“Team OGGI” клубийн тамирчин, Вьетнам улсын “Dong Hai” II багийн легионер ОУХМ Э.Билгүүнжаргал дугуйн спортод хөл тавьсан цагаасаа гадаад, дотоодын олон GnewsSports тэмцээнд амжилт гаргасан. Тухайлбал, өнгөрсөн жил уулын дугуйн насанд хүрэгчдийн УАШТ Төв аймгийн Хөшигийн хөндийд болоход эрэгтэйчүүдийн элит ангилалд тэргүүлж, оны шилдэг дугуйчин болж байв. Тэгвэл түүнтэй хамт уралддаг “Team OGGI” клубийнхэн тэр жил амжилтаараа цойлж, насанд хүрэгчдийн уралдааны дугуйн улсын аварга болсон. Мөн Монголын олон өдрийн уралдааны, насанд хүрэгчдийн уулын дугуйн улс, нийслэлийн аварга болж, Монголын дугуйн холбооны оны шилдэг багаар тус тус шалгарчээ. Манай улс “Парис-2024” олимпод оролцох эрх авахын тулд Дэлхийн дугуйн холбоонд бүртгэлтэй “Ferei Mongolia development” мэргэжлийн баг байгуулсан. Тэрбээр тус багт багтсанаар энэ оны анхны тэмцээнээ “Tour of Thailand”-аар эхлүүлэв. Дараа нь “Tour of Sharjak”, “Grand Vilo Alanya” цуврал тэмцээнд оролцож, Тажикистаны Душанбе хотод өнгөрсөн сарын 26-29-нд болсон Азийн АШТ-д Монголынхоо багийнхантай хурд сорьж, мөнгөн медаль хүртэхдээ мэргэжлийн түвшинд хүрснээ батлан харуулсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Та энэ он дөнгөж гаргаад л дугуйн томоохон уралдаануудад өрсөлдсөн. Тажикистаны Душанбед өнгөрсөн сард болсон Азийн АШТ-ээс Монголынхоо багийнхантай мөнгөн медаль хүртлээ шүү дээ.
-Олон оронд цар тахал хумигдаагүй ч Монголын дугуй холбооныхон тамирчдынхаа амжилтыг бодож, гадаад, дотоодын тэмцээнд сайн оролцуулж байгаа. Миний хувьд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бэлтгэл хийж, “Tour of Thai¬land”, дараа нь АНЭУ-д нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-нд болсон “Tour of Sharjak”, мөн Туркт хоёрдугаар сарын 5-наас гуравдугаар 20 хүртэл зохион байгуулсан “Grand Vilo Alanya” цуврал тэмцээнд өрсөлдлөө. Бид гар, сэтгэл нийлсэн сайхан баг болсон. Азиас Казахстан улс дугуйн спортын олимпын аваргатай, мэргэжлийн багтай. Тэд дугуйг үндэснийхээ спорт шиг хөгжүүлсэн болохоор хүчтэй өрсөлддөг. Монголын дугуйчдын ур чадвар дээшилж, гадаадын багт уралдаж байна. Тухайлбал, С.Жамбалжамц Малайзын “Terengganu”, Б.Марал-Эрдэнэ Японы “Levante fuji Shizuoka”, Б.Мягмарсүрэн, бид хоёр Вьетнамын “Dong Hai” I, II багийн легионер.GnewsSports
-Манайхан энэ удаа Ираны хүчирхэг багийг ардаа орхиж, II байрт шалгарсан. Тэдний өмнө орно гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Бид өмнө нь Азийн АШТ-ий багийн уралдаанд оролцохдоо хоёр ч удаа IV байр эзэлсэн тул медаль хүртэх, эсэхдээ эргэлзэж байлаа. Азиас Казахстаны багийнхан мэргэжлийн тамирчидтай тул түрүүлэх нь гарцаагүй. Харин Япон, Узбекистаныг II, III байрт шалгарах болов уу гэж бодсон. Тиймээс тэмцээний өмнө бүх нөөц, боломжоо дайчилна гэж ярилцаад гараанаас гарсан. Томоохон тэмцээнд улсаа төлөөлж өрсөлдөхдөө хэдхэн секунд, долиор хоцорч медалиас мултрах үнэхээр хэцүү. Тэгэхгүй, ингэхгүй ч яав даа гэсэн бодол нэг хэсэгтээ мартагддаггүй. Иран багийнхан хүчирхэг гэдгээ харуулж, эхний гуравт багтлаа. Бид Турк улсад өнгөрсөн нэгдүгээр сард болсон цуврал тэмцээнд оролцохдоо Ираны тамирчидтай уралдсан болохоор арга барил, тактикийг нь гадарлаж байв. Манайхан уралдааны замаа тооцоолж, тактикаа маш сайн төлөвлөсний хүчинд амжилт гаргасан. Эмэгтэйчүүдээс Ц.Солонго элит ангилалд бөөн гараатай 111, А.Даваажаргал өсвөр үеийн 17-18 насныхны ганцаарчилсан цуваа гараатай 24 км-ийн уралдаанд амжилттай хурд сорьж, хүрэл медаль хүртэхийг нь хараад их бахархсан шүү.
-Б.Мягмарсүрэнтэй хамт та Вьетнамын Халонг хотод эхэлсэн “HTV cup-2022” олон өдрийн уралдаанд оролцож байгаа. Хэр амжилттай хурд сорьж байна вэ?
-Тийм ээ, Вьетнамд үйлдвэрлэл, дугуйн спорт өндөр хөгжиж байгаа тул дотоодынх нь тэмцээн өрсөлдөөнтэй болдог. Тэр хэрээр спонсорууд нь дугуйн спортын баг, тамирчдаа их дэмждэг юм байна. Хүн ам ихтэй, цаг агаар, уур амьсгал нь дулаан болохоор улирал тутамд уралдаан, тэмцээн зохион байгуулдаг. Энд баг тус бүрт нэг легионер уралдах дүрэмтэй. Миний хувьд хоёр өдрийн гараанд түрүүллээ. Бид энэ удаа “Dong Hai” багийнхантай уралдаж, хойших тэмцээнд “Ferie Mongolia development” багийнхантайгаа хурд сорих байх. Уулын дугуйн тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ. Ц.Мягмарсүрэн энэ төрөлд сайн уралддаг тул амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Би өмнө нь БНХАУ, Японы дугуйн багт уралддаг байв. Вьетнамд 2019 онд болсон олон өдрийн уралдаанд оролцоход халуун, бүгчим амаргүй санагдаж билээ.
-Өмнөговь аймгаас спортын гараагаа эхэлсэн залуу энэ спортод хэзээнээс эргэж буцахааргүй хөл тавив?
-Аймгийнхаа дугуйн спортын дасгалжуулагч Д.Баярсайхан багш, нутгийн ах А.Манийн удирдлагад Улаанбаатарт 2011 онд болсон хүүхдийн спортын наадамд оролцсон. Тэр жил өсвөр үеийнхний УАШТ-ээс нэг алт, нэг хүрэл медаль хүртэв. Манай нутагт энэ спорт эрчимтэй хөгжиж, хичээллэдэг залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Монголд орон нутгаас дугуйн хамгийн урт замтай аймгаар Өмнөговь тодорлоо шүү дээ. Би 2014 оноос дугуйд сэтгэл хүчтэй татагдаж, эргэж буцахааргүйгээр хөл тавьсан. Хүүхэд байхдаа аймгийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, спортын гараагаа эхлүүлсэн. Анхны шагналаасаа урам авч, хотод зохион байгуулсан тэмцээнд өрсөлддөг боллоо. Надад дотоодынхоос илүү гадаадын тэмцээнд уралдсан мэдрэмж сайхан сэтгэгдэл төрүүлж, мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Би тэр жил Казахстан улсад зохион байгуулсан Азийн АШТ-д IV байр эзлэхдээ дугуй хувийн бус, багийн спорт гэдгийг сайн ойлгосон юм. Намайг дугуйн спортын мэргэжлийн тамирчнаар бэлтгэж, амжилтаас атгуулсан хүн бол Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших багш минь. Түүний удирдлагад долоон жил хичээллэхдээ дотоод, гадаадын олон улсын уралдаанд цөөнгүй оролцлоо. Багшийн удирдлагад хамт бэлтгэл хийдэг байсан тамирчид “Team OGGI” клубийг байгуулсан юм. Энэ удаа Азийн аваргад клубээсээ ОУХМ Б.Марал-Эрдэнэ бид хоёр Монголынхоо багийнхантай уралдлаа. Багш минь шавь нарынхаа суурийг маш сайн тавьсан. Тэр сууриараа бид гадаадын тэмцээнд уралдаж байна. Бид амжилт гаргах бүртээ багшдаа баярладаг. Шавь нартаа дугуйн спортын тамирчдад байх ёстой ур чадвар, хүмүүжил, төлөвшил, баримтлах ёстой зүйлийг харамгүй зааж, сургасны ачийг олон тэмцээнд мэдэрсэн дээ.
-Гадаадын олон тэмцээнд өрсөлдсөнийг тань мэднэ. Азийн АШТ-д хэд дэх удаагаа оролцож, амжилт гаргав?
-Миний хувьд Азийн АШТ-д долоон удаа оролцож, дөрөвт нь IV байр эзэлсэн. Хаана ч, ямар ч улсад болсон дугуйн тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог. Уралдааны замд аз, азгүйтэл, амжилт аль аль нь байдаг. 100 гаруй тамирчин гараанаас гарахад гурав нь медаль хүртэнэ шүү дээ. Монголын дугуйчид хэдийгээр гадаадынхан шиг тухтай орчин, нөхцөлд бэлтгэл базаадаггүй ч тэсвэр хатуужил, оюун ухааны хувьд өндөр чадавхтай.
-Таны хувьд 2014 он аз, амжилт далласан жил байж дээ.
-ӨМӨЗО-д 2014 онд зохион байгуулсан “Чингис кап” уулын дугуйн уралдаанд олон орны тамирчидтай уралдаж, эхний гурван байрт шалгарсан юм. Тэр тэмцээнд ОУХМ Б.Мягмарсүрэн түрүүлж, би удаалсан. Тэр үед дугуйчид олон өдрийн уралдаанд шатрын нүүдэл шиг ухаан зарцуулахаас гадна сайн тооцоолон төлөвлөж, цагийн нийлбэр дүнгээр түрүүлдэг болохыг мэдсэн. Би тэр үеэс олон улсын тэмцээнд оролцохгараагаа эхлүүлж байлаа. Мэргэжлийн дугуйн холбооноос зохион байгуулдаг олон тэмцээн Хятадад болдог. Миний мөрөөдөл бол гадаадын томоохон тэмцээнд хурд сорьж, дэлхийн, мэргэжлийн түвшинд хэрхэн уралдах ур чадвараа олж харах байв. Тиймээс өөрийнхөө түвшнийг энэ удаагийн уралдаанаас ч мэдэж авлаа. Монголын тамирчид тивийн тэмцээнд эхний гурван байрт хүч түрэн орж ирсэн нь Азийн мэргэжлийн дугуйчидтай олон багийг гайхшируулж, нэлээд сандаргасан болов уу. Эхний гурван байрт шалгарсан тамирчдад ялалт, ялагдал тун ойрхон. Тэд нэгнээсээ нэг секунд, долийн зөрүүтэй байр эзэлдэг. Тэр дундаа багийн уралдаанд манайхан Душанбед хурд сорихдоо Казахстаны багийнханд амжилтаараа сануулга өгсөн гэж бодож байна.
-Та олон өдрийн уралдаанд түрүүлж, шар цамц өмссөн санагдана?
-Дугуйчид оролцож байгаа уралдааныхаа онцлог, амжилт, гаргасан ур чадвараас хамаарч шар, ногоон, цоохор цамц өмсдөг. Миний хувьд 2019 онд Вьетнамд болсон 23 хүртэлх насныхны засмал замын олон өдрийн уралдаанд нийлбэр цагийн дүнгээр түрүүлж, шар цамц өмссөн. Үүнээс өмнө 2016 онд 12 настайдаа “Tour de Мongoliа” тэмцээнд мөн л түрүүлж байв. Одоогоор спринт (ойрын зай) уралдааны ногоон, уулын дугуйн цоохор цамц өмсөөгүй л байна. Үүнийг өмсөх, эсэх нь тухайн тамирчны ур чадвараас ихээхэнсанаг
хамаардаг.
-Дугуйн спортод амжилт гаргахын тулд тамирчид олон саад, бэрхшээлтэй тулгардаг. Та бас тэдний туулсан замаар урагшилсан байх?
-Тийм ээ, би ч гэсэн нөхдөөсөө суралцаж, туулсан замаар нь замнаж явна. Хүүхэд байхад хэцүү санагдаж, халширсандаа спортоо орхих талаар бодсон үе бишгүй. Гэхдээ хүн дуртай зүйлээсээ амархан холддоггүй. Цаг агаар, байгалийн ямар ч үзэгдлийн үед уралдаанаа үргэлжлүүлэх амаргүй санагддаг ч гаргасан амжилтаасаа урам авч баярласан мөч олон байдаг юм. Спортын төрөл бүрт өөрийн гэсэн онцлог бий. Дугуйн спортод нас хязгаарладаггүй. Дугуйчид олон жил уралдаж, хуримтлуулсан туршлагаараа амжилт гаргадаг. Сая Азийн аваргад эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанд 1982 онд төрсөн 40 настай Узбекистаны тамирчин III байр эзэлсэн бол, элит ангиллын бөөн гараатай уралдаанд 1983 онд төрсөн Японы Н.Масуда удааллаа.
-Вьетнам улсад амьдрах хэр таалагдав, гэрийнхнийгээ үгүйлж байна уу?
-Багийнхантайгаа шинэ орчинд байнга очдог болохоор сонирхолтой. Вьетнамын иргэд найрсаг, нөхөрсөг зантай. Бид гэрээсээ гараад хоёр сар болж байна. Эндхийн хоол, кофе их амттай. Тэр дундаа гурилтай шөл нь бүр сайхан. Хүмүүс нь кофег бага багаар шимж уудаг юм билээ. Монголыг бодвол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ харьцангуй тогтвортой, өртөг багатай санагдсан.
-Танд “Dong Hai” багийнхан хамт уралдах санал хэзээ тавьсан бэ?
-Вьетнамын багийнхантай өмнө нь уралдаж байгаагүй. 2019 онд уралдахдаа тус багийнхантай анх танилцсан юм. Түүнээс хойш би тэднийг, тэд ч намайг мэддэг боллоо. Туркт болсон олон өдрийн уралдаанд түрүүлэхэд менежер нь “Манай багийнхантай нэгдэж уралдаач” гэсэн санал тавьсан. Миний хувьд уралдааны онцлогоос хамаарч II, харин Б.Мягмарсүрэн уулын дугуйн төрөлд амжилттай оролцдог тул I багт нь хурд сорьж байна. Товчхон хэлбэл, би Ц.Мягмарсүрэнгийн багийнхныг амжилт гаргахад золиосонд явдаг багт уралддаг гэсэн үг. (инээв). Энд уралддаг багийн олонх нь ОХУ-ын легионертой. Манай баг шинэ, залуу тамирчидтай. Гишүүд нь эерэг хандлагатай, нээлттэй, нөхөрсөг. Эндхийн дугуйчид тэмцээнд томоохон багтай оролцдог. Гадаадын тамирчдын ар талынх нь бүх зүйлийг хариуцдаг багтай оролцохыг хараад атаархах бодол хааяа төрдөг юм. Энэ ташрамд, Монголын дугуйн спортын хамт олонд болон эх орноо төлөөлж уралдсан багийнхандаа, бидний тэмцээнийг үзэж дэмжсэн спорт сонирхогчдод, мөн Азийн АШТ-д оролцоход сайхан сэтгэлээр дэмжиж, тусалсан хүмүүст маш их баярлалаа. Энэ спортоор хичээллэж байгаа залуус, дүү нартаа хойшдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.