгаагаар бол 2022 онд улсын хэмжээнд дотоодын хөдөлмөрийн зах зээлд 78 мянган ажлын байрны эрэлт бий болох нь. Үүнийг өмнөх оны судалгааны дүнтэй харьцуулбал 25 000 гаруй ажлын байр буюу 48.3 хувиар өссөн дүн. Хөдөлмөрийн зах зээл урт хугацаанд тэлэх, өргөжих ерөнхий чиг хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тоон үзүүлэлтүүд хэлбэлзэх нь мэдээж. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын үед ажиллах хүчний эрэлт 27.6 хувиар буурч байлаа. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд ажиллах хүчний эрэлт 52-80 мянгын хооронд хэлбэлзэж, дундаж нь 72.9 мянга байсан. Цар тахлын үед буюу 2019 онд эл үзүүлэлт 69.4 мянга, дараа жил нь 52.6 мянга болж буурсан нь хамгийн доод түвшинд тооцогдох юм.
-Аль салбарт ажиллах хүчний эрэлт их байна вэ. Энэ нь ямар шалтгаантай бол?
-Салбарын ангиллын хувьд бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний эрэлт өндөр байгаа. Зөвхөн энэ гурван салбарт ажиллах хүчний нийт эрэлтийн 50-иас дээш хувь нь төвлөрч буй. Бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлтийн дундаж үзүүлэлт 15.8 мянга. Эл үзүүлэлт энэ онд 23.9 мянга болж өсөх үр дүн гарсан. Барилгын салбарын хувьд ажиллах хүчний эрэлтийн сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлт нь 14.9 мянга. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 9.4 мянга байна.
-Нэг талд ажиллах хүчний эрэлт их байдаг. Гэтэл нөгөө талд нь ажилгүй хүн олон бий. Бодит байдалд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгаа. Үүний шалтгаан нь юу вэ?
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгаа нь яах аргагүй тулгамдсан асуудал. Үүний учир шалтгааныг эдийн засгийн хөгжил, нийгэм, соёлын онцлог зэрэг олон хүчин зүйлээс хайж болно. Манай байгууллагын хийсэн судалгаануудын үр дүнгээс харахад ажил олгогч, ажилтан, ажил горилогч нарын тус тусын шаардлага нь маш их зөрүүтэй. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт нийцэхгүй байгаагийн нэг шалтгаан гэж дүгнэж болно. Жишээ нь, бид залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгаа хийсэн юм. Ажил олгогч тухайн хүнээс боловсролын түвшин, ажлын туршлага шаардах, нас заах, мөн цалин бага байдаг зэрэг нь ажил горилогч иргэдэд тулгардаг хамгийн том хүндрэл бэрхшээл болдог гэж үзэж байна. Тэгвэл “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр” судалгааны энэ жилийн тайлангаас харахад ажил олгогчдын хувьд ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилладаггүй, туршлага багатай гэсэн хоёр хүчин зүйл томоохон бэрхшээл учруулдгийг илүүтэй онцолжээ.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг олон улсын аргачлалаар хийдэг. Төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй байгаа үндсэн шалтгаануудыг энэ судалгаагаар тодруулдаг юм. Тухайн мэргэжлийн ажлын байр хомс, олдохгүй байх, цалин бага, эсвэл мэргэжлээрээ ажиллах дур сонирхолгүй зэрэг шалтгаан нь төгсөгчдөд нөлөөлдөг байна. Түүнчлэн төгсөгчид суралцах хугацаандаа сайн эзэмших шаардлагатай байсан гэж хэд хэдэн төрлийн мэдлэг, чадвар нэрлэснийг их, дээд сургуульд элсэгчдэд зөвлөгөө болгон хэлье. Тухайлбал, гадаад хэл сурах, дадлага шинжилгээ сайн хийх, практикт илүү туршлага хуримтлуулах зэргийг нэрлэжээ. Ажил олгогчид ажиллагчдаас ямар ур чадвар илүү хүлээдэг талаар өмнө нь дурдсан шүү дээ. Тэгэхээр ур чадварын энэ зөрүү нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт нийцэхгүй байх бас нэг шалтгаан болж буй.
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцүүлэх боломжийг та хэрхэн тодорхойлох вэ. Ер нь огтлолцох боломж нь ойрхон байна уу?
-Ойрын хугацаанд бий болох ажиллах хүчний эрэлтэд нийцүүлэн, урьдчилан төлөвлөж, тухайлсан бүлэгт чиглэсэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх байдлаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах боломжтой.
-Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий бүтцийг харахаар хамгийн том ажил олгогч нь төр байдаг. Харин хувийн хэвшил зах зээлд тун бага байр суурь эзэлдэг гэсэн ерөнхий ойлголт олон нийтийн дунд байдаг. Бодит нөхцөл байдал үнэхээр ийм байгаа юу?
-2021 оны эцсийн байдлаар нийт ажиллагчийн тоо 1 127 000 байна. Үүний 208 900 нь төрийн албан хаагч. Энэ нь нийт ажиллагчийн 18.5 хувь болно. Тэгэхээр төр хамгийн том ажил олгогч гэж үзэх нь өрөөсгөл ойлголт.
-Цар тахлын улмаас дэлхий дахинд хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд томоохон өөрчлөлт их гарсан. Манай улсын хөдөлмөрийн зах зээлд “Ковид-19” хэрхэн нөлөөлсөн бэ?
-Манай байгууллагаас “Хөдөлмөрийн зах зээлд үзүүлсэн “Ковид-19” цар тахлын нөлөө” шинжилгээний ажлыг улирал тутамд хийж ирсэн. Хамгийн сүүлд 2021 оны III улиралд хийлээ. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний тоо 2019-2021 онд улирал тутам буурсан. 2019 оны III улиралд ажиллах хүч 1 296 700 байжээ. Тэгвэл 2020 оны мөн үед 1 268 600, өнгөрсөн онд 1 226 800 болж буурчээ. Хэрэв цар тахал нөлөөлөөгүй бол хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний тоо өнгөрсөн оны III улиралд 1 301 900 болж нэмэгдэх байсан гэх тооцоолол ч гаргасан. Энэ жилийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий чиг хандлага цар тахлаас өмнөх үеийнхээ түвшинд очиж байна.
-Танай байгууллагаас энэ онд цалин хөлсний бүтцийн судалгаа хийсэн гэсэн. Аль салбарт цалин хамгийн өндөр болон бага байгаа бол?
-2013 оноос эхлэн салбарын яамнаас цалин хөлсний бүтцийн судалгааг хоёр жил тутамд явуулж байхаар шийдвэрлэсэн. Үүний дагуу уг судалгааг тогтмол хийж ирлээ. Улсын дундаж цалинг Үндэсний статистикийн хорооноос зарладаг. Манай байгууллагын тухайд ажиллагчдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал зэргээр цалин хөлсний бүтцийг нарийвчлан тодорхойлж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачдад танилцуулдаг. Хамгийн сүүлд хийсэн 2021 оны судалгаагаар манай улсад нийт цалин хөлсний 84 хувийг үндсэн цалин эзэлж байна. Нэмэгдэл нь 10, шагнал урамшуулал 0.9 хувийг бүрдүүлж буй. Тиймээс нийт цалинд эзлэх нэмэгдэл, шагнал урамшууллыг нэмэх нь чухал гэдэг нь ажиглагдсан. Ингэснээр ажиллагчдын нийт цалингийн хэмжээг өсгөх боломжтой. Мөн орон нутагт цалингийн хэмжээ улсын дунджаас доогуур байгааг нөхөх зэрэгт ач холбогдолтой. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагчдынхаа цалинг аль болох ур чадвар, зэрэгт суурилан тогтоох нь зүйтэй юм. Ингэснээр чадварлаг хүний нөөцтэй байх, ажиллагчдын тухайд цалингийн хэмжээ нэмэгдэх давуу талтай.