Гоо сайхны бүтээгдэхүүн, тодруулбал хөмсөгний ургалтыг дэмжих, өтгөрүүлэх үйлчилгээтэй серум хийж буй С.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Монголд сэтгүүлчээр ажиллаж байсан тэрбээр өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч буй.
-“C`moi” нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Хөмсөгний серум хийх санаа хэрхэн төрөв. Энэ талаараа хуваалцаач.
-Гоо сайхны нэрийн бүтээгдэхүүн хийх санааг дүүтэйгээ хамтарч гаргасан. Манай дүү С.Эрдэнэтөгс гоо сайхны артист, энд салонд ажилладаг. Бид хувцас загвар, гоо сайхан сонирхдог, энэ чиглэлээр ажиллах дуртай. Би Америкт 2018 онд ирээд бүсгүйчүүд нь үс, хөмсөг, сормуусаа ургуулах, тэжээхэд их анхаардгийг анзаарсан. Хөмсгөө будаж, шивүүлэхээс илүү ургуулж, төрөлх хэлбэрээр нь байлгадаг. Дүү бид хоёр шингэн хөмсөг, үстэй учраас ургуулж, өтгөрүүлэх бүтээгдэхүүн сонирхон, хэрэглэж үзэхэд үр дүнтэй байсан юм. Тэгээд хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ найрлагыг судлан, үүнтэй адилыг хийвэл худалдан авагч олон, үр дүн ч өндөр байх гэж ярилцаад эрэл хайгуул уйгагүй хийсэн. Үс, хөмсөг, сормуус, сахал ургуулагчаас хэдэн арван төрлийнхийг худалдан аваад түрхэх, задлах, тагийг нь онгорхой хонуулах гэх зэргээр сонирхон, шинжиж эхэлсэн дээ. Удалгүй цар тахал дэгдэн бид 100 орчим хоног гэрээсээ гараагүй. Энэ үед л санаагаа илүү боловсруулсан юм. Улмаар орц найрлагаа тодорхой болгон, лабораторийн мэргэжилтнүүдэд хандан, хамтарч ажиллах болсон. Ингэж л “C`moi”-г гаргах анхны алхмаа хийсэн. Нас ахихын хэрээр хүний үс, хөмсөг, сормуус, сахал шингэрдэг. Хэрэв тогтмол арчилж, ургуулаад байвал урт хугацаанд өтгөн хөмсөг, сормуус, үстэй байх боломжтой.
-“C`moi” гэж юу гэсэн утгатай үг вэ?
-Францаар “би” гэсэн үг. Хүний амьдрал, хийж буй ажил, харагдах байдал, зан араншин нь цаг ямагт өөрийг нь илэрхийлдэг гэж боддог. Тиймээс ийм нэр өгсөн.
-Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Хэрэглэгчид юүг мэдвэл зохих бол?
-Нэр алдартай брэндүүд, олны танил бүтээгдэхүүнийг хэрэглэх уламжлал дэлхий дахинд тогтсон байсан. Ер нь хамгийн үнэтэй, маркетинг сайтай үйлдвэрийнхийг сонгож хэрэглэж ирсэн гэхэд болно. Гэтэл өдгөө гоо сайхны бүтээгдэхүүн сонголтын чиг хандлага өөрчлөгдөж буй. Тодруулбал, бүсгүйчүүд хамгийн алдартай, үнэтэйг нь биш, шинэ тутам хөгжүүлж байгаа ч орц найрлага нь тодорхой, байгалийн гаралтай, өөрт тохирсон барааг худалдан авч хэвшиж байгаа. Мөн сав баглаанд нь өндөр өртөг шингээгүй, амьтан дээр туршаагүй, сульфат болон парабен агуулаагүй байх тусам эрэлт ихтэй болсон. Сульфат, парабен нь олон төрлийн орцыг хооронд нь барьцалдуулж, найрлагыг нь ханган, хадгалах хугацааг уртасгадаг бодис юм. Манай бүтээгдэхүүн ийм бодис агуулаагүй. Задалснаас хойш гурван сарын дотор хэрэглэх заалттай. Үүнээс гадна сүүлийн үеийн гоо сайхны чиг хандлагад хөмсөг болон нүүрээ хурц, тод будахгүйгээр натурал төрх бүрдүүлэхэд анхаардаг болсон. Натурал төрхтэй, өөрийн гоо сайхныг тод харагдуулахад хөмсөг чухал үүрэгтэй. Өтгөн, гялалзсан хөмсөг, үс, сормуустай хүмүүс илүү үзэсгэлэнтэй харагдах нь мэдээж.
-“C`moi”-г хэрэглэх насны хязгаар, хориглох заалт бий юү?
-16-гаас дээш насны, эрэгтэй, эмэгтэй хэн ч хэрэглэх боломжтой. Нүүрээ цэвэрлэсний дараа орой бүр тогтмол түрхэнэ.
-Хөмсөг ургуулагч серумаас өөр юу хийхээр төлөвлөв?
-Үс уналтыг зогсоох, сормуус, сахал ургуулах серум, сормуусны будаг хийх зорилготой. Цөөнгүй төрлийн бүтээгдэхүүн гаргах учраас ямар сав, савлагаатай хийвэл хэмнэлттэй, өртөг багатай байх талаар судалж байна. Мөн байгальд ээлтэй, үр дүн сайтайг нь санал болгох нь бидний гол зорилго.
-Бүтээгдэхүүнээ борлуулахад, зах зээлд нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна. Ямар орнуудад зарах зөвшөөрөлтэй вэ?
-Америкт цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ хөгжсөн учраас зарж борлуулахад асуудалгүй. Монголд шуудан, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ төдийлөн хөгжөөгүйгээс бэрхшээл тулгарч л байна. Наад зах нь хүмүүсийн ажил, гэрийн хаяг тодорхой бус учраас шуурхай түгээх боломж хомс юм билээ. Манай бүтээгдэхүүнийг АНУ, Монголоос гадна Европын Холбооны орнууд руу гаргах эрхтэй.
-Америкт шинэ бизнесийг хэрхэн дэмждэг бол?
-Хүмүүс компани байгуулаад, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхэд бараг саадгүй. Цахимаар бүртгэн авч, хурдан шуурхай үйлчилдэг юм байна. Үйл ажиллагаагаа үнэн зөв мэдүүлж, итгэмжлэгдсэн лабораторитой хамтарсан, татвараа шударга төлөх шаардлага тавьсан.
Бизнес эрхэлж буй хүмүүсийг, гадаадын иргэдийг ч дэмжин, зээл болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэх авах, эсэхийг асуудаг юм билээ. Цахим орчинд хэрхэн борлуулалт хийх, нийгмийн сүлжээнд дагагчийн тоог хэрхэн өсгөх талаарх сургалт авч болно гэсэн. Санааг тань сонсъё, бид зөвлөе гэх байгууллага олон байна. Мэдээж тодорхой хөлстэй. Ийнхүү тусалж, дэмжихээр санаа тавиад буйн цаад утга нь ямар нэгэн бизнес амжилттай хэрэгжвэл улсад төлөх татвар, хураамж нэмэгдэн, эдийн засагт эерэг нөлөөтэй гэж үздэг бололтой. Бид бүтээгдэхүүнээ өнгөрсөн сард худалдаанд гаргасан. Одоогоор хүмүүст танигдаж амжаагүй ч хэрэглэгчтэй болоод явж байгаа. Цаашид хэрхэн сурталчлан, олон нийтэд хүргэх талаар бодож, төлөвлөж буй. Аажимдаа зах зээлд илүү танигдах болов уу.
-Америк руу явсан зорилгынхоо талаар хуваалцаач. Тэнд амьдрахад, бизнес эхлүүлэхэд ямар боломж, бэрхшээл байна вэ?
-Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг шүү дээ. Ийш тийш явъя, эрдэм ном суръя, өндөр цалинтай ажил олъё гэж эрмэлзэх хүн олон. Бид тэдний л нэг. Америкийг, ялангуяа Лос-Анжелес хотыг “Land of opportunity” буюу боломжгүй зүйлгүй нутаг гэж тодорхойлдог. Энэ хотод дэлхийн гоо сайхан, загварын чиг хандлага бүрэлдэн, шинэ бүтээгдэхүүн туршигдан, хэрэглэгчдийг татаж байдаг. Зөвхөн монголчууд гэлтгүй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон орны иргэд ажилладаг. Дор бүрнээ л ямар нэгэн шинэ санаа сэдэж, шинэ үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж буй нь харагддаг.
Мэдээж хаана ч амьдарсан хүний төрөлх эх орныг гүйцэх нь үгүй. Гэхдээ бидний амьдарч буй Калифорни муж улс бол цаг агаарын хувьд тааламжтай, олон үндэстэн зохицон амьдардаг, тайван нутаг. Америкт ажлын цагийг ягштал баримталдаг, илүү цагаар ажиллуулсан тохиолдолд цалинг нь нэмж, хууль, дүрмийг чанд сахидаг. Мөн энд амьдарч буй цагаач, уугуул ямар ч хүмүүс өмнөх ажлаа л сайн хийвэл ямар нэгэн байдлаар гадуурхах нь анзаарагддаггүй. Хүний амьдралын тав тухыг хангасан ээлтэй газар л гэж хэлнэ.
-Монголчуудын түрүүч Америкт очсоноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Анх монгол хүмүүс голдуу хар бор ажил, олон цагаар хийдэг байсан бол өдгөө бизнес эрхэлж, сайхан амьдарч буй нь олон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Монгол хүмүүс хэрхэн амьдарч байгааг би сайн мэдэхгүй. Миний эргэн тойрон дахь монголчууд төрөл бүрийн ажил хийж, олон чиглэлээр суралцдаг. Нэг анзаарсан зүйл бол багадаа энд ирээд, өдгөө суурин иргэн нь болсон өсвөр, залуу үеийнхэн олон болсон. Монголчуудын хоёр дахь үеийнхний төлөөлөл гэсэн үг. Тэд илүү нээлттэй, илүү америк хэв маягтай харагддаг. Мөн олон жил энд амьдарсан хижээл насныхнаас бизнес эрхэлж, байгууллагуудын удирдах албан тушаалд томилогдсон нь цөөнгүй.
-Ямар мэргэжилтэй, ямар сонирхол, хоббитой вэ?
-Бельгийн Луван-Ла-Нев хотын “Cardjin” сургуулийг бидний ойлголтоор нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тус улсад таван жил амьдрахдаа халамжийн байгууллагад цагаар ажиллаж, янз бүрийн хүмүүстэй ярилцах, үүх түүхийг нь хуваалцахыг хичээдэг байлаа. Үүний үр дүнд франц хэлийг боломжийн сурсан. Монголд ирээд MNC телевизэд гадаад мэдээний сэтгүүлчээр ажиллаж эхлээд, тоймч ч болсон. Телевиздээ таван жил орчим ажиллаад Америкийг зорьсон юм. Би их сониуч, олон зүйл турших дуртай. Ялангуяа сэтгэл судлал болон засал, бясалгал сонирхдог. Сэтгэл судлалын чиглэлээр цахимаар цөөнгүй хичээл үзсэн. Дэлхийн алдартай сэтгэл судлаачид, менторуудын цахим сургалтад суусан. Цар тахлын үед гэртээ байхдаа “Illim¬itй подкаст хийн, “Apple”, “Spotify”-аар хүмүүст хүргэсэн. Үүгээрээ өөртөө итгэхүй, өөрийгөө хайрлахуй болон бусдад туслах, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх тухайд мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, санал солилцохыг хүссэн. Хүмүүс сонсоод, сэтгэгдэл бичин, урам хайрласан. Одоо бол бизнесээ хөгжүүлэхээр зүтгэж байна даа.
-Монголд хэзээ ирэхээр төлөвлөв. Монгол залуучууд эх орноосоо явахыг илүүд үзэж буй талаар юу хэлэх вэ?
-Ирэх 2-3 жилд нутагтаа очих төлөвлөгөө алга. Монголд хүмүүсийн эрх чөлөөг бүрэн хангасан, боломжоор дүүрэн, ажиллаж, амьдрахад таатай нийгэм бүрэлдээгүй хэвээр байгаа. Тиймээс залуучууд гадагшаа явахыг эрмэлзэх болжээ. Тэдний буруу биш. Илүү сайхан амьдрал, боломж, ахуй нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмж харж явах нь зүй. Гэхдээ бид удахгүй нутагтаа очиж, улсаа илүү хөгжингүй болоход сурсан мэдсэнээ хуваалцан, хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлздэггүй.
-Шинэ бүтээгдэхүүн гаргахаар, энтрепренер болохоор төлөвлөж буй залууст хандан юу хэлэх бол?
-Шинэ зүйл туршиж үзэхээс бүү ай. “Шатаж”, бүтэлгүйтэхээс ч айх хэрэггүй. Огт хийгээгүйгээс алдаад үлдсэн ч харамсах зүйлгүй шүү дээ. Хэрэв хийхийг хүсдэг, чаддаг зүйлээ олоод, хөгжүүлж, хэрэгжүүлэн амжилтад хүрвэл түүнээс сайхан зүйл юу байх билээ.