Хот төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас нийслэлчүүд өдгөө замын түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал гээд олон асуудалтай нүүр тулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хязгаарлагдан, бухимдал, стресс ихэссээр байна. Энэ бүх асуудал хаанаас эхлэлтэй вэ, засаж сайжруулах гарц бий юү зэрэг асуудлаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.
-Улаанбаатар оршин суугчдадаа ээлгүй, түгжрэлтэй, утаатай, ногоон байгууламжгүй хот болчихлоо. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ?
-Эдгээр асуудал нь сүүлийн 30 жилийн хот байгуулалтын алдаатай бодлого, газрын наймаа, авлига, улстөрчдийн мэдлэг, боловсролгүйн үр дагавар гэдэг нь ойлгомжтой, тодорхой. Үүнийг тайлбарлахын тулд эхлээд түүх ярих шаардлагатай. Улаанбаатар 383 жилийн түүхтэй хот. Энэ хугацаанд гурван өөр хотын хэв маягаар хөгжиж ирсэн. Өөрөөр хэлбэл, хотын түүхийг гурван үед ангилж болохоор байгаа юм. Эхнийх нь 1639-1921 он буюу нэлээд урт хугацааг хамардаг Богдын хүрээний үе. Энэ хотоо бид 1937 онд буулгачихсан. Дараа нь 1921-1990 онд социалист Улаанбаатар хотыг байгуулсан шүү дээ. Богдын хүрээг тэр чигт нь буулгаад, дээр нь уг шинэ хотоо бий болгосон байдаг. ХХ зууны монголчуудын хот байгуулалтын хамгийн том алдаа нь хуучин нийслэлээ устгаж, шинийг барьсан явдал. Бидний байгуулсан гурав дахь хот нь 1990 оноос хойших буюу өнөөгийн Улаанбаатар. Богдын хүрээг буулгаж, шинэ хот байгуулсан алдаанаасаа суралцалгүй энэ удаа ч давтаж, социалист Улаанбаатарыг буулгасан юм.
-Хуучин хотууд ямар онцлогтой байсан бэ. Тэдгээрээс одоо юу үлдсэн бол?
-Богдын хүрээ өөрийн гэсэн төлөвлөлт, бүтэц зохион байгуулалт, архитектур, орон зайтай, Азийн өвөрмөц хот байлаа. Гол онцлог нь сүм, хийдэд түшиглэж бий болсон. Хүн амын дийлэнх нь лам нар, үүнээс гадна хятадууд, оросууд, жирийн монголчууд ч оршин сууж байв. Хотын бүтэц нь хүн амынхаа зохион байгуулалттай давхацдаг байсан. Тодруулбал, лам нар Хүрээнд, жирийн монголчууд буюу харчууд хороонд суудаг. Хятадууд Наймаа хот, оросууд Консулын дэнж гэдэг тусдаа газартай, хоорондоо холилдож суурьшдаггүй байж. Түүгээр зогсохгүй, жирийн иргэд хөдөөнөөс Хүрээнд ирэхдээ хүртэл аль аймгийнх гэдгээсээ хамаараад өөр өөр газарт очдог байж. Үүнийг тухайн үеийн Хүрээний зохион байгуулалт, төлөвлөлтийн гол онцлог гэж хэлж болно. Тэгвэл социалист Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, ерөнхий төлөвлөгөөний дагуу байгуулсан. Жишээ нь, 1954-1990 онд нийслэлийг хөгжүүлэх дөрвөн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Эдгээрийн дагуу Улаанбаатарыг орчин үеийн хот болгож, Азийн цагаан дагина гэдэг нэрээр хөгжүүлсэн түүхтэй. 1954 онд баталсан анхны ерөнхий төлөвлөгөө 25 жилийн хугацаатай байсан. Гэтэл үүнийг 1961 он хүртэл буюу зургаан жил л хэрэгжүүлсэн. Яагаад гэвэл хүн амын тоо тооцоолсноос нь давсан учраас суурьшлын хил хязгаарыг тэлэх дараагийн төлөвлөгөөг гарган, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгосон гэсэн үг.
УЛААНБААТАРЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ОРОН НУТГААС НҮҮЖ ИРСЭН ИРГЭД ШИЙДЧИХСЭН ЮМ
-Хотын ерөнхий төлөвлөгөө одоо ч бий боловч харамсалтай нь огт хэрэгжүүлдэггүй юм уу гэж хардаг.
-Социализмын үед хотын ерөнхий төлөвлөгөөг оросуудтай хамтран боловсруулж байлаа. Харин 2002 онд монголчууд анх удаа өөрсдөө боловсруулсан. Үүнийг тавдугаар ерөнхий төлөвлөгөө гэж үздэг бөгөөд 2012 он хүртэл хэрэгжүүлсэн. 2013 онд УИХ-аас дахиад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ нь зургадугаар төлөвлөгөө юм. 2002-2012 оны ерөнхий төлөвлөгөөг 29 хувьтай хэрэгжүүлсэн гэж хотын захиргаанаас дүгнэсэн байдаг. Хэрэгжилт нь маш хангалтгүй гэсэн үг. 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль баталж, дараа жилээс нь хэрэгжүүлсэн. Тухайн үед нийтийн эзэмшлийн болон дурсгалт газрууд, түүх, соёлын дурсгал зэргийг кадастржуулж, баталгаажуулах шаардлагатай байсан. Гэвч үүнийг огт хийгээгүй, эсвэл хийхийг хүсээгүйгээс түүхэн дурсгалт болон олон нийтийн эзэмшлийн газруудыг хэдхэн улстөрч, эрх мэдэлтэн хуваагаад авчихсан. Тэд өнөөгийн бидний хувь заяаг тухайн үед шийдчихсэн байхгүй юу. Тэр үед хот төлөвлөлтийн талаар ямар ч яриа байгаагүй. Уг нь төлөвлөгөө байсан ч хэрэгжүүлээгүй. Асуудлын суурь нь ингэж тавигдсан. Дараагийнх нь хүмүүс үүнийг засах ёстой байв. Гэсэн ч засаагүй, одоо болтол хэвээрээ. Хот тэлж хөгждөг. Уг нь социалист Улаанбаатараа тэлж, тэлсэн газартаа одоогийн шилэн барилгуудаа барих ёстой байсан. Гэтэл шинэ хотод зориулсан инженерийн дэд бүтэц бий болгосонгүй. Шууд л социализмын үеийнхээ дэд бүтцэд суурилаад шинэ хотоо байгуулчихсан. Тэгэхээр л алдаа гарчихаж байгаа юм. Ингэснээр бид хүн амьдардаг таатай орон зайгаа алдаж, маш их нягтралтай болсон. Уг нь хот тэлээд л байсан. Гэхдээ дандаа гэр хорооллоор тэлсэн. Тэлсэн тэр хэсгээ хянаж чадаагүй. Та энэ газарт суурьшиж болохгүй, эсвэл болно гэж хотын захиргаанаас хэлэх ёстой. Мөн тэнд инженерийн болон нийгмийн дэд бүтэц бий болгох шаардлагатай байсан. Гэтэл хөдөөнөөс хотод орж ирсэн хүмүүс хашаагаа хаана барихаа өөрсдөө шийдчихсэн. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд Улаанбаатарын тэлэлтийг хот төлөвлөгч, архитектор, инженер бус, орон нутгаас орж ирсэн иргэд шийдсэн юм. Хүрээний үед ч ийм байгаагүй.
-Социалист Улаанбаатар гэдэг хуучин хотыг өдгөө ямар болгочихсон юм бэ. Тэр үеэс үлдсэн зүйл байна уу?
-Түгжрэлийн шалтгааныг манай зарим судлаач, улстөрч социализмтай холбож тайлбарладаг. “Улаанбаатарт анх 250 000 хүн амьдрахаар төлөвлөсөн юм билээ. Тиймээс одоо хүмүүс багтахгүй байна” гэх мэтээр буруу ярьдаг. Социализмын үед маш сайн төлөвлөгөөтэйгөөр хотоо байгуулсан. Хүн ам нэмэгдлээ гэхэд түүнд зориулсан төлөвлөгөө гаргаж, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг шийдэж ирсэн. Тэр үед хорооллын стандарт бий болгож, хотоо тэлж байж. Жишээ нь, 1958-1961 онд нэгдүгээр 40 мянгатыг байгуулаад, тэнд хүн таатай амьдрах орчин бүрдүүлэхийн тулд үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, спорт заал, эмнэлэг, урлаг соёлын байгууллага гээд шаардлагатай бүхнийг цогцоор нь бий болгосон. Иргэн амьдардаг тойргоосоо өөр тийш явах хэрэгцээг багасгасан гэсэн үг. Хороолол барихдаа орон зайд нь маш сайн анхаарсан байдаг. Ялангуяа 40, 50 мянгатад газар хөдөллөө гэхэд барилгууд нь нэгнийгээ дарахгүй байх орон зайг бүрдүүлсэн. Социализмын үед нийт 21 хорооллыг яг энэ жишгээр барьсан юм. Гэтэл сүүлийн 20 жилийн эхний 10-т нь социалист Улаанбаатарын хүнд зориулсан орон зайнууд буюу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудад шилэн барилга бариад дүүргэчихсэн. Сүүлийн 10 жилд нь нэгэнт дүүрчихсэн газрыг яах вэ гэдэг асуудалтай тулгарчээ. Гэтэл манай дарга нар “Тэгвэл буулгаж байгаад, шинийг барья” гэдэг шийдэл гаргасан. Ингээд нурааж болох зүйлсээ бүгдийг нь буулгачихлаа. Улмаар социализмаас үлдсэн хамгийн үнэтэй зүйлүүдээ буулгаж, дахиад барья гэж Засгийн газрын тэргүүн 2019 онд зарласан шүү дээ. Улаанбаатарын төвийн, Монгол Улсын хамгийн үнэтэй, архитектурын оргил бүтээл болох Байгалийн түүхийн музей, ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын санг буулгахаа мэдэгдсэн. Эдгээртэй дүйцэхүйц, архитектурын ансамбль болсон бүтээл Монгол Улсад өөр байхгүй. Гэтэл ийм үнэтэй зүйлээ устгахаар шийдвэрлэсэн нь нураах өөр зүйл үлдээгүй, оргил үедээ хүрчихсэн гэсэн үг л дээ.
-Иргэд бол үүнийг арай өөрөөр хүлээж авсан. Гоё болгох нь гээд бүр дэмжсэн шүү дээ.
-Энэ бол маш харамсалтай зүйл. Дотор нь ажилладаг хүмүүс хүртэл буулгах нь зөв гэсэн. Ингээд Байгалийн түүхийн музейг нураачихсан. Хүмүүс “Байгалийн түүхийн музейн барилга шавар тагз байсан. Соёлын өв биш” гэж ярьж байлаа. Үүнээс монголчуудын боловсрол, архитектур, хот байгуулалтын мэдлэгийн түвшин маш доогуур байгаа нь харагдсан. Хүүхэд, залуучуудад соёлын өв, архитектурын мэдлэг олгох зайлшгүй шаардлагатай. Улстөрчид юуг ч буулгахад бэлэн, ямар ч мэдлэггүй байна.
БИД ОЙРЫН 10 ЖИЛД ТҮГЖРЭЛЭЭС САЛЖ ЧАДАХГҮЙ
-Барилгажилтын нягтаршлын судалгаа манайд хийдэг болов уу?
-Мэргэжлийн хүмүүс нь үүнийг нарийвчлан судлахгүй байна. Улаанбаатарын төвийн хэсгийн даац хэтэрчихсэн нь угаасаа ойлгомжтой. Хотын төвдөө бүх юмаа ямар ч бодлогогүйгээр төвлөрүүлсэн. Монгол хүн улсынхаа нийслэлд аятай тухтай амьдармаар байгаа. Гэтэл тийм боломж алга. Социализмын үеийн хорооллын стандартыг ч мөрдүүлж чаддаггүй. Уг нь олон хороолол барьсан. Гэтэл тэдгээрт нь цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж бараг алга. Улаанбаатарт хяналтгүй бүс, төлөвлөлтгүй хотжилт тэлсээр байгааг судлаачид сануулсаар буй. Жишээ нь, гэр хороололд нийгмийн дэд бүтцийг маш муу хөгжүүлсэн, инженерийн шугам сүлжээ байхгүй зэрэг нь тулгамдсан асуудал. Гэр хорооллыг орон сууцжуулах нь хэзээ ч биелэхгүй мөрөөдөл. Мэдээж тодорхой хэсгийг нь л орон сууцжуулах боломжтой. Харин бүгдийг орон сууцжуулах боломжгүй. Ядаж гэр хорооллоо эхлээд судалж, мэдэхгүй бол бид алдаагаа дахиад л давтана. Энэ мэтээр яривал асар их асуудал бий. Зөвхөн метро бариад, зам тавиад эдгээрийг шийдэж чадахгүй. Цогц арга хэмжээ хэрэгтэй. Улаанбаатарын дэд төвүүдийг байгуулах ёстой.
-Хотод тулгамдсан асуудлуудыг, жишээ нь, түгжрэлийг шийдэх гарцыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Түгжрэл бол сүүлийн 30 жилийн хот байгуулалтын алдаатай бодлогын нэг л үр дагавар. Олон улсад Улаанбаатарын статусыг хуучин хотоо буулгаж, соёлын өвөө алдаж байгаа нийслэл гэж тодорхойлж байна. Өмнөх үеийнхээ түүхийг тэр чигт нь устгаад, дээр нь шинээр хот байгуулж байгаа. Ингэснээр хүмүүсийн амьдрах таатай орон зай хумигдсан. Хотын төвд шинэ барилга барих бүрт бидний таатай амьдрах орон зай яг тэр хэмжээгээр багассан юм. Иргэд үүнийг огт анзаараагүй. 40 мянгатын хажууд өндөр барилга барингуут, “Ямар гоё шилэн барилга вэ” гэж л бодоод байсан. Гэтэл асуудлууд ужгирсаар 2020 онд тэг зогсолт болсон шүү дээ. Би Нисэхээс 14.00 цагт гараад 21.30 цагт Баянбүрдэд ирж байгаа юм. Долоон цаг 30 минут явах нь яалт ч үгүй тэг зогсолт. Улаанбаатарыг удирдаж байсан бүх хүн үүнд буруутай. Тэд асуудлын шалтгааныг огт шийдээгүй. Метро барина гэсэн ч бариагүй. Шинэ цахилгаан станц барина гэсэн ч бас бариагүй. Тэгсэн хэрнээ одоо “Зам түгжрээд байна, машинытоог цөөлье. Буруу талдаа жолооны хүрдтэйг нь хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж ярьж байгаа. Машины тоо түгжрэлийн шалтгаан биш, үр дагавар. Үүний оронд хотоо тэлж, метрогоо барь л даа. Нийтийн тээврээ шинэчил. Буруу талдаа жолооны хүрдтэй машин түгжрэлтэй ямар ч хамаагүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай л холбоотой шүү дээ. Тэгэхээр хотын удирдлага мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваач гэж хэлмээр байна. Хотын дарга нар томилогдонгуутаа “Түгжрэлийг бууруулна” гэдэг. Яг үнэнийг хэлэхэд бид ойрын 10 жилд түгжрэлийг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл хотын удирдлага шалтгаанаа шийдэхгүй байна. Машины тоог цөөлнө, татвар нэмнэ, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг явуулахгүй гэж яриад байгаа хүмүүс түгжрэлийг яаж шийдэж чадах юм бэ.
-Соёлын өв болсон барилга байгууламжуудыг нурааж, устгаж байгааг бид сүүлийн жилүүдэд цөөнгүй харлаа. Хамгийн сүүлд л гэхэд Байгалийн түүхийн музейг нураасан. Ер нь соёлын хэчнээн дурсгал устгачихав?
-Бид ХХ зуунд Богдын хүрээг, ХХI зуунд социалист Улаанбаатар хотоо гудамж, хүмүүсийнх нь дурсамж, барилга байшин, түүхэн дүр төрх, ой санамжтай нь бүхлээр нь алдчихсан. Социалист Улаанбаатар хотоос үлдсэн, хэв маягаа хадгалсан гудамж одоо байхгүй. Богдын хүрээнээс үлдсэн гудамж ч байхгүй. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа.
-Сүүлийн үед барьсан барилгууд олны шүүмжлэлд их өртдөг болсон. Жишээ нь, Чин гис хааны музей, Үндэсний номын сангийн шинэ барилга л гэхэд орчинтойгоо зохицоогүй, үндэсний уламжлалыг агуулаагүй гэсэн шүүмжлэл дагуулж байна. Ер нь Улаанбаатарт амин сүнс, үнэт зүйл гэж байна уу?
-Улаанбаатарын төвд шинээр барьсан бүх барилгыг би эсэргүүцдэг. Архитектур, орон зайн хувьд. Яагаад гэвэл хуучин хотынхоо орон зайг устгачихсан. Улаанбаатарын амин сүнс нь хот төлөвлөлт талаасаа бол Бага тойруу. Энэ хэсэг бол Богдын хүрээнээс авхуулаад өдий хүртэл шашин, соёл, төр захиргааны байгууллагуудын төв байж ирсэн. Энд түүхэн томоохон үйл явдлууд өрнөсөн. Үндсэн хуулийг баталсан, нийслэлээ Улаанбаатар гэж нэрлэсэн, ХХ зууны гурван хувьсгал өрнөсөн, тэмцлийн төв цэг, монгол төрийн голомт юм. Тиймээс л үүнийг хамгаалж үлдэх ёстой. 1990 оноос хойш шилэн барилгуудыг хаа сайгүй дураараа барьсан. Хотын төвийн барилгуудыг харахаар эрх чөлөө гэдгийг бид буруу ойлгожээ гэж боддог. Эрх чөлөөтэй юм чинь дуртай газартаа юу ч барьж болно гээд зүтгэчихсэн. Харахад л андашгүй. Мөн хотыг хүнд зориулж барьдгийг мартчихсан.
-Бага тойруу орчимд өдгөө архитектурын ямар дурсгалууд үлдсэн бол?
-Социализмын үед Улаанбаатар хотыг байгуулахдаа архитектурын маш гоё хийц загвартай барилгуудыг барьсан. Тэдгээрийг социалист агуулгатай, үндэсний хэв загвартай гэж тодорхойлж болно. Төв талбай тойрсон барилгуудыг 1945-1954 онд буюу нэгдүгээр ерөнхий төлөвлөгөөг батлах хүртэл барьсан. Ихэнх нь неоклассизмын загвартай. Улаанбаатарын анхны неоклассизмын загвартай барилга бол МУИС-ийн нэгдүгээр байр. Сүүлийнх нь УДЭТ. Хотын төв талбайг тойрсон, неоклассизмын загвартай барилгыг баруун талаас нь нэрлэвэл Хөрөнгийн бирж, хотын захиргаа, Үйлдвэрчний төв зөвлөлийн байр, Байгалийн түүхийн музей, 72 айлын орон сууц, МУИС-ийн нэгдүгээр байр, ДБЭТ, Гадаад харилцааны яам, Үндэсний номын сан, УДЭТ, 30 дугаар байр буюу Чойбалсангийн өвлийн ордон байна. Ингэж ансамблиар нь барьсан нь тухайн үедээ Азид анхдагч байлаа. Эдгээрээс нэгийг нь ч нурааж болохгүй. Яагаад гэвэл ансамбль буюу архитектурын чуулгаараа байгаа нь л үнэ цэнтэй. Түүнчлэн неоклассизмын гэж тодорхойлоод байгаа барилгуудыг монголчууд барихдаа үндэснийхээ онцлогийг шингээсэн. Жишээ нь, УДЭТ-ын барилгын архитектор нь Монголын анхны архитектор Б.Чимэд. Уг барилгын хэлбэр нь хийд шиг дөрвөлжин. Барилгын дээд талд нь сүм хийдийнх шиг гонх бий. Баганынх нь дээд талд морины толгойг дүрсэлсэн. Аль ч орны неоклассизмын загварын барилгын баганын оройд морь байдаггүй. Дэлхийд ганц гэсэн үг. Социализмын үед монголчууд бодож, бүтээдэг байж шүү дээ. Харин сүүлийн үед үндэсний шинж чанартай гэхээр барилга бариагүй. Байгалийн түүхийн музейн барилгын архитектор нь Б.Чимэд. Ер нь дэлхий дахинд, өндөр хөгжилтэй орнуудад анхны архитекторынхоо бүтээлүүдийг хадгалж үлддэг. Гэтэл манайх устгачихсан. Тэгэхээр амин сүнсээ алдаад, ямар хот гэдэг нь мэдэгдэхээ больчихлоо шүү дээ. Улаанбаатарт архитектурын дурсгал гэхээр хөшөө, барилга, сүм хийд 146 бий. Үүний 24 нь Богдын хүрээнийх, бусад нь социализмын үеийнх. Энэ бол маш бага тоо. 380 гаруй жилийн түүхтэй, гурван хотыг байгуулсан хэрнээ архитектурын ийм цөөн дурсгал үлдсэн нь маш харамсалтай. Ихэнхийг нь устгачихсан. Тэгэхээр одоо үлдсэн дурсгалаа хамгаалж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах шаардлагатай.
ХОТ ГЭДЭГ НЬ ОРОН ЗАЙН УРЛАГ БОЛОХЫГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Түүхэн барилгуудын газрыг хувьчилсан нь соёлын өв устгах шалтгаан болчихсон юм уу гэж ойлгодог. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү.
-Хувьчилсан барилга нэлээд бий. Ерөөсөө дотор нь буюу төрд ажилладаг хүмүүс л хувьчилж авдаг. Жишээлбэл, Бөхийн өргөөний хойд талд Анхны холбооны барилга хэмээх түүхэн дурсгал бий. 1913 онд барьсан. УИХ-ын 1999 оны 64 дүгээр тогтоолоор төрийн өмчөөс хувьчилж болохгүй эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтын 5.2-т нь түүхэн дурсгалт барилга байгууламжийг хувьчлахгүй гэж заасан байдаг. Гэтэл 2001 онд Анхны холбооны барилгыг нийслэлийн өмчид, дүүргийн хамгаалалтад байхад нь хувьчилсан. Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга байсан хүн хувьчилж аваад, зарчихсан. Одоо энэ асуудал шүүхийн шатанд байна. Үүний зэрэгцээ газраа алдсан асуудал хаа сайгүй. Газраа алдаагүй түүхийн дурсгал нэг ч байхгүй. Манай музей ч хажуу талынхаа газрыг 2004 онд алдсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүн эхнэрийнхээ нэр дээр авчихсан. Одоо орон сууц, оффисын есөн давхар барилга барьчихаад байгаа. Тиймээс түүхэн дурсгалт газруудын орчны бүсийг тогтоож, тухайн газрынхаа өндөржилтийн хязгаар, архитектур, төлөвлөлтийн шийдлийг боловсруулах шаардлага тулгарсан. Ерөөсөө бид нэг цэгийг хамгаалаад амжилтад хүрэхгүй юм билээ. Бидний өмнөх алдаа бол газраа кадастрт оруулаагүй, зөвхөн нэг цэг, солбицлыг дурсгал гээд хамгаалаад байсан явдал. Ойр орчмынх нь газрыг баталгаажуулж аваагүй. Гэтэл өнөөх дурсгалынх нь ойр орчмын газрыг хувьчилчихсан.
-Хамгийн гол нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
-Тийм. Шийдээч гэсэн ч шийддэггүй. Нийслэлийн Хуулийн хэлтэс, Соёл урлагийн газар нь ажлаа хийдэггүй. Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан барилгыг буулгачихлаа. Үүний араас яагаад хөөцөлдөхгүй байгаа юм бэ. Байгалийн түүхийн музейн барилгыг тухайн үед Засгийн газар, яаманд ажиллаж байсан хүмүүс соёлын өв биш гэж зарласан. Соёлын өв мөн шүү дээ. Би бүртгэж авсан, багийнх нь ахлагчаар ажиллаж байсан. Яагаад үүнийг үгүйсгээд байгаа юм бэ. Ийм асуудал маш олон бий. Ядаж төв талбайг тойрсон, неоклассизм, модернизмын загвартай барилгуудаа үлдээе. Бидний хамгаалах зүйл улам л хумигдаад байна.
-Нийслэлийн Засаг дарга саяхан Их, Бага тойрууд зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэж хэлсэн.
-Ямар ч зай үлдээгүй газарт одоо юу барих вэ дээ. Буулгаад, буцаагаад барих юм уу. Тийм шийдвэр гаргасан бол сайн л байна. 30 жилийн өмнө гаргах ёстой байсан шийдвэр шүү дээ. Э.Бат-Үүл даргын үед ингэж шийдвэрлэснийг санаж байна. Гэхдээ хэрэгжүүлээгүй. Социализмын үед хотын төвийн хэсэгт дөрвөн давхраас өндөр байшин бариулаагүй. Хамгийн өндөр нь Засгийн газрын ордон байсан. Харин өдгөө утгаа алдсан. Янз бүрийн шийдвэр гаргадаг ч түүнийгээ хэрэгжүүлэхгүй юм. Жишээ нь, 2015 онд нийслэлийн ИТХ-аас Бага тойруугийн ТЭЗҮ-ийг баталсан. Тэнд барилгын өндөржилтийг тусгасан, бас Урт цагааныг нийслэлийн соёлын өвд бүртгэж, нураахгүй гэж заасан. Гэтэл хэдэн жилийн дараа Урт цагааныг буулгахаар болсон. Ерөөсөө төрийн ажил яг ингэж яваад байгаа юм. Бага тойруугийн ТЭЗҮ одоо ч хүчинтэй. Үүнийг нь хэлэхээр мэддэг хүн байдаггүй. Өмнө гаргасан бичгээ хардаггүй. Холбогдох мэргэжилтнүүдээс асуухаар ойлгохоо больчихсон. Нэг дарга ТЭЗҮ баталдаг, нөгөөх нь хэрэгжүүлдэггүй, мартдаг. Үүний уршгаар иргэд хохирдог. Бас нийслэл маань хот биш болчихлоо. Хот гэдэг чинь өөрийн гэсэн өнгө төрх, үнэт зүйл, амин сүнстэй байх ёстой. Гэтэл манай Улаанбаатар хэдэн хүн шавааралдаж суудаг газар болох нь. Тиймээс хотын соёл гэж ярихад ч хэцүү байгаа юм.
-Бид цаашид ямар хотыг бүтээх вэ. Ямар боломж байгаа бол?
-Юуны өмнө хот гэдэг нь орон зайн урлаг болохыг ойлгох ёстой. Гэтэл өдгөө орон сууцын хорооллуудад орон зайн урлаг ярих боломж огт алга. Орон зайг урлаг, хүн амьдрахад таатай орчин гэдгээр нь харах шаардлагатай. Үүний дараа барилгын хэв загвар ярина. Мэдээж орон сууцын хорооллыг тансаг загвараар барих боломжгүй. Маш их зардал гарна. Харин хотын төвийн оффисын барилгууд архитектурын хувьд тансаг байх ёстой. Гэтэл одоо бүгд л нэгэн хэвийн дөрвөлжин загвартай, шилэн барилгууд бариад байна. Анхнаасаа хот төлөвлөлтийн сууриа буруу тавьчихсан учраас залруулахад маш хэцүү. Тиймээс ядаж буруу чигээрээ үргэлжлэхийг нь таслан зогсоогоод, хотоо тэлэх нь чухал. Энэ бол хамгийн эхэнд шийдэх ёстой асуудал. Том асуудлаа урт хугацаанд шийднэ. Үүний зэрэгцээ богино хугацаанд шийдэх асуудлуудаа тодорхойлно. Жишээ нь, ядаж автобуснуудаа шинэчилье, ногоон байгууламжаа нэмье. Иймэрхүү асуудлыг шийдэхийн зэрэгцээ урт хугацаанд төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Нам солигдохоор бүх ажил зогсдог байж болохгүй.