Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар сургуулийн 5б ангийн сурагч, “Сэлэм загас” клубийн тамирчин А.Ялгуун таеквондо, усанд сэлэлт, уран нугаралтаар хичээллэж, найрал дууны дугуйланд явдаг. Урлаг, спортын аль алинд нь ур чадвараа хөгжүүлж, уралдаан, тэмцээнд оролцдог түүнд үеийнхэнтэйгээ тоглох зав ховор. Тэрбээр Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний бага насны ангилалд алт, “Арслан” клубийн нэрэмжит цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Сүхбаатар аймагт саяхан болсон усанд сэлэлтийн өсвөр үеийн УАШТ-д анх удаа өрсөлдөж, спортын III зэрэгтэй болсон түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Таеквондогоор хичээллэдэг охины сэтгэлийг усанд сэлэлтийн спорт хэрхэн татсан нь сонирхолтой санагдлаа.
-Би усанд сэлэлтээр хичээллэж, өөр нэг шинэ авьяасаа нээсэн. Цаашид тууштай хичээллэсээр дэлхийн аварга болно гэж зорьж байгаа. Анх ийм бодол тээж энэ спортод хөл тавьсан. Усанд сэлэлтийн тамирчдаас Э.Эрхэс ахын ур чадварыг хараад, түүн шиг болно гэж бахархан боддог байв. Миний ах А.Амирлангуй мөн “Сэлэм загас” клубт усанд сэлэлтээр хичээллэдэг. Сэлэхэд анх хэцүү байсан ч ахыгаа хараад сурмаар санагдсан. Надад тэр үед халшрах бодол огтхон ч төрөөгүй. Харин ч үргэлжлүүлэх хүсэл төрж билээ. Би анх Ч.Энхтуяа багшаар усанд сэлэхийг заалгасан. Тус клубийн дасгалжуулагч Х.Батболд багшийн удирдлагад ахтайгаа хамт бэлтгэл хийгээд таван сар болж байна. Ах минь өсвөр үе, залуучуудын 13-14 насныхны ангилалд өрсөлддөг. Өнгөрсөн өвөл хойд хөршид болсон Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжиж, медаль хүртчихээсэй гэж догдолж үзсэн. Ах минь чамлахааргүй амжилт гаргаж, 77 тамирчнаас 11 дүгээр байр эзэлсэн шүү.
-Ахтайгаа хамт хичээллэдгийг бодоход гэрийнхэн тань сайн дэмждэг бололтой.
-Тийм ээ, биднийг сайн дэмждэг. Тэд минь “Медаль хүртэхийг зорихоос илүү өөрийгөө хөгжүүлээрэй” гэж хэлдэг. Би энэ жил УАШТ-д анх удаа оролцлоо. Анхны тэмцээн болохоор сэтгэл их догдолсон. Манайхан надад “Чиний анхны тэмцээн тул медаль хүртсэнгүй гэж сэтгэлээр битгий унаарай. Түрүүлэх гэж хичээх хэрэггүй. Харин туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцаарай” гэж зөвлөсөн. Гэхдээ би медаль хүртэнэ гэж тэмүүлсэн ч энэ удаа спортын III зэрэгтэй болсон. Аав, ээж минь “Амьдралд сурах ёстой гурван эрдэм бий. Гаднын нөлөөнөөс биеэ хамгаалах тулааны урлагаас таеквондо, мөн усанд сэлэлт, хаана ч явсан ойлголцож сурах хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй” гэж хэлдэг. Өнгөрсөн жилээс уран нугаралтаар хичээллэсэн. Олон зүйлд анхаарал хандуулж, завгүй гүйдэг ч цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлдэг. Усанд сэлж алжаалаа тайлдаг бол таеквондогоос эрч хүч авч, уран нугаралтын ачаар уян хатан хөдөлгөөнтэй болж байгаа.
-Спортын гараагаа таеквондогоор эхлүүлжээ. Шагналынхаа салхийг ямар медалиар хагалав?
-Ахыгаа дуурайж, зургаан настайдаа дасгалжуулагч Д.Батнасан багшийн удирдлагад таеквондогоор хичээллэсэн. Хоёр жил хичээллэж байтал багш гадаад руу явснаар П.Золжаргал багшийн удирдлагад шилжсэн юм. Гурван жил бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний бага насны ангилалд алтан медаль хүртэхдээ их баярласан. Ах өсвөр насныхны УАШТ-д аваргын төлөө тулалдаж мөнгө, дараа жил нь хүрэл медаль хүртсэн юм. Ах минь манай сургуулийн долдугаар ангийн сурагч.
-Ангийнхан нь спортоор хичээллэдэг үү?
-Манай ангид спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэдэг хүүхэд ховор. Тэдний олонх нь волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглодог. Хэрвээ ангийн нөхдөөс усан спорт сонирхвол дагуулж ирээд клубтээ хичээллүүлэх бодол бий. Тэднийг хойшид энэ спортод уриалах зорилготой. Ангийнхан минь гэрийнхээ ойролцоох усан бассейнд явна гэж ярьдаг. Аав, ээжтэй нь зөвлөлдөж байгаад нөхдөө “Сэлэм загас” клубт сэлүүлж сургана. Би таеквондогоор хичээллээд, усанд сэлэлтэд хөл тавьснаар булчин хөгжиж, хурд, хүч, тэсвэр хатуужилтай болоход нөлөөлсөн. Уран нугаралтын уян хатан хөдөлгөөн усанд сэлэлтийн далайн гахай төрөлд амжилт гаргахад хэрэг болдог.
-Багшийнхаа зөвлөснийг бэлтгэл хийхдээ хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
-Х.Батболд багш биднийг бэлтгэлээ буруу хийвэл тэр даруй зөвлөж, зөв техниктэй сэлүүлж сургадаг. Бид үгийг нь сайн сонсдог. Усанд сэлэлтээр хичээллээд би илүү нээлттэй болсон. Өмнө нь гэрийнхэнтэйгээ нэг их ярьдаггүй байлаа. Одоо бол аав, ээжийнхээ зөвлөгөөг сонсож, хичээл, бэлтгэлийнхээ талаар ярилцдаг. “Сэлэм загас” клубийн Э.Ариунтамир эгчийн сэлэх арга барил, техникээс нь суралцдаг. Тэрбээр сэлэлтийн бүх төрөлд сайн.
-Гэрийнхэн тань спортод хэр дуртай бол?
-Манайхан спортод дуртай. Аав биднийг дагаж тэмцээнд явдаг. Ээж ар гэрийн ажлыг хариуцаж, тэмцээнд өмсөх хувцас, хоол хүнс, хэрэг болох бүх зүйлийг зэхдэг. Гэрийнхэн минь ингэж дэмждэг болохоор бэлтгэлдээ өдөр бүр явж, тэмцээн оролцож байна. Би ахаасаа хоёр насны зөрүүтэй ч амархан ялагдахыг хүсдэггүй. Түрүүлэх гэж түүнтэй өрсөлдөнө, бүр ана мана сэлмээр санагддаг. Тэрбээр бэлтгэлийн үед “Чи мэлхий сэлэлтээр дагнан хичээллэвэл хойшид амжилт гаргана” гэж хэлдэг юм. Надад далайн гахай, араар даллах сэлэлт таалагддаг. Харин мэлхий, өврөөр даллах сэлэлт амаргүй. Гэхдээ сурахаар хичээж байгаа. Мэлхий сэлэлт техник их шаарддаг. Тууштай хичээллэж ур чадвараа өмнөхөөсөө ахиулна.
-Аав, ээжийнхээ зөвлөснөөр гадаад хэлний мэдлэгээ ахиулж байна уу?
-Орос хэл сурч байгаа. Англиар бол ойр зуурын зүйл ярьдаг. Амралтын өдрөөр англи хэлний дамжаанд суралцдаг. Хэлний мэдлэгээ ахиулж, олон орны хэл сурах бодол бий. Бас багийн спортоос волейболоор хичээллэхийг хүсдэг. Охидод тохирсон хамгийн гоё спорт. Сургуулийн биеийн тамирын багш намайг сонговол хичээллэнэ. Энэ ташрамд, үеийнхээ хүүхдүүдэд “Спортын ямар нэгэн төрлөөр заавал хичээллэж, ямар ч үед өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Сэлж, бас тулалдаж, хаана ч явсан гадаад хэлээр ойлголцож сурвал өөрийгөө олон таагүй зүйлээс аварч чадна” гэж хэлье.