Дуучин Quiza буюу Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Та тоглолтоо хийх гээд завгүй байна уу. Уран бүтээл тань амжилттай биз дээ?
-2009 оноос хойш өөрийн уран бүтээлийн ажлаа завсарлаад байлаа. Ихэвчлэн бусад дуучны уран бүтээл дээр ажиллалаа. Одоо тоглолтоо хийх гэж байна. Сүүлийн үеийн сонин гэвэл дуучин Баатарын, монгол каунтри урсгалын “Сэтгэл нэрнэ” цомогт багтсан дуунуудын үгийг бичиж, продюсерээр нь ажиллалаа. Ерөнхий продюсер, санаачлагч нь Э.Бат-Үүл гуай. Энэ жилдээ дуучин О.Энх-Эрдэнийн шинэ цомгийг гаргахаар ажиллана. Түүнийг мөн Э.Бат-Үүл продюсерлэж байгаа.
МОНГОЛ КАУНТРИ УРСГАЛ ШИНЭ ХЭВ МАЯГ ГАРГАЖ ЧАДНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
-Монгол каунтри урсгал, дуучин Баатар олон хүний анхаарлыг татаж, таалагдаж байх шиг. Энэ урсгалын онцлог нь юу юм бэ. Дуучин Д.Болд монгол поп урсгал бий болгосон гэдэг. Ингээд монголчилчихож болдог юм уу?
-“Каунтри” гэдэг үг “нутаг” хэмээх утгатай. Монголд нутаг байна уу, байна. Тэр нь баялаг үзэмжтэй, өвөрмөц байгальтай. Гэхдээ монгол үндэсний хөгжим, урлаг гэхээр ихэвчлэн морин хуур, уртын дуу, хөөмий, цэлгэр уудам тал, говь төсөөлөгддөг. Эдгээрийг акустик хөгжимтэй хослуулахаар арай өөр болж байгаа юм. Байгалиар зүйрлэвэл манай баруун аймгууд, Баян-Өлгий, Хөвсгөл, тайга, хад, ус “ороод” ирдэг. Монгол зөвхөн тал нутагтаа зориулсан, түүнийг л илэрхийлсэн хөгжимтэй биш гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, хангай, хөвч тайгаа акустик хөгжмөөр илэрхийлж болох юм гэсэн продюсерийн санаа л даа. Америктай адил, тайга, хангай, хад асга, хавцал, хүрхрээ байдаг гэдгийг хөгжмөөр хэлж байгаа хэрэг. Каунтри урсгал талаас нь харвал Америк, Монгол хоёр ахуйн хувьд адилхан шүү дээ. Америкт үхрээ тууж яваа ковбойчууд, Монголд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид тэгтлээ ялгаатай биш гэсэн үг.
Австрали, Канад, Ирландын каунтри гээд байдаг л даа. Азидаа монголчууд дуу хөгжмийн вкус, мэдрэмжээрээ илүү гэж би боддог. Тийм ч учраас монгол туургатан дундаа Улаанбаатар хот соёлын төв нь байх учиртай. Улаан-Үдийн буриадууд Москвагаас илүү Улаанбаатар, Хөх хотын өвөрмонголчууд Бээжингээс илүү энд дуугарч байгаа хөгжмийг шимтэн сонсдог шиг санагддаг. Яагаад гэвэл, эх ундарга нь Монголд байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд манайхан америк хөгжмийн нөлөөнд автсан ч өөрсдийн гэсэн дэг сургуулийг эргээд бий болгож, хөгжүүлж байна гэж хардаг. Жишээ нь, юмс яаж хувьсан өөрчлөгдөж чаддагийг “Хү” хамтлаг монгол туургатан байтугай дэлхийд харууллаа шүү дээ. Тиймээс монгол каунтри урсгал шинэ хэв маяг гаргаж чадна гэж найдаж байна.
-Дуучин Баатарын тоглолт өнгөрсөн Сар шинийн битүүний өдөр телевизээр олны хүртээл болсон. Та бүхний хүлээлтэд хэр хүрсэн бэ?
-Цар тахлын улмаас энэ ажил нэлээд удаж, хойшилсон л доо. Хүмүүс маш өндрөөр хүлээж авсан. Бидний хүлээлтийг давсан гэж хэлж болно. Хүмүүс Баатарын дуунд дуртай байгааг нь ойлгож байна. Монголчууд утга агуулга, аялгуу хөгжмөөр цангачихаж. Эдийн засаг доройтохын хэрээр хөгжим, уран бүтээл чанаргүй болсон юм байна. Цар тахалтай байсан хоёр жил гэлтгүй сүүлийн дөрөв, таван жилд бид “Унана”-г л сонслоо шүү дээ. Чанар үгүйлэгдэж эхэлсэн байна.
ЦУСАНД МИНЬ “МОНГОЛ” ГЭСЭН ӨГӨГДӨЛ БИЙ
-…Тоонот гэрт минь тогоогоо нэрээч, торомгорхон бүсгүй минь Аашны сайхан амтанд чинь автаад салахын аргагүй еэ Зөөлөн зөөлөн нэрэх галын чинь дөл зүрхний минь гүнд нь бадамлана Чимчигнэх уруул сэтгэлийг минь нэрнэ ээ…Энэ бол дуучин Баатарын “Сархад” дууны үг. Үнэнийг хэлэхэд хип хоп урлагийн төлөөлөл болсон таныг ийм шүлэг бичнэ гэж төсөөлөөгүй. “Сэтгэл нэрнэ” цомогт багтсан дуунуудаас ийм сэтгэгдэл төрүүлэх нь олон юм билээ.
-Би хотод өссөн л дөө. Нэрмэл гаргадаг тэр соёлыг сайн мэдэхгүй, үзээ ч үгүй. Гэхдээ цусанд минь “монгол” гэсэн өгөгдөл бий. Бид орчин үеийн хөгжил рүү тэмүүлэхдээ хэн гэдгээ мартаж болохгүй юм билээ. Жишээ нь, манай улс коммунизмыг сонгосноос хойш орос дарга нараар дамжин өндөр градус бүхий архины хэрэглээ, соёл нэвтэрч, архидан согтуурдаг болсон. Гэтэл үүнээс өмнө монголчуудын хэрэглэж байсан нэрмэл бол нандин, тансаг соёл. Солонгосчууд сөжү, япончууд сакэгаа уудаг шиг монгол сархдын хэрэглээ, уламжлалыг сурталчлах нь соёлын бодлого ч байх боломжтой. Энэ соёлыг шинэ үеийн залуучууд мэдэхгүй, ойлгохгүй байна. Эрүүлжүүлэх байр барихаас илүү бодитой ажил болж ч мэднэ. Энэ дууны үгийг бичихдээ ингэж л бодсон. Багаасаа үзсэн монгол кино, уншсан зохиол, сонсож өссөн ардын дуунууд гээд бүгдийг нь эргэцүүлж, эрэл хайгуул хийж бичсэн юм.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
-Олон улсын харилцааны мэргэжлээр Чех улсад төгссөн.
-Монгол каунтри урсгалыг санаачилсан Э.Бат-Үүл урлагийн мэдлэг, мэдрэмж өндөртэй нэгэн. Бас Монголын ардчиллын гол төлөөлөгч. Та ч АН-ыг дэмждэгээ ил тод илэрхийлдэг. Түүнийг Улаанбаатар хотын захирагч байхад та Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Та хоёрын зам хэзээ нийлсэн юм бэ?
-Тухайн үед Соёл, урлагийн газрын даргад олон хүн нэрээ дэвшүүлсэн. Алдартай, нэр хүндтэй хүмүүс ч байсан. Би 2008 оноос “I love new UB” гээд соёлын кампанит ажил эхлүүлчихсэн байлаа. Тиймээс ч тэр албан тушаалд өрсөлдсөн юм. Өрсөлдөж байгаа хүмүүст Э.Бат-Үүл дарга нэг л шаардлага тавьсан. Бидэнд “Төрийн албаны шалгалт өгчихөөд ир. Нэг дэх өдөр уулзъя” гэж хэлсэн. Шалгалтаа өгчихөөд очлоо. Гэтэл би ганцаараа шалгалт өгч, тэнцсэн юм билээ. Э.Бат-Үүл дарга “Эр хүний яриа хатуу байдаг. Би саналаа хэлсэн. Нэг л хүн биелүүлсэн байна” гээд намайг ажиллуулахаар болсон. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх том төлөвлөгөө түүнд байсан юм билээ. Ажлаа авсны дараа л мэдсэн юм. Соёл, урлагийн олон арга хэмжээг бид зохион байгуулсан. Монгол туургатны соёлын нийслэл нь Улаанбаатар учраас манлайлах учиртай байсан юм. Яагаад гэвэл, манайд ирдэг жуулчдын 50-иас дээш хувь нь монгол туургатан. Тэднийг татах бодлоготой байх ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Европ, Америк гэхээс илүү Улаан-Үд, Өвөр Монголоос ирдэг хүмүүсийг татах аялал жуулчлалын, урлагийн цогц арга хэмжээ хийе гэж бидний зам нэгдсэн. Улс төрийн гэхээс илүү урлагийн салбарт хамтарч, гар нийлж ажиллаж чадсан. Монгол каунтри урсгал бий болгох төслийг 2020 онд эхлүүлэхэд эргэж уулзаад л ажилласан. Гэхдээ манай багтай хамтарсан нь л 2020 он болохоос уг төслийн санааг бүр өмнө нь гаргаж, өөр хүмүүстэй ч ажиллаж байсан юм билээ.
-АН-ынхан “Найрсаг Улаанбаатар”, Ардын намынхан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ялгаа нь юу юм бэ?
-“Найрсаг Улаанбаатар”-ын үр дүн нь нийслэлийнхний орлогоор хэмжигдэж байсан. Жилдээ 500 мянган жуулчин авдаг, Улаанбаатар тэдний дамжин өнгөрөх цэг болдог. 70-80 хувь нь хөдөөг зорьдог. Гэтэл нийслэлд нэг жуулчин ганц хоноход 120 ам.долларыг дэлгүүр, такси, зочид буудал, ресторанд төлдөг гэсэн тооцоо бий. Усанд орчихоод Улаанбаатарыг орхиж байгаа жуулчныг дахиад нэг хонуулах л бодлого байсан. Тэгвэл 500 мянган жуулчнаас хэдэн төгрөг Улаанбаатарт үлдэх вэ. Дахиад жишээ хэлье. Наадмын нээлтийн ёслолыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх гэж 15 мянган хүн хүсэхэд ар, өврийн хаалгаар 1500 нь л тасалбар авдаг. Үлдсэн хүмүүс нь үзэж чаддаггүй. Тэдэнд харж, сонирхох юм хэрэгтэй биз дээ. Тиймээс тэдэнд зориулж “Best of morin khuur”, “Учиртай гурван толгой”, “Дээлтэй Монгол”, “Mongol dance” фестиваль, “Best of classics” гээд олон арга хэмжээг Төв талбайд зохион байгуулж, аялал жуулчлалын компаниудаа уриалж ажилласан. “Учиртай гурван толгой”-г тавихдаа 5000 суудал засахад 60 хувийг нь жуулчид дүүргэсэн. Тэр орой тэд Улаанбаатарт хэдэн доллар үлдээсэн бол. Үйлчилгээний байгууллагууд жуулчдаар орлогоо нэмэгдүүлж, нэг хувийг нь нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн. Тэд татвараа аз жаргалтайгаар төлдөг байсан. Тэрийг нь дараа жилийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад зарцуулах ёстой. “Найрсаг Улаанбаатар” бол ийм л хөтөлбөр. Харамсалтай нь, Ардын намынхан үүнийг олж хараагүй. Урлагийнханд мөнгө төлж байна гэж л шүүмжилсэн. Уран бүтээлчдийг ажиллуулсан бол хөлсийг нь өгөх ёстой. Ардын жүжигчин Э.Амартүвшин тухайн үед “BBC Cardiff singer of the world” уралдаанд түрүүлчихээд, Улаанбаатарт ирсэн өдрөө “Учиртай гурван толгой”-н Юндэнгийн дүрд шалгаран дуулсан. Ганцхан орой дуулуулаад түүнд 10 сая төгрөг өгч байсан юм. Яагаад уран бүтээлчдээ дэлхийн хэмжээнд үнэлж болохгүй гэж. Нөгөө нэг хувийн татварыг юунд зарцуулсныг нь хэн ч мэдэхгүй. Хотын дарга нарын тансаглалд зарцуулж байхыг үгүйсгэхгүй. Ер нь аливаа фестивалийг багадаа 10 жилийн турш тогтвортой зохион байгуулж байж Риогийн карнавал шиг жуулчдыг татдаг болно. Даншиг наадам, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг гуравхан жил зохион байгуулаад, “амилаагүй” байхад нь зогсоосон.
ХӨГЖИМ ӨӨРЧЛӨГДӨЖ БОЛОХ Ч ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ХУВИРШГҮЙ
-Та АН-ын гишүүн биш юм уу?
-Төрийн албанд орохдоо намаасаа түдгэлзээд, дахин элсээгүй л байна. Гэхдээ би үзэл бодол, бүх зүйлээрээ АН-ыг дэмждэг.
-АН хоёр хуваагдчихаад, эргэж нийлэх зай үлдээгүй мэт тэмцэлдэж байна. Танд юу бодогдож байна вэ?
-АН засгийн эрхийг атгаж байхдаа үзэл санаа, баримтлалын хувьд ялгарч чадаагүй. Зөвхөн эрх мэдлийн татах хүчээр цугларсан гишүүдээр дүүрчихсэн байсан. Одоо маш том шигшилт явагдаж, цэвэрлэгдэж байна. Үүний дараа АН-ын жинхэнэ үзэл баримтлал тодорч үлдэн, төрийн бодлогыг үргэлжлүүлэн авч явах залуучууд цугларах байх. Нуугдсан дарангуйлагчдаа илчилж, Монголын ардчилал бөхөх болоогүйг АН үйл хэргээрээ харуулж, босоод ирэх биз. Үүгээр 30 жилийн өмнөх шиг, дахин бэхжих боломж бүрдэнэ. Энэ бол хагарлынх нь давуу тал. Харин сул талыг нь хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр энэ улсад сөрөг хүчин алга. Д.Монголхүү, Э.Одбаяр гээд нам хамаарахгүйгээр иргэд нь л сөрөг хүчин болж байна. Мэдээж эдийн засаг, улс төрийн алдагдсан боломж зөндөө бий. Тэрийг тооцоолох боломжгүй. Монгол Улс хохирч байгаа нь үнэн. Төсвийн замбараагүй, хяналтгүй зарцуулалт, хууль, хүчний салбарынхны дураараа авирлаж буй байдал, хуулийг хоёрдугаарт, дарга нарын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг дарга ангитай нийгмийг үүсгэчихлээ шүү дээ.
-Ардчиллыг хайрлах, эрх чөлөөг хүсэх эрмэлзэл, үзэл санаа танд хэдий үеэс бүрэлдсэн юм бэ?
-Хип хопын мөн чанар нь эрх чөлөөний төлөөх тэмцэл. Тэмцэл дээр сүнс нь амилдаг, үзэл санаа, эрх чөлөөний бэлгэ тэмдэг юм. Би хип хопод дурласан цагаасаа ардчилал, эрх чөлөөг хайрласан. Энэ мөн чанар, тэмцэл нь алга болж, “Унана” гэж дуулаад ирэхийн цагт хип хоп үгүй болчихож байгаа юм. Хип хоп бол ковер дууны шоунд ордог урсгал биш. Энэ бол үг хэлэх эрх чөлөө. Хип хопын үг улстөрчийнхөөс хэд дахин хүчтэй. Тиймээс хип хопын хөгжил чухал. Энэ талбар дахь арилжааны шинжтэй үзэгдлүүд түр зуурынх. Сонсож, дуулж байсан хүмүүс нь их сургуульд ч юм уу ороод, үзэл бодол нь тогтоод ирэхээр хамтлаг нь алга болчихдог шүү дээ. Үзэл санаагаа дуулдаг репперүүд бол өөр. Америкийн репперүүд 50, 60 нас хүртлээ дуулж л байна. Хөгжим өөрчлөгдөж болох ч үзэл баримтлал хувиршгүй.
-Монголчууд бидэнд тэмцэл, үзэл санаа гэж ер нь байна уу?
-Нийгмийн сүлжээг харвал залуучууд өөрийн гэсэн байр суурьтай болж эхэлж байна. Өнөөдрийн төрийг хараад байр суурьтай болохоос аргагүйд хүрч байгаа болов уу. Байр суурьтай, үзэл санаатай хүн ямар сонголт хийх нь ойлгомжтой. Тэд нөлөөнд автахгүй болно. Өнөөдрийн эрх баригчид, Ардын намынхны хийж буй буян гэвэл үзэл бодлоо худалдвал ийм новшийн байдалд хүрнэ шүү гэдгийг бодитоор харуулж байгаа явдал.
-Та илүү эерэг, өөдрөгөөр хараад байх шиг. Үзэл бодол, саналаа худалддаг хэсэг нь хавьгүй их байгаа учраас л ийм өөдгүй хүмүүс төрд дараалан гарч ирээд байгаа юм биш үү?
-Мэдээж сөрөг тал бий. Тэр нь ядуурал, тэр дундаа оюуны ядуурал. Тиймээс бид нийгмийн сүлжээгээр, дуу хөгжмөөр дамжуулан үүнийг байнга хэлж, тэмцэх хэрэгтэй. Энэ л бидний тэмцэл. Дайн ямар хор уршигтайг манай залуучууд мэдэрч байгаа байх. “Социализм гоё байлаа” гэж хэлж чадахааргүй боллоо шүү дээ. Хэдхэн сарын өмнө тэгж хэлдэг байлаа. Ийм том өөрчлөлт айсуй.
ДАРГА ЦАРАЙЛЖ ЯВАХААС ИЧДЭГ БАЙЛАА
-Монголын ардчиллыг “дүр эсгэсэн” гэж тодорхойлдогтой та санал нийлдэг үү?
-Хүнээр зүйрлэвэл манай ардчилал бойтогтой хүүхэд юм. Уг нь төр иргэндээ л үйлчлэх ёстой. Татварын мөнгийг нь зөв, зохистой захиран зарцуулж, бодлогоороо өрсөлддөг, үйлчилгээний салбар юм. Харин манай өнөөдрийн нийгэмд төрийг хүндлэх, дээдлэх ёс, агуулга амьд оршсоор байна. Өөрөөр хэлбэл, төр гэдгийг “дарга анги”, бидний дээр байдаг зүйл гэж бодсон хэвээр. Магадгүй 10 жилийн дараа энэ бодол өөрчлөгдөх үед Монголын ардчилал насанд хүрэх байх.
-Арай л удаж байж том болж байгаа юм биш үү?
-Америкийн ардчилал бойжих гэж 100 жил болсон шүү дээ. Бид харин ч хурдны галт тэргэнд суучихаад байна. Ардчилал мөхвөл юу болдгийг нүдээрээ харж сууна. Сөрөг хүчин байхгүй бол яадгийг сая цар тахал нөмөрсөн хоёр жилийн хугацаанд мэдэрлээ. Тэр их хандив, тусламжийг гарынхаа салаагаар урсгаж байгаа мэт замбараагүй хэрэглэж, үгээ хэлсэн иргэдийг яагаад шоронд хорьж, хүний эрхийг уландаа гишгэж байгаа юм бэ.
-Та төрийн албанд, дарга ангийн эгнээнд шилжиж очоод ямар мэдрэмж авч байв?
-Тэр үед би дороо 10 “цэрэг”-тэй, дээрээ 10 даргатай “цэрэг” байсан. Төрийн албанд ажилласнаа цэргийн алба хаасантай адилтгаж боддог. Амьдралдаа үзэх л ёстой зүйл байсан. Тэнд их зүйл сурч, хариуцлагатай ажилласан. Тэгэхдээ дарга царайлж явахаас үнэхээр ичдэг байлаа. Тиймээс ч хүмүүст дандаа үйлчилж ажилласан. Ажлынхаа, салбарынхаа залуустай үе тэнгийн найзууд шиг л хамтдаа хүчин зүтгэсэн. Тиймээс одоо миний тоглолтын арын албыг тухайн үед надтай ажиллаж байсан залуучууд даагаад явж байна.
-Сонгуулийн дараа урлагийнхан тодорхой албан тушаалд очдог. Таныг Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга болоход ч шивэр авир хийж л байсан.
-Ажлынх нь үр дүнгээр хэмжээд үзэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, би ажиллаж чадсан. Ардын намынхан чадаагүй. Намайг дарга байхад Төв талбайд соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол өнөөдөр хүмүүсийг баривчилдаг болсон. Сүхбаатарын талбайг одоо цагдаа нар манаж байна. Тэр талбай шоронгийн өмнөх индэр болж хувирлаа. Ийм л ялгаа байна. Соёл урлагийн үйл ажиллагааны төсвөө ч батлуулж чадаагүй шүү дээ. Юу ч хийгээгүй. Дөрвөн жил “хаасан” цэргийн албанд дахин явах сонирхол одоогоор надад алга. Ер нь би дарга болж дэвшээгүй, доошилсон гэж боддог. Тэнд юм сурсан, юу хийж чаддагаа харуулсандаа сэтгэл хангалуун байдаг.
-Сонгуулиар урлагийнхан улс төрийн намд хүчин зүтгэдэг. Инфлүүнсэр гэгддэг хүмүүсийн зарим нь ил цагаан худалдагдчихдаг.
-Би АН-ыг дэмжиж нөлөөллийн ажил байнга хийж ирсэн. Цаашдаа ч хийнэ. Миний тэмцлийн хэлбэр, хийж чадах зүйлсийн маань нэг нь энэ. Бас миний хийх дуртай ажил минь юм. Тодорхой хэмжээний орлого ч олдог. Дуртай ажлаа хийгээд орлого олох сайхан шүү дээ. Харин дургүй ажлаараа орлого олж байгаа нь ямар новшийн болохыг өнөөдрийн инфлүүнсэрүүд мэдрээд сууж байгаа биз. Тэд дахин тийм алдаа хийхгүй байх гэж итгэж байна. Инфлүүнсэр гэдэг чинь үзэл санаагаараа хүмүүсийн хүндэтгэлийг олж аваад, тэрийгээ аль нэг улс төрийн намд зарахыг хэлдэггүй юм. Энэ бол наймаачин, ченж болж буйгаас өөрцгүй. Тэр наймаачинд хүндэтгэл гэж зүйл үгүй болох үед үнэгүй ажиллая гэсэн ч улс төрийн нам тоохгүй.
-Хип хопынхныг “гудамжны” гэх тодорхойлох үе байсан. Учир нь юу юм бол?
-2000-аад оны үед тэгж ярьдаг байсан. Гэхдээ гудамж бол бидэнд хамгийн ойр зүйл. Бид өдөр бүр гэрээсээ гараад гудамжтай нүүр тулдаг. Тэр л ойр мэдрэмж гудамжных байдаг. Гэхдээ тухайн үед гудамжны гэдгийг гуйлгачин гэж төсөөлдөг байсан юм. Харин өнөөдөр гудамж гэдгийг миний дотнын зүйл гэсэн утгаар шинэ үе хүлээн авч байна. Тэнд худлаа үг дуулбал дотно биш болно. Үнэн, худлаараа ялгараад эхэлнэ. Гэхдээ шинэ үеийнхний мэдрэмжийг би сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн үзэл санаа, үзэл баримтлал уран бүтээлээс нь харагддаггүй. Монголын хөгжмийн зах зээл хангалттай орлого олдоггүй учраас хэн дуртай нь өсвөр насандаа оролдоод, хаяад гараад явдаг орц шиг болчихсон. Хөгжмийн бизнес хөгжөөд, иргэд нь талхны мөнгө олох гэж тархиа гашилгадаггүй, дуунд, урлагт мөнгө төлдөг болбол жинхэнэ авьяастнууд нь үлдэнэ. Цаг зуурын л асуудал.
-Та амьд хөгжмийн “Капитал” хамтлагийг байгуулсан юм уу, эсвэл тэдэнтэй сүүлд нэгдсэн юм уу?
-Би JCI байгууллагын “Капитал” салбарын гишүүн юм. Энэ салбарын хөгжим сонирхдог залуучууд нэгдээд, чөлөөт цагаараа буюу хоббигоороо тоглодог амьд хөгжмийн хамтлаг байгуулсан нь “Капитал”. Эхлээд бид байгууллагынхаа арга хэмжээнүүд дээр ковер дуу дуулдаг байлаа. 2018 оноос өөрсдийн гэсэн дуу гаргаж явахаар болсон нь өнөөдрийн “Капитал” хамтлаг юм. Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн дүр төрх бий болгоод л явж байна. Их амттай ажил л даа.
-Танай хамтлагийн “Шаргын говийн ялаа” сонирхолтой нэртэй дуу шүү.
-Зарим нь ялааны тухай дуу гэж боддог байж магадгүй. Үнэндээ биднийг дэлхийн, эсвэл Шаргын говийн нүдээр харвал арай том биетэй ялаа л байхгүй юу. Бүхнийг логикоор илэрхийлэхээс илүү тухайн нөхцөл дэх миний, таны мэдрэмж бас чухал шүү дээ. Энэ чинь л урлаг биз дээ. Ингэхэд “Шаргын говийн ялаа”-г өмнөд хөршид хятад уран бүтээлч хятадаар дуулах гэж байгаа. Магадгүй энэ дуу дэлхийд биш юм гэхэд Хятадаас орлого олох том гүүр байж болох юм.