Амаржих эхийг элдвээр доромжлох, загнах зэргээр сэтгэл зүйн дарамт учруулах, улмаар биед нь халдах болон хярзан сэтлэх, Кесарево хагалгаа зэрэг мэс ажиллаврыг зөвшөөрөлгүйгээр хийх нь хүчирхийлэл мөн гэдгийг НҮБ дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх тусгай илтгэгч Рийм Алсалем өнгөрсөн оны арванхоёрдугаар сард монголчуудад сануулав. Төрөх үеийн хүчирхийлэл хэмээн олон улсад тодорхойлдог эл үзэгдэл Монголд газар авсан тул онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг тэрбээр бодлого боловсруулагчдад зөвлөсөн юм. Харамсалтай нь, манай улсын холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус байгууллагынхан, тэр тусмаа эрүүл мэндийн салбарынхан үүнийг тоосонгүй. Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн үндэсний хороо, “Монголын эмнести интернэшнл” зэрэг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан ч энэ талаар судалгаа хийж, мэдээлэл цуглуулж байсангүй. Эрүүл мэндийн яамнаасаа авхуулаад эмч нар хүртэл үүнийг хүчирхийлэл гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин амаржсан эхчүүд ийм асуудал хаа сайгүй, байнга гардаг, ялангуяа улсын эмнэлгүүдэд хэвийн үзэгдэл болсон, хүчирхийлэл биш гэж үзэхээс ч аргагүйд хүртэл энгийншсэн хэмээн санал нэгдлээ. Мөн ээж болсон монгол эмэгтэйчүүдийн олонход нь ийм муу түүх байдгийг илчилж, ярьсаар өдий хүрэв. Тиймээс холбогдох албаныхан төрөх үеийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авах хүртэл “Өнөөдөр” сонин уг сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг “Гүнж” төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрахтай энэ удаа ярилцлаа. Төрөх үеийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг хүмүүс нь анх удаа амаржиж буй залуу ээжүүд гэдгийг тэрбээр онцолсон юм.
-Залуу ээжүүд яагаад, ямар шалтгааны улмаас төрөх үеийн хүчирхийлэлд их өртөж байна вэ?
-Манай төв 2003 онд байгуулагдсан, 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, өсвөр насны ээжүүдтэй ажилладаг цорын ганц байгууллага гэж хэлж болно. Бидэнд хандсан өсвөр насны ээжүүдийг жил бүр үйлчилгээний чанарын судалгаанд хамруулдаг юм. Уг судалгаагаар эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагын асуудал байнга хөндөгддөг. Өсвөр насны ээжүүдийн хувьд жирэмсний хяналтад орох үеэс эхлээд л эмч, эмнэлгийн ажилтнуудын ялгаварлан гадуурхалт, дарамтад өртөж байсан тухайгаа ярьдаг. Жирэмсний гурван сартайгаас хяналтад орох ёстой шүү дээ. Ингээд өсвөр насны ээжүүд өрхийн эмнэлэгтээ очоод үзүүлэхэд л “Жаахан юм байж гэдсээ чирч ирлээ” гэх мэтээр доромжлох, илт ялгаварласан өнгө аясаар харилцах, загнах тохиолдол цөөнгүй байдгийг манай үйлчлүүлэгчид хэлж байлаа. Үүнээс болоод тэд айж, санаа зовоод, эмнэлэгт дахин очдоггүй. Зарим нь жирэмсний хяналтад оройтож ордог. Бүр хяналтад оролгүй явсаар амаржих нь ч бий.
-Өсвөр насны ээжүүдийг хамруулсан судалгааны дүнгээс дурдаж болох уу. Тухайлбал, өнгөрсөн оны судалгаагаар ямар үр дүн гарсан бэ. Хэдэн ээжийг хамруулав?
-Бид санхүүгийн болон хүний нөөцөөсөө шалтгаалаад голчлон Улаанбаатар хотод төвлөрөн ажилладаг. Харамсалтай нь, аймаг бүрт хүрч ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс орон нутгийн нийгмийн ажилтнуудыг өсвөр насны ээжүүдтэй ажиллах, мэргэжлийн тусламж үзүүлэх арга зүйд сургахад илүү анхаардаг. Манай төв жилд 50-60 ээжийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. 19 хүртэлх насныхныг хамруулдаг, нэг жилийн хугацаатай хөтөлбөр л дөө. Энэ онд манай төвөөс үйлчилгээ авч буй хамгийн залуу ээж 14 настай байна. Өнгөрсөн онд манайхаар үйлчлүүлсэн, Улаанбаатар хот, Дархан-Уул, Хэнтий аймгийн харьяалалтай 50 гаруй ээжийг судалгаанд хамрууллаа. Үүнд эмнэлгийн, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын харилцаа, хандлагын талаар хэд хэдэн асуулт оруулсан юм. Жишээ нь, “Эмчийн хяналтад ороход хүндрэл учирсан уу” гэсэн асуултад 45 хувь нь “Хүндрэлтэй байсан” гэж хариулсан. “Жирэмсний хяналтад хэдэн сартайдаа орсон бэ” гэхэд 7.8 хувь нь ямар ч үзлэг, шинжилгээнд хамрагдалгүй явсаар хүүхдээ төрүүлсэн гэсэн. Мөн судалгааны дүнгээс харахад дөнгөж 50 хувь нь жирэмсний эхний гурван сартайдаа хяналтад орсон байна. Энэ бол маш доогуур үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, үлдсэн 50 хувь нь оройтож, эсвэл огт хяналтад оролгүй явсаар хүүхдээ төрүүлж байна гэсэн үг. Түүнчлэн судалгаанд оролцсон охидын 17 хувь нь “Эмч муухай харилцсан” гэж хариулсан. Бидний судалгааны цар хүрээ хумигдмал, үндэсний хэмжээнийх биш, зөвхөн манай төвөөр үйлчлүүлсэн ээжүүдийг хамруулсныг тодотгоё. Гэхдээ ээжүүдэд олон асуудал тулгардгийг эл судалгааны дүн харуулах боломжтой гэж бодож байна.
-Эмч нарын харилцаанаас шалтгаалаад залуу ээжүүдийн тал хувь нь хугацаандаа жирэмсний хяналтад орж чадахгүй байна гэсэн үг үү?
-Өсвөр насны ээжийн сэтгэл зүй нь насанд хүрсэн эмэгтэйтэй харьцуулшгүй эмзэг. Тухайлбал, өсвөр насны охидын жирэмслэлтийн 80 орчим хувь нь хүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, төлөвлөлгүйгээр жирэмсэн болчихдог. Улмаар цаана нь жирэмслэлттэй холбоотой том асуудал байх нь ч бий. Бэлгийн хүчирхийлэл ч байх магадлалтай. Гэр бүлийн, хайр сэтгэлийн, хувийн харилцааны олон асуудал давхар байж болно. Ийм үед нь эмч, эмнэлгийн ажилтнууд тэднийг ялгаварлаж, доромжилбол жирэмсний хяналтад орохоос айж эмээх нь аргагүй шүү дээ. Гадаадад төрсөн эмэгтэйчүүд маш тухтай, элдэв дарамтгүй орчинд айдас, хүндрэлгүйгээр амаржсан талаараа ярьдаг. Гэтэл манайд жирэмсэн ээжүүд эмнэлэгт үзүүлэхээс, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхээс хүртэл айна гэдэг чинь цаана нь том асуудал бий л гэсэн үг. Эдгээрийн нэг нь ялгаварлан гадуурхалт. Манайд хандсан цөөнгүй ээж жирэмсний хяналтад орох гээд очиход эмч, эмнэлгийн ажилтнууд ялгаварлан гадуурхаж харилцсан талаар хэлсэн. Жишээ нь, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйд “Дахиад л жирэмсэн болоод ирчихсэн үү” гэх мэтээр хандах нь энүүхэнд. Өсвөр насныхан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд жирэмсэн болонгуут дээрэнгүй ханддаг, бараг хүний ёсноос гажууд зүйл хийчихсэн мэт загнадаг талаар ч сонсож байлаа. Тиймээс ийм асуудлыг илүү нарийвчлан судалж, бодит байдалд дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.
-Зөвхөн өсвөр насныхан гэлтгүй амаржих гэж буй бүх эмэгтэйд заавар, зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг их чухал. Гэтэл манай эрүүл мэндийн байгууллагууд энэ чиглэлийн үйлчилгээ огт үзүүлдэггүй.
-Эмч, эмнэлгийн ажилтнуудын заавар, зөвлөмж ээжүүдэд маш чухал. Уг нь жирэмсэн байх явцад эхийн болон ургийн эрүүл мэндийг хянахаас гадна хүндрэлгүй, сэтгэл зүйн хувьд айдас түгшүүргүй төрөхөд нь бэлтгэх ёстой. Олон улсын жишиг ч ийм. Жишээ нь, ээжүүд жирэмсний хяналтын явцад сургалтад хамрагдаж, төрөхдөө бэлдэн, айдсаа даван туулах, зөв дүлэх, төрсний дараа биеэ хэрхэн арчлах, цаашлаад хүүхдээ хөхүүлэх, асрах зэрэг нэн шаардлагатай мэдлэг, ойлголттой болдог. Харин манайд төрөхийн өмнөх бэлтгэл огт байдаггүй, ээжүүд өөрсдөө л янз бүрийн эх сурвалжаас, нийгмийн сүлжээнээс мэдээлэл олж авдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл ингэж мэдээлэл авах боломжгүй, цөөнгүй эмэгтэй ямар ч мэдлэг, ойлголтгүйгээр төрөхийн орон дээр гарч байгаа. Ер нь төрөх эмнэлгийн орчин, нөхцөлийг амаржсан эмэгтэй бүр л мэднэ. Эмнэлгийн орчин, нөхцөл, эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа тийм ч таатай биш. Манай төвийнхөн өсвөр насны ээжүүдийг оролцуулсан баримтат нэвтрүүлэг хийхэд нэг оролцогч “Төрөх гээд, бүр хүүхдийн толгой цухуйчихаад байхад эмч “Өөрөө алхаад яв” гэж загнасан” хэмээн ярьсан нь ч бий. Тиймээс анх төрөх гэж буй ээжүүдэд зориулсан “Baby box Mongolia” хөтөлбөрийг манай төвөөс хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд жирэмсэн ээжүүдэд төрөх үеийн айдсаа даван туулах, жирэмсэн байхдаа зөв хооллох, амаржсаны дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх зэрэг нэн шаардлагатай мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор цуврал сургалт явуулж байна. Улсын эмнэлгүүдийн үзүүлж чаддаггүй үйлчилгээ, дэмжлэгийг ээжүүддээ өгөхийг хичээж буй хэрэг л дээ. Гэхдээ сургалтууд маань төлбөртэй. Харин зорилтот бүлгийн буюу өсвөр насны ээжүүдийг үнэ төлбөргүй хамруулдаг.
-Ээжүүд амар тайван, хүчирхийлэлгүй орчинд амаржих нөхцөл бүрдүүлэхийн тулд юуг өөрчлөх, шинэчлэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Эмч, эмнэлгийн ажилтнууд харилцаа, хандлагаа эрс өөрчилж, арай илүү санаачилгатай, хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй санагддаг. Хүний эрхийн мэдрэмжгүй байдлын талаарх нэг жишээг дурдъя л даа. Төрөх эмнэлгийн хүлээн авах хэсэгт амаржих хугацаа нь дөхчихсөн, ураг нь өсөлтгүй болсон, үр хөндүүлэх гэж байгаа эмэгтэйчүүдийг зэрэгцүүлэн суулгаж байгаад тасгуудад хуваарилдаг. Хүний эрхийн мэдрэмжтэй бол ураг нь өсөлтгүй болсон эмэгтэйг төрөх ээжтэй хамт байлгаж болохгүй. Ийм тохиолдолд ураг нь өсөлтгүй болсон эмэгтэйн сэтгэл зүйд маш их дарамт учруулдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд ойлгох ёстой. Харамсалтай нь, эрүүл мэндийн байгууллагынхан иймэрхүү асуудлыг тоодоггүй, анзаардаггүй, хүний эрхэд суурилж ажиллах ёстойгоо мэддэггүй. Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүсийн ард дандаа ямар нэгэн хүндэтгэх шалтгаан, хүндрэл бэрхшээл, сэтгэл зүйн асуудал байдгийг харгалзан үзэж, ойлгож хандах нь л чухал юм. Өндөр хөгжилтэй орнуудад эмнэлгүүд нь ийм л энгийн зарчмыг маш сайн баримталж ажилладаг. Жишээ дурдахад, зарим улсад өсвөр насны жирэмсэн ээжүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай удирдамж бий. Уг удирдамжид тусгаснаар өсвөр насны ээжийг насанд хүрсэн эмэгтэйтэй хамт үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй. Өсвөр насныхныг ингэж онцолдог шалтгаан нь яагаад жирэмсэн болсон, цаана нь ямар бэрхшээл байгааг заавал тодруулдагтай холбоотой. Хэрэв гэмт хэргийн шинжтэй асуудал байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Цаашлаад төрөх эмнэлэгт ч өсвөр насны ээжид илүү хяналт тавьж, мэдээллээр хангах ёстой гэсэн журам үйлчилдэг. Америкт туршлага судалж байхад зарим эмнэлэг зөвхөн залуу ээжүүдийг хянах, үзлэгт хамруулах тусгай өдөртэй байсан. Өсвөр насны ээжүүд зөвхөн тэр өдөр л хяналтад орж, үйлчилгээ авдаг байх жишээтэй. Гэтэл манай нөхцөл ямар хүнд билээ дээ. Залуу ээжүүдэд олон зовлон байдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд ойлгодоггүй, зарим нь ойлгохыг ч хүсдэггүй юм шиг санагддаг. Угтаа бол тэдэнд маш их айдас, түгшүүр байдгийг ойлгох учиртай. Зарим охины хувьд эмчийн өрөөний хаалгыг тогшоод орох нь хүртэл маш их дарамт болдог.
-Жирэмсэн, төрөх гэж байгаа эмэгтэйчүүдийг загнах нь хүчирхийлэл биш гэж эмч нар өөрсдөө хэлдэг. Ийм зүйлийг хүчирхийлэлд тооцохгүй гэж байна л даа. Та энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Үйлчилгээ, дэмжлэг авах гэж ирсэн хүнийг элдвээр хэлэх, загнах, эсвэл доромжлох нь сэтгэл санааны хохирол учруулна. Хүчирхийллийг хамгийн энгийнээр сэтгэл санааны, бие махбодын гэж ангилдаг. Нэг их сүртэй тодорхойлолт хайх шаардлагагүй, “Тухайн хүн сэтгэл санааны хохирол амссан уу” гээд л бодоод үз. Бодит байдалд сэтгэл санааны хохирол учруулаад зогсохгүй эмчид дахин үзүүлэхээс айдаг болж байна. Энэ мэтээр сэтгэл санааны хохирол учруулж л байгаа бол хүчирхийлэл мөн.
-Эл асуудлыг эмч нарын ажлын ачаалал их, цалин бага гэдэгтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй.
-Мэдээж ажлын ачаалал их байх. Улсын эмнэлгийн эмч нар өөрсдийгөө цалин багатай, ачаалал ихтэй гэж өмөөрдөг. Тэгэхээр авч байгаа цалиндаа тааруулж хүмүүстэй харилцдаг юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл эсрэгээрээ их цалин авахаараа сайхан харилцдаг болох юм уу. Бага цалин, ачаалал ихтэй учраас муухай зан гаргаж болно гэдэг нь өрөөсгөл ойлголт шүү дээ. Энэ бол хандлагын л асуудал. Бас үүний цаана нэг том шалтгаан бий. Тодруулбал, эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн тухай хичээл оруулдаггүй. Ийм учраас л эмч, эмнэлгийн ажилтнууд хүний эрхийн мэдлэггүй, үйлчлүүлэгчийг загнаж, доромжилж болохгүйг ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Нөгөө талаар монголчуудын нийтлэг соёл ч үүнд нөлөөлж байна гэж хэлж болно. Манайхан ер нь нэгэнтэйгээ загнах маягтай харилцдаг. Ийм эрүүл бус харилцаа манай нийгмийн соёл болоод тогтчихсон гэж хэлэхэд буруудахгүй. Дэлгүүрт ороод худалдагчид нь загнуулдаг. Нэг газрын авто зогсоолд машинаа тавих гэж байхдаа хамгаалагчид нь загнуулдаг. Багш сурагчаа, дарга ажилтнаа, эмч өвчтөнөө загнах, цаашлаад гар хүрэх нь энгийн үзэгдэл мэт болчихсон. Бид нийтээрээ бусад хүний оршихуйд маш их халддаг ард түмэн юм байна л даа. Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд бид ядаж л танихгүй хүнийг загнаж огт болохгүйг ойлгож, тархиндаа “суулгах” хэрэгтэй гэж боддог.
-Зөвшөөрөлгүйгээр хярзан хайчлах, Кесарево хагалгаа хийх зэргийг олон улсад бол төрөх үеийн хүчирхийлэлд тооцож байна. Ийм асуудалтай тулгарсан залуу ээжүүд танайд хандаж байв уу?
-Төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд энэ талаар ерөөсөө тайлбарладаггүй. Үүнээс болоод хярзан сэтлэхийг угаасаа л хийдэг зүйл юм байна гээд ойлгочихсон охин ч манайд хандсан. Уг нь хүний эрхийн үүднээс бол ямар ч асуудал гарсан тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай. Жишээ нь, “Хэрэв чи амаржиж чадахгүй бол хярзан сэтлэх мэс ажиллавар хийнэ, зөвшөөрч байна уу” гэх мэтээр урьдчилан асуух ёстой. Гэтэл манайхан урьдчилж юу ч хэлээгүй хэрнээ төрөх үед нь дураараа хүний биед халддаг. Төрөх эмнэлгийн энэ мэт асуудлыг ярих гэхээр хүмүүс айдаг. Дараа нь надад эрүүл мэндийн асуудал үүсвэл сайн үйлчилгээ авч чадахгүй байх гэж эмээснээсээ болоод нээлттэй хэлж чаддаггүй. Зөвхөн эмнэлэгт биш, сургуульд ч адилхан. Багшийн асуудлыг ярихаар хүүхдэд минь олигтой хичээл заахгүй байх гэж бодоод ээж, аавууд дуугүй л өнгөрдөг. Ийм асуудал хаа сайгүй байгаа нь маш харамсалтай.