Каллиграфийн мастер Т.Жамъянсүрэнг “Өв соёл буландаа урьж, монгол бичгийн хөгжил, үүслийн талаар ярилцлаа. Дүрслэх урлаг, монгол бичгийн анги төгссөн хос "морьтон" тэрбээр ухамсарт амьдралаа үсгийн урлаг, гоо зүйн төлөө зориулж яваа нэгэн юм.
-Монгол бичиг бол бидний үнэт өв соёл. Энэ өв хэр урт хугацааны түүхтэй вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Багш нарын маань заадгаар, ярьдгаар монгол бичиг лавтай мянган жилийн түүхтэй. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар хамгийн эрнийх нь1224 оны үед хамаарах хөшөө чулуун дээр сийлсэн бичгийн дурсгал бий. Энэ нь монгол бичгийн хамгийн анхны дурсгал мөн юм уу, гэхээр бас биш. Зөвхөн монгол бичгээ тойрч ярьж байгаа болохоор мэдэгдэж байгаа хамгийн эртнийд тооцогдох дурсгалын холбогдох он цагийг баримт болгон дурдаж байгаа юм.
-Эртний монгол бичгийн үнэт өвүүд өдгөө хаана хадгалагдаж байна вэ?
-Монгол бичигтэй холбоотой түүхэн дурсгал, өв гээд тоочвол олон. Дундад эртний монголчуудын соёлыг судлахад бичиг үсэгтэй, тэр хэлээрээ дурсгал үлдээдэг байжээ. Хамгийн алдартай нь Чингисийн чулуу бичиг ОХУ-ын Санкт-Петербургт хотын Эрмитаж музейд хадгалагддаг. Манай Үндэсний түүхийн музейд Мөнх хааны гэрэлт хөшөө байна. Бас Монголчуудын эзэрхэг, хүчирхэг, дэлхий дахинд алдар хүндтэй явсан үеийн хэдэн хааны захидал Францын үндэсний номын сан мөн Ватиканы нууц архивт хадгалагдаж байгаа. Аргун хаан, Өлзийт султан, Гүег хааны захидлууд нь монгол бичгийн алдартай, чухал дурсгалд тооцогдоно.
-Манай улс монгол бичгийг хэзээ хамгийн их өргөн дэлгэр ашиглаж байсан юм бэ?
-Товчхон хэлбэл монгол бичгээ кирилээр халж, хэрэглэхгүй явсан хэдэн жилээс бусдад нь манай улс монгол бичгээ өргөн дэлгэр хэрэглэж байжээ. Дотор нь харин хэд хэдэн үеийг анхаарч ярих онцлог байна. Эхнийх нь, Их Монгол улсын үе. Тэр цагтын олон улсын харилцаанд монгол хэл бичиг шууд хэрэглэгддэг байсан үе. Энэ үеийн монгол бичиг бидний өнөөдрийн мэддэг монгол бичгээс ялимгүй өөр шүү. Дараагийнх нь, сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтсон үе буюу 18-р зууны үе. Тэгээд 20-р зууны эхний хагас мөн 1990-ээд оны монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөн гэх онцлог үе түүхэн үйл явдлуудыг санаж болох байх. Сүүлийнх нь бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан, цахим эринтэй золгоод хэрэглээний хүрээ, хэлбэр гээд өргөн дэлгэр байх бүх таатай нөхцөл дүүрэн сайхан бүрдсэн харагдаж байна шүү.
-Таны багш Чой.Лувсанжав монгол бичгийг хэрхэн заадаг байв?
-Чой.Лувсанжав багшийн санаачилгаар үүсгэн байгуулсан монгол бичгийг заан сургах хэд хэдэн сургууль байсан. Би мэдэхгүй ч сургаар сонсож байхад анх “Монгол бичгийн хоршоон”-д олон аймаг сумдаас нэг нэг хүнийг монгол бичигт сургаж, албан бичиг бэлтгэж, найруулдаг 10 хурууны бичээч бэлдсэн гэдэг. Лу багш маань1993 онд Монгол үндэстний хэл иргэншлийн Эрдмийн хүрээлэнг байгуулсан. Энэ сургуульд монгол бичгээс гадна англи, япон хэл,монголын хэл соёлын талаар түлхүү заадаг байлаа. Энд оюутан бүр хичээлээ монгол бичгээр тэмдэглэж, өдөр тутам хэрэглэх орчныг бүрдүүлж чадсан. Багш маань оюутнууд, шавь нараасаа хэнийг нь ч сүрхий ялгахгүй. Хичээл тарсны дараа өөрийн хийж буй ажилдаа шавь нараасаа татан оролцуулж, дагуулж сургана. Бидний ажил багшийн гэрт үргэлжилдэг.Багшийнд олуулаа ажиллаж, нэлээд их зүйлд суралцсан. Багш маань 1998 онд өөд болсон. Хамгийн сүүлд бие нь чилээрхүү байхдаа ч “Монгол хичээнгүй бичиг” хэмээн товхимол гаргасан. Тэгэхэд багш ерөнхий заавар, зөвлөгөө өгөөд бидний хэдэн найзууд хичээнгүй бичгийн гарын авлагыг гараар бичиж хэвлүүлсэн. Энэ бол миний хувьд хамгийн анхны бүтээл. Лу багш маань монгол бичгийн үсгийн урлагийг судалбал ямар вэ гэдэг чигийг над өгсөн. МУИС-д Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн,Т.Дашцэдэн, Д.Төмөртогоо, Н.Баярсайхан, Ё.Жанжив, Р.Отгонбаатар, Г.Гантогтох эрдэмт багш нар, мөн Хэшигсүрэн Д.Мөнх-Эрдэнэ, Д.Заяабаатар, Ч.Гансүх гээд үеийн найз нар маань над монгол бичиг, үсгийн олон тиг, түүнийг агуулсан хуучин дурсгалуудыг таниулж, нүд тайлж өгч, санал бодлоо солилцож өнөөдрийг хүрсэн. Хуучны сайн бичээчдийн нэг Ж.Нямбуу багшийг шүтэж, говийн халхын маягаар монгол бичгийн хичээнгүй тигт суралцсан. Бас Дүрслэх урлагийн дунд сургуулийн багш нар байна. Муу шавь олон багштай гэдэг шиг бүх зүйлийг сайтар чиглүүлж өгсөн багш нартаа талархдаг.
-Та МУИС-д цөөнгүй жил багшилсан. Монгол Улсад монгол бичгийн өндөр боловсролтой хүмүүс бэлтгэж өгөх сөн гэж хэлж байсан. Энэ талаараа яриач?
-Одоохондоо мөрөөдөл төдий. Энэ цагийн хэрэглээнд нийцүүлэхийн тулд шинээр монгол бичгийн үсгийн фонт зохиох шаардлага бий. Үүнийг зүгээр ч нэг хүн хийхгүй. Уран зураг, шрифтийн урлаг, гоо зүйн түүх гээд сурч судлах зүйл зөндөө. Тэрийг дугуйлангийн маяг залууст сургаж арай чадахгүй, хангалтгүй. Хичээнгүй мэрийлттэй залуус байдаг. Тийм арав, тав эсвэл хорин сайхан галтай цогтой залууг сургая л даа. Манайд огт хайхардаггүй болсон мэргэжил тул бүх зүйлийг эхнээс нь эхлэх болж байна. Тиймээс ч монгол бичигтэй, мэдлэгтэй залуусыг өндөр түвшинд сургах хүсэл бий. Зүйрлэж хэлэхэд, хэвлэлийн тал руу нь анхааръя гэсэн үг. Үсэг нь хэвлэлийн гол хэрэглүүр мөн биз дээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагууд, Үндэсний хөтөлбөрийн хүрээнд ажил нь явагддагаараа л явж байна. Түүнийг олон нийтээрээ талархан дэмжээд тал талдаа амьдрал өрнөж байхад түүнээс гадуур үлдээд байгаа зүйлд нь төвлөрье гэсэн санаа юм. Цахим эрэнд өдөр тутмынх нь хэрэглүүр болсон зүйлийг нь хийж чаддаг мэргэжилтэнг 2025 оноос өмнө бэлдэж чадвал үнэхээр сайхан. Энэ талаар урлагийн чиглэлийн их дээд сургуулиудын удирдлагуудтай хэлэлцэж байгаа.Үүнийг сонсоод манайд олон уран бичээч байгаа гэсэн бодол төрж байгаа байх. Хүн бүр калиграфичин болоод ч гараар бичээд нийгмийн бүх хэрэгцээг шийдэж амжихгүй. Тиймээс ч типографи гэж том үйлдвэрлэлийн талбар урган гарсан боловч фонтод дулдуйдсан баригдмал байдал нь мэргэжилтнүүд өндөр ур чадвартай байхыг ямагт шаардаж байдаг юм. Өнөөдөр хүн бүр олон төрлийн тигтэй фонт эзэмшээд өөрөө гар утас, компютерээр хэвлэх, нийтлэх боломжтой болсон. Харин тэр олон фонтыг хаанаас хэн бий болгож байна гэж бодоод үзээрэй. Тэр тусмаа монгол бичгээр.
"Соёмбын ерөөл" 2016 болгомол хар цаас, гуаш. Т.Жамъянсүрэн
-Мянга гаруй жилийн настай монгол бичигт хэчнээн тиг байдаг бол?
-Бүрэн гүйцэд бүртгэл алга. Гэхдээ үзсэн харсныхаа хирээр ангилж үзэхэд үндсэн таван төрөлд хувааж болно. Анхных нь Их Монгол улсын үеийн тиг. Үүнийг эртний Согд үсгийн тигийг баримталж гаргасан ба уйгартайгаа жаахан төстэй болохоор зарим судлаачид уйгаржин монгол бичиг гэж нэрлэсэн ч бий. Өнөөдрийн бидний мэддэг монгол бичгээс арай жаахан ялгаатай. Дараах нь Манайхны хэлдгээр хулсан үзгийн бичлэгийн онцлогтой модон барын хэвлэлийн тиг. Энэ бол манай сонгодог монгол бичгийн хэлний том дурсгалуудыг хэвлэж бүтээсэн үсгийн тиг. Хөндлөн зурам нь зүүнээсээ баруун тийш нарийсдаг онцлогтой. Гуравдугаарх нь Чинг гүрний үед төрийн албан бичгийн хэрэглээгээр дамжиж дэлгэрсэн бийрийн бичлэгийн тиг юм. Энэ үеэс титэм гэдэг зурам өнөөдрийн бидний мэддэг дүрсээ олсон. Хүн нэг бүрийн бичгийн хэвд энэ тиг үүрд ноёлох болов уу. Уран сайхан харагддаг. Сурахад хялбар. Хурдан түргэн бичиж тэмдэглэж болдог. Үүнийг халах өөр шилдэг тиг ирээдүйд гарч ирэхгүй байх гэж бодож байна. Баруун тийш өргөссөн зураасны онцлог нь нангиадын бийрийн бичлэгээс эхтэй. Гэхдээ “Хятад юм байна” гэж шууд цэрвэх хэрэггүй. Монгол залуус юмыг үнэн зөвөөр нь таньж мэддэг байх нь чухал. Тэр цагт л хөгжинө. Мөн аль хүртэл яваад зогсох вэ гэдэг сэтгэл тэр мэдлэгээс л төрнө. Дөрөвдүгээрх нь Хичээнгүйлэх бичиг. Үзгээ хоёр талдаа тэнцүү холбируулж бичээд доор нь нарийсгадаг гайхамшигтай хээнцэр хэв шинжтэй, үсгийн тиг бий. Бичихэд онцгой ур чадвар шаарддаг, Олноо өргөгдсөн Богд хаант улсын төрийн тамга тэмдэгт түлхүү хэрэглэдэг байсан гайхамшигтай үсгийн хэлбэр. Одоогийнхоор гэрчилгээ юм даа. Тухай цагийнхаар бол өргөмжлөл, хааны зарлиг бичихэд хэрэглэдэг байсан сайхан тиг бий. Сүүлийнх нь, Эвхмэл үсэг. Мөн л нангиадын эртний тигүүдээс санаа авч зохиосон хүндэтгэлийн утгатай чимэглэлийн чанартай олон хувилбартай сайхан тиг бий. Хувилбар тигийнх нь нэр ус, үүсэл гарал бүгд тодорхой уламжлагдсан буюу нарийн бүртгэл мэдээлэлтэй ч бага судлагдсан атлаа хамгийн их ном, сурах бичиг гарсан төрөл нь энэ юм. Хачирхалтай нь манай улсад урьд нь төдийлөн их хэрэглэдэггүй, хэрэглэхээс тойроод байдаг байсан ч гэж хэлж болохоор энэ эвхмэл үсэг 90 оноос хойш урьд хожид байгаагүйгээрээ их дэлгэрч байна. Хэдэн мянган өөр тиг жагсаасан ч ийм таван том ангид хуваагаад суулгачихад болмоор санагддаг. Хүмүүсийн гаргасан өөр ангилалууд бас бий. Харьцуулаад үзэхээр зөрүү их гарна.
-Та гадаадын хэд хэдэн оронд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, өв соёлоо сурталчилж байсан байх аа?
-Нүдний хурц дээр бүтээл хийе хэмээн багшийн ажлаас хэсэг хөндийрсөн. Амьдралыг төлөвлөж болдог бол өвгөн болсон хойноо багшилна гээд өөрийгөө хуурч суугаа. Бие даасан цөөхөн үзэсгэлэн гаргасан. Бусад уран бүтээлчтэй хамтарч гаргасан үзэсгэлэн олон бий. Гадаадад Японд анх үзэсгэлэнгээ дэлгэсэн. Үүнээс хойш Франц, Австри, Хорватад үзэсгэлэн гаргасан. Гадаадад үзэсгэлэн гаргахад Т.Жамъянсүрэн хувь уран бүтээлч өөрөө яваа мэт боловч хилийн дээс алхаад л улсаа төлөөлдөг. Тиймд бүтээлээ ур чадвартай, уран сайхантай хийхийг хичээнэ. Урлагийн онол мэдлэг тусгана. Монгол онцлогоо харуулсан шинэ төрөл гаргах гэж хичээнэ. Монгол бичгээр бичиж буй нь бидний гол ялгарах онцлог тул түүндээ анхаарна.Өдгөө манайд уран бичлэг гээд муутуу цаасан дээр бэх, бийрээр бичээд, улаан тамга дардаг хэлбэр зонхилж байна. Үүнийг дэлхий дахинд хятад концепцтэй уран бичлэг гэж томъёолдог. XIX-XX зуунд Өрнөд моденистуудын дунд байр сууриа олсон нэртэй Хятад уран бүтээлчид ч бий. Тэгэхээр Улаанбаатарт монгол уран бичлэг гээд ганцхан хятад каллиграфийн төрлөөр л нийтээрээ оролдоод суугаа юм. Үүнийгээ монгол уламжлалтай гэж ойлгоод хэний ч эсрэг ном хаялцахад бэлэн хүн олон. Цаана нь уран бичлэгийн маш олон төрөл байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, монгол бичгийн үсгийн урлаг далай мэт баян гэж төсөөлөх хэрэгтэй. Улам бүр баяжих ч естой. Муутуу цаасны үзэмжтэй сайхныг нь амтагдтал, бэхний тунгалаг чанарыг мэдрэгдтэл техникийг нь өндөр түвшинд эзэмшээд, уран нарийн мэдрэмжтэй амьлаг зурааслаад сайхан бүтээл туурвиж байгаа хүнд бол харин туурвиад бай гэхээс өөр хэлэх юм алга.
-Гадаадын үсгийн тигүүдийн онцлог түүхүүдээс дурдаач?
-Бид “Times New Roman” гэдэг фонтыг сайн мэднэ.Үүний роман гэдэг нь Ромын эзэнт гүрний үед гарч гарч ирсэн урлаг үсгийн тигийн төрлийнх нь нэр юм. Өнөөдрийг хүртэл өргөн хэрэглэж байна. Роман үсгийн тигийн дотор Траян гэж алдаршсан тиг бий. Ромын эзэнт улсын Траян хааны бунхан дээрх бичээсийг энэ шрифтээр урлажээ. Манайхан энэ нэрийг компьютерын нэг хорхойны таржан (trajan) гэсэн нэрээр сайн танина, эсвэл Адобийн ийм нэртэй фонт байдаг гэж мэднэ. Энэ бидний тасалданги мэдлэг юм. Өөрөөр хэлбэл нэр томъёо төдий л мэдэж байгаа гэсэн үг. Угтаа Ромын эзэнт гүрний соёл иргэншил, уран барилга, монументаль дурсгалтай роман үсэг салшгүй холбоотой. Сериф гэж нэрлэдэг үсгийн босоо зураасын дээр, доор төгсгөлд харагдаж буй хөндлөн сэртгэр байдаг. Тэр сэртгэр үргэлжлээд нэг мөрний бичгийг шугаман байдалтай харагдуулж өгдөг онцгой сайн чанартай. Энэ чанарыг харгалзан анх бичигт суралцаж байгаа хүүхдийн унших бичгийг роман үсгийн тигээр хэвлэдэг тусгай хэрэглээ ч байна. Яагаад гэвэл хөндлөн чигтэй шугам үүсгэж, нүд гүйлгэж харахад дөхөмтэй байна. 1950-иад оны сүүлээр Зөвлөлт-Америкийн харилцаанд гарч байсан дулаан уур амьсгалыг тэмдэглэж Зөвлөлтийн шрифтийн мастер В.В.Лазурский Траян тигийн кирил хувилбарыг зохиож байв. Хожим Болгарт Васыль Бараков мөн кирил хувилбар зохиосон түүхтэй. Энэ шрифтээр Зөвлөлтийн үед гарч байсан хоёр хэлний толь бичгүүдийн хавтаст тусгайлан ашиглаж байсан гэвэл хүмүүс санах байх. Кирилээр Орос хэлээр бичсэн нь ганган сайхан харагдах атал, яг тэр тигээр нь монгол хэлээр бичихэд үзэмж нь их буурдаг. Энэ хүндрэлийг харин манай дээд үеийн зураачид гарамгай зохицуулдаг сайн тенхик боловсруулсан байсан нь өнөөдөр компютерийн “гайгаар” өнөөгийн дизайнеруудад огт уламжлагдалгүй мартагдан алга болж байна. Яг энэ мөчид бидний дотны даруухан анд, шрифтийн гайгүй сайн мастер Дашзэвэг ах маань ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна. Манай монголчуудын жинхэнэ өв яг ингэж хүнээрээ хорогдоод байгаа мэт аягүй. Шрифт тухай ерөнхий мэдлэгийг бие даагаад сурч болно. Гэхдээ л нэг үг өгөхөд тийм үсгийн тигээр ингэж ажиллавал аятайхан болно гэж харах “уран нүд” алдаж онож хуримтлуулсан олон үеийнхний мэдлэг туршлага дээр суурьтай. Биднээс дээших үеийн ах эгч нарын дунд шрифтийн гайхамшигтай сайчууд бий. Тэд маань монгол бичгээр л бага ажилласан болохоос бүтээлч хөдөлмөрийнхөө ихээхэн цагийг номын зураг чимэглэлээс эхлүүлээд лоозон, самбар, плакат бичиж өнгөрүүлсэн байгаа. Хэнээс нь ч очоод асуухад хэлээд өгөх эрдэмтэй хүмүүс. Харин монгол бичгээр фонт зохиож өгөх Орос Болгар нөхөд тийм ч амар олдохгүй биз ээ.
Цаас хийж буй үйл явц