Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлыг энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Тэрээр, "Насанд хүрэгчид 19 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: эрүүл мэнд, бие бялдрын үнэлгээ, артерын даралт хэмжих”, лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, глюкоз, ПАП сорил”, гепатит B,C, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаанхоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийхээр товлосон" гэв.
Харин 18 хүртэлх насны хүүхэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, халдварт бус өвчин болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн үзлэгээр: амны хөндий, нүдний үзлэг, сүрьеэгийн үзлэг хийнэ.
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-69 хувь бууруулна гэжээ. Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11,2-12,3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.
Эрүүл мэндийн сайдын танилцуулгатай холбогдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.