Монгол Улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд “түрүүлэх” хэмжээнд бичигдсээр олон жил болсон. Элэг, ходоодны хавдрын өвчлөл, энэ шалтгаант нас баралтаар бол эхний нэг, хоёрдугаарт явна. Гурван сая гаруйхан хүн амын дундах хавдрын өвчлөл 15 000 хол давж, тэдний 5000 гаруй нь жил бүр хорвоог орхиж байгаа нь эмгэнэл. Жил бүр 7000 давах хэмжээний хавдрын тохиолдол шинээр бүртгэгдэж байгаагийн 80 орчим хувь нь хожуу шатандаа илэрч, тэр хэрээр зүрх шимшрэм статистик хөвөрнө. Уг нь хавдар бол эдгэрэх боломжтой өвчин. Ердөө хагас зууны өмнө хорт хавдрыг эдгэрэшгүй өвчинд тооцож байлаа. Тэр үед хавдартай гэсэн онош сонссон хэн боловч цаг бусаар хорвоог орхих өдрөө хүлээдэг байсан бол өнөө цагт харин шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд хүн төрөлхтөн хавдар хэмээх өвчнийг ялан дийлж, бүрэн эмчилж чадаж байна. Энэ бол гайхамшиг юм. Гэхдээ ужгирахаараа дийлддэггүй хорт хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал тэр гайхамшгийг үзэж, мэдрэх болно. Эл өвчнийг ялан дийлэгч, даван туулагчдыг эгэл баатар хэмээн олон улсад хүндэлж, үлгэр дуурайл болгодог юм билээ. Хорт хавдрыг ялан дийлээд, хорвоод дахин “төрж” гайхамшигт түүхээ бүтээж яваа эгэл баатар гурван хүнийг танилцуулъя. Хавдрыг эрт илрүүлэх нь ямар чухлыг өөрийн амьдралаар баталсан тэд олон хүнд итгэл найдвар бэлэглэсээр байна.
“Би одоо ажлаа хийгээд, илүү эрч хүчтэй амьдарч байна”
Умайн хүзүүний хорт хавдар, эл шалтгаант нас баралтаар манай улс Зүүн Азийн бүсдээ тэргүүлж буй. Энэ төрлийн хавдрын тохиолдол жилд дунджаар 400 бүртгэгдэж байгаагаас 40-50 хувь нь хожуу шатандаа орсон байдгийг ХСҮТ-ийн мэдээлэлд дурджээ. Засгийн газраас 2012 оноос хэрэгжүүлж буй хөх болон умайн хүзүүний хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд 30-60 насныхныг эсийн шинжилгээнд хамруулж ирсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх товлолт эл үзлэгт хамрагдсан дундаж хувь нь 40 хүрэхгүй байгаа нь хангалтгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолдог. Энэхүү үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдсанаар өвчнөө эрт үед нь илрүүлэн, эмчилгээ хийлгэсэн хүн олон. Тэдний нэг болох А.Ганцэцэг 2020 онд умайн хүзүүний хорт хавдартай гэдгээ мэджээ.
-Хавдар илэрсэн талаарх мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд 54 насандаа товлолт үзлэгт хамрагдан, өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгсөн юм. Тэгтэл ХСҮТ-д нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн. Ингээд л “Умайн хүзүүний хорт хавдрын 2в шат” гэж оношлогдсон. Хэрэв тэр шинжилгээг өгөөгүй бол өдийд эцсийн шатандаа орчихсон, эмчлэгдэх боломжгүй байсан гэж боддог. Уг нь 51 насандаа эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах ёстой гэж мэдэж байсан ч би эмнэлэгт очоогүй. Тэр үед шинжилгээгээр ийм өвчин эхэлж байгааг мэдэх боломжийг алдсан нь харамсалтай. Хорт хавдартай гэсэн онош сонсох үнэхээр хэцүү. Цусны даралт 190 хүрчихсэн байсныг ч мэдээгүй. Юу болоод байгааг анзаарах сөхөөгүй явсаар долоо хоногт 11 кг жин хассан байсан. Ээжийн минь нэг эгч 1981 онд умайн хүзүүний хавдраар нас барж, түүний охин мөн энэ шалтгаанаар 1996 онд өнгөрсөн юм. Ийм уй гашууг үзэж, мэдэрсэн болохоор би “Амьдрал минь бүрхэг болжээ” гэж бодоод маш их хямарсан. Оношоо сонсчихоод Хавдрын эмнэлгээс гараад явахад нулимс зүгээр л асгараад байсан. Өөрийн эрхгүй л “Энэ амьдралаа би хэрхэн өнгөрүүлж, өөртөө яаж хандаж ирэв. Юунаас болж хавдар үүсэв” гэж бодогдсон. 1990-ээд оны эхэнд нийгэм өөрчлөгдөж, хоол хүнс хомсдож, картын бараагаар амьдралаа залгуулж эхлэхэд би 20 гаруйхан настай, гурван хүүхэдтэй байлаа. Нөхөр маань ч, би ч эрхэлсэн ажилгүй болсон. Тэгж байтал жирэмсэн болжээ, аргагүйн эрхэд үр хөндүүллээ. Энэ мэтээр хэдэнтээ давтагдав. Хавдар юунаас болов гээд бодоход л хамгийн түрүүнд энэ бүхэн санаанд бууж байгаа юм. Хүн өвчнөө өөрөө халбагаддаг гэдэг. Хатуу үнэн шүү. Дуртайгаа идэж, ууж зохисгүй хэрэглээтэй явжээ, жин ч ихтэй байж. Амьдралын хэв маяг буруу, нойр, хоолны дэглэм алдагдсан, ажлын ачааллаа тохируулаагүй гэхчлэн бодлоо, үр хүүхдүүдээ сургуулийг нь төгсгөх ёстой, ингэнэ тэгнэ гэж гүйсээр, улс үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриалаад байхад ч хойрго хандаж энэ биеэ хайрлаж, арчилж чадаагүй өөртөө л гомдсон.
-Та ямар эмчилгээ хийлгэсэн бэ. Эмч танд “Одоо эмчилгээ дууслаа” гэхэд юу мэдэрсэн бол?
-Эмч маань “Та харьцангуй эрт үедээ оношлогдсон учраас бүрэн эдгэрэх боломжтой. Гагцхүү гам сайн барьж, эмч нарын зааврыг дагаж, хамтдаа үр дүнд хүрэх ёстой” гэхэд надад итгэл төрж, сэтгэл тайвширсан. Хавдартай хүн айж, бухимдалгүй нөхцөл байдлыг зөв, тайван хүлээн авч, өөрийгөө удирдах нь чухал юм билээ. Эмч нарынхаа зөвлөж, чиглүүлснээр химийн болон туяа эмчилгээ хийлгэсэн. Ээжийн минь эгч 1981 онд хавдрын туяа эмчилгээнд орсны дараа биеийг нь харахад яг түлэгдсэн мах шиг харагдаж байсан юм. Би өөрийгөө тийм болох байх гэж төсөөлсөн. Техник, технологи өндөр хөгжиж байгааг мэдэрлээ. Надад ямар нэгэн гаж нөлөө, өөрчлөлт, хүндрэл илрээгүй. Манай ХСҮТ эмчилгээний дэвшилт технологиудыг нэвтрүүлж байгаа нь өвчтөнүүдийн хувьд талархууштай зүйл. Энэ ташрамд, ХСҮТ-ийн Баярмаа, Эрдэнэтуяа болон бусад эмч, мэргэжилтэнд талархлаа дахин илэрхийлье. “Таны хавдрын хэмжээ тэг болсон байна” гэж эмч маань хэлэхэд би үнэхээр баярласан. Тэгээд энэ өвчнийг сэдрээхгүй, дахиулахгүйн тулд хичээх хэрэгтэй шүү гэж өөртөө хэлсэн. Эмчилгээ дуусах нэг хэрэг. Дахиж өвдөхгүй байх нь бас чухал асуудал.
-Мэс засал, химийн болон туяа эмчилгээний дараах арчилгаа, сувилгаа, дэглэм сахихад хувь хүнээс ихээхэн зүйл хамаардаг. Энэ талаарх туршлагаасаа хуваалцаач.
-Үнэхээр чухал асуудал хөндлөө. Манай ХСҮТ, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол, туршлага нь эргэлзээгүй сайн юм билээ. Харин хавдрын дараах үйлчилгээ, сувилгаа манай улсад дутмаг санагдсан. Тиймээс өөрөө л хичээж, эмчийн зөвлөгөөг ягштал дагаж, гамтай байх хэрэгтэй. Хүн өвдөхөөрөө л их “ухаажиж”, өөрт хэрэгтэй мэдээллийг эрж хайдаг юм байна. Оношийнхоо талаар, хавдрын тухай, эдгээрийг хэрхэн давах, юу сайн, яавал хурдан тэнхэрч, эдгэрэх вэ гэхчлэн мэдээллийг интернэт, нийгмийн сүлжээ, даван туулагчдаас гээд олон сувгаар, зөв, цэгцтэй авахыг хичээдэг. Хүмүүсийн сайн гэсэн болгоныг шүүрэлгүй, өөрт тохирохыг олж хэрэглээд дархлаагаа дэмжээд явсан. Ямар ч тохиолдолд шинжлэх ухаанч хандлага чухал. Намайг эмчилгээ хийлгэж байх үед нэг залуухан бүсгүй байсан, минийхтэй адил оноштой. Эмнэлгээр биш, шашин, сүсэг бишрэлээ дагавал эдгэнэ гэж нэг хүн хэлсэнд итгээд тэр чиглэлээр явсан. Одоо биеийн байдал нь тун хүнд байгаа гэсэн.
Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Хорт хавдрын эмчилгээний зардлын нэлээд хувийг даатгалын сангаас гаргадаг юм билээ. Өвчтөнд эдийн засгийн дарамт багатай гэсэн үг. Уг нь улсаас энэ мэтээр иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй мөнгө зарцуулж, хөтөлбөр хэрэгжүүлж байхад бид өөртөө цаг гаргаад үзлэг, шинжилгээнд хамрагдаад явахад л өвчин зовлонгүй байж болно. Түүнчлэн эцэг, эхчүүд өөрсдөө эрүүл байснаар үр хүүхдийнхээ ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэдгийг санаж яваасай.
-Хавдрыг ганцаараа даван туулдаггүй. Энэ өвчин гэр бүр, найз нөхөд, хамт олон, нийгмийг сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хамарч, доройтуулдаг гэж үздэг юм билээ. Энэ утгаараа хавдрыг даван туулж яваа Ганцэцэг, таны хүрээллийнхэн өмнөхөөсөө юугаараа өөрчлөгдсөн бэ?
-Өвчнийг ялж, даван туулахад таних, танихгүй олон хүний сэтгэл, итгэл зүтгэл “дэвсээстэй” байдаг юм билээ. Миний хувьд өмнө нь хүнсний бүтээгдэхүүний шошгыг огт хардаггүй байжээ. Одоо бол үйлдвэрлэсэн хугацаа, орц найрлагыг нь заавал харж, аль болох органик сонголт хийдэг болсон. Мөн дасгал, хөдөлгөөн хийж, сэтгэлээр өөдрөг байхыг хичээдэг. Надтай адил хавдрыг даван туулагч нартай холбоотой байж, харилцан ярилцаж, мэдсэнээ хуваалцаж явна. Мөн хамт олонтойгоо инээлдэж, бужигнаж яваа энэ цаг мөчөө ихэд нандигнан хайрлаж, хүмүүсийн итгэл, сэтгэлийг дааж явахыг хичээж байна. Хорт хавдар өвчнийг ялан туулаад, одоо ажлаа хийж, илүү эрч хүчтэй амьдарч буйд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олны тус дэмжлэг асар их бий. Би “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний хамт олондоо гүнээ талархаж явдаг. Ялангуяа Хан-Уул дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон, Энхбаяр даргадаа баярласан сэтгэлээ сониноор дамжуулъя.
“Хорт хавдрыг хамтдаа ялсан ханьдаа, эмч нартаа баярладаг”
Ц.Ганбаатар 2013 онд элэгний хорт хавдартай хэмээн оношлогджээ. Эрүүл мэнддээ тодорхой хэмжээнд анхаарч, эмнэлэгт үзүүлж, жил, улиралдаа тогтмол шинжилгээнүүд өгдөг жишгээрээ нэг өдөр гэргий С.Оюунцэцэгтэйгээ хамт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиход эмч “Элгэн дээр үүсгүүр байна. Компьютер томографийн шинжилгээ яаралтай хийлгэ” гэжээ. Гарцаагүй хавдар байгааг мэдсэн учир Хавдрын эмнэлэгт хандав. Тэднийг хүлээн авсан Р.Мөнхбат эмч “Таны элэгний хорт хавдар эхний шатандаа байна. Бид эмчилнэ. Хамгийн гол нь та тайван байж, эмч нарынхаа зааврыг сайн дагаарай” гэж зөвлөжээ. Ц.Ганбаатарын хань С.Оюунцэцэг “Элэг хурц өвдөж зовоолгүй явсаар хавдар даамжирдаг юм байна. Ганбаа маань их эрч хүчтэй, ажилсаг хүн. Тэгтэл бага зэрэг сульдаж, нозоороод байхаар нь хавар болоод л тэгж байна гэж бодсон ч эмнэлэгт үзүүлсэн нь оносон. Хэрэв эмчид үзүүлээгүй бол хожуу шатандаа орох байлаа. Хавдрын эмнэлгийн ачаалал ямар их байдгийг тэнд очоод л мэдэрсэн. Манай хүн дөрөвдүгээр сарын 16-нд хагалгаанд орох байсан ч дараалал, дугаараас болоод дахин нэг сараар хойшлуулсан. Тухайн үед Монголд ирсэн франц эмч нар ханийн минь хагалгаад оролцсон, бид их азтай. Бас их бэлгэшээлтэй нь мэс заслын багийн хоёр эмчийн нэр Р.Мөнхбат, Ч.Мөнхзаяа байсан. Монгол эмч нар маань дэлхийн түвшинд хүрсэн чадвар, мэдлэгтэй гэдгийг бид мэдэрсэн. Маш их талархаж явдаг. Өнөөдрийг хүртэл хань минь эмчийнхээ хяналтад байж, зөвлөгөөг нь дагаад явж байна” хэмээн ярилаа. Ханийнхаа өвчнийг эрт үед нь илрүүлэхэд хамгийн том түлхэц болсон тэрбээр “Аав минь эмч, ээж мөн л эмнэлгийн ажилтан байсан. Тэгсэн атлаа аав минь элэгний хорт хавдраар 2006 онд нас барсан. Тийм гашуун зүйлийг би мэддэг байсан учраас ханийнхаа, гэр бүлийнхээ эрүүл мэндэд их анхаардаг. Манай хүн ийм айхавтар өвчтэй болсон гол шалтгаан нь элэгний С вирусээс улбаатай юм билээ. Ер нь хүн бүр л гэр бүлийнхнээ, хань ижлээ сайн анзаарч, халамжилж, эрүүл мэндэд нь санаа тавьж, эмнэлэгт “хөтлөөд” очих санаачилгатай байгаарай” хэмээн хүмүүст зөвлөж, амьдралынхаа туршлагаас хуваалцсан юм. Ц.Ганбаатарын хувьд элэгний хорт хавдрын нэгдүгээр үе шатанд өвчнөө оношлуулж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн учраас өдгөө элэгний талаас сэтгэл зовоох ямар нэгэн асуудалгүй болжээ. Хамгийн гол нь эрт илрүүлсэн учраас аливаа хүндрэлгүй байсныг энэ гэр бүлийн хоёр онцлон өгүүлээд “Мэс заслын дараа дархлаагаа дэмжиж, зохистой хооллож, эмч нарынхаа зөвлөгөөг дагах нь бас их чухал” гэсэн юм. Хагалгаанаас гарсныхаа дараахан ханьдаа “Би амьд байна, өвчнөө давж чадлаа” хэмээн туниа муутайхан хэлсэн Ганбаатарын амьдралын чанар өдрөөс өдөрт сайжирсаар хэвийн амьдралдаа ороод хэдийн есөн жилийг үджээ. Цаашид ч эрч хүчтэй амьдрах итгэл дүүрэн байгаагаа өгүүлсэн тэрбээр хавдрыг даван туулахад хань ижлийн халамж, зүтгэл хамгийн чухал гэдгийг онцолсон юм.
“Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
нь хамгийн чухал”
Волейболын спортын ОУХМ цолтой Б.Ганболд 2018 онд ходоодны хавдартайгаа мэджээ. Эхэн болон дунд үе ч биш, бүр хожуу шатандаа орсон хорт хавдар. Хүнд хэцүү цаг хугацааг ардаа орхиод, хорвоо дээр хоёр дахиа “мэндэлсэн” тэрбээр өнөөдөр хорт хавдартай олон хүнд итгэл, сэтгэлийн дэм өгч, “Хавдаргүй үндэстэн” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.
-Тамирчин гэдэг талаас нь харахад та эрүүл мэндээр “онц” баймаар. Ер нь хавдрын шалтгаан тань юу байсан бэ?
-Спорт, урлагийнхныг харагдах байдлаас нь харьцангуй эрүүл гэж боддог. Гэтэл үнэндээ хамгийн их ачаалал, стресстэй байдаг. Ялангуяа тамирчид тэмцээний өмнө жин барихаас эхлээд хатуу дэглэм барих нь түгээмэл. Мөн тэмцээний үеэр сэтгэл зүйн дарамт их. Ер нь монголчууд өөртөө анхаардаггүй талтай. Өнөөдөр хорт хавдар газар авсны нэг шалтгаан энэ байх. Энэ нь эрүүл мэндийн боловсролын талаар багаас нь системтэй мэдлэг олгоогүйтэй бас их холбоотой гэж боддог. Японд цэцэрлэгийн наснаас нь эхлээд л өглөө ус уухын ач холбогдол зэргээр эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй өгч, төлөвшүүлээд явдаг юм билээ. Миний хувьд уг нь ажил, тэмцээн уралдааны ч шаардлагаар жил бүр цусны ерөнхий шинжилгээ өгч, рентген, ЭХО-д харуулдаг байсан. Ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар дурандуулж, хавдрын маркер өгөхөөс нааш оношлогддоггүй. Ингэж яваад өвчнөө даамжруулсан. Нөгөө талаасаа анзааргагүй, хэнэггүй байснаас болсон нь үнэн.
-Та ходоодоо авхуулж, олон удаа химийн эмчилгээ хийлгэжээ. Энэ бүхний дараа маш их сульдах нь ойлгомжтой. Эмчилгээ хийлгэж байх үедээ ямар дэглэм барьж, энэ цаг хугацаанд сэтгэл зүйгээ яаж удирдаж байв?
-Ходоодыг минь 100 хувь авч, оронд нь 12 нугалаа гэдэснээс тайрч улаан хоолой болон шулуун гэдэстэй холбосон. Ер нь сонин, хэвлэлд ярилцлага өгч байгаа зорилго минь ямар хүнд хагалгааг яаж давсан бэ гэдэг өнцөг биш. Эрүүл мэнддээ анхаарч, өвдөхөөсөө өөрөөр хэлбэл, над шиг болохоосоо өмнө урьдчилан сэргийлж, эмнэлэгт хандаж байгаасай гэдгийг ойлгуулах нь миний гол зорилго. Бид автомашиндаа өч төчнөөн мөнгө зараад засвар, үйлчилгээ хийлгэж чаддаг хэрнээ бие махбоддоо зориулаад урьдчилан сэргийлэх үзлэгт 80 мянган төгрөг зарцуулдаггүй муухай зантай. Бид эдлэх эрхийнхээ тухай л мэддэг. Эрүүл байх ёстой гэсэн иргэнийхээ үүргийг биелүүлдэггүй. Даатгалаар 3-4 цогц шинжилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй хийлгэх эрхтэйгээ ч мэдэхгүй хүн олон байна шүү дээ. Нөгөөтээгүүр, албаныхан, мэргэжилтнүүд энэ талаарх сурталчилгаа, мэдээллийг энгийнээр, хүртээмжтэй, тогтмол өгөх тал дээр анхаарах ёстой. Би оношоо сонссоны дараа интернэтээс мэдээлэл цуглуулж, хэрхэн тэмцэх талаар судалж эхэлсэн. Ингэж уншиж судалсныхаа үр дүнд нэг зүйлийг ойлгосон. Юу гэхээр, хавдартайгаа мэдсэн бол илүү нээлттэй байж, юу хийж, яамаар байгаагаа гэр бүлийнхэндээ илэн далангүй хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй дотроо “буглаад” л байвал өөрөө зовохоос гадна гэр бүл, ойр тойрныхондоо давхар дарамт болоод стресстүүлэх аюултай. Ер нь хавдар гэсэн онош сонссон хүмүүс цаазын ял авсан мэт болдог нь гарцаагүй үнэн. Угтаа бол хавдар эмчлэгддэг, бүрэн эдгэрдэг өвчин шүү дээ. Сэтгэл тавгүйтэж, айж, бухимдаж, стресстэх тусам хавдрын эс илүү эрчтэй өсөж, газар авдаг. Тиймээс сэтгэлээ маш тайван байлгаж, уужуу хандах учиртай. Намайг эмнэлэгт хэвтэхийн өмнөх өдөр манайхан “Өнөөдөр бүгдээрээ караоке орж сайхан дуулцгаах уу” гэлээ. Сэтгэлээр дэмжих л санаатай, хөөрхий. Нээрэн л элдэв юм бодож хэвтэж байхаар зөв санаа байна гээд явцгаасан. Хавдрыг даван туулагчдад чухал өөр нэг зүйл нь зохистой хооллолт. Энэ ч бас чухал эмчилгээ. Ингээд тал талаасаа бөмбөгдүүлээд ирэхээр нөгөөх айхавтар эс чинь хүнийг “өдөж” тавгүйтүүлдэг. Гэнэт л хаврын тэнгэр шиг болоод стресстээд, хачин мэдрэмж төрөөд эхэлдэг юм билээ. Тэгэхээр нь “Эмчилгээ минь сайхан зохиж байна” гээд аль болох тайван байж, эмчийн зөвлөгөөг дагаж, нэг баг болон ажиллаж, дэглэмээ улам сайн бариарай. Би ойлгуулах үүднээс энгийн “бүдүүлгээр” тайлбарлаж байна л даа. Дараагийн нэг асуудал нь дасгал, хөдөлгөөн маш чухал. Хэвтэж байхдаа ч хуруу, гар, хөлөө хөдөлгөж байх хэрэгтэй. Механик аргаар цусны эргэлтээ сайжруулж байгаа арга л даа. Би өглөө нар луу харж зогсоод эд, эрхтнүүдээ баярлуулж, магтаж, “Бүгдээрээ нийлж байгаад ходоодоо аварч, дэмжье” гэхчлэн ярьдаг. Бас их дуулдаг. Мөн өглөөдөө шээснийхээ өнгийг харж, үнэртэх зэргээр биеэ сайн ажиглаж байх хэрэгтэй.
-Таны хөтөлдөг “Хавдаргүй үндэстэн” цахим хуудаснаас энэ мэт олон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм билээ. Хавдрыг даван туулагчид танаас юуны тухай түлхүү асуудаг вэ?
-Эмчилгээ хийлгээд дуусчихлаа, хэзээ энгийн хоолонд орж болох вэ гэж их асуудаг. Өмнөх шигээ шарсан хуурсан, амттай хоол, өөхтэй мах, өтгөн цайгаа “нэхээд” байдаг. Угтаа бол эрүүл, зохистой хооллолт бол зөвхөн өвчтэй хүмүүст зориулсан юм биш. Энэ бол хөгжингүй улс орнуудын иргэдийн өдөр тутмын хэвшил. Тэгж байж эрүүл байна. Мөн химийн тарианы чанарын талаар асуудаг. Жишээ нь, гадаадад 15 удаа тарьж байхад манайд 30-ийг хийж байгаа нь ямар учиртай вэ. Үйлчилгээ султай юм уу гэдэг. Эрүүл мэндийн салбарт тендер, тендерийн хамгийн доод үнэ гэдэг зүйл бий. Энэ бол байж боломгүй юм. Хүний амьтай холбоотой эм, тариаг хамгийн бага үнэ хэлсэн нэг нь тендерийн эрх аваад нийлүүлж байгааг зогсоох ёстой. Эцэст нь, хэлэхэд би “Өнөөдөр” сониноор дамжуулж ХСҮТ-ийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Надад хагалгаа хийсэн Гавьяат эмч Я.Эрдэнэ-Очир, Б.Түвшин болон химийн эмчилгээний Н.Орхон эмчдээ үргэлж талархаж явдаг. Түүнчлэн ХСҮТ-ийн хамт олонд баярлалаа, та бүхэнд сайхан бүхнийг ерөөе. Энэ ташрамд хэлэхэд, энэ эмнэлгийнхэн жинхэнэ гайхамшгийг бүтээдэг юм. Хавдрын өвчлөл Монголд хавтгайрч, ачаалал дийлдэхээ болилоо. Гэсэн ч эмнэлгийхэн маань боломжгүйг ч боломжтой болгохоор зүтгэж, байгууламжаа өргөтгөж, дэвшилт арга технологиудыг нутагшуулж байгаа нь бахархалтай. Ачааллыг бууруулахад төр, засгаас анхаарч, бодлогоо илүү өргөжүүлээсэй гэж хүсэж байна.