Гэмт хэргийн зард гарсан бүлгийнхний (“Коза ностра”) гарт амиа алдсан хөвүүний гэр бүлд 2.3 сая ам.доллар өгөх шийдвэрийг Палермо (Итали)-гийн шүүх гаргажээ. Хүүгийн эцэг, эхэд учруулсан хохирлыг ийм хэмжээний мөнгөөр үнэлсэн гэсэн үг. Мафийнхан хүүхдийг хоёр жил гаруй хугацаанд барьцаанд байлган, тамлаж, цогцсыг нь хүчилд хийж уусгажээ. Гэмт хэргийн зохион байгуулалттай бүлгийн хамтран зүтгэгч нь байснаа урваж, эрх баригчдын мэдээлэгч болсон эцгийг нь ийн шийтгэхээр шийдсэн байна. Энэ бол Сицилийн мафийн үйлдсэн хамгийн дуулиантай, бузар гэмт хэргийн нэг. “Толгойлогчдын толгойлогч” нь баривчлагдаж, амиа алдсанаар хүчирхэг байдал нь суларсан мафийн төгсгөлийн эхлэл нь энэ болсон гэлтэй. 11 настай Жузеппе ди Маттеог 1993 онд хулгайлсан байна. Энэ бяцхан хүү хэн нэгэнд гэм хортой үйлдэл хийж амжаагүй. Харин эцэг нь хийчихсэн байв. Эцэг Сантино ди Маттео нь “Коза ностра”-гийн (мафи) гишүүн байжээ. Тэрбээр 1992 онд тус бүлгийн үйлдсэн нэгэн аллагын талаар мэдүүлэг өгөхдөө болгоомжгүй ханджээ. Тэр аллагад мафийн эсрэг тууштай тэмцэж нэрд гарсан шүүгч Жованни Фальконе өртжээ. Тэрбээр машинаар явж байхад нь зам дээр дэлбэрэх төхөөрөмж тавьсан байснаас гэргий болон хамгаалагч гурван цагдаагийн хамт амиа алдсан аж. Мафийн бүлгийг толгойлж байсан “араатан” хочит Тото Риина гэгч тушаал өгч, “гахай” хочит Жованни Бруска хэмээгч гар, хөл болсон этгээд нь уг хэргийг гүйцэтгэжээ. Энэхүү “гахай” 200 удаа ийм хэрэг үйлдсэн юм байна. Уг үйл явдал мафи, эрх баригч хоёрын хооронд өршөөлгүй дайныг эхлүүлэв. Фальконе амиа алдаад хоёр сар ч болоогүй байхад дээрх бүлэг түүний хамтран зүтгэгч Паоло Борселлиног бас дэлбэлж хөнөөлөө. Түүнтэй хамт явсан таван цагдаа мөн амиа алдсан байна. Палермо хотын нисэх онгоцны буудлыг Фальконе, Борселлино нарын дурсгалыг хүндэтгэж тэдний нэрэмжит болгожээ.
1993 оны нэгдүгээр сард Риинаг баривчлав. Үүний дараа цуврал аллага Итали орныг доргиов. Риинаг баривчилсанд талархаж байгаагаа илэрхийлсэн телевизийн хөтлөгч Маурицио Костанцо золтой л амиа алдчихсангүй. Дээрэмчид хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу довтолж, уран зургийн үзэсгэлэн, сүм хийдүүд рүү дайрав. Сантиног 1993 оны зургадугаар сард хүчнийхэн баривчилжээ. Фальконег алахаар явсан хүмүүсийн тэргүүн эгнээнд байсан тэрбээр мөрдөн байцаах ажиллагаанд туслахыг зөвшөөрчээ. Мафийн бүлэг мэдээж түүнийг урвасанд маш таагүй хандаж, Сантиног мэдүүлэг өгөхөөс татгалзахыг шаардав. Гэтэл Сантино зөвшөөрөөгүй тул мафи машид хатуу харгис хандахаар шийджээ. Ингээд юуны түрүүнд түүний хүү санаанд нь орж, Риинагийн тушаалаар байж таарна, Бруска өөрийн гараар хүүхдийг хулгайлсан байна. Гэмт хэрэгтнүүд хүүг 800 өдөр саатуулж, тамлажээ. Хүүхэд өршөөлгүй этгээдүүдийн гарт байгааг үл харгалзан Фальконег алсных нь төлөө Брускад бүх насаар нь хорих ял шүүх эчнээ өгсөн байна. Үүний төлөө Бруска барьцааны хүүг устгаж, цогцсыг нь хүчилд хийжээ. Гэрч баримтыг ингэж устгах явдал Италийн гэмт хэргийн ертөнцөд ихээхэн түгээмэл байдаг юм. “Хүүр байхгүй бол хэрэг байхгүй” гэдэгчлэн ийм арга оршуулах “төвөгтэй” ажлаас дайсан этгээдээ чөлөөлдөг гэж биенээ тавлацгаадаг аж. Жузеппегийн үхэл Итали орныг цочроов. Учир нь хэдийгээр ягштал баримталдаггүй ч гэсэн эмэгтэйчүүд, хүүхдийн аминд хүрэхгүй байх нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн нэр төрийн зарчимд тооцогддог. Тэгэхдээ энэ зарчмыг эцэг Сантино ч сул амнаасаа болж зөрчсөн нь зайлах аргагүй үнэн. Харин шүүгчийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад тэрбээр тусалсны дээр шоронд чамлахааргүй удаан сууж, 2002 онд суллагдсан байдаг. Тэгээд Сантино Сицили рүү гэргий, эцэг хоёр дээрээ ирэв. Тэгэхэд “The Guardian” сонинд “Ди Маттео хоёр долоо хоногийн өмнө шоронгоос гарч ирээд ер юу ч болоогүй юм шиг аж төрж байх юм. Тэрбээр төв талбайгаар салхинд алхаж, кофе ууж, сонин уншиж байна. Түүнийг бүгд таньж байгаа ч хэн ч үл талархана” гэж олны дургүйцлийг илэрхийлсэн. Тэгвэл “La Repub¬lica”-д “Коза ностра”-гаас урвагч бол хөдөлж буй үхдэл гэдгийг Сицилид хүн бүр мэднэ” гэж бичжээ. Харилцан тохиролцсон ёсоор Сантиног цагдаагийн байгууллага хамгаалахгүй байхаар болжээ. Түүний цорын ганц хамгаалалт нь Палермогоос урагш ууланд оршдог тосгон дахь гэрийнх нь төмөр хашаа, хоёр нохой л байлаа. Сантиног шүүгч Фальконег алахад оролцсон дөрвөн хэрэгтний нь хамт сулласан нь хохирогчийн төрөл төрөгсдийн дургүйг хүргэж байв. Тэд гэмт хэрэгтнийг хариуцлагаас мултрах боломж олгож байна гэж үзэж, мэдээлэгчдийн тогтолцоог шүүмжилжээ. Түүнээс гадна тэр мэдээлэгчдийн мэдүүлэг худал байх нь цөөнгүй. Ташрамд өгүүлэхэд, суллагдсан таваас ганц Сантино л гэр лүүгээ явж зүрхэлсэн байна. Бусад нь нутгаасаа хол очиж, нэрээ сольсон нь дээр гэж үзжээ.
Сантино нэг удаа сурвалжлагчийн асуултад хариулахдаа хүүгийнхээ амийг хөнөөлгөсөнд өөрийгөө хэзээ ч уучлахгүй гэдгээ хүлээсэн байна. “Энэ тухай бодохгүй өдөр надад байдаггүй. Хүүхдэд ингэж хэрцгий харгис хандаж яаж чадаж байна аа. Жузеппе минь тэдний хүүхдүүдтэй тоглож байсан. Бруска чинь хүүд минь тоглоом авч өгч байсан юм шүү дээ” гэж хэлжээ. Тэрбээр хүүгээ өөр шиг нь гэмт хэргийн бүлгийн хүн болохгүй гэдэгт итгэдэг байж. Хүү амьтанд хайртай, малын эмч болохыг хүсдэг байжээ. Палермогийн шүүхийн шийдвэрээр олгох мөнгийг хүүгийн ээж, ах хоёр нь авна. Ял авсан хүмүүсийн дансанд байгаа хадгаламжийг шүүхийн шийдвэрээр улсынх болгосон тул уг мөнгийг тэд төлөхгүй, мафийн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах Засгийн газрын тусгай сангаас гаргана. Бруска одоо ялаа эдлэхийн хажуугаар эрх баригчидтай хамтран ажиллаж байна. Риинаг баривчлагдсанаас хойш, өөрөө 1996 онд баривчлагдах хүртлээ тэрбээр гэмт хэргийн бүлгийнхээ хамгийн хүчирхэг толгойлогч нь байсан гэдэг. Риина 26 дахин бүх насаараа хоригдох шийтгэл хүлээсэн, түүнийг багаар бодоход 150 аллагын хэрэгт холбоотой гэж үзсэн байна. Энэ этгээд онцгой бусармаг хэрцгий алуурчин байсан бөгөөд өөрт нь саад боллоо гэж үзвэл шүүгч, прокурор, сэтгүүлч, ер хэнийг ч хайрладаггүй байжээ. Хулгайлсан бизнесмений хоолойг боохыг Тото өөрийн 17 настай хүүдээ тушааж байсан аж. Тэгээд хүүгээ гэмт хэргийн бүлгийнхээ гишүүн болгож байж. Үндсэндээ Корлеонегийн гэр бүлийн тэргүүн болчихоод байхдаа 1970-аад оны дундуур эрх мэдэлд хүрчээ. Вьетнамын дайны дараа АНУ руу нийлүүлдэг хар тамхины худалдааны төв нь Сицили болоход Риина энэ бизнест хөл тавьсан байна. Тэрбээр шинэ холбоо байгуулж, үхлийн эскадроныг ашиглан цуст эргэлт зохион байгуулсан гэж мафийн асуудлаар шинжээчийн зиндаанд очсон Жон Дики ярьсан байдаг. “Тэр өрсөлдөгчдөө, ер нь бүгдийг, хэдэн зуугаар нь алж, Палермод ердөө л “цэвэрлэгээ” хийж байсан” гэж Дики нэмж хэлсэн аж. Барагцаалбал, 40 жил тэр “боссын босс” явжээ. Мафийн толгойлогч, хорт хавдар өвчтэй Риина 2017 онд 87 насандаа шоронгийн эмнэлэгт амьсгал хураасан байна. Амиа алдсан Жузеппегийн эх хүүгээ мафийг ялсан гэж нэгэнтээ хэлсэн гэдэг. Тэрбээр “Түүний минь ачаар мафи бүрэн биш юм гэхэд 70 хувь устсан гэж би боддог” хэмээжээ.
Сицилийн мафи одоо цагт олон арван жилийн өмнөх шигээ нөлөөтэй байхаа больсон гэж үзэх хангалттай үндэслэл бий хэмээн “The Guardian” сонинд бичсэн. Шоронгийн өрөөнөөс байгууллагаа удирдах гэж бүтэлгүй оролдсон Риина үүнд зарим талаар буруутай юм. Оксфордын их сургуулийн багш, зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлаарх мэргэжилтэн Федерико Варезегийн үнэлснээр түүний үхэл “бүтэн эриний төгсгөлийг эхлүүлсэн”. “Түүнийг Колумбийн хар тамхины барон Пабло Эскобартай зүйрлэж болно. Тэд хоёул төртэйгөө тэрсэлдэж, хариу цохилт хүлээсэн юм” гэж дээр өгүүлсэн багш-шинжээч тэмдэглэсэн байна. Италид “Коза ностра”-гийн хорлонт үйлийг олон арван жил үргэлжилсэн тэмцлийн дүнд ямар нэг байдлаар зогсоож чадсан юм. Тус байгууллага нууц байдалд орохоос аргагүй болж, тактикаа өөрчилж, эрх баригчидтай халз нүүр тулахаас зайлсхийх болжээ. Энэ мафи сүр дуулиантай, харгис хэрцгий аллагаас түдгэлзэж, хээл хахуулийг илүүд үзэх болсон байна. Гэмт хэргийн нэгдэл Сицилийн зарим хэсэгт хүмүүсийн амьдралын нийгэм, эдийн засгийн талд нөлөө үзүүлж оршин тогтносоор байна. Тэгэхдээ өнөө цагт өнгөрсөн үед байсныхаа сүүдэр төдий болжээ. Энэ бүхэн бол хар тамхины хууль бус наймааны зах зээл дээр ноёрхох бололцоог нь тасалж хаясан Италийн цагдаагийн болон прокурорын байгууллагын гавьяа юм.
Гэхдээ “Коза ностра”-г бүрэн ялсан гэж хэлэхэд одоогоор эртэднэ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газрын удирдагч Жузеппе Говерналын мэдэгдсэнээр Тотогийн үхэл мафийн гишүүдийг шинэ толгойлогчийн эрэл рүү түлхэж байж мэднэ. Энэ суудалд Риинагийн ойрын хүмүүсээс амьд, эрх чөлөөтэй яваа цөөн “зүтгэлтэн”-ий нэг Маттео Мессина Денаро өрсөлдөхөөр зэхэж байж болзошгүй. Говерналын хэлснээр “Мафи суларсан ч өндийх боломж олгох нөхцөл нь хадгалагдсаар” байгаа юм. Тийм болохоор мафитай хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах тухайд Италийн хууль сахиулах байгууллагууд одоогоор мөрөөдөж л болох юм биз. Америк мафийн халдлагыг тас цохихыг хичээвч түүний байр байдал ялангуяа АНУ-ын зүүн хойт нутагт, түүнчлэн Чикагод урьдын адил бат бөх хэвээр буй. Тухайлбал, цагтаа “Надад 3000 жил хорих ял өгсөн ч тэд намайг нугалж, хугалж чадахгүй” гэж хэлж байсан Тото өөрөө ч мафи амьдрах чадалтайд итгэж байсан гэдэг.
Бэлтгэсэн Р.Жаргалант