Японы Осака хотод Азийн олон улсын 17 дахь удаагийн кино наадам энэ сарын 10-20-нд болж өндөрлөв. Тус наадамд 954 кино өрсөлдүүлснээс Монголоос найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” тунасан. Ингээд гран при шагналын төлөө шилдэг 15 бүтээлтэй өрсөлдсөн юм. Эл киноны гол дүрд тоглосон Б.Баярцэцэг наадмын шилдэг эмэгтэй дүрийн эзнээр шалгарчээ. Түүнтэй ярилцлаа.
-Та СУИС-ийн оюутан юм билээ. Жүжигчний мэргэжил сонгосон шалтгаан тань юу вэ?
-Сурагч байхаасаа л дуулах, зурах дуртай, хөдөлгөөний гайгүй эвсэлтэй охин байсан. Уран зохиол, монгол хэлний хичээлдээ бусдаас илүү сонирхолтой байлаа. Надад нас чацуу үеэл бий. Үеэл минь ч надтай ижил зүйлсэд дуртай. Ахлах ангидаа бид “Дуртай бүх зүйлээ нэг дор хийж болохуйц мэргэжил юу вэ” гэж ярилцсан юм. Тэр нь жүжигчний мэргэжил байв. Ингээд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд нэг ангид хамт элссэн дээ. Дургүйд хүчгүй гэдэг дээ. Харин хүн дуртай зүйлээ илүү сэтгэл ханамжтайгаар хийдэг. Тийм болохоор би жүжигчний мэргэжилд улам татагддаг.
-Киноны дүрийн шалгаруулалтад оролцож өөрийгөө “сойдог” уу?
-Бараг үгүй дээ.
-Тэгвэл найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кинонд хэрхэн тоглохоор сонгогдов?
-Продюсер Т.Номуунзул эгч YZ TV-ийн Г.Ганлхагва ахаас миний талаар асууж, тус киноны дүрд шалгуулаарай гэж хэлүүлсэн юм. Эхлээд туслах дүрд шалгуулсан. Дараа нь дахин өөр дүрд бас шалгасан. Хэд хоногийн дараа “Гол дүрд тоглохоор боллоо” гэв. Тэгж төсөө лөө ч үгүй байлаа. Хамгийн түрүүнд “Би чадах болов уу, яах бол. Аав, ээж хэрхэн хүлээж авах бол доо” гэж бодсон. Гэхдээ зориглохоор шийдсэн.
-Тоглосон киног нь аав, ээж нь үзсэн үү. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав үзээгүй. Ээж үзэж байхдаа инээгээд л байсан. Охиноо том болж, нас биед хүрснийг мэдэж, ойлгож байгаа байх.
-Таны анхны уран бүтээл, мөн сонирхолтой, өмнө тэр бүр хөндөж байгаагүй сэдвээрх кино. Уг кинонд тоглоход танд ямар байв?
-Амар байсан гээд хэлчихвэл хүмүүс буруугаар ойлгохгүй байгаа даа. Учир нь тэр дүр надтай олон талаар төстэй. Нөгөө талаас, хамтран ажилласан уран бүтээлчид бүгд л дэмтэй байсан. Хэцүү биш, хөгжилтэй байсан гэхэд хилсдэхгүй. Кинонд жүжигчин О.Энхтуул эгч бид хоёрын хээр мөөгөөр байлддаг хэсэг байдаг юм. Тэр хэсгийн зургийг авхуулах үнэхээр хөгжилтэй байсан. Тэр хэсэгт “Миний мөөм загатнаад байна” гэж хэлдэг юм. Тэр үгийг хэлэх гэж зургаа хэд дахин авхуулсан. Нэг хэсгийн зургийг олон давтаж авхуулах үед найруулагчаасаа эмээнэ. Гэхдээ Ж.Сэнгэдорж найруулагч “Миний хүү, одоо ингээрэй, тэгээрэй” гээд л гоё тайлбарлаж өгдөг байлаа. Хааяа загнана. Найруулагч надтай маш сайн ажиллаж, алдааг минь засаж байсан болохоор би энэ кинонд тоглож чадсан. Нээрэн, ваннтай усанд байгаа, усан дотор нүдээ нээж авхуулах харин жаахан хэцүү байсан шүү. Киноны бүх зургийн ажил дууссаны дараа их сонин хоосон мэдрэмж төрсөн.
-Эл дүрээрээ та Азийн олон улсын 17 дахь удаагийн кино наадмын шилдгээр тодорчихлоо. Энэ номинацад өрсөлдөхөө мэдэж байсан уу?
-Манай кино тус наадамд оролцож, өрсөлдөж байгаа гэдгийг мэдэж байсан ч өөрийгөө нэр дэвшсэн гэж ерөөсөө мэдээгүй. Өнгөрсөн ням гарагт сайнд кино багийнхан над руу утасдаж энэ мэдээг дуулгасан. Маш их баярлаж байгаа. Их урам авлаа. Цаашид олон хаалга үүгээр нээгдэж байгаасай гэж бодож байна. Би гадаадад энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцахыг хүсдэг юм. Түүндээ бэлдэж ч байгаа. Тодруулбал, би АНУ-ын Нью-Йорк хот дахь “Жуллиард”-д суралцахыг мөрөөддөг. Энэ сургуульд элсэх хүсэлт гаргаж, шалгуулах, танилцуулгаа илгээхэд эл шагнал жаахан ч болов нэмэр болох болов уу гэж найдаж байна.
-Киног дэлгэцэд гаргаснаас хойш хүмүүсээс магтаал, шүүмж аль алийг нь сонссон байх. Үг хэр даадаг вэ?
-Сайн, муу үг зөндөө сонссон. “Шал тэнэг кино. Огт ойлгосонгүй” гэсэн хэсэг байхад “Ойрд ийм сонирхолтой кино үзсэнгүй. Өмнө нь хөндөөгүй сэдэв байна” гэх зэргээр хүлээж авсан нь ч бий. Цахим ертөнцөд ч янз бүрийн сэтгэгдэл хөвөрч байсан. Тиймэрхүү сэтгэгдлүүдэд баярлаж хөөрөөд, эсвэл гутарч гуниад байдаггүй ээ.
-“Худалдагч охин”-оос хойш найруулагч нар кинондоо тоглуулах санал хэр тавьж байна даа?
-“Худалдагч охин”-оос хойш хоёр кинонд тоглосон. Эхнийх нь энэ баасан гарагт (өнөөдөр) нээнэ. “Sun” пикчерс, “Red point” студийн хамтын бүтээл “Soulmate” нэртэй кино. Өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолдох гэнэтийн, ид шидийн явдлаар дүүрэн, инээдмийн кино. Эл киноны туслах дүрд тоглосон. Нөгөөгийнх нь талаар ярихад арай эрт байна.
-Энэ кинонд жүжигчнээс гадна реппер, инфлюнсер гээд олон төрлөөр ажилладаг залуус ажилласан байна. Тэднээс юу сурав?
-Их сонирхолтой байсан. Киноны гол дүрийн охин, хүү хоёрын сүнс солигдож буй тухай энэ кинонд гардаг. Эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа, үйлдэл, дадал, зуршил зэргийг их ажигласан. Ер нь энэ кино гэлтгүй ажилласан, уулзсан хүн бүрээсээ авууштай чанарыг нь харж суралцахыг хичээдэг.
-Одоо ямар төрлийн кинонд болон дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Эротик маягийн кинонд ер нь тоглохгүй байх. Түүнээс бусад төрлийн кинонд тоглож үзмээр байна. Дүрийн хувьд манлайлагч, эсвэл мундаг дипломатч эмэгтэйн дүрд тогломоор санагддаг. Бас гүнж “болж” үзэхийг хүсдэг.
-Тайзны уран бүтээлд тоглож үзэх сэн гэж хүсдэг үү?
-Хэлж мэдэхгүй л юм. Би одоогоор дөнгөж суралцаж яваа, тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгаа, аль нь илүү “амттай”-г хараахан мэдээгүй байгаа болохоор. Санаснаар болдог бол Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах шиг аль алийг нь хослуулж чаддаг л жүжигчин болмоор байна.
-Түрүүн “Жуллиард”-д суралцахыг мөрөөддөг гэлээ. Яагаад заавал тэр сургууль гэж?
-Гадаадад сурч, амьдрахыг хүсдэг. Тэр дундаа Америк, бүр тэндэхийн хамгийн завгүй хот Нью-Йоркт амьдармаар байна. “Жуллиард” бол дэлхийн томоохон урлагийн сургуулиудын нэг. Тэнд л сурмаар байна.
-Хэтийн зорилго нь Холливуд байх нь?
-Тийм. Тиймээс ч “Жуллиард”-д сурахыг зориод байгаа юм. Тэнд сурахын тулд, сурч төгсөөд ч олон шалгуур давах шаардлагатай байх. Тэр сургуулийг монгол жүжигчин төгсөж байгаагүй. “Зорилго, мөрөөдлөө хэр тод харж байна. Тэр хэрээр ойр байдаг” гэдэг дээ.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?
-Леонардо ди Каприог нэрлэнэ. Маш чадварлаг жүжигчин. Ялангуяа “Уолстрийтийн чоно” кинонд нь их дуртай. Монголоос Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин О.Дөлгөөн нарт дуртай. Хамт уран бүтээлд тоглож үзэхийг хүсдэг.
-Таныхаар жүжигчин хүн ямар байх ёстой бол?
-Гол нь ухаантай байх хэрэгтэй болов уу. Боддог хүний хэлэх нь ч, хийх нь ч өөр шүү дээ. Өөрийгөө байнга хөгжүүлж, хувьсаж чаддаг байх нь чухал.
Бэлтгэсэн А.Тайшир