“Элит”, “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод энэ сарын 1-15-нд болсон снукер биллиард сонирхогчдын ДАШТ-д оролцож, шигшээ наймд шалгарсан бол Азийн АШТ-ээс хүрэл медаль, цомтой эх орондоо ирж, Монголын биллиардын спортын түүхэнд шинэ хуудас нээв. Түүний амжилт энэ төрлөөр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам өгч, итгэл, найдвар төрүүлсэн. МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар түүнтэй хамт Дохаг зорьсон тамирчид болон холбооных нь төлөөллийг өнгөрсөн мягмар гарагт хүлээн авч, баяр хүргэжээ. Уулзалтын үеэр Монголын биллиардын холбооны ерөнхийлөгч Б.Мандахбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн М.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг “Алтан очир”, Б.Нарантуяаг “Олимпын алдар” одонгоор шагнасан юм.
-Катарын Дохад болсон хоёр тэмцээнд ээлжлэн оролцож, дэлхийн шилдгүүдийг нэлээд сандраасан “Шинэ танил” та байлаа.
-Миний хувьд ДАШТ, Азийн аваргад анх удаа өрсөлдлөө. Монголд снукер биллиардын УАШТ-д 10, пүүл, цомын АШТ-д тус бүр есөн удаа түрүүлсэн. Манай тамирчид өмнө нь Европын орнуудад зохион байгуулдаг ДАШТ-д зардлын асуудлаас болоод оролцдоггүй байв. Дохаг зориход найман сая төгрөг зарцуулсан. Ийм зардлаар Хятадад болох тэмцээнд дөрвөн удаа оролцоно. Энэ удаа зориг гаргаж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, ур чадвараа сорихоор шийдсэн юм. Тэмцээний товлосон хугацааг тулгаж очсон тул тоглолтын орчин нөхцөлтэй танилцах, өрсөлдөгчдөө судлах боломж гараагүй. Би А хэсэгт хүндхэн учраануудтай таарсан. Тэмцээний салхи хагалж, Германы тамирчинтай тоглолоо. Бидний хэн түрүүлж хоёр хожсон нь цааш үргэлжлүүлэх байв. Оноо 1:0 болж, эхний хожигдлоо авчихаад сууж байхдаа “Түүнийг одоо л ялахгүй бол болохгүй” гэж бодож, бүх зүйлээ гаргаж ялсан. Тэгсэн намайг “Энэ тамирчин аль улсынх вэ. Хэнээр биллиард залгаад ийм сайн тоглож сурсан байна” гээд хэвлэл мэдээллээр шуугиад эхэлсэн. Тэгтэл ДАШТ-ий мөнгөн медальт тамирчныг хожчихсон байснаа дараа нь мэдсэн. Тоглолтоо дуусгаад гартал үүдэнд телевизийн сэтгүүлчид цуглачихсан ярилцлага авах гээд зогсож байлаа. Хэвлэлийнхэн бүчээд “Таныг өмнө нь ДАШТ-д өрсөлдөхийг хараагүй. Монголчууд яагаад ийм сайн тамирчнаа оролцуулдаггүй юм бэ” гээд асууж эхэлсэн. Оройны тоглолтод Тайландын дэлхийн аваргатай өрсөлдсөн. Түүнийг эхлээд 0:1-ээр хожсон ч дараа нь бага зэрэг алдаа гаргаж 1:1 болж тэнцэв. Сүүлийн тоглолтод өрсөлдөгчөө багагүй сандрааж хожигдоход үзэгчид “Дэлхийн аваргатай эн тэнцүү үзсэн тоглогч хэн бэ. Монголд биллиард хөгжсөн гэж үү” гээд ярилцаж байлаа.
-Та маргааш нь залгуулаад Азийн АШТ-д оролцсон. Мөн л туршлагатай, амаргүй учраануудтай таарсан байдаг шүү.
-Тийм ээ, хэсэгтээ таарсан тамирчдыг судлахад туршлагатай, шаггүй тоглогчид байв. Хэсгээсээ хожигдолгүй гарах их хүнд юм билээ. Тамирчдыг хэсэгт дээгүүр, доогуур хуваарилдаг системийн учрыг дараа нь мэдсэн. Дэлхийн болон Азийн аваргын аль алинд нь шигшээ наймд үлдэж, тоглолтоо үргэлжлүүлэв. Цагийн зөрүүнээс болж ядарсан болохоор ДАШТ-д Тайландын тамирчинд яах аргагүй ялагдсан. Тайландчууд биллиардыг үндэснийхээ спорт шиг хөгжүүлж чадсаныг тамирчных нь тоглолтоос анзаарсан шүү.
-ДАШТ-ий шигшээ наймд шалгарна гэдэг чамлах амжилт биш. Медаль хүртэх итгэл тээж Азийн аваргын тоглолтод анхаарал хандуулсан байх.
-Энэтхэг улс биллиардын өлгий орон. Тэнд энэ спорт анх үүсэж, хөгжсөн болохоор тамирчид нь хүчтэй өрсөлддөг. Би медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тоглосон. Тийм үед өөртөө итгэлтэй байхаас өөр арга надад байгаагүй. Анхаарал жаахан л сарнивал ялагдах байсан тул их хичээсэн. Түүнийг хожно гэж тэнд байсан хүмүүс огт төсөөлөөгүй байх. Тэрбээр надаас дүү ч чамгүй туршлага хуримтлуулчихсан байлаа.
-Хэнийнх нь ч нэртэй, алдартайг мэдэхгүй тоглосон болохоор эмээх зүйлгүй, амар санагдсан уу?
-Аль ч тэмцээнд хэнтэй нь ч таарах хэцүү санагдсан. Дэлхийн аваргад Германы тамирчинтай тоглосны дараа “Би спортын төрлүүдээс биллиардыг яах гэж сонгосон юм бол” гэж их бодсон. Монголдоо хичээллэхээс халшраагүй хэрнээ тэнд очоод шантарсан. Тэгж суухдаа өөрийгөө зоригжуулж “Түүнд ийм амархан бууж өгөөд ялагдах гэж үү, одоо л байгаа бүхнээ гаргах хэрэгтэй” гэж бодоод тоглолтдоо төвлөрсөн. Өрсөлдөгчөө ялахын тулд өөртөө итгэлтэй довтолсон. Хэрвээ би тэр үед сэтгэл зүйгээ ялж чадаагүй бол Азийн аваргаас ч медаль атгахгүй байлаа. Миний хувьд снукер биллиардын тэмцээнд байнга оролцдоггүй. Өмнө нь урд хөршид болсон пүүл биллиардын тэмцээнд цөөнгүй тоглосон болохоор туршлагадаа итгэж найдсан. Гадаадын тэмцээнд алгасалгүй оролцсон бол үүнээс ч илүү амжилт гаргах байснаа ойлгосон. Миний анхны тэмцээн гэхэд чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байгаа. Хичээвэл, зоривол, бас зоригловол боломжгүй зүйл гэж хаана ч байдаггүй. Хүрэл медалиар Монголынхоо тамирчдын хойшид оролцох тэмцээний замыг нь заслаа.
-Биллиардын спортод залуу тоглогчид цахиур хагалж байна. Дэлхийн аваргаар шалгарсан 16 настай, Пакистаны Ахсан Рамзаны ур чадвараар үзэгчид бахархлаа.
-Энэ удаагийн тэмцээнд залуу тамирчид ширүүн өрсөлдсөн. Шилдгүүдийг ялж, аваргын цом гардсан түүний ур чадвар дэлхийн үзэгчдийг шуугиуллаа. Эмэгтэйчүүдээс дэлхийн аварга болсон Бельгийн тоглогч 38 настай. Найм дахь удаагаа түрүүлж байна. Би өөр хэсэгт тоглосон болохоор түүнтэй таараагүй. Араас нь шил дарсан Тайландын тамирчин 24 настай. Хэрвээ би Тайландын тамирчныг хожсон бол аваргын төлөө тоглох байв. Миний хувьд тэмцээн өндөрлөтөл олны анхаарлын төвд байсан. Азийн аваргын шигшээ наймд Хонконгийн тамирчныг хожсон юм. Тэрбээр улсдаа нэртэй, амжилтынхаа чансаагаар дээгүүр бичигддэг юм билээ. Медаль гардуулах ёслолын үеэр Тайландын дасгалжуулагч “Чамд дэлхийн аварга болох боломж ойрхон байна. Гэхдээ жижиг, сажиг алдаанууд харагдлаа, түүнийгээ засаарай. Чиний сэтгэл зүй, зоригоор их бахархлаа. Хичнээн сайн тоглодог ч зориггүй бол ийм амжилт гаргахгүй. Манай улсад ирэх жил танхимын спортын наадам болно. Чи ирж оролцоорой, бид хүлээж авахад бэлэн” гэж хэлсэн. Энэтхэгийн гурван тамирчныг хожиход дасгалжуулагч нь “Манайд биллиард анх үүсэж, хөгжсөн. Гэтэл Монголын тоглогч тамирчдыг минь хожчихлоо. Танайхныг биллиард тоглодгийг одоо л мэдэж байна. Монголчуудыг морь унаж, хонь хариулдаг гэж сонссон. Гэтэл биллиардыг өндөр түвшинд хөгжүүлээд тамирчнаа оролцуулж байгаа нь мундаг байлаа” гэсэн. Мөн Ираны биллиардын холбооны ерөнхийлөгч санал тавьсан. Энэ мэтчилэн олон улсын дасгалжуулагч, холбооных нь удирдлагын хараанд өртсөн байв.
-Өрсөлдөгчдөө ямар тактикаар буулгаж авсан бэ?
-Биллиард сэтгэл зүйн спорт. Дайрч, довтлох тактик хэрэглэж, тэднээс аль болох илүү цохилт хийхийг хичээсэн. Оноо давуу авах зорилготой тоглосон. Үүнийгээ ч тэмцээнд хэрэгжүүлсэн. Миний хэдэн удаа цохилт хийхийг харсан өрсөлдөгчид маань харц, хөдөлгөөнөөс намайг эвгүй тоглолттой нөхөр байна гэж бодсон уу, эмээж эхэлсэн. Тэдэнтэй шударга, довтолж тоглосоор буулгаж авсан даа. Би алдаагүй тоглосон гэж хэлэхгүй. Туршлагатай тамирчидтай таарахдаа өөрийнхөө алдааг олж харсан. Шигшээд Тайландын тамирчин өмнөө байгаа хэдэн шааргийг аваад бухаа холдуулчихна. Тэрбээр ямар ч боломж өгөхгүй хожих тактиктай байлаа. Хэрвээ алдаа гаргавал хожигдоно гэдгээ маш сайн мэдэрсэн. Дасгалжуулагч нь надтай тоглохын өмнө зөвлөсөн нь тоглолтын явцад анзаарагдсан юм. Монголоос тамирчид ирж оролцоно гэж олон орны тоглогч тооцоолоогүй. Царайг минь өмнө нь хараагүй, тоглох арга барилыг минь мэдэхгүй болохоор хүчтэй өрсөлдөнө гэж хэн нь ч таамаглаагүй. Нэг хэсэгт таарсан тамирчид миний талаар судлаагүй болохоор барьц алдан сандарч ялагдсан тал бий. Хэрвээ намайг дахиж оролцвол судалгаа хийчихсэн ирэх байх. Би дараагийн тэмцээнд амжилт гаргах боломжоо Дохад олж харсан. Тэнд тийм итгэл, найдвар төрүүлсэн болохоор дэлхийн аварга болох зорилго тээж эх орондоо ирсэн.
-Шатар, даам тоглодог охины сэтгэлийг биллиард юугаараа их татсан юм бол?
-Би 2006 онд 12 настай байхдаа биллиардаар анх хичээллэсэн. Анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртчихээд тэр үед спортоор хичээллээд амьдралдаа авсан хамгийн том шагнал маань гэж боддог байлаа. Гэрийнхээ ойролцоох биллиардын клубт аав, найзуудтайгаа байсхийгээд тоглоно. Тэдний тоглохыг сонирхож харсаар хичээллэх хүсэл төрсөн. Намайг бага байхад эрэгтэй хүмүүс голдуу тоглодог байсан болохоор орчин нь тамхи үнэртсэн, мөрийтэй тоглоомын газрыг санагдуулдаг байв. Биллиардыг спорт талаас нь сурах хүсэлтэй байгааг минь гэрийнхэн ойлгож дэмжсэн. Хүүхэд байхдаа өвөө, аав хоёрынхоо шатар, даам тоглохыг харж, нүүдэл сурсан юм. Надад даам тоглох илүү сонирхолтой. Биллиардын тэмцээнд зөв тооцоолоход хэрэг болдог. Ээжийн минь аав улсын анчин хүн байлаа. Алдахгүй мэргэн буудна. Нагац ах Д.Галбадрах шагай харваач, улсын мэргэн цолтой. Ээжийнхээ талаас удмын авьяасыг нь өвлөсөн байх гэж боддог. Аавын талын ах, дүүс намайг “Энэ хүүхэд биллиардчин байхаар цаанаасаа төрсөн” гэж ярьдаг. Хүнд нэг хувийн авьяас байдаг, бусдыг нь хөдөлмөрлөж бүтээдэг гэдэг үг бий. Миний хувьд өөрийгөө хөгжүүлж, өчүүхэн авьяасаа тордон, амжилт гаргахаар хөдөлмөрлөсөн.
-Хүмүүс биллиардын тамирчдыг сэтгэл догдлолгүй тоглодог гэж ярьдаг. Дэлхийн аваргын дараа Ахсан Рамзаны үйлдлийг хараад арай өөр бодол төрсөн шүү.
-Хүмүүс биллиардын тамирчдыг спортынхоо онцлогоос, эсвэл тоглолтын дүрэмт хувцастай үедээ сэтгэл догдлолоо илэрхийлдэггүй гэж боддог. Тэгвэл хожчихоод зарим нэг нь ширээн дээр гараад орилж байгаа харагддаг. Дохад болсон ДАШТ-д түрүүлсэн Ахсан Рамзан тоглолтынхоо газар сөгдөж мөргөөд, бүр уйлаад шалан дээр нь хэвтсэн. Бидний ойлгосноор бол тэрбээр тухайн газрын орчин, тоглолтын дэвжээ ивээлээ гэж баярласнаа илэрхийлж байгаа санагдсан. Би снукер биллиардын “Элит” клубт харьяалагддаг. Тус клубийн захирал Б.Энхтүвшин, мөн Т.Пүрэвдорж ах биднийг ахалж явсан юм. Тэнд эмэгтэйчүүдийн тоглолтоор ДАШТ эхлэхэд манай эрэгтэйчүүд үзэж, намайг хожихоор баярлаж, урам өгч байлаа. Хоёр ах минь тамирчдаа дэмжиж, хоол ундаар байсхийгээд дайлна. Дохаг зорьсон хүмүүс гар, сэтгэл нийлсэн сайхан хамт олон байлаа.
-Манайханд снукер биллиардаар эмэгтэйчүүд амжилт хэзээ ч гаргахгүй гэдэг ташаа ойлголт байсныг та үргээлээ.
-Биллиардаар эмэгтэйчүүд битгий хэл, эрчүүд амжилт гаргах амаргүй гэж хүмүүс эргэлздэг байв. Харин энэ спортод дуртай нэг нь “Манайхнаас хэзээ нэгэн цагт амжилт гаргалаа гэж дуулдах байх” гэж итгэж хүлээдэг байв. Тэр үеийг бодвол Монголд олон залуус хичээллэж, гадаадынхантай өрсөлдөх хэмжээнд хүрлээ. Өмнө нь эмэгтэйчүүдийг УАШТ-д түрүүлэхээр зарим нэг эрэгтэй “Энэ түрүүлнэ гэж юу байх вэ. Би тоглосон бол түүнийг хожно” гэж ярихыг нь сонсчихоод шар хөдөлдөг байв. Бассантай нь ана мана тоглоод хэр ур чадвартайгаа харуулж ухамсарт нь суулгана шүү дээ. Тэгж тоглосны дараа “Чи сайн тоглодог юм байна. Ийм ур чадвартай юм чинь хожихоос яах вэ дээ” гэдэг юм. Биллиардыг хүмүүс ганц хараад, амархан сурчих юм шиг боддог. Мэргэжлийн тамирчны хэмжээнд тоглохын тулд техник, ур чадвар, мэдрэмж, оюун ухаан, сэтгэл зүй, тооцоолол шаардана. Тиймээс биллиардыг ширээн дээрх шатар гэж ярьдаг. Гадаадынхан монголчуудыг дэлхийн хөгжлөөс хол гэж төсөөлдөг. Биднийг Хятадад болсон нэг тэмцээнд оролцоход “Танайд биллиард хөгжсөн юм уу. Хүмүүс нь хөдөө мал маллаж, амьдардаг биз дээ” гэв. Тэднийг манайхан Монголд урьж, биллиардын тэмцээн зохион байгуулж, тамирчдаа тоглуулж харуулахад итгэхгүй гайхаж билээ.
-Борлуулалтын менежерээр ажилладаг гэл үү. Ажлаа хэрхэн зохицуулж бэлтгэл хийж байв?
-Тийм ээ, “Баясах констракшн” ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг. Биднийг тэмцээнд оролцоход хамт олноос минь гадна сайхан сэтгэлээр дэмжиж, тусалсан олон хүн бий. Энэ ташрамд, тэдэндээ “Маш их баярлалаа. Ач тусыг тань амжилтаар бэлэг барьж хариулна” гэж хэлье. Би их сургуулиа төгссөний дараа ажил хийхгүй бэлтгэлдээ нэг хэсэг анхаарч, тэмцээнээс хүртсэн шагналынхаа мөнгийг өөртөө зориулъя гэж боддог байлаа. Монголын нөхцөлд ийм боломжгүй. Байнга мөнгө хэрэг болж, ажил хийхээс өөр аргагүй болсон. Нэг ажилд ортол бэлтгэл хийх зав гардаггүй. Тэр үед “Би насан туршдаа ажиллана гэвэл биллиардаас холдоно. Миний амьдралд мөнгө хэрэгтэй, гэхдээ амжилт гаргамаар байна” гэж удаан бодсоны эцэст ажлаасаа гарахаар шийдсэн. Тэгж байтал цар тахал дэгдэж, хөл хорионы үед бэлтгэл хийх боломж хязгаарлагдаж, аавынхаа хичээллүүлдэг жолооны курсийг ажиллуулдаг байсан. Тэгж байтал “Баясах констракшн” ХКК-иас ажлын санал ирж, борлуулалт хариуцсан менежерээр ажиллах болсон юм.
-Та өнгөрсөн долоо хоногт болсон “Шайн пүүл опен” аварга шалгаруулах цуврал тэмцээнд түрүүлсэн. Биллиардын спортоос хэд дэх алтан медалиа хүртсэн бол гэх сониуч бодол төрөөд байх юм.
-Өнгөрсөн долоо хоногт 110 дахь цуврал тэмцээн болоход түрүүлж, 51 дэх алтан медалиа хүртлээ. Би олон медальтай, гэхдээ тоолдоггүй. Шагнал дунд хүрэл медаль цөөн бий. Хичээллээд удаагүй байхдаа 2006-2011 он хүртэл оролцсон тэмцээн бүртээ медалиас мултарч, IV байрт байнга шалгардагсан. Тийм үед харихаас ч халширна. Нэг удаа гэртээ ирээд “Би тэмцээнд оролцдог хэрнээ IV байр эзлээд байх юм” гээд уйлахад аав, ээж “Миний охин битгий уйл, удахгүй хождог болно” гээд тайвшруулж билээ. 2012 онд УАШТ-д түрүүлж анхныхаа алтан медалийг зүүж их баярласан. Биллиардын хоёр төрлөөр хичээллэх хэцүү. Аль алиных нь техникийг зөв сурахгүй бол амжилт гаргахад амаргүй. Тамирчин хүн амжилтын төлөө амьдралынхаа олон зүйлийг хойшлуулдаг. Миний хувьд биллиардыг спорт чиглэлээр нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, зорилгодоо хүрэхээр зүтгэж байна. Энэ спортод нас хязгаарладаггүй. Тухайн тамирчинд амжилт гаргах ур чадвар байвал үргэлжлүүлж болно. Биллиардын тамирчид ямар ч насны тоглогчидтой нөхөрлөдөг. Залуус нь залуустайгаа, ахмад нь ахмадуудтайгаа гэх ойлголт байдаггүй. Залуус, ахмадын сайхан нөхөрлөл энэ спортод бий.