Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, дотор, мэс засал, яаралтай тусламж, нүд, шүд гээд А.Батбаатар эмчийн гар оролцохгүй эмчилгээ, үйлчилгээ, тусламж гэж үгүй. Сумын эмч нар ихэнхдээ л ингэж хөрвөж ажилладаг. Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 10 дахь удаагийн “Алтан чагнуур”-ын эзэн болсон, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл, согог засалч их эмч А.Батбаатартай ярилцлаа. Шинэхэн танилаа би “Элдэвтэй эмч” гэж нэрлэсэн. Судас, шөрмөс, яс залгах, арьс нөхөх хагалгаанаас эхлээд гоо сайхны мэс засал гээд элдвийг хийдэг түүнийг нутгийнхан нь харин “Буянтай эмч” гэдэг юм билээ.
-Ажил үйлсээрээ салбартаа манлайлагч, шилдэг эмч нарыг шалгаруулдаг “Алтан чагнуур” шагналын эзэн болсонд баяр хүргэе.
-Улсын томоохон эмнэлгийн шилдэг эмч нартай мөр зэрэгцэн нэр хүндтэй шагнал хүртсэндээ их баяртай байна. Эмнэлгийн хамт олон маань эл шагналд намайг гурван жилийн өмнө тодорхойлсон юм билээ. Тухайн үед өөр нэг сумын гавьяаны амралтдаа гарах дөхсөн эмч тэргүүлж, би хоёрдугаар байрт орсон. Цар тахлын улмаас эл шагналыг олгохгүй хоёр жил өнжсөн юм. Харин энэ жил зохион байгуулахыг нь сонсоод манай хамт олон миний нэрийг дахин дэвшүүлжээ. Шагнал авахаас хоёр хоногийн өмнө надад “Баяр хүргэе, та болзол хангасан байна” гэж утсаар хэлсэн. Нутгийнхан маань өөрсдөө шагнуулсан мэт баярлаж, одоо хүртэл баярын мэндчилгээ тасраагүй байна. Шагнал авсны дараахан Бор-Өндөрийн маань нэг эгч утсаар залгаад уйлаад баяр хүргэхэд нь эмч мэргэжлээрээ бахархаж байлаа.
-Эмч хүний хамгийн дотнын туслах нь чагнуур. Та хэзээнээс чагнууртай нөхөрлөсөн юм бэ?
-Бор-Өндөрийн эмнэлгийн анх суурийг нь тавьж, хүн зоноо анагааж эхлэхэд миний ээжийн төрсөн эгч Балжинням гэж эмэгтэй эх баригчаар ажиллаж байв. Түүний хүү Л.Зоригоо эмч ээжийнхээ ажлыг өвлөн авсан. Намайг 2007 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургууль төгсөөд ирэхэд Л.Зоригоо эмч эмнэлгийн дарга байсан. Би багаасаа эмч болох мөрөөдөлтэй байв. Сурагч байхдаа хүмүүст булчин тариа хийдэг байлаа. Сумынхаа өрхийн эмчээс эхлээд 15 дахь жилдээ энэ эмнэлэгтээ ажиллаж буй.
-Хүн бүрт багын мөрөөдөл байдаг ч биелүүлдэг нь цөөн. Харин та мөрөөдлөө биелүүлж чаджээ.
-Тийм ээ. Би 1983 онд Бор-Өндөрт төрсөн. Эндхийн уугуул иргэд бараг бүгд Сүхбаатар аймгаас нүүж ирцгээсэн. Манай аав, ээж ч ялгаагүй 1981 онд Сүхбаатар аймгаас шилжиж ирсэн юм. Би сумынхаа “Бор-Өндөр” цогцолбор сургуулийг төгсөөд эмч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд ганцхан химийн хичээлээр л элсэлтийн ерөнхий шалгалт өгч байлаа. Өөр олон сургуульд шалгалт өгөөгүй, Анагаах ухааны их сургуульд орохын төлөө л хичээсэн. Тэр үед Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн эмчилгээний ангийн ганц хуваарь ирснийг нь би авч чадсан. Хүн ер нь хүссэн мэргэжлээ сонговол амжилт гаргадаг юм билээ. Оюутан байхдаа л идэвх оролцоо сайтай байж, тэндхийн эмнэлгийн мэс заслын Б.Отгонбаяр эмчид хадаг барьж, шавь орж байлаа шүү дээ. Жижүүрт хонох үед нь эмчийгээ дагаж явсаар тавдугаар курст байхдаа мухар олгой авах мэс заслыг бие дааж хийж сурсан. Сургуулийнхаа шилдэг оюутан болж, урам зоригтой төгсөж байснаа дурсахад сайхан байдаг. Сургуулиа төгсөнгүүтээ Бор-Өндөрийнхөө эмнэлэгт өрхийн эмчээр ажилласан. Хоёр жил өрхийн эмчээр ажиллаад нарийн мэргэжил эзэмшдэг байв. Би ажиллах хугацаандаа Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д хоёр жил суралцаж, 2010 оноос эндээ гэмтэл, согог судлалын эмч болсон.
-Бор-Өндөр сум харьцангуй хүн ам олонтой, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэртэй, төмөр замын сүлжээнд холбогдсон бараг л хот газар шүү дээ. Нэгдсэн эмнэлэг хэчнээн хүн амд эрүүл мэндийн ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай эмнэлэг байрлалын хувьд гурван аймгийн заагт оршдог. Бор-Өндөр нь Хэнтий аймгийн хамгийн баруун урд талын сум. Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэртэй яг залгаа байрладаг. Дорноговь аймгийн Иххэт сум гэхэд манайхаас 65, Айраг 60, Даланжаргалан 45 км зайтай оршдог юм. Тэндхийн малчид, иргэд манай эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг. 2003 онд Засгийн газрын тогтоолоор таван газрын эмнэлгийг Нэгдсэн эмнэлгийн статустай болгож, хоёрдугаар шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тэдгээрийн нэг нь манай сумын эмнэлэг. Бид ойролцоо сумынхаа хүн амыг нийлүүлээд 25 мянга орчим иргэнд эрүүл мэндийн болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байна. Зарим тохиолдолд бусад сум руу дуудлагаар очиж, тусламж үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, суман дахь Нэгдсэн эмнэлэг гэдгээрээ онцлог. Мөн өрхийн эмнэлэгтэй. Өрхийн эмнэлэгт 12 хүн ажиллаж байгаа бол Нэгдсэн эмнэлэг 60-аад хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвтүүлэн эмчлэх, хүлээн авах, яаралтай тусламж, амбулатори, захиргаа аж ахуй гэсэн таван тасагтай. Жилдээ 250-300 эмэгтэйг жирэмсний хяналтад авч, 150-200 эхийг төрүүлдэг. Тэдний 20 орчим хувь нь мэс заслын аргаар төрөх заалттай байдаг. Жилд 300-350 орчим мэс засал, ажиллавар хийж байна.
-Сумын эмнэлэгт ажиллахын онцлог, давуу тал болон бэрхшээл гэвэл?
-Орон нутагт хүн өөрийгөө хөгжүүлж чадвал давуу тал ихтэй. Нэг сумд олон жил ажиллахаар тухайн нутгийн иргэдээ бүгдийг нь мэддэг болдог юм байна. Миний хувьд ч ялгаагүй үйлчлүүлэгчийнхээ өвчний түүх, оношийг нь мэддэг, дуудлагаар очихдоо ч өвчтөнийхөө юу нь өвдсөнийг таамаглаад, хэрэгтэй багаж хэрэгсэл, эм тангаа аваачих жишээтэй. Түүнээс гадна орон нутагт хот газрынх шиг оношилгооны тоног төхөөрөмж бүгд байхгүй шүү дээ. Техник байхгүйгээс эмчийн мэдрэхүй илүү хөгждөг юм болов уу гэж ойлгосон. Эмч хүний мэдрэмжид тулгуурлан, оношлох тохиолдол ч гарна. Хүүхэд, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, мэс засал гээд нэг эмч бүх төрөл рүү хөрвөж ажилладаг. Жишээ нь, жижүүрийн эмч хэвтэн эмчлүүлж буй өвчтөн, хүлээн авах тасгаар үйлчлүүлэгчдийг үзэж оношлоод, яаралтай дуудлагад өөрөө явдаг. Нарийн онош тодруулахад шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай, боловсон хүчин хомсдолтой байдаг нь нэг бэрхшээл. Гэхдээ “Ковид-19”-ийн дэгдэлтийн үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулсан. Улсын хэмжээнд коронавирусийг сумдаа анх эмчилсэн гэдгээрээ бид бахархдаг.
-Мэс засалч хүн туршлагадаа тулгуурладаг юм уу, эсвэл онцгой ур чадвар, авьяастай “төрдөг” үү. Та мэдрэмждээ найдах үе байдаг гэж сая хэллээ. Таныг нутгийнхан тань “ганц дарж үзээд л мэддэг” гэж ярих юм билээ.
-Биеэ үзүүлэх гэж буй хүнийг үүдээр орж ирэхээс нь эхлээд сайн ажиглаж хардаг. Үг, яриа, биеийн хэлэмж, зовуурь шаналлаас нь ерөнхийд нь өвчнийг таамагладаг юм. Дараа нь асуумж, үзлэг, шинжилгээгээр оношилно. Нэг мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллахад зургаа дахь мэдрэхүй хөгждөг гэж ярьдаг. Эмч хүнд мэдрэмж суулгах, хөгжүүлэх их чухал.
-Таныг орон нутагт өмнө нь хийж байгаагүй мэс заслуудыг гардаж гүйцэтгэсэн гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-2016 онд судас шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн юм. Өмнө нь ийм мэс заслыг орон нутагт хийж байгаагүй юм байна. Гадаадын нэг иргэн хутгалуулаад гарын артерын судас нь таван сантиметр сэргэх боломжгүйгээр зүсэгдсэн байсан. Вений судаснаас нь авч шилжүүлэн суулгаж байлаа. Амийг нь аврахын тулд гарыг нь тайрахаас өөр сонголтгүй. Тухайн үед эмчийн самбаачлах хурдаар гэх үү, яаралтай арга хэмжээ авч, судас шилжүүлэн суулгасан юм. Хагалгаа амжилттай болсон. Ийм хагалгааг орон нутагт анх удаа хийсэн гэж Хэнтий аймгаас шинийг санаачлагч эмчээр шалгаруулж байлаа. Түүнчлэн судас залгах мэс заслыг олон удаа хийсэн. Ихэнх нь сэргээх боломжтой судас. Сэргээх боломжгүй тохиолдолд л судас шилжүүлэн суулгадаг. Өнгөрсөн оноос арьс шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүллээ. Энэ нь мөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бусад сумд хийгээгүй хагалгаа. Сүүлд Ховд аймагт нэвтрүүлсэн гэж сонссон. Түлэнхийн дараа болон зөөлөн эдийн дутмагшлын үед арьс нөхөх шаардлагатай хүнд эл эмчилгээг хийдэг. ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх тасагт үзүүлдэг тусламж, үйлчилгээ юм. Мөн мэдрэл, шөрмөс залгах, яс сэргээх, яс шилжүүлэн суулгах мэс засал хийж байна.
-Уул уурхайн үйлдвэр танай нутагт байрладагтай холбоотойгоор осол гэмтэл их гардаг уу?
-Мэс заслын тасгаар үйлчлүүлэгчдийн тал хувь нь гэмтэл осолд өртсөн байдаг. Гар, хөлөө таслах, судас шөрмөс тасрах тохиолдол их. Төмөр тасалж байгаад нүдээ гэмтээх нь цөөнгүй. Нүдэнд орсон гаднын биет түүх, өвдсөн шүд авах гээд юу эсийг хийх вэ. Үйлдвэрт осол гарлаа гэхэд тэндхийн эмч нар анхан шатны тусламж үзүүлээд манай эмнэлэгт ханддаг. Заримдаа яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлдэг. Энэ бүх тусламжийг сайн багтай байж гүйцэтгэнэ. Ялангуяа гэмтэл, согог заслын хагалгаа хүний хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх, насан туршдаа тахир дутуу болох эрсдэлээс хамгаалдаг. Мэс заслын багийнхантайгаа анх ажилд орсон үеэс эхлээд өдий хүртэл гар нийлэн ажиллаж байна. Тухайлбал, мэс заслын сувилагч Д.Боргил, унтуулгын эмч О.Мөнхцэцэг, унтуулгын сувилагч Д.Алтантуяа, үйлчлэгч Н.Мөнхцэцэг нартайгаа харцаараа ойлголцдог болжээ. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ахмад эмч С.Занаа, сумаасаа анхны доктор болсон Р.Мөнхбаяр гээд үе үеийн шилдэг эмч нараас суралцаж явсандаа баяртай байдаг.
-Танай эмнэлгийнхэн жилд 300 гаруй мэс засал хийдэг юм байна. Таны хувьд хамгийн хүнд, санаанаас гардаггүй мэс засал гэж бий юү?
-Олон бий. Судас шилжүүлэн суулгасан хагалгаа санаанаас гардаггүй юм. Тухайн хүний биеийн байдал маш хүнд, халуун болон артерын даралт нь хэмжигдэх боломжгүй болчихсон байсан. Манай хамт олон яаралтай тусламжийг маш сайн, зөв үзүүлснээр хүний алтан амь аварсандаа одоо ч баяртай байдаг. Өөр нэг жишээ хэлье. Манай эндхийн нэг эмэгтэй умайн гадуурх жирэмслэлт болоод маш их цус алдсан, ухаангүй шахуу эмнэлэгт ирсэн юм. Унтуулгын эмч маань эзгүй, Хэнтий аймгаас эмч дуудтал хагалгаатай таараад, Говьсүмбэр лүү холбогдтол ганцхан эмчтэй учраас ирэх боломжгүй болчихлоо. Бүх зүйл миний толгой дээр буув. Яах ч аргагүй болж би өөрөө тухайн эмэгтэйг нугасаар мэдээ алдуулан, хагалгаа амжилттай хийсэн.
-Анх ажил дээр гарахад тохиолдсон зүйлүүдээс тань хамгийн том сургамж өгсөн нь юу вэ?
-Анагаах ухааны сургууль дөнгөж төгсөөд ирэхэд манай эмнэлэгт Р.Мөнхбаяр гээд мундаг эмч ажиллаж байв. Нэг өдөр Р.Мөнхбаяр эмч мухар олгойн мэс засал хийхээр боллоо. Унтуулгын эмч нь тухайн үед байхгүй таарахаар нь би нөгөө хүнийг мэс засалд гялс бэлдээд, нугасаар мэдээ алдуулчихаад, ариун даавуугаар тусгаарлан, гараа угаагаад зогсож байтал Р.Мөнхбаяр эмч өрөөнд орж ирлээ. Баярлана гэж бодтол эсрэгээрээ уурлаж, загнаж гарлаа. “Нарийн мэргэжил эзэмшээгүй байж, хэн чамайг нугасаар мэдээ алдуул гэсэн юм. Хүндрэл гарвал хэн хариуцах юм” гэж хэлэхэд нь толгой руу тоншоод авах шиг болсон. Тэр үед би эмч болсноо, хариуцлагаа өөрөө хүлээнэ гэдгээ сайн ойлгож билээ. Эмч хүний нэг хөл наранд, нөгөө нь нарсанд байдаг гэдэг.
-Та бас гоо сайхны мэс ажиллавар хийдэг юм билээ. Эмэгтэйчүүдийн гоо сайханд санаа тавьж эхэлсэн “түүх” сонирхолтой санагдаж байна.
-Юмыг эрэлхийлдэг, сониуч зан минь ажил мэргэжилд ч тус болсон шүү. Нүдний давхраа оёх мэс ажилбар хийгээд долоон жил болжээ. Долоо хоногийн амралтын өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж, эл мэс заслыг хийдэг. Эндээ ажлын бус цагаар нутгийн хүүхнүүдээ бас гоёно (инээв). Улаанбаатар хот болон бусад аймаг, сумаас эмэгтэйчүүд зорьж ирдэг юм.
-Ажилдаа амжилт гаргахад найдвартай ар тал чухал. Та гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
-Эмч, эмнэлгийн ажилтнууд жижүүрт хонох, шөнө оройн цагаар дуудагдах гээд гэрийн бараа харах нь ховор. Ар гэр нь тайван байвал бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлснээр эмчилгээний үр дүн сайжирдаг. Ар талдаа санаа зовохгүй ажиллахад ханийн минь үүрэг оролцоо их. Миний гэргийг Ч.Ичинхорлоо гэдэг. Өвөрхангайн бүсгүй бий. Бид таван хүүтэй. Том хүү минь Сибирийн Анагаах ухааны их сургуулийн нэгдүгээр курст сурч байна.
-Ярилцлага авахаар холбогдоход үзлэг хийж байна гэж байсан. Удирдах албан тушаалтай хүн эмчийн ажлаа хийх цаг хомс болов уу. Нэгдсэн эмнэлгийн даргын хувьд төлөвлөсөн ажил, цаашдын зорилгоор тань ярилцлагаа өндөрлөе.
-Тантай холбогдохын өмнө уушгинд нь шингэн хурсан, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд тусламж үзүүллээ. Цээжнээс нь 3.3 литр шингэн соруулж, амьсгалын дутагдлаас нь гаргасан. Манай эмнэлэг 2013 оноос хойш ерөнхий мэс заслын эмчгүй ажиллаж байна. Би гэмтэл, согогийн мэс засалч хэрнээ ерөнхий мэс заслыг давхар гүйцэтгэдэг. Энэ нь эрсдэл өндөртэй. Харин саяхнаас залуу эмч Гантулга маань мэс заслын чиглэлээр сурч эхэллээ. Бүс нутагтаа чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, шилдэг эрүүл мэндийн байгууллага цогцлоохын төлөө бид ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоонд шилжсэн учраас эмнэлэгт ямар чадварлаг боловсон хүчин байхаас шалтгаалан хөгжих боломж нь нээгдсэн. Тиймээс тоног төхөөрөмжөө сайжруулж, ажилтнуудынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна. Энэ жил мэдрэлийн эмчээ сургах, дотрын эмчээ зүрх, судасны чиглэлээр мэргэшүүлж байгаа. Ингэснээр тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх зорилготой. Улсын төсвийн санхүүжилтээр энэ онд 28 ортой эмнэлэг барихаар болсон. Эмч, ажилтнуудын орон сууц барихаар хөөцөлдөж байна. Орон нутагт хүний нөөцийн дутагдал их. Энэ ташрамд залуу эмч, мэргэжилтнүүдийг ирж ажиллахыг урья. Бор-Өндөр сум Улаанбаатар хотоос холгүй оршдог, дэд бүтэц сайтай, хөгжиж байгаа газар. Ийм газар мэс засалч, унтуулгын эмч залуусыг гэр бүлээрээ ирж ажиллаасай гэж хүсэж байна.