“Женко” клубийн тамирчин, Азийн хошой аварга Б.Хулан бөхийн төрлөөс жүдо, самбо, жиү жицүгээр хичээллэж тив, ДАШТ, олон улсын тэмцээнээс гардсан цөөнгүй медальтай. Түүний “гал гарсан” сонирхолтой барилдаан, өмнөх шагналуудыг спорт сонирхогчид мэдэх тул энэ удаа ойрын үед гаргасан амжилтаас нь сонирхуулъя. Тэрбээр АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сард болсон “Dubai international pro” олон улсын тэмцээнд ягаан бүсний -70 кг-ын жинд хүрэл, дараа нь Туркийн Истанбулд зохион байгуулсан “Turkey national pro”-д түрүүлж, хошой алтан медаль хүртсэн юм. Тэгвэл Бахрейн улсын Манама хотод болсон Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Үүнээс гадна жүдо, самбогийн дэвжээнд зодоглож, цахиур хагалсан түүнийг “Залуус” буланд зочноор урилаа.
-Та өнгөрсөн сард хилийн дээс алхаж, гурван том тэмцээнээс иж бүрэн медальтай ирсэн. Эх орондоо амжилтын хуртай хөл тавих баярт мөч тамирчдад л тохиох юм даа.
-Гэрээсээ сар шахуу хол явсан болохоор аав, ээж, хань, хүүгээ санаж, өдөр бүр холбогддог ч дэргэд нь байх сан гэж их яарсан. АНЭУ-ын Дубайд тэмцээн эхлэхээс гурав хоногийн өмнө очсон тул орчин нөхцөлтэй нь тухтай танилцах боломж гарсан. Миний хувьд анх удаа ингэж аялж үзлээ. Бид хилийн дээс байсхийгээд алхдаг ч тухайн орны хөгжилтэй тэр бүр танилцаж амжихгүй ирдэг, эсвэл тэмцээний товлосон хугацаа ойрхон бол дараагийн улсыг зорьдог байв. Бахрейны Манамад Азийн АШТ-д оролцсон ч тус хоттой танилцах боломж гараагүй. Тэмцээн өндөрлөсний маргааш нутаг буцсан. Энэ хоёр тэмцээний дунд Туркийн Истанбулд болсон олон улсын тэмцээнд оролцлоо.
-Дубайн дэвжээнд зодоглосон барилдаан хэр сонирхолтой болсныг танаас сонсох гэж догдолж хүлээсэн шүү.
-Дубай хотод болсон Азийн АШТ-ий оноо цуглуулах олон улсын тэмцээний ягаан бүсний ангилалд 70 кг-ын жинд хүч сорьсон. Тус улсын иргэдийн олонх нь жиү жицүгээр хичээллэдэг. Эх оронд нь энэ спорт эрчимтэй хөгжиж эхлэхэд чөлөөт бөхийн шигшээ багаа тарааж, жиү жицүгийн шигшээг байгуулсан юм билээ. Тиймээс тэнд өндөр хөгжиж буй таван топ спортын нэг болсон. Жиү жицү Бразилын үндэсний спорт тул тамирчид нь хүчтэй өрсөлддөг. Монголоос жин тус бүрт нэг тамирчин оролцдог бол тэндээс таван бөх барилдах жишээтэй. Дотоодын өрсөлдөөнөөс шалгарсан шилдгүүд нь олон улс, тив, ДАШТ-д өрсөлддөг. Жиү жицүг хөгжүүлж байгаа орнууд Бразилаас мэргэжлийн дасгалжуулагч урьж, тамирчдаа бэлтгэдэг. Энэ удаа цар тахлын улмаас зарим орны тамирчид ирж оролцоогүй. Би чансааны оноогоор эхний тойрогт гоц мөргөж, хэсэгтээ Бразил, БНСУ-ын тамирчинтай барилдаж ялсан юм. Медалийн төлөөх барилдаанд нутгийнх нь бөхийг дэвжээнд нь хожиж, хүрэл медаль хүртсэн. Жиү жицүд цагаан, цэнхэр, ягаан, бор, хар бүс бий. Тэднээс хар бүстнүүдийн барилдаан хамгийн сонирхолтой өрнөдөг. Тэр дундаа Бразил, Арабын бөхчүүд хоорондоо таарсан үед ана мана үзэлцэж, шуугиан тарина шүү дээ.
-Бахрейн улс Азийн АШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Тэндхийн хөгжил, соёл нь ямар санагдав?
-Бид Монголоос явахдаа “Бахрейн гэж ямар улс байдаг бол, хурдан харах сан” гээд ярьж байлаа. Тэнд хөл тавиад л “Ямар сайхан газар вэ” гэж дуу алдсан. Онгоцны цонхоор харахад тэр чигээрээ арал байв. Хэдийгээр том газар нутаггүй, өндөр хөгжилтэй орон биш ч гэлээ улсдаа Азийн АШТ зохион байгуулсан нь гайхалтай санагдсан. Газар нутгийнхаа хэмжээ, онцлогт тохируулаад эх орноо хөгжүүлж чадсанаар нь их бахархсан. Тус улс хаант засаглалтай юм билээ. Манамад Азийн орнуудаас хүчирхэг баг илгээсэн. АНЭУ, Тайланд, Казахстаны тамирчид томоохон багтай ирж оролцохыг хараад өөрийн эрхгүй атаархах бодол төрж байв. Хар бүсний ангилалд барилддаг тэндхийн нэг тамирчин ДАШТ-д 77 кг-д түрүүлж, Азийн аваргад 69 кг-д мөнгөн медаль хүртсэн юм. Түүнийг медалийн тавцанд гарахад улсынх нь хөгжөөн дэмжигчид баяр хүргэхэд эзэн хаан нь өөрийн биеэр хүрэлцэн ирж, шагнал гардуулахыг нь харж байлаа.
-Манамад таарсан өрсөлдөгчид тань хүндхэн учраа харагдсан.
-Би тэнд жиү жицүгийн неваза төрөлд хүч сорьсон. Эхлээд хэсгийн аваргын, гурван цагийн дараа алтан медалийн төлөө өрсөлдөнө гэж бодож байсан тул сэтгэл тайвширч, цай уунгаа хоёр ширхэг гадил идээд сууж байтал гэнэтхэн 70 кг-д зогдоглох бөхчүүд дэвжээнд гараарай гэж зарлалаа. Гайхаад очтол АНЭУ, Тайландын бөхчүүд доод хэсгийн аваргын төлөө барилдах байсныг системд буруу дарж, араб бөхийг ялсан гэж гаргаад намайг түүнтэй хэсгийн аваргын төлөө барилдуулчихсан байв. Тэгээд намайг Тайландын бөхтэй барилдуулахаар боллоо. Хэрвээ түүнийг хожвол хэсгээсээ гарна, ялагдвал хүрэл медалийн төлөө барилдана. Уурлаж, уйлж ч болохгүй сонин байдалд орсон. Юм идсэн байсныг хэлэх үү гэнэтхэн дуудахаар нь дэвжээнд сандарч гараад барилдсан. Өрсөлдөгчдөө оноогоор хожигдож яваад цаг дуусахаас 10 секундийн өмнө гарт өчих мэхээр ялсан.
-Аваргын төлөө Йордан улсын бөхтэй таарсан байх аа?
-Тийм ээ, Би өмнө нь энэ төрөлд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээнд нэг жинд барилдсан бөхчүүдтэй дараагийнхад таардаг тохиолдол бишгүй. Йордан улсын ягаан, цэнхэр, бор бүсний ангиллын дэлхийн аварга хар бүстэй тамирчинтай алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Түүнтэй цөөнгүй таарсан тул арга барил, техникийг нь гадарлана. Надаас хоёр ч бүсний зөрүүтэй тэрбээр туршлага, техник, тактикаар илүү байгаа нь анзаарагдсан юм. Аваргын төлөөх барилдаанд би шүүгчдийн идэвхийн заалтаар хожигдсон. Тэрбээр тэмцээний дараа “Би чамаас их айсан шүү. Нэг л алдаа гаргавал хожигдоно гэдгээ мэдэж байсан тул зургаан минутын турш хамаг анхаарлаа төвлөрүүлж, биеэ чангалсан. Одоо хамаг булчин хөшөөд сулрахгүй байна” гээд инээж билээ.
-Тэмцээний үед тамирчдад хөгжилтэй зүйл бишгүй тохиолддог. Манайхан энэ удаа ч гэсэн дурсамж дүүрэн явсан гэж сонссон.
-Бид тэмцээний үед нэгнийхээ эмч, бариач, сэтгэлзүйч, дасгалжуулагч нь болох жишээ тэй. Бахрейнд очсон манайхны дунд хөгжилтэй зүйл байсхийгээд л гарна. Монголоос О.Болд-Эрдэнэ багш ахлах шүүгчээр ажилласан юм. Биднийг хариуцах багш байгаагүй тул тамирчид нэгнээ дагаж гараад тойроод зогсчихно. Зохион байгуулагчид “Дасгалжуулагч тань хаана байна вэ” гэхээр зүүсэн мандатаа эргүүлж харуулаад “Энэ багш, тэр багш” гэнэ. Тэмцээний товлосон хугацаа ар араасаа ойрхон байсан тул манайхан хувцсаа ч сайн зэхэж амжилгүй явсан. Тэнд нэг нь дасгалжуулагч болж, дэвжээнд нөгөөгөө барилдуулахаар авч гарна. Барилдахаар гарч байгаа нэгийнхээ араас мөн л нэг нь “Хурдан барилдчихаад бүсээ өгөөрэй, би таны дараа гарна шүү” гэнэ. Иймэрхүү хөгжилтэй байснаа бодохоор одоо ч инээд хүрдэг юм.
-Та тамирчны гараагаа жүдогоор эхлүүлж, бөхийн төрлүүдээр үргэлжлүүлж байна. Жиү жицүд сэтгэл хэрхэн татагдсанаа сонирхуулаач?
-Би жүдогийн шигшээ багт багтаж нэг хэсэг барилдсан. Гэтэл бэлтгэл хийх үед, мөр хааяа мултардаг боллоо. Гэсэн ч үргэлжлүүлж хийсээр л байв. Монголд 2013 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт жиү жицүгийн УАШТ болоход оролцож, хичээллээд удаагүй байсан тул эхний тойрогт ялагдчихлаа. Дараа нь 2016 онд Спортын төв ордонд насанд хүрэгчдийн УАШТ болоход хичээж барилдсаар түрүүлсэн юм. Би өөрийгөө энэ төрлөөр барилдана гэж огт төсөөлөөгүй. Жүдо, жиү жицүгийн барилдааны арга барил зарим зүйлээрээ төстэй. Тиймээс жиү жицүгийн тэмцээнд жүдогийнхон ч оролцдог. Би ч гэсэн нөхдөө дагаад л өрсөлдөнө. Тэр жил тэмцээн зохион байгуулах үеэр О.Болд-Эрдэнэ багшийн ажилд тусалсан юм. Хоёр хоног үргэлжилсэн жиү жицүгийн тэмцээнийг үзэж суухдаа барилдааных нь онцлог, арга барил, техникийг сайн ойлгож авсан. Надад тэр үед энэ төрлөөр хичээллэж, хар бүстэй тамирчин болох бодол төрсөн юм. Дараа жилийнх нь тэмцээнд үнэмлэхүй жинд түрүүллээ. Тухайн үед АНЭУ-ын жиү жицүгийн холбоо ийм жинд түрүүлсэн тамирчдын ДАШТ-д оролцох бүх зардлыг хариуцдаг байв. Эмэгтэйчүүдээс би 70 кг, эрэгтэйчүүдээс Г.Алтанбагана 90 кг-д ДАШТ-д анх оролцсон. Миний хувьд дэлхийн аваргад анх удаа оролцохдоо барилдааны дүрмийг сайн ойлгоогүй өрсөлдсөн. Тиймээс жүдогийн арга барилаар барилдаж, эхний тойрогт учраагаа барьцгүй наагаад хүчтэй унагачихсан юм. Уг нь барьж унагах ёстой байж л дээ. Тэгсэн дүрэм зөрчлөө гээд дэвжээнээс хөөчихсөн. Түүнээс хойш маш сайн судалж, бэлтгэл сайн хийсээр дараа жилийнх нь тэмцээнд цэнхэр бүсний ангиллаас хүрэл медаль хүртлээ. Тэр тэм цээнээс ирснийхээ дараа ягаан бүсний ангилалд өрсөлдөх болсон. Жиү жицүгийн бүс болгонд бэлтгэл хийх хугацаа, зэрэг, цол олгох нь өөр байдаг. Тухайн бөхийн тууштай хичээллэсэн жил, цагийн бүртгэлийг нь харгалзан үзэж байж, дараагийн бүсний ангилалд шилжүүлдэг юм.
-Таныг Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн шавь гэж сонссон. Багшийн тань зааж, зөвлөсөн бүхэн алхам тутамд хэрэг болдог биз?
-Би “Женко” клубийн багш, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Б.Батбаяр нарын удирдлагад хичээллэж, жүдод хөл тавьсан. Багш нар минь суурийг минь зөв тавьсны ачаар амжилт гаргасан гэж боддог. Ш.Цэвэлмаа багш шударга үгтэй, түс тас зантай, цайлган сэтгэлтэй. Бэлтгэл тааруухан хийвэл “Чи чадвал нь дэвжээнд үлдээд барилд, чадахгүй бол хичээл, сургуулиа хөө” гэдэг сэн. Өөрийгөө гэхээс илүү шавь нартаа анхаарал хандуулдаг. Гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулдаггүй цаг, заваа бидний төлөө зориулсан. Орой бэлтгэл тарах үед “Харих унааны мөнгөтэй юү, хоол идсэн үү. Бие, сэтгэл санаа тань ямар байна” гээд асууж ярилцана, зөвлөнө. Тамирчдынхаа ар гэрийнхэнтэй байнга зөвлөлдөж, холбоотой ажилладаг. Шавь нарынх нь ар гэрт ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд гүйж очоод уулздаг нь багш л байдаг юм.
-Жүдогоор хичээллэнэ гэж зүтгэхэд гэрийнхэн тань ямар хандлагатай хүлээж авсан бол?
-Бүжиг, усан спортоор сонирхож хичээллэдэг намайг жүдогоор барилдана гэж манайхан огтхон ч төсөөлөөгүй. Тэр үед “Энэ нөхөр нэг хэсэг сонирхож байгаад холдох биз” гэж боддог байж. Нэг жил бэлтгэл хийхэд аав, ээж “Чи медаль авахгүй байж бэлтгэл хийх юм. Одоо болиод хичээлдээ анхаар. Охин хүүхэд бөхөөр хичээллэх хэцүү” гэж хэлдэг байлаа. Тэмцээнд оролцоод медальтай ирдэг болоход манайхны хандлага өөрчлөгдөж “Миний охин мундаг байна” гээд дэмжиж эхэлсэн. Түрүүлж, аварга болоход баярлаж, тэмцээн үздэг хөгжөөн дэмжигч боллоо. Тамирчин хүн дандаа түрүүлнэ гэж байхгүй шүү дээ. Заримдаа өгөө, аваатай барилдана. Хааяа ялагдаж, хүрэл медаль хүртэхээр манайхан “Чи өрсөлдөгчдөө яагаад ялагдчихав. Бэлтгэлээ сайн хийхгүй байгаа юм уу” гээд зэмлэж, дуу муутайхан угтана.
-Шантарч, халширсан үед хэн зоригжуулж, хамгийн их хурцалдаг байв?
-Багш минь. Миний бэлтгэл хийхийг харчихаад “Манай энэ барилдахгүй ээ” гээд хэлэхийг нь сонсоод өөрийн эрхгүй шар хөдөлж, бүр илүү барилдмаар санагдана. Энэ нь шавь нарынхаа зан чанарын онцлогт тохируулж “уяа сойлгыг” нь тааруулдаг багшийн ухаан шүү дээ. Шарыг минь малтах тусам бэлтгэлээ сайн хийж тэмцээнээс медаль хүртэхэд өөрөөр хандаж “Миний охин ухаантай, мундаг байна, бэлтгэлээ сайн хийж амжилт гаргалаа” гээд урам өгнө. Заримдаа “Чам шиг хэрэггүй хүн байхгүй” гээд эхэлнэ шүү дээ. Түүнийг ингэж хэлэхээр бүр уур хүрч “Би яахаараа хэрэггүй гэж. Тэгвэл чам шиг хэрэгтэй хүн байхгүй гэж хэлтэл тань бэлтгэл хийж, барилдана даа” гэж боддог сон. Намайг Азийн аваргаас медальтай ирэхэд багш минь баяр хүргэж, урам хайрласан.Багш хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй. Ээж болсон бүх тамирчнаа эргэж тойрсон. Зодог тайлж, амьдрал хөл тавьсан шавь нартайгаа одоо ч холбоотой байдаг.
-Та Чингэлтэй дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийг төгссөн. Энэ сургуулиас төрсөн тамирчин хэр олон байдаг вэ?
-Би аравдугаар ангийн сурагч байхдаа тус сургуульд шилжиж очсон. Тэнд манай клубийн нэг эрэгтэй жүдоч сурдаг байлаа. Надаас хоёр насаар ах. Жүдогийнхон дэвжээнийхээ тамирчдыг нэг насаар ах байсан ч хүндэтгэлтэй ханддаг юм. Миний хувьд түүнийг хаана ч явсан ах гэж хүндэлдэг. Түүнийг ангийнхантайгаа хамт явж байхад нь санамсаргүй таарч “Сайн байна уу та” гээд мэндлэхэд нөхөд нь шоолж, нирхийтэл инээлдлээ. Нөгөөх чинь ичээд сүйд. Дараа нь бэлтгэл дээр “Хулан минь, надтай тааралдсан үедээ сайн байна уу ах аа гэж дахиж битгий хэлээрэй. Зүгээр л сайн уу Бавуу гээрэй” гээд захиж билээ.
-Тамирчид зодог тайлсныхаа дараа л өөртөө анхаарал хандуулах завтай болдог юм билээ. Та ингэхэд эрхзүйч мэргэжлээрээ ажилладаг уу?
-Олон улсын Улаанбаатар их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, ээж болохоосоо өмнө нэг хэсэг ажилласан. Одоогоор гэр бүл, үр хүүхэд, бэлтгэл, тэмцээнд анхаарал хандуулж байна. Хөл хүнд байхдаа жиү жицүгийн тэмцээн зурагтаар үзчихээд орой нь бараг зүүдэлж хонодог сон. Заримдаа бэлтгэлээ үгүйлж, хамт олноо санаад уйлдаг байлаа. Жингийнхээ бөхчүүдийн медаль хүртэхийг хараад өөрийн эрхгүй барилдмаар санагдаж бухимдсандаа нөхөртөө “Түүнтэй таарсан бол ингэж барилдаад ялах байлаа. Түүнийг тийм мэхээр хожих байсан даа” гээд хэлнэ. Гэр бүлийн минь хүн үндэсний бөхөөр барилддаг. Наадмын өдрүүд дөхөхөөр би завгүй болж, нөхрийнхөө барилдааныг харах гэж сэтгэл догдолж хүлээдэг шүү.
-Тамирчин хүн амжилтаа бууруулахгүй барих амаргүй. Миний мэдэхээр та 70 кг-ын жинд олон жил хүч сорьж байна.
-Амжилтаа алдахгүй олон жил хадгалах амаргүй. Бие, сэтгэлийн хат, тэвчээр маш их шаарддаг. Би 70 кг-д 11 жил барилдаж байна. Эмэгтэй хүн ээж болохоор бие, сэтгэл зүйд өөрчлөлт ордог. Бэлтгэл хийсэн ч бүхнийг дахиад эхлүүлнэ. Тэр үед өмнө анзаарахгүй өнгөрөөдөг байсан “Санаа байвч сачий хүрэхгүй” гэдэг үгийн утгыг их ойлгодог юм билээ. Дүү нартай кросст гүйсэн ч ард хоцрох жишээтэй. Гэхдээ бөхийн спортод, тэр дундаа жиү жицүд нас хязгаарладаггүй. Тухайн тамирчинд амжилт гаргах чадвар байгаа бол цааш үргэлжлүүлсээр л байдаг.
-Тэмцээнгүй үед найзуудтай зав гаргаад уулздаг биз дээ?
-Тамирчдад найз нөхөдтэйгөө тухтай уулзах зав бага гардаг. Амжилт гаргахын төлөө ихэнх цагаа бэлтгэл хийхэд зориулдаг юм. Өмнө нь уулзаад ярьж хөөрдөг байсан бол гэр бүл, үр хүүхэдтэй болохоор уулзах нь холдоно. Миний хувьд айлын эзэгтэй болсон болохоор найзуудтайгаа байнга уулзаж амждаггүй. Эмэгтэй хүн ээж болохоор үүрэг хариуцлага нэмэгддэг. Тиймээс нөхөдтэйгөө уулзах цаг, заваа аль болох гэр бүлдээ гаргах гэж хичээдэг болдог юм билээ. Намайг Азийн аваргад оролцоход гадаадын дасгалжуулагчид “Чи гурван жил дэвжээнд гараагүй. Өнгөрсөн хугацаанд хаана юу хийж байгаад ирэв. Одоо эргэж буцахааргүй ирсэн биз дээ” гээд асууж байсан шүү.
-Хэзээ нэгэн цагт зодог тайлбал дасгалжуулагчаар ажиллана гэж боддог уу?
-Нэг хэсэг багшлах гэж үзсэн. Хүүхдүүдэд зааж, зөвлөөд өөрөө бэлтгэл хийх зав гардаггүй юм билээ. Тэр үед тамирчин байж, тамирчин бэлтгэх амаргүйг ойлгосон. Тиймээс бэлтгэлдээ анхаарал хандуулж байгаа.