“Орчлон” сургуулийн 8б ангийн сурагч, “Сэлэм загас” клубийн тамирчин, спортын мастер Э.Эрхэс гадаад, дотоодын тэмцээний олон түрүүтэй. Тухайлбал, 2018 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн олон улсын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн араар даллах төрөлд түрүүлж, аварга болсон. Мөн 2019 онд Монголын өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс долоон алт, хоёр мөнгө, “FINA world aquatics day-2019” тэмцээнээс 10 алт, “Vista cup”-аас зургаан алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Тэр жилээ Малайзын Куала-Лумпур хотыг дасгалжуулагч Х.Батболд багшийнхаа хамт зорьж, өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах усанд сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээнд есөн орны 1000 гаруй шилдэг тамирчинтай өрсөлдөж, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль зүүсэн юм. Усанд сэлэлтийн 16 төрөл, зайд улсын дээд амжилт эзэмшдэг тэрбээр өнгөрсөн жил өсвөр үе, залуучуудын УАШТ-д 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд спортын мастер цолны болзол биелүүлсэн байна. Унгарын Будапешт хотод ирэх зургадугаар сард зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх авсан түүнтэй ярилцлаа.
-Та ОХУ-ын Казань хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон Бүх Оросын усанд сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээнээс таван алтан медальтай ирсэн. Хойд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгчидтэй. Шилдгүүдийг ялах амаргүй байв уу?
-Тус тэмцээнд ОХУ, Монгол, Катар, Буриадын 100 гаруй багийн 669 тамирчин өрсөлдсөн. Миний хувьд өмнө нь эл тэмцээнд оролцохыг хүсдэг байсан тул энэ удаа тамирчдад нь ур чадвараа харуулъя гэж шийдсэн юм. Тэнд очоод сэлэх цагийн гарааг хартал санаанд багтаад байлаа. Орост усанд сэлэлтийн спорт өндөр хөгжсөн. Тиймээс тамирчид нь хүчтэй, туршлагатай. 100 метрт Оросын шилдгүүдээс Максим Ленин, 50 метрт Тихонов Степан зэрэг тамирчинтай өрсөлдөж ялсан. Тэд надтай чацуу ч өндөр, биерхүү. Би тэднээс нэлээд хол тасарсан тул баригдахгүйг хичээсээр түрүүлсэн юм. Тэр үед Максим Ленинтэй өрсөлдөхдөө баримталсан миний тактик хамгийн зөв байв. Тэндхийн тамирчдыг харьцуулж ажиглахад биднээс биеийн хөгжлөөр илүү ч булчингийн масс бага харагдсан. Намайг хоёр төрөлд түрүүлж, алтан медаль хүртэхэд Оросын дасгалжуулагчид ихэд гайхаж “Танайд усанд сэлэлтийн спорт хөгжсөн юм уу. Чамаас АНУ-ын сэлэгчдийн техник харагдаж байна. Монголд төрсөн ч Европт өсөж, усанд сэлэлтээр хичээллэсэн үү” гэж асуусан. Тамирчдыг нь ялаад эхлэнгүүт сандарч, маргааш болох тэмцээнээс өмнө Монголд энэ спорт ямар түвшинд хөгжиж байна вэ, Эрхэс эх орондоо бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог уу, амжилт хэр гаргасан бэ гэх зэргээр судалсан байв. Миний хувьд хилийн дээс алхаж оролцсон гадаадын гурав дахь томоохон тэмцээн тул энэ удаагийнхад тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулчихсан байлаа.
-Тэмцээний өмнө тамирчдыг нь хараад ямар бодол төрсөн бэ, эхний өдрийн сэлэлтээр тэдний техник хэр санагдав?
-Тэд техникээр тааруухан ч суулт багатай, гулсалт сайтай санагдсан. Биерхүү, өндөр нөхдийг хараад эх оронд нь шилдгүүдтэй өрсөлдөх нь дээ гэж бага зэрэг сандарч байлаа. Эхний гараанд гараад л миний айдас, сандрал арилсан. Орост нэг дасгалжуулагчийн удирдлагад олон тамирчин оролцдог юм билээ. Багш нь тэдэнтэй тулж, нэгбүрчлэн ажиллаагүй нь тэмцээний үед анзаарагдсан. “Сэлэм загас” клубээс А.Амарлингуй бид хоёр дасгалжуулагч Х.Батболд багшийн удирдлагад оролцсон юм. Тэндээс би 50 метрийн өврөөр даллах, 50, 100 метрийн араар даллах, 50, 100 метрийн далайн гахай (дельфин) сэлэлтийн төрөлд таван алтан медальтай ирсэн. Сэлэлтийн төрлөөс 100 метрийн араар даллах хамгийн хэцүү байв. Миний судалсан өрсөлдөгч энэ төрөлд маш сайн сэлдэг, насныхаа ангилалд улсдаа тэргүүлдэг. Түүний сэлэхийг хараад “Түүнээс эхний 50 метрийн сэлэлтэд тасарч, зугтсаар хожно доо” гэх бодол төрсөн шүү.
-Та хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Шанхайд болсон тэмцээнд түрүүлсэн санагдах юм.
-Тийм ээ. 2018 онд БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн олон улсын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн араар даллах төрөлд алтан медаль хүртсэн. Дараа жил нь Малайзад Куала-Лумпур хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнд Хонконг, Сингапур, Тайланд зэрэг есөн орны 1000 гаруй шилдэг тамирчинтай өрсөлдөж, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Энэ удаа хойд хөршид түрүүлж, медалийн буухиагаа үргэлжлүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.
-Эх оронд нь болсон томоохон тэмцээнд шилдэг тамирчныг нь ялахад оросууд хэрхэн хүлээж авсан бол?
-Хэдийгээр хойд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгч ч гэлээ зан чанар, хандлага нь эерэг санагдсан. Надад нэг долиор хожигдсон Максим Ленин баяр хүргэхдээ “Чи үнэхээр сайн байлаа. Хойшдын тэмцээнд тань амжилт хүсье” гээд найрсгаар инээж, гар барьсан. Шагналын тавцанд таван медаль зүүгээд зогсож байхдаа “Миний карьер ингээд дуусахгүй, цаашид үргэлжилнэ. Энэ бол амжилтын минь дөнгөж эхлэл” гэж бодсон.
-Азиас өмнөд хөршийнхөн ч гэсэн чадварлаг сэлэгчидтэй. Шанхайд болсон Азийн олон улсын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн түрүүлснээ сонирхуулаач.
-Хятад хүүхдүүд багаасаа усанд сэлэлтийн талаар өндөр мэдлэг эзэмшиж, тэмцээнд өөрийн боловсруулсан тактиктай оролцдог. Тэндээс медаль хүртэхдээ хойшид олон улсын тэмцээнд амжилт гаргах боломжийг олж харсан. Ази, Европын тамирчдад ялгарах зүйл олон бий. Азийнхан намхан, богино мөчтэй хэрнээ булчингийн масс их, суулт багатай, хурд, хүч гаргахдаа сайн. Харин Европынхон биерхүү, урт чацтай болохоор гарынх нь хөдөлгөөн удаан санагддаг.
-Азийнхнаас Малайзын Мухаммед Духа хойшид хүчтэй өрсөлдөгч байж чадах уу?
-Азийн үеийн тэнгийн шилдгүүдээс тэрбээр хамгийн сайн сэлдэг нь. Амжилтаараа улсдаа тэргүүлдэг хэвээрээ. Би түүнийг ялах зорилготой очсон ч арай дийлээгүй. 100 метрийн араар даллах төрөлд түүнтэй өрсөлдөхөд техник, гулсалт сайн хэрнээ суулт багатай, хурд сайн харагдсан. Түүнд нэг давуу тал бий. Эхний 50 метрт сэлсэн хурдаа дараагийнхдаа барьж чаддаг чадвартай.
-Тамирчдын спортод хөл тавьсан түүх сонирхолтой байдаг. Танд усанд сэлэлтээр хичээллэхийг хэн анх санал болгов?
-Би анх усанд сэлэх гэж ороод живэх дөхсөн. Түүнээс хойш “Сэлж сурахгүй бол өөрийгөө аварч чадахгүй нь” гэж бодоод анх хичээллэсэн. Усан бассейнд сэлж сураад удаагүй байхад “Орчлон” сургуулийн С.Саранчимэг багш “Манай сургууль усанд сэлэлтийн шигшээ багтай болж байгаа. Чи нэгдэж, бэлтгэл хийгээч” гэж санал тавьсан юм. Энэ талаар аав, ээжтэйгээ ярилцахад дуртай зөвшөөрснөөр таван жил тууштай хичээллэж байна. Тэр үед би гуравдугаар ангийн сурагч байв. Гурван жилийн өмнө шигшээ баг тарснаар “Сэлэм загас” клубт бэлтгэл базааж, тэмцээнд оролцох болсон. Тэр үеэс Х.Батболд багштай танилцаж, Малайз, ОХУ-д болсон тэмцээнд өрсөлдөж медаль хүртлээ. Хамгийн сүүлд хойд хөршид болсон тэмцээнд улсынхаа дээд амжилтыг ахиулж, шинэчиллээ.
-Сүхбаатар аймагт усанд сэлэлтийн УАШТ энэ сарын 7-9-нд болно. Тэнд Монголынхоо аваргуудтай өрсөлдөх нь дээ?
-Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жил УАШТ болсон. Миний хувьд энэ удаа ч гэсэн түрүүлэх зорилготой бэлтгэл базааж байгаа. Сүүлийн үед орон нутагт олон улсын стандартад нийцсэн бассейн барьж байна. Миний ажигласнаар орон нутгийн тамирчид хэдэн жилийн дараа хотынхны хүчтэй өрсөлдөгч болохыг үгүйсгэхгүй.
-Гэрийнхэн тань ойлгож, дэмжсэний хүчинд тууштай хичээллэж, амжилт гаргажээ.
-Өөрийгөө азтай гэж боддог. Тамирчин хүнийг амжилт гаргахад ар гэрийн дэмжлэг, дасгалжуулагч багшийн бэлтгэл хийлгэх арга барил, ухаан, зөвлөгөө чухал. Намайг анх усанд сэлэлтээр хичээллэсэн үеэс гэрийнхэн минь сайн дэмжсэн. Тэд минь миний үнэнч хөгжөөн дэмжигч, найдвартай ар тал болдог. Гадаад, дотоо дын тэмцээнд оролцох үед аав, ээж минь хамт явж, урам өгдөг юм. Аав бэлтгэлийн төлөвлөгөөг маш сайн тооцоолж гаргадаг бол ээж амттай хоол, цай зэхэж, ая тухтай амрах орчин, нөхцөлөөр хангадаг. Гэрийнхнийхээ сайхан сэтгэлийн хүчинд амжилт гаргаж, урагшилсан. Усанд сэлэлтээр сайн хичээллэдэг хүүхдүүд байдаг ч гэр бүл нь дэмждэггүйн улмаас орхидог тал бий.
-Монголын сэлэгчдээс хэнтэй аваргын төлөө нэг бус удаа таарав?
-Би өсвөр үе, залуучуудын ангилалд өрсөлддөг. Монголд “Виста” клубийн Д.Төрмөнх холын зайд гаргууд сэлнэ. Миний хувьд ойрын зайн (спринт) 50, 100 метрийн төрөлд хурд, тэсрэлт гаргадаг. Хүүхдүүд усанд сэлэлтийн спортод хөл тавихаар бол багшаа зөв сонгох хэрэгтэй. Мэргэжлийн багшийн удирдлагад хичээллэвэл амжилтынхаа гарааг сайн эхлүүлнэ.
-Х.Батболд багш шавь нараа ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?
-Багш тамирчдынхаа амралт, бэлтгэлийг сайн тааруулдаг. Тэрбээр ойрын зайд хурдны бэлтгэл түлхүү хийлгэдэг. Багш өөрийн гараар шүхэр, резин урлаж, бэлтгэлийн үед бидэнд хэрэглүүлдэг юм. Тэмцээнд оролцохын өмнө “Та нар битгий эмээж сандар. Бэлтгэл дээр хийдэг зүйлээ сайн хий. Юу хийж сурснаа одоо л харуулах хэрэгтэй” гэж зөвлөдөг. Тэрбээр тэмцээний чухал гарааны өмнө тамирчдаа сандраадаггүй. Аль болох тайван байлгаж, зоригжуулаад оролцуулдаг юм. Түүний удирдлагад хичээллээд дөрвөн жил болж байна. Бид одоо багшийнхаа харц, хөдөлгөөнийг хараад ямар зантай байгааг нь мэддэг болсон. Нүд рүү нь хараад л “Өнөөдөр бэлтгэлээ сайн хийхгүй бол багш ширүүхэн байх нь дээ” гэж боддог. Багш ч олон жилийн туршлагаар биднийг сэтгэл, санаа ямар байгааг хараад л бас мэднэ шүү дээ.
-Дотоодын тэмцээнд өөрөөсөө ах тамирчидтай өрсөлдөөд түрүүлсэн удаа байдаг биз?
-Бий, бий. Дотоодын тэмцээнээс нас, насны ангилалд нэлээд медаль хүртсэн. 18 нас хүрсэн ах нартай саяхан өрсөлдөөд гурван алтан медаль хүртлээ. Надаас илүү туршлага хуримтлуулсан тэднийг хожих заримдаа хэцүү. Усанд сэлэлт бол тооцооллын спорт. Өрсөлдөгчдөө ялахын тулд судлахаас гадна ухаан гаргана, бас тооцоолж, тактик боловсруулна. Миний хувьд өдөр, шөнөгүй бэлтгэл базаах бус, тааруулж хийснээр амжилт гаргадаг гэж боддог.
-Дүү нар тань усанд сэлэх хэр дуртай вэ. Сонирхож эхэлбэл зааж зөвлөх үү?
-Би дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Гэрийнхнээсээ ганцаараа усанд сэлэлтээр хичээллэдэг. Сүүлийн үед дүү нар минь намайг дагаад сэлэх сонирхолтой болсон. Хэрвээ энэ спортод сэтгэл нь үнэхээр татагдвал хичээллүүлэх бодол бий. Том ах энэ жил сургуулиа төгсөх болохоор хичээлдээ анхаарал хандуулж байгаа. Спортын төрлөөс сагсан бөмбөг, волейбол сонирхож тоглодог юм. Би багштайгаа Унгарын Будапешт хотод ирэх зургадугаар сард болох ДАШТ-д оролцоно. Тэнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх болохоор бэлтгэлээ сайн хийхийг юу юунаас илүү зорьж байгаа. Дэлхийн аваргад Австрали, АНУ, Итали, ОХУ-ын сэлэгчид хүчтэй өрсөлддөг. Хойд хөршийнхөн амжилтаараа эхний таван байрт байнга жагсдаг. Өмнөговь аймагт болсон УАШТ-д түрүүлсэн тамирчдаас тус бүр хоёр эрэгтэй, эмэгтэйг сонгон шалгаруулах сорилго тэмцээнд би тэнцэж, ДАШТ-д оролцох эрх авсан юм.
-Дэлхийн алдартай тамирчдаас хэний ур чадвараар бахархаж, сэлэх техникийг нь судалдаг вэ?
-Калеб Дресселийн сэлэх техникийг сонирхож судалдаг. Түүний циклиэс сэлэлт рүү шилждэг шилжилт төгс санагддаг. Миний бахархаж, шүтдэг тамирчин бол Энтони Эрвен. Тэд АНУ-ын шилдэг сэлэгч. Энтони Эрвен ямар ч саад бэрхшээлд амархан бууж өгдөггүй. Хичээж, хичээллэсээр хижээл насандаа “Рио 2016” олимпын наадамд түрүүлж, аварга болсон. ДАШТ, олимпын наадмын шигшээд үлддэг тамирчдын олонх нь Америкийнх байдаг. Калеб Дрессел Токиогийн олимпоос таван алтан медаль зүүсэн. Сүүлийн үед Итали, Нидерландын тамирчдын ур чадвар өмнөхөөсөө сайжирч, цахиур хагалж байгаа.
-Гадаад, дотоодын тэмцээнд оролцоход сургуулийн тань удирдлага, хамт олон хэр дэмжиж байна.
-Би одоо “Орчлон” сургуулийн 8б ангид сурдаг. Сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд минь дэмждэг. Би сургуулиасаа 2021 оны “Оны онцлох хүүхэд” болж, шилдэг сурагчаар шалгарсан. Намайг ДАШТ-д оролцох эрх авахад сургуулийн багш, сурагчид баяр хүргэсэн шүү. Одоо миний хооллолтод анхаарал хандуулж байгаа. Би өмнө нь хөлбөмбөгөөр хичээллэхдээ бэлтгэл хийж, жингээ барьдаг байлаа. Хэсэг хугацаанд завсарлатал жин нэмж, их таргалсан. Усан сэлэлтийн спортод хөл тавьснаар богино хугацаанд өмнөх жиндээ хүрсэн. Үүгээр хичээллэхэд маш их энерги зарцуулж, калори шатаадаг. Насанд хүрсэн тамирчин сайн хооллохгүй бол булчингийн масс амархан алддаг талтай. Тиймээс хооллолтоо зохицуулах хэрэгтэй байдаг.
-Заримдаа хэцүү санагдаж, шантарсандаа болих талаар боддог уу?
-Шантрах үе нэг бус удаа гарсан ч болих талаар бодож байгаагүй. Харин ч дотроо “Саад, бэрхшээлтэй тулгарлаа гээд бууж өгөхийг хүсэхгүй. Хичээсээр байгаад эцсийн үр дүнг нь заавал харна” гэж хэлээд, өөрийгөө хурцалдаг байлаа. Хөлбөмбөгөөр багаасаа хичээллэж, хурд, тэвчээр хатуужлаас багагүй суралцсан минь энэ спортоор замнахад их нөлөөлсөн. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ сонирхдог спортоор нь 6-7 насанд нь хичээллүүлж, суурийг нь зөв тавих хэрэгтэй. Явц дунд өөр спорт руу шилжихэд суурьтай хүүхэд бие, сэтгэлийн хатаар бусдаасаа ялгардаг.
Би өнгөрсөн арваннэгдүгээр сард спортын мастер цол хүртсэн. Дотоод, гадаадын тэмцээнд амжилттай оролцож, ОУХМ цол хүртэх зорилготой. ДАШТ-д надаас гадна “Виста” клубийн Ү.Нандин-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Э.Ариунтамир, “Орчлон”-гийн Б.Энхтамир нар оролцоно.
-Таныг олон талаар шалгаж, сорьсны эцэст үнэ цэнтэй ирсэн ямар шагнал байдаг вэ?
-Малайзад болсон өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээний мөнгөн медаль амархан ирээгүй. Өмнөх өдрийн тэмцээнд IV байр эзэлчихээд сэтгэлээр багагүй уначихсан байв. Сүүлчийн тэмцээний өглөө “Би 100 метрийн араар даллах төрөлд одоо л хичээх ёстой. Эх орондоо заавал медальтай очно” гэж бодсон. Тэр өдрийн тэмцээн Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай давхцсан юм. Тэмцээний хажуугаар ээждээ ямар бэлэг сонгож авах вэ гэж нэлээд бодсон. Малайзаас ээждээ бэлэгтэй, эх орондоо медальтай ирж билээ. Сэлэх үед ам их цангасан ч тэвчиж, зүтгэсээр медалиас атгаснаа одоо ч мартдаггүй. Олон зүйлээр сорьсны эцэст ирсэн шагналаа харахаар тэр тэмцээн нүдэнд өөрийн эрхгүй харагддаг юм. Би тэнд аваргын төлөө Мухаммед Духатай эн тэнцүү өрсөлдсөндөө баярладаг. Бид энэ удаа ДАШТ-д таарах байх. Тиймээс даагаа нэхэх бодол бий.
Бэлтгэсэн: Г.БАТЦЭЦЭГ