Засаглал судлалын хүрээлэнгээс АНУ-ын Колгетийн их сургуулийн эмерит профессор Майкл Жонстоны “Авлигын синдром: Эд баялаг, эрх мэдэл, ардчилал” номыг монгол хэлнээ орчуулж, олны хүртээл болгосон юм. Тус байгууллагын судлаач Б.Мөнгөнсүхтэй ярилцлаа.
-Энэ номыг сонгож орчуулсан шалтгаан нь юу вэ?
-Япон Улсад 2015-2018 онд засаглал судлалын чиглэлээр Мейжи, Кэйо болон Токиогийн их сургуулийг төгссөн залуу судлаачид хамтран Засаглал судлалын хүрээлэнг байгуулсан юм. Бид бол Монгол, Японы Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд хэрэгжүүлдэг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр” (JDS)-ийн төгсөгчид. Бидний зорилго бол засаглал судлалыг улсдаа хөгжүүлэх явдал. Тиймээс энэ чиглэлийн ном, товхимлыг орчуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж эхэлсэн. “Авлигын синдром: Эд баялаг, эрх мэдэл, ардчилал” ном бол бидний орчуулсан анхны бүтээл л дээ. Японд суралцахдаа бид улс орнууд авлигаа хэрхэн бууруулсан, ямар хор хөнөөл учруулдаг, ардчилал, эдийн засагт нь яаж заналхийлдэг вэ гэдгийг заасан харьцуулсан авлига судлалын хичээлийг судалсан юм. Хичээлийн маань гол сурах бичиг нь энэ ном байсан . Майкл Жонстон бол харьцуулсан авлига судлалын анхдагчдын нэг. Зохиогч маань 165 улсын нөхцөл байдлыг судлан, анализ хийж, авлигын үндсэн дөрвөн загварыг гаргасан. Тодруулбал, нөлөөллийн зах зээл, элит картель, олигархи ба бүлэглэлийн авлига, эрх мэдэлтэн албан тушаалтны авлига гэж хэлбэрийнх нь хувьд хуваасан байгаа юм. Эдгээрээс 12 улсаар жишээ болгон, авлига нь тухайн орны нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л хүрээнд хэрхэн хор хөнөөл учруулж байгаа болон түүнийг засаж, шийдвэрлэснийг уг номд бичсэн. Үндсэндээ манай өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг харахад нэн хэрэгцээтэй ном гэж үзэж, орчуулсан юм.
-Нэг талаас манайд авлига нэмэгдсэн, нөгөө талаас илрүүлэлт нь сайжирч байна гэдэг. Та юу гэж бодож байна вэ?
-Сүүлийн үед олон байгууллага, нийгмийн зүтгэлтнүүд энэ талаар эрчтэй ярьж эхэлж байх шиг. Залуу судлаач бид ч дуу хоолойгоо хүргэх шаардлагатай гэж үзэж буйгаа түрүүнд дурдсан. Тухайлбал, АТГ авлигыг таслан зогсоох, хор нөлөөг нь багасгах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд нэлээд өргөн цар хүрээтэй, эрчтэй ажиллаж байна гэж хардаг. Жишээ нь, Улаанбаатар төдийгүй аймаг, орон нутаг, сум, суурины хаана ч авлигын эсрэг сургалт, сурталчилгааны материал хүрчихсэн л байна шүү дээ. Хамгийн гол нь авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын хийх ажил гэж бид үзэх нь буруу. Авлига бол нийгмийн өвчлөл. Авлига гэхээр л гэмт хэрэг, илрүүлсэн байдалд нь бид илүү анхаарал хандуулаад байж магадгүй. Үнэндээ нийгмийн бүх түвшинд ихээхэн хор хөнөөл учруулдаг, тэгш бус байдал бий болгодог, шударга ёсыг үгүй хийдэг өвчлөл. Хор хөнөөлийг нь зөвхөн насанд хүрэгчид хүртээд байгаа юм биш. Бяцхан хүүхдүүдээс авхуулаад өтгөс буурлууд хүртэл улс даяараа авлига, тэгш бус байдлын золиос болж байна. Тиймээс нийгмээрээ, бүхэлдээ шударга бус байдлын эсрэг өөр өөрсдийнхөө чадах зүйлийг хийж, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай.
-Манай улс дээр дурдсан авлигын дөрвөн загварын алинд нь илүүтэй хамаарахаар байна вэ?
-Улс орнуудын авлигыг индексээр тооцож, байр эзлүүлдэг. Ингээд харахаар бүх улсын авлига ижилхэн ч юм шиг, тоо л уншигддаг. Гэтэл улс бүрийн орчин нөхцөл, нийгэм, эдийн засгийн байдал, хүн зон, соёл нь хүртэл авлигад хамаатай. Иймд бүгдийг нь тоогоор ижилсүүлж, индексийн хүрээнд авч үзэх нь буруу. Тиймээс өөрийн улсын онцлогийг цаашид эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд нарийн гүнзгийрүүлж судлах хэрэгцээ, шаардлага бий гэж хэлэх гээд байгаа юм. Зөвхөн энэ дөрвөн загвараар хязгаарлагдахгүйг зохиогч ч дурдсан байдаг. Олигархи бүлэглэлийн авлига гэвэл илүү хүч хэрэглэдэг, зохион байгуулалтад орсон, гэмт хэргийн бүлэглэлүүдийн оролцоо нэлээд их байдаг гэх мэтээр, уншаад үзвэл ерөнхийдөө ойлгогдоно. Зөвхөн энэ загварт хамаарна, хамаарахгүй гэж хэлэх нь өрөөсгөл. Номынхоо өмнөх үгэнд ч бид бүхэн манай өнгөрсөн 30 жилийн өрнөл, хөгжлийн түүх, бас алдаа, оноог энэ номоос бэлхнээ тольдож болох тухай дурдсан.
-Тэгвэл номд жишээ болгон авсан аль үйл явдал нь манайд болж байсантай төстэй байдаг бол?
-Америк, Герман, Японы жишээг дурдсан байдаг. Гэхдээ энд жишээ болгосон 12 улс авлигаа бууруулсан. Тиймээс бид ч авлигыг багасгах боломжтой. Тухайлбал, элит картелийн гэдэг нь зах зээлийн, ардчилсан институц нь сайн хөгжөөгүй, улс төр, эдийн засаг нь өрсөлдөх чадвартай болсон ч элит бүлэглэл нь тодорхой хэмжээний сүлжээ байгуулж, авлигад автсан байгааг хэлдэг. Олигархи ба бүлэглэлүүдийн загварын хувьд улс төр, эдийн засгийн либералчлал бага явагдсан, зарим тохиолдолд шилжилтийн нөхцөл байдал нь тогтворгүй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, институцийнх нь чадамжууд их сул, авлига газар авах нөхцөл хаа сайгүй бүрдсэн байх жишээтэй. Тодорхой хэмжээнд хүч хэрэглэх хандлага бий болсон, олон нийт, бизнес, бюрократ нь хүнд суртал ихтэй, шүүх засаглалын болон зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ, эсвэл хүчирхэг гэр бүлүүд эмх замбараагүй байдал үүсгэдэг. Зарим талаар хүчирхийллийн арга замыг ашиглаж, эрх мэдэл, баялгийг бусдаас түрүүлж олж авах гэх мэт нөхцөл бий болгодог онцлогтой. Харин эрх мэдэлтэн албан тушаалтны авлига нь маш сул институцтэй, улс төр нь ардчилсан бус, эдийн засаг нь бага зэрэг либералчлагдсан ч иргэний нийгмийн дуу хоолой бараг байхгүй үед тархдаг. Улс төрийн хүч хувь хүнд төвлөрч, ихэнхдээ хуулиас дээгүүр алхаж, ял шийтгэлгүй үлдэх жишээтэй. Ийм олон төрлийн авлига бий болдог байх нь. Нийгмийн өвчлөл учраас анхаарал хандуулахгүй бол өдрөөс өдөрт хүндэрч, доройтно. Зөв зүйтэй, системтэй эмчилгээ хийгээд, тохирох эмийг нь хэрэглэвэл эдгэдгийг улс орнуудын жишээнээс харж болно. Авлига биднийг чимээгүй хэмлэдэг. Өдөр тутам бидний амьдрал, ардчиллыг үгүй хийж байна. Бидний тогтолцоог вирустүүлж байна гэсэн үг. Шударга бус байдлын талаарх шүүмжлэл идэвхжиж, төрд итгэх итгэл багасаж байна гэх мэтээр энгийн ажиглалтын үр дүнд авлигын нөлөөлөл судлаач надад ч тодорхой ажиглагддаг. Иймд энэ талаар тухайлсан дүгнэлт хийж, өнгөрсөн 30 жилд туулсан алдаа, оноогоо үнэлж, ирээдүйд юуг сайжруулах вэ гэдэгт шийдэл гаргах шаардлагатай.
-“Авлигын синдром” анх 2005 онд олны хүртээл болсон. Тус номд дурдсанчлан, 15 жилийн өмнө алдаагаа засаад, авлигаа бууруулсан улс орнууд ихэвчлэн ямар арга замыг чиг шугамаа болгосон байна вэ?
-Бусдын туулсан алдааг бид заавал давтах албагүй. 2005 оныхтой харьцуулж харах нь нэлээд бодитой дүн шинжилгээ хийх боломж олгох болов уу. Ялангуяа эрдэм шинжилгээний зохистой дүгнэлт гаргахад судлаачдад бодитой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Авлигын дагуулж буй хүндрэл, бэрхшээлүүдийг арилгахад хамгийн гол нь судалгаа, шинжилгээ хэрэгтэй. Өргөн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, өөрсдийгөө танин мэдэх шаардлагатай. Хаана, юу нь өвчлөөд байгааг олох хэрэгтэй гэсэн үг. Үүний дараа түүнийг хэрхэн эмчлэх, ямар эм тан уух, хэдий хугацаа зарцуулах вэ гэдгээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Нэг ёсондоо бид өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэлж, дүгнэж сурах ёстой. Иймд үнэлэх шалгуур нь тодорхой байх учиртай.
-Ингэж үнэлж, судлах ажилд та хэр сэтгэл хангалуун байна вэ. Үнэндээ “Авлигатай тэмцэнэ” гэж зүгээр л яриад байх шиг.
-Энэ ажлыг зөвхөн АТГ-ын эрхлэх асуудлын хүрээнд битгий хараарай гэж хэлсэн шүү дээ. Үнэлж, дүгнэх ажлыг нэвтрүүлж байгаа ч үр өгөөж өгсөн нь цөөн. Ялангуяа урт хугацаатай, орооцолдсон гэмээр төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг үнэлэх, цаашлаад тодорхой салбарын бодлогыг дүгнэх ажлын арга зүйг улам сайн хөгжүүлж, нутагшуулах хэрэгцээ зайлшгүй бий. Авлигын нөхцөл байдлыг ч нэг байр ухарлаа, ахилаа гэсэн агуулгаар бус, яагаад оршин тогтноод байна, үүнд манай нийгэм, эдийн засаг, цаашлаад түүх, амьдрах хэв маяг, соёл хэрхэн нөлөөлж буйг өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай.
-Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлд одоо хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ?
-Нийгмээрээ авлигын эсрэг дуугарах нь харьцангуй нэмэгдэж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ эрчээ алдахгүй, өргөн цар хүрээтэй ажиллах хэрэгтэй. Ер нь иргэдийн оролцоо чухал. Олон улсын түвшинд оролцоог найман түвшинд авч үздэг. Хэлбэрийн төдий буюу мэдээлэл өгөх байдлаар оролцуулах нь хамгийн доод түвшнийг илтгэдэг л дээ. Манайд иргэдийн оролцоо доод түвшинд л байна. Жижиг шийдлүүд том нөлөөлөл дагуулдаг. Шударга бус байдалтай эвлэрдэггүй, түүний хажуугаар дуугүй өнгөрдөггүй иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо, цаашлаад нийгэм даяар эерэг нөлөөлөл авчирч чадна. Бид ч бас өөрсдийн хувь нэмрийг оруулах гэж зорьж яваа нь энэ.
-Энэ оны улсын төсвийг хэлэлцэх үеэр “УИХ-ын гишүүдийн дөрвөн тэрбум төгрөг”-ийн талаарх яриа газар авсан. Жишээ нь, энэ авлига мөн үү?
-Яг үүнийг эдийн засагч нар “100 хувь авлига”, “зохистой бус санхүүжилтийн хэлбэр” гэдэг талаас нь өргөн хүрээнд нэлээд сайн дуугарсныг санаж байна. Сангууд, Хөгжлийн банкны луйвар гээд ийм асуудал байгааг олон нийт харлаа шүү дээ. Энэ мэтчилэн өдөр тутамд тэгш биш, шударга бус байдал, авлига, бэлэг сэлт, бидний хувьд “Яах вэ дээ, байх л ёстой зүйл” гэж хардаг бүхий л зүйлийг авлигын синдром, өвчин гэдэг агуулгаар уг номд багтаасан юм шүү.
-Нэрт профессор Фрэнсис Фукуяма “Сайн засаглалтай байх авлигагүй байна гэсэн үг биш” гэсэн байдаг.
-Ер нь засаглалын тухай ярихаар хамгийн түрүүнд авлигын талаар хөнддөг. Авлигын асуудлаа бүрэн шийдвэрлэсний дараа засаглалаа сайжруулах талаар ярих нөхцөлтэй болно. Тэгж гэмээнэ бид сайн засаглалын тухай ярих боломж бүрдэнэ.