“Unisoft lT” компанийн гүйцэтгэх захирал Ш.Самдантай ярилцлаа. Тус компанийнхан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн платформ болох jdu.mn цахим хуудас нээжээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суугаагүй тэрбээр программист мэргэжилтэй юм.
-Анх компаниа хэрхэн байгуулсан бэ. Программист мэргэжлийг хаана эзэмшив?
-Би МУИС-ийг программ хангамжийн чиглэлээр 2020 онд төгссөн. Оюутан байхдаа буюу 2019 онд компаниа байгуулсан юм. Өмнө нь хэд хэдэн компанид ажиллаж байсан. Тухайлбал, оюутан байхдаа “MGL forex” брокерын компанид программистаар нэг жил орчим, мөн “Unitel”-д ажилласан. Программын чиглэлээр долдугаар ангийн сурагч байхаасаа сонирхон хичээллэж эхэлсэн тул оюутан болох үедээ нэлээд мэдлэгтэй болчихсон байсан. Их сургуульд суралцаж байхдаа бие даан бас нэлээд суралцсан л даа. Оюутан байхдаа гэрийнхнээсээ мөнгө гуйгаад байх хэцүү. Тиймээс өөрөө бие даан, мэдлэгээ ашиглаж мөнгө олъё гэж бодсон тул программ, вэб сайт, аппликэйшн хөгжүүлэлтийн ажил хийдэг байв. Өөрөө шинийг санаачилж, хийгээд явах нь сонирхолтой санагддаг учраас компаниа байгуулсан юм. Нэг компанид ажиллаад, цалингаа аваад явах нь жаахан уйтгартай. Нөгөөтээгүүр, хүмүүс хувь хүнтэй гэхээс илүүтэйгээр компанитай хамтарч ажиллах илүү дуртай байдаг. Гэрээ байгуулахад ч тэдэнд амар байдаг болов уу.
-Аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахаас улам бүр цааргалахгүй болж буй. Таны хувьд өөрөө компани байгуулъя гэж бодоод, түүнийгээ хэрэгжүүлэхэд юу нөлөөлсөн бэ?
-Амжилттай бизнес эрхлэгч болъё гэж бодсон. Дэлхийн хэмжээний хөгжүүлэлтийн компани байгуулъя гэж мөрөөдсөн. Ажил хийж олсон мөнгөө компаниа байгуулахад зарцуулсан юм. Гэхдээ сүүлийн үед хөрөнгө оруулалт татвал илүү богино хугацаанд хөгждөг юм шиг санагдах болсон. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагчтай болохоор тэд бас ментор болох нь тустай санагдсан. Одоо jdu.mn төсөл дээрээ хөрөнгө оруулагчтай хамтрахаар ярилцаж байна. Өмнө нь ийм, тийм ажил хийх гэж байна, надад туслаач гэж үзээгүй. Өөрөө болгочихъё гэж боддог байв.
-Компаниа байгуулснаас хойш ямар ажлууд хийсэн талаараа дурдана уу. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байсан уу?
-Оюутан байхдаа хүмүүсийн захиалгыг чанартай хийж өгч байсан нь сайнаар нөлөөлсөн. Мэдээж байнгын ажилтай байна гэж үгүй л дээ. Нэг аппликэйшнийг амжилттай хийж дууслаа гэхэд тухайн харилцагч өөр нэг үйлчлүүлэгчид санал болгодог. Вэб сайтыг нь амжилттай хийгээд өгчихлөө гэхэд аппликэйшнтэй болох шаардлага гарвал эргээд манайд ханддаг. Хамгийн сүүлд ER (хэн нэгний дүрсийг утасныхаа камераар уншуулахад таних) хөгжүүлэлт хийсэн. Нэр дэвшигчийн зургийг утасныхаа камераар уншууллаа гэхэд танилцуулга, мэдээлэл нь видео хэлбэрээр ч юм уу гарч ирдэг. Сүүлийн үед захиалгын ажил гэхээс илүүтэйгээр өөрсдийн гэсэн бүтээгдэхүүн, платформ системтэй болохоор зориод дээр дурдсан www.jdu.mn цахим хуудсыг энэ оны эхнээс хөгжүүлээд явж байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой гэсэн үү. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг гэж сонссон.
-Цахим хуудсандаа Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг байршуулан, борлуулж байна. Бид үндэсний үйлдвэрлэлийн нэгдсэн систем бий болгох зорилготой. Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг ч бүтээгдэхүүнийг нь хаанаас худалдаж авахаа мэдэхгүй байх нь бий. Фэйсбүүкээс хайлаа гэхэд үнэтэй бүтээгдэхүүнүүд гарч ирдэг болохоос биш, яг бүтээгдэхүүн хийж эхэлж буй хүмүүсийн талаарх мэдээлэл ч юм уу тэр бүр олддоггүй. Зарим үйлдвэрлэгч сошиал сүлжээ ашиглахгүй байх нь ч бий. Зарим нь бүтээг дэхүүнийхээ зургийг авч, байршуулж чаддаггүй, эсвэл хүргэлтгүй байдаг. Тиймээс эдгээрийг нэгдсэн байдлаар шийдэх зорилгоор цахим хуудсаа нээсэн. Бизнес ашигтай байх ёстой. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор тэдний хийсэн бараа, бүтээгдэхүүнийг цахим хуудсандаа үнэ төлбөргүйгээр байршуулан, борлуулж байгаа.
-Танай компанийн үйл ажиллагаа хэр байна вэ. Цар тахал дэгдсэн ч мэдээллийн технологийн компаниудын хувьд бас арай гайгүй нөлөөлсөн үү?
-Бас ч яг тийм биш. Манай үйлчлүүлэгчид мөнгөгүй болчихоор цар тахал тархаж, хөл хорьсон үед нэлээд хэцүү байсан. Одооноос арай гайгүй болж байна. Өдгөө манайх таван ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа, гурав нь программист. Хэдий маркетинг нэг их хийгээд байдаггүй ч захиалагчидтай болж амжсан. Хүний нөөцийн хувьд цөөхүүлээ учраас их захиалга авдаггүй. Өөрсдийн амжуулж чадна гэсэн ажлаа л гүйцэтгэж байна. Үүнд зарцуулах хугацаа ажлын даалгавраас шалтгаалдаг. Нэг аппликэйшнийг хийхэд хамгийн багадаа 14 хоног, уртдаа гурван сар зарцуулах жишээтэй.
-jdu.mn цахим хуудсанд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг байршуулж, захиалга ирүүлэхэд хүргэж өгнө гэсэн үг үү?
-Тийм ээ, цахим хуудас буюу нэгдсэн платформ маань жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулж хэрэгжүүлэх том төслийн эхний ажил. Ашиглахад гацахгүй, хялбар байхад анхаарч байна. Цаашид тэднийг илүү дэмжсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Ер нь бид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөгжүүлэлт, бойжуулалтын төвтэй болохыг зорьж буй. Тэдэнд хөрөнгө оруулдаг, бараа, бүтээгдэхүүнийг нь зарж, маркетинг, борлуулалтыг нь хийж өгдөг консалтинг компани болохыг зорьж байгаа юм. Манайх үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах зорилготой. Одоогоор 500 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчтэй холбогдсоноос мэдээллээ явуулсан нь цөөн. Жижиг, дунд үйлдвэрийн газраас үйлдвэрлэгчдийн талаарх датаг авъя гэхэд нэгдсэн мэдээлэл байдаггүй зэрэг хүндрэл учирч байна л даа. Үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгч байвал jdu.mn нэгдсэн платформд нэгдэж, хамтарч ажиллахыг урьж байна. Онлайн дэлгүүр олон бий ч үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн нь манайхаас өөр байхгүй. Бид тэдний маркетинг, борлуулалтыг нь хийж өгөх юм. Мөн бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн шийдлийг гаргасан. Бид өөрсдөө хүргэж өгнө. Тухайн үйлдвэрлэгч Баянхонгор, Говь-Алтайнх ч юм уу байлаа гэхэд тухайн орон нутагтаа л бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тэгвэл Говь-Алтайн хүн яагаад Өвөрхангайд, эсвэл Улаанбаатарт бүтээгдэхүүнээ зарж болохгүй гэж. Тэдний борлуулалт нь нэмэгдвэл бид үнийн дүнгийнх нь таван хувийг үйлчилгээний хөлсөнд авах юм. Эхний гурван сард борлуулалтаас нь ямар нэгэн шимтгэл авахгүй. Манайх ер нь “Амазон” компанитай ижил маягаар ажиллая гэж байгаа. Агуулахдаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хадгалаад, захиалгын дагуу хүргэж өгнө. Тиймээс ч саяхан агуулахтай байр луу нүүсэн. Цаашид жижиг, дунд үйлдвэрлэгчдэд байр гаргаж өгөөд, “бойжуулаад” явъя гэсэн бодол бий.
-Бизнес эрхлэхэд төр, засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг, ялангуяа төсөв санхүүгийн туслалцаа үзүүлдэг үү. Ийм төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан уу. Энэ талаар судалж үзсэн үү?
-Судалж байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг. Аж ахуйн нэгж, ТББ, хувь хүн ч хамрагдах боломжтой юм билээ. Үүнд хамрагдахаар хөөцөлдсөн ч үйлдвэрлэл тал руугаа илүүтэй дэмждэг юм болов уу гэж бодсон. Манайх яг үйлдвэрлэл биш шүү дээ. Санхүүжилтийн хөрөнгөөрөө тоног төхөөрөмж ч юм уу худалдаж ав гэдэг. Гэтэл мэдээллийн технологийн компанийн хувьд гарч байгаа зардал нь тоног төхөөрөмж гэхээс илүүтэйгээр хүн чухал. Хэчнээн өндөр үзүүлэлттэй компьютер байгаад программаа хийж чадахгүй бол ямар ч нэмэргүй. Тэгэхээр манай компанийн хувьд гол зардал нь ажилтнуудын цалинд ногддог. Тиймээс дээрх хөтөлбөрт хамрагдахаар очихдоо цалингийн зардалд зарцуулна гэвэл ойлгохгүй болов уу. Иймээс ч аж ахуйн нэгжүүдийн онцлогийг харгалзан үзээд хөтөлбөрт хамруулах талаар судалж үзвэл манайх шиг компаниудад хэрэгтэй.
-Анх ажилтнуудаа хэрхэн ажилд авч байсан бэ?
-Чадвартай программистуудыг ажилд авна гэдэг маш хэцүү л дээ. Өндөр цалин өгөх шаардлагатай. Гэтэл дөнгөж байгуулагдсан компани тогтмол орлоготой байхгүй шүү дээ. Миний хувьд сэтгэлтэй хүмүүсийг багтаа авсан. Бид хамтдаа сурах, хөгжих боломжийг байнга эрэлхийлж, мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, сургалтуудад хамрагдахыг хичээдэг. Жишээ нь, дотоодын гэвэл 1234.mn цахим хуудсанд онлайн хичээлүүд тавигддаг. Бараг бүх хичээлийг нь худалдан авч, судалсан. Гадаадын “Udemy”, “Lynda” зэргийн онлайн сургалтад хамрагддаг. Мэдээж алдаа зөндөө л гаргана. Тэр бүхнээсээ суралцаад явдаг. Бид өнөөдрийн цалин гэхээсээ илүү, ирээдүйн амжилтын төлөө ажилладаг. Орлогогүй, цалинг нь өгч чадахгүй үе олон л тохиолддог. Тэр бүрт манайхан “За болгоно оо, хэдүүлээ” гэдэг. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй шүү дээ. Шантармаар санагдсан үе ч олон байсан.
-Ижил чиглэлийн бусад компаниас танайх ямар давуу талтай вэ?
-Бусад том компанитай харьцуулахад манайх жижиг. Бид ажлыг сэтгэлээсээ, чанартай гүйцэтгэхийг хичээдэг. Хамгийн сүүлд “Алтан бумба” санхүүгийн нэгдэл 9911 койн гаргахад программ хөгжүүлэлтийг нь хийсэн. Олон ажилтантай компаниудынхтай харьцуулахад ажлын хөлс арай уян хатан, хямд санал тавьдаг. Бид цөөнгүй компанийн ажилтнуудын цагийн бүртгэл, ERP системийг хийж гүйцэтгэсэн. Жишээ нь, хамгийн сүүлд нийслэлийн Хот тохижилтын газрын гадуур цэвэрлэгээ хийдэг ажилтнуудынх нь ажлын тайлагналын системийг хийж гүйцэтгэлээ. Манайх программын бүх төрлийн хөгжүүлэлтийн үйлчилгээ, цахим хуудас, аппликэйшн, шийдэл олох зөвлөгөө (ашиглаж байгаа системээ өөрчлөх) өгөх гээд цөөнгүй чиглэлээр ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй гээд зүгээр суулгүй ажиллаж, хүмүүсийг ч орлоготой байлгаж байна. Харилцагч нар өөртэй тань хэрхэн харьцдаг вэ?
-Бизнесийн уулзалт хийхэд харин ч итгэл хүлээхэд илүү дээр байгаа юм шиг санагддаг. “Энэ хүнд итгээд үзье” гэж боддог юм шиг ээ. Миний насны өөр залуу байсан бол итгэхгүй ч байж магадгүй шүү дээ. Хүмүүстэй уулзахад 90 орчим хувь нь манайхтай гэрээ байгуулдаг. Тэд “Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй ажиллаж байгаа чинь мундаг байна. Хариуцлагатай ажиллана гэж бодож байна, дэмжье” гэдэг. Ер нь тэргэнцэр дээр суудгийгаа сул тал гэж боддоггүй. Тэргэнцэртэй гээд тусламжийн хэрэгсэлтэй л болохоос биш, адилхан л хүн шиг сэтгэнэ. Би нуруу, нугасны гэмтэлтэй. БНСУ-д эмчлүүлэх гэж бага байхдаа явж байсан. Төрөөд 14 хоногтой байхдаа нугасны гэмтэл авсан гэж аав, ээж хоёр ярьдаг. Тэр үед яг нугасны гэмтэл гэж мэдээгүй, түнхний мултрал гэж оношлогдож явсаар байгаад 12 настайдаа БНСУ руу явж байв. Аав маань тэнд ажил хийж байгаад эмчлүүлэх гээд авч явж байсан юм. Тэнд очиж үзүүлээд нуруу, нугасны гэмтэлтэй гэдгээ мэдсэн. Нуруу, нугасны гэмтэл эмчилгээ хийлгэхэд эрсдэл өндөртэй тул больсон. Монголд буруу оношлоод, эмчлээд яваад байсан юм билээ. Би алхаж үзээгүй. Би завилчихсан байдалтай төрсөн гэсэн. Эмч нар төрөх үед буруу татсан нь ийм гэмтэлтэй болоход нөлөөлсөн байх.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд старт ап бизнес эрхлэх боломж Монголд хэр вэ?
-100 хувь боломжтой. Хөгжлийн бэрхшээл гэдэг нэршил онцгүй юм шиг санагддаг. Хөгжиж чадахгүй гэсэн үг ч юм шиг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй атлаа гадаад, дотоодод сурсан, гадаад хэлтэй, бизнесээ амжилттай эрхэлж буй хүн олон бий. Старт ап компаниуд шинийг санаачилж, шийдэл олоод, тэр бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэдэг. Байдаг л нэг компани байгуулах нь старт ап биш. Компани байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн цөөнгүй бий байх. Миний хувьд найзуудын маань дунд ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй. Багаасаа жирийн хүүхдүүдтэй хамт цэцэрлэг, сургуульд явчихсан нь нөлөөлдөг болов уу. Энд нэг зүйл хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй зарим хүн хариуцлагагүй байх нь бий. Өөрсдөө хичээдэггүй, сурдаггүй хэрнээ төр, засгийг буруутган, асруулж, тэжээлгэх гэдэг хандлага нь надад таалагддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын мэдээллийн технологийн дэлхийн сорил тэмцээн (Global IT challenge) болдог. Миний хувьд өмнө нь Индонезэд зохион байгуулахад нь сурагч байхдаа оролцож, мөнгөн медаль авч байсан юм. Уг тэмцээн өнгөрсөн жилийн эцэст БНСУ-д болох байсан ч цар тахлаас шалтгаалж онлайнаар зохион байгуулсан. 200 орчим орны залуус өрсөлдсөн тус тэмцээнд бид дөрвүүлээ оролцож, багийн төрөлд алтан медаль авсан. Ганцаарчилсан төрөлд нь программ дээр ажилладаг. Багийнх нь төрлийн хувьд роботыг программчлаад, өгсөн даалгаврыг гүйцэтгэх ёстой байсан нь илүү сонирхолтой санагдсан тул энэ төрөлд нь өрсөлдсөн. Өөрөө оролцохгүйгээр хүмүүсийг дасгалжуулаад оролцъё гэхэд хүн бүрдэхгүй байсан л даа. Тэмцээнд оролцох хүн хайхад олдохгүй, идэвх, оролцоогүй байсан хэрэг. Гэтэл Малайзаас 20 баг оролцож байх жишээтэй.
-Багаасаа программ хөгжүүлэлтийн чиглэлийг сонирхож эхэлсэн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-2009 онд буюу долдугаар ангийн сурч байхаасаа программ хөгжүүлэлтийг сонирхсон. Би тэргэнцэрт суудаг юм чинь барилга дээр ажиллаж чадахгүй, жишээ нь. Тэгэхээр компьютер ашиглаж, ажил хийх юм байна гэж бодоод, программист болъё гэж шийдсэн. Би Өвөрхангай аймгийнх. Өвөрхангайн “Мэргэд” цогцолбор сургуульд сурч байхад манай мэдээлэл зүйн багш солигдож, шинэ багш ирж байсан. Программчлалын чиглэлээр улсад чансаа өндөр багш ирэхэд нь шавь болж байлаа. Манай физикийн багш “Миний мөрөөдөл” гэсэн сэдвээр эсээ бичүүлсэн юм. Тэгэхэд нь “Программист болно” гэж бичиж байв. Тэгтэл физикийн багш нэг өдөр дуудаад “Чамайг өнөөдрөөс олимпиадад бэлдэнэ” гэсэн. Сурагч байхдаа аймаг, улсын мэдээлэл зүйн олимпиадад хэд хэдэн удаа түрүүлж байсан. Манай ээж холбоонд ажилладаг байсан тул ээжийн ажил дээр интернэт ашиглаж мэдээлэл авдаг байв. Гэртээ модём ашиглаж интернэтэд ордог байлаа.
Харин Улаанбаатарт оюутан болж ирээд шантрах шахсан. Ерөнхий боловсролын сургуульд 10 жил нөхөрлөсөн найзуудтай. Тэднийхээ ачаар хаана ч явсан хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэрдэггүй байсан. Тэд маань намайг өргөж, үүрч, түрээд л явчихдаг байв. Оюутан болж хотод ирээд үеэл эгчтэйгээ хамт оюутны байранд байсан. Их сургуульд шатны өмнө очоод л дээшээ гарч чадахгүй зогсчихож байгаа юм. Эхний хэдэн сар бусдаас тусламж гуйж чаддаггүй байсан бол сүүлдээ туслалцаа хүсдэг болсон. Сургуулийн байрнуудын хооронд явах хэрэгтэй болдог байлаа. МУИС-ийн III байрнаас V байр хүртэл ганцаараа яваад тавдугаар давхарт хичээлтэй. Хүнээс гуйж өргүүлээд очиход хичээлийн бараг тал нь өнгөрчихсөн байх энүүхэнд. Дундаа тавхан минутын завсарлагаатай байсан юм чинь. Намайг оюутан байхад сургуулиудад цахилгаан шат байхгүй, шатаар өгсөж, урууддаг, үүд налуу биш байсан. Оюутны цуглаан болоход “Ядаж нэг бие засах өрөө гаргаад өгөөч” гэж хэлдэг байв. Тухайн үед МУИС-ийн гуравдугаар байрт суултуур байхгүй, “шалан” юм шиг суултууртай байсан тул хүндрэлтэй байсан. Тэгэхээр өөр сургууль руу явах хэрэгтэй болж байгаа юм. Үүнээс болж хугацаа их алддаг байсан.