Жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга, самбо бөхийн Азийн аварга, кураш, жиү жицүгийн цэнхэр бүсний ангиллын дэлхийн аварга, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цөөнгүй гаргасан. Түүнээс “Тан шиг бөхийн таван төрөлд тив, дэлхийн аварга болсон тамирчин одоогоор алга. Үүгээрээ жингийнхээ бөхчүүдэд хүчтэй өрсөлдөгч болсноо харуулсан даа” гэхэд тэрбээр “Бөхийн төрлүүдээр улсдаа барилдахад нэг их ялгаа байдаггүй юм. Харин гадаадын тэмцээнд шилдгүүдтэй хүч сорихдоо арга барил, техникийн ялгааг нь олж хардаг, бас онцлогийг нь ч мэдэрдэг. Намайг дайчин, шийдэмгий зан минь амжилтад хөтөлсөн гэж боддог. Хүн өөртөө итгэлтэй байж ялалтад хүрнэ. Ингэхийн тулд сахилга бат, ёс зүйтэй байж, бэлтгэлээ чанартай хийх ёстой. Олны итгэлийг алдахгүй дааж явах нь нэг талаар амаргүй хариуцлага шиг санагддаг. Намайг олон хүн самбо бөхийн дэлхийн аварга болно гэж хардаг юм билээ. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээх хэрэгтэй” хэмээн даруухан хариулсан. Бөхийн спорттой нөхөрлөсөн цагаас олны итгэлийг дааж, гал гарсан барилдаануудаараа өрсөлдөгчдөө буулгаж авдаг түүнтэй ярилцлаа.
-Таныг бөхийн олон төрлөөр хичээллэж, амжилт гаргасныг тань мэднэ. Хамгийн сүүлд ямар тэмцээнээс шагналтай ирж, медалийнхаа тоог нэмэв?
-Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тэмцээнд ховор оролцлоо. Барилдахаа бараг мартах дөхсөн шүү. (инээв) Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон самбо бөхийн ДАШТ-д хүч сорих тамирчдыг сонгох сорилго тэмцээнд 72 кг-д түрүүлж, Узбекистаны Ташкент хотыг зорьсон. Тэнд эхний тойрогт дэлхийн аварга Украины Смаль Натальяг ялж, дараагийнхад Израилын Алис Шлезингерд хожигдож, дагах барилдаанд Испанийн Педро Монсерратыг илүүрхэн, хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Румыны Малейко Волхагтай таарсан. Түүнтэй өмнө нь гар зөрүүлж байсан тул буулган авч, дэлхийн аваргаас гардсан медалийнхаа тоог долоо болголоо.
-Медалийн тань ихэнх нь алт гэж сонссон. Тамирчдад үнэ цэнтэй олддог шагнал. Дэвжээнээс хүртсэн шагналуудаа харахаар өөрийн эрхгүй боддог ямар дурсамж байдаг вэ?
-Бөхийн спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьсан болохоор ч тэр үү, эмээж, сандардаггүй. Чадна гэж өөртөө хэлээд дэвжээнд гардаг итгэл, найдвар минь аварга болох замд хөтөлсөн гэж боддог. Бэлтгэл сайн хийхэд тийм итгэл төрдгийг сүүлийн үед мэдэрдэг болсон. Надад амжилт бүхэн минь үнэ цэнтэй ирсэн. Богино хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж, хичээснийг өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй.
-Спортын гараагаа жиү жицүгээр эхэлж, самбо, жүдогоор үргэлжлүүлсэн. Таныг спортод хөл тавьж байхад зарим нь зодог тайлж байлаа.
-Тийм ээ, би 28 настайдаа бөхийн төрлүүдээр хичээллэсэн. Тамирчдын зодог тайлдаг насанд спортын замналаа эхлүүлж байлаа. Эгчийг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байх үед аав, ээж “Эгч тань ид барилдаж байхад чи давхар хичээллэх хэрэггүй. Нэг гэр бүлээс хоёр нь спортоор замнахад мөнгө нэлээд их хэрэг болно” гэсэн юм. Бид эцэг, эхээсээ долуулаа өссөн. Тэр үед амьдралын боломжгүйгээс тэгсхийгээд л орхисон. Хүүхэд байхдаа өсвөр үе, залуучуудын тэмцээнд бэлтгэл хийлгүй оролцсон хэрнээ медаль хүрчихдэг сэн. Хүн дуртай зүйлээ он жил өнгөрсөн ч сэтгэлдээ бодоод явдаг юм билээ. Их сургуулиа төгсөөд, ажил хийсэн. Охин, хүүгээ бие даах хэмжээнд хүрэхэд ажлынхаа хажуугаар зав гаргаж барилдах болсон доо.
-Ямар ажил, мэргэжилтэй бүсгүйг бөхийн спорт өөртөө урвуулчихав?
-Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор долоо хоногт гурван удаа МУБИС-ийн зааланд жиү жицүгийн бэлтгэл хийдэг байв. АНУ-д 2014 онд болсон жиү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор явсан юм. Тэр үед амжилт гаргахаасаа илүү Америк улсыг үзэх зорилготой зорьсон. Анхны тэмцээн тул туршлага дутаж, хүрэл медалиас мултарч байв. Надад тухайн үед “Энэ спортоор тууштай хичээллэвэл дэлхийн аварга болж чадах юм байна” гэдэг итгэл төрсөн юм. Гадаадын шилдгүүдийн барилдаанаас олон зүйлийг ойлгож, цаашид амжилт гаргах боломж байгааг олж харсан. Завтай үедээ бэлтгэл хийдэг надад ажлаасаа гарчихаж болдоггүй тийм л амаргүй үе байлаа. Тэр үед хүүхдүүдийг минь хэн тэжээх билээ гэж бодоод эхэндээ сонирхлоороо барилддаг байсан. 2017 оноос ажлаас гарч, өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг болсноор ур чадвараа ахиулсан. Тамирчин хүнийг амжилтад хүрэхэд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагч багшийн удирдах ухаан, бэлтгэл хамт хийдэг нөхдийн хүрээлэл чухал. Тэдэнгүйгээр амжилтын тухай ярихгүй шүү дээ.
-Спортын төрлүүдээс бөх хамгийн амаргүй нь. Залуус хичээллэдэг ч тамирчны амьдралаар тууштай замнах нь ховор л байдаг.
-Бөхийн спортод тууштай, бас тэвчээртэй явсан нь амжилтад хүрдэг. Хичээллэсэн болгон тамирчин болдоггүй. Саад бэрхшээлийг даван туулж, тунаж үлдсэн нь цааш үргэлжлүүлдгийг барилдаж эхлэхдээ ойлгосон.
-Бөхөөр хичээллэдэг тамирчид аав, ээжийнхээ аль нэг талаас удамтай байх юм аа?
-Аав, ээж минь Увс аймгийн Тэс сумынх. Хоёулаа бөхийн удамтай. Ах дүүсээрээ нутагтаа бяр, чадлаараа гайхагддаг. Тэднээс барилдсан болгон нь аймгийн цол хүртдэг байлаа.
-Хожуу ч гэсэн хичээллэхээр сэтгэл шулуудахад гэрийнхэн тань хэр хүлээж авсан бол?
-Намайг бөхөөр хичээллэхээс өмнө ээж минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Аав минь барилдаж эхэлсэн жил хүндээр өвдсөн юм. 2015 онд эмэгтэй дүүтэйгээ аавыгаа ээлжилж асарсан. Тэр үед жүдо, жиү жицүгийн УАШТ-д барилдаад аварга болж байв. Түрүүлчихээд ирэхэд аав минь баярлаж, охиныхоо алтан медалийг зүүгээд зургаа даруулна гээд авхуулж билээ. Аавдаа сэтгэл зовнисон хүнд үед хичээж оролцоод хүртсэн болохоор хоёр медаль минь мартахааргүй дурсамж үлдээжээ. Надад одоо ч аавынхаа нэрийг дуудуулаад дэвжээнд гарах сайхан байдаг.
-Хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж, богино хугацаанд амжилт гаргажээ. Зорилгодоо хүрэхэд одоо хэр ойрхон байна?
-Миний мөрөөдөл самбо бөхийн дэлхийн аварга болох. Хүмүүс намайг ДАШТ-д олон түрүүлсэн гэж боддог. Би гурван удаа л барилдаж үзсэн. Румын улсад 2018 онд болсон ДАШТ-д оролцохоор бүх зүйлээ бэлдсэн байтал 20 гаруй хоногийн өмнө бие өвдөж, хагалгаанд орсон юм. Тэмцээнд явахын өмнөхөн оёдлоо авхуулаад дэлхийн аваргын дэвжээнд анх гарч байлаа. Дэлхийн болон олон улсын цомын тэмцээнд таван удаа түрүүлснийг хүмүүс андуурдаг болов уу. 2019 онд БНСУ-ын Чонжү хотод болсон ДАШТ-д ОХУ-ын бөхөд шүүгчийн буруу шүүлтээс болж ялагдаж, хүрэл медаль хүртсэн. 2020 онд цар тахал олон улсад дэгдсэн тул манайхан ямар ч тэмцээнд оролцоогүй. 2021 онд болсон дэлхийн аваргад жин өгсөж барилдаад мөн хүрэл медаль зүүлээ.
-Жүдогийн шигшээ багт нэг хэсэг барилдсаныг тань санаж байна. Шигшээгээс яагаад гарчихав. Цааш үргэлжлүүлсэн бол амжилтаа ч ахиулах байлаа.
-Жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д 2015 онд анх түрүүлсэн. Дараа нь 2016, 2017 онд хориотой мэх хийж торгуулан тэмцээнээ өндөрлүүлэхдээ бусдаас илүү хөдөлмөрлөж байж дахин түрүүлэхийг сайтар ойлгосон. Бэлтгэлийн цагаа сунгаж, өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг боллоо. Тэр үед яаж тэгж амжуулдаг байснаа одоо бодохоор гайхдаг юм. 2018, 2019 онд улсын аваргад түрүүлэхэд бөх сонирхогчид, мөн Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нийгмийн сүлжээнд миний барилдааны талаар мэдээлэл оруулж, гадаадын тэмцээнд яагаад оролцуулдаггүй юм бэ, шигшээ багт байх ёстой тамирчин шүү дээ гэж үзэл бодлоо илэрхийлсэн нь Монголын жүдо бөхийн холбооны удирдлагад хүрч намайг шигшээ багт авсан гэж боддог. Тухайн үед Х.Цагаанбаатар ТЕГ-ын “Эрч” спорт хорооны дарга байсан юм. Жүдо дэлхийн топ спортын төрөл. Монголынхоо үндэсний шигшээ багт багтана гэдэг 30 насны босго давсан миний хувьд ховор тохиох боломж. Шигшээ багийн тамирчин явсандаа бахархдаг. Надад жүдо бөхөөр барилдаж амжилт гаргах амаргүй санагдсан. 2019 онд ОХУ-ын Екатеринбург хотод болсон “Их дуулга”-д оролцохдоо өөртэйгөө сайн ажиллаж, барилдсан гэж бодсон. Бичлэгээ үзтэл мод шиг зогсоод өрсөлдөгчдөө үүрүүлж, вазари үнэлгээгээр хожигдсон байв. Намайг хожсон Бразилын Мария Портела түрүүлж, алтан медаль хүртсэн юм. Түүнээс хойш гурван тэмцээнд оролцож, амжилт нэг их ахиагүй тул дэмий юм байна гэдгийг ойлгоод шигшээ багаас гарсан. 2019 оноос хойш Жүдо бөхийн олон улсын холбоо (IJF) бөхийн өөр төрлөөр барилдсан тамирчдын эрхийг нь хасаж эхэлсэн. Миний хувьд тэр жил самбо бөхийн дэлхийн аваргад хүч сорихоор шигшээ багаас гарч байлаа.
-Таны хувьд 2018 он шагналын хуртай онцгой жил байсан. Тэр жил зохион байгуулсан гадаадын тэмцээний олонхоос нь медаль гардсан санагдана.
-Тэр жил миний амжилт эрс сайжирсан. Эх орондоо бөхийн таван төрөлд түрүүлэн самбогийн Дэлхийн цомын хоёр ч тэмцээнд аварга болж шилдэг техниктэй эмэгтэй тамирчнаар шалгарсан. Монголд болсон Азийн АШТ-д тэргүүлж, “Жакарта-2018” Азийн наадамд оролцлоо. Тэндээс хүрэл медаль хүртсэн минь сэтгэл зүйд хүндхэн цохилт болсон юм. Учир нь тус наадамд түрүүлнэ гэж өөртөө өндөр итгэл тавьж, бэлтгэлээ чамбай хийсэн. Хүн хэр өндөр итгэл тавина түүн шигээ сэтгэлээр унадаг юм билээ. Азийн наадмын 25 дахь медаль буюу хамгийн сүүлчийн шагналыг гардахад “Хасу мегаватт”-ын захирал Ж.Түмэн-Аюуш ах мялааж байв. Ямар ч тэмцээнд зодоглосон өрсөлдөгчид маань чанга учраа байдаг. Бүгд л улсаа төлөөлж оролцдог болохоор шилдэг нь байх гэж тэмүүлдэг. Жакартагийн наадмаас өмнө тэр жилийн сар шинийн баяраар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан.
-Самбо бөх ОХУ-ын үндэсний спорт. Оросууд манайхны хүчтэй өрсөлдөгч. Москвад 2019 онд болсон Анатолий Харлампиевийн нэрэмжит Дэлхийн цомын тэмцээнд та хошой аварга болсон. Аваргын төлөө нутгийнх нь бөхтэй таарсан уу?
-ОХУ-ын Анатолий Харлампиев самбо бөхийг үндэслэгч. Хойд хөршийнхөн түүний нэрэмжит тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилээс “Harlampieb world super cup” гэж явуулахаар болсон. Тус тэмцээн өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Украин, ОХУ-ын дайнаас болж тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 2019 онд түрүүлэхдээ Казахстаны тамирчныг хожсон. Өмнөх жил нь Оросын бөхийг ялж, алтан медаль хүртэж байлаа. Оросоос гаралтай спорт болохоор тамирчид нь хүчтэй өрсөлддөг. Тэд хэвтээ барилдаанд гаргууд, гар, хөл өчихдөө сурамгай.
-Багшаас тань гадна хэн таны хамгийн сайн зөвлөгч бол?
-Дасгалжуулагч тамирчидтайгаа хамгийн ойр байдаг. Түүний зааж, зөвлөхөөс бидний амжилт шалтгаална шүү дээ. Надад зөвлөгөө өгдөг хоёр дүү бий. Нэг нь жүдогоор барилддаг юм. Тэд минь зөвлөхөөс гадна амьдралд их дэмтэй.
-Тамирчид сайн өрсөлдөгчтэй байж амжилт гаргадаг. Гадаадын учраа бөхчүүдээс хэр суралцдаг вэ?
-Тамирчин хүн байнга суралцаж байж өрсөлдөгчөө ялна. Нэг тэмцээнд оролцохдоо шинээр нэг зүйлийг мэдэж авдаг. Тэндээс түүнийгээ сурах эрмэлзэлтэй ирнэ. Миний хувьд хожсон ч, хожигдсон ч өрсөлдөгчөөсөө алдаа, оноог нь харж, туршлага хуримтлуулдаг.
-Өрсөлдөгчөө дутуу үнэлж, хожигдсон тохиолдол байдаг уу?
-Бий, бий. 2017 онд жүдогийн УАШТ-д эхний тойрогт шинэхэн тамирчинтай таарсан. Дэвжээнд гараад шууд тонгорч, вазари үнэлгээ авлаа. Эхний барилдаан юм чинь жаахан барилдаан хийж, халах юм бодоод худлаа даралтаа алдаж, босгоод дахин тонгорох гэтэл толгойгоороо газар унаж хожигдсоноо мартдаггүй.
-Өрсөлдөгчийнхөө нэр алдартай нь биш, өөртэй нь барилдах чухал гэдгийг сануулсан туршлага танд олон бий юү?
-Монголд 2018 онд болсон “Мазаалай” Дэлхийн цомын багийн АШТ-д байлдааны самбогоос гадна спорт самбо бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр гурван жинд манай тамирчид оролцсон. ОХУ-ын багийнхантай манайхан хоёр удаа барилдах боломж гарч, би самбогийн дэлхийн долоон удаагийн аварга Марина Мохнаткинатай барилдсан юм. Тэр тэмцээнд хоёр удаа хожих сайхан байлаа. Манайхан багаараа Дэлхийн цомын мөнгөн медальтай болсон шүү дээ.
-Бөхчүүд өрсөлдөгчийнхөө онцлогт тааруулж, тактик боловсруулдаг. Өөрийнхөө дархан мэхний талаар сонирхуулаач?
-Миний дархан мэх тонгорох, этэх. Сүүлийн үед сууж үүрэх болсон. Тухайн бөхийн барилдах онцлогийг харж, алийг нь хийхээ шийддэг.