1993 онд хичээлээ тараад харих замдаа олон хүн бужигнасан газарт сонирхон очиж, дартстай анх танилцсан хүү хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөөр эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг.Түүнийг М.Эрдэнэ гэдэг, ОУХМ. Өдгөө Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүн, олон улсын шүүгчээр ажилладаг. Залуусыг дартсын спортод уриалж, тамирчнаар бэлтгэдэг тэрбээр дотоодын тэмцээний олон түрүүтэй. Гадаадынхад ч багийнхаа тамирчидтай амжилттай оролцсон удаа ч цөөнгүй. Тухайлбал, Хонконгод 2013 онд болсон “Ada tour Khongkong” багийн олон улсын тэмцээний хосын төрөлд Монголын дартсчдаас анх түрүүлж, аваргын цом, алтан медальтай ирсэн. Тэр жилдээ АНУ-ыг зорьж, “Phoenix world cup” Дэлхийн цомын ганцаарчилсан болон хосын төрөлд хүрэл медаль хүртжээ. Тэгвэл 2015 хойд хөршид “Сибирийн цом”-д өрсөлдөж хоёр төрөлд мөн л тэргүүлсэн бол 2018 онд ӨМӨЗО-ы Манжуурт гурван улсын найрамдалт харилцааны хүрээнд зохион байгуулдаг тэмцээний аваргаар шалгарсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Хүмүүс дартс тоглохыг хараад амархан сурна гэж боддог. Гэтэл тийм биш санагдсан.
-Дартс ганц хараад сурдаг зүйл биш. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж байж амжилт гаргадаг. Бай руу хоёр метрээс сум нэг цаг шидэхэд 10 км алхсантай тэнцэх идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Энэ талаар Б.Бат-Өлзий багш сонирхолтой судалгаа хийсэн. 2000 оноос өмнө дартсыг хүмүүс пиво уусан, баян, гүзээтэй эрчүүдийн зугаацдаг тоглоом гэж ойлгодог байв. Дэлхийн дартсын холбоо 2010 оноос олныг хамарсан тэмцээн зохион байгуулдаг болсноор хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, спортын нэгэн төрөл гэж хүлээж авах болсон. Дартс сэтгэл зүйн спорт. Үүгээрээ биллиардтай төстэй. Олимпын наадмын төрөлд дартс, биллиард, шатар оруулахыг олон улс зорьж байна. Гэтэл биллиард, шатрыг үзэгчгүй гээд багтаадаггүй. Харин орох магадлалтай төрөлд дартс ойрхон жагсаж байгаа. “Лос-Анжелес-2028” олимпод багтах болов уу.
-Олимпын наадмын спортын төрөлд багтвал Монголын тамирчдад өрсөлдөх боломж хэр байгаа вэ?
-Манайхан гадаадын тамирчдаас дутахгүй, эн тэнцүү түвшинд бэлтгэгдэж байгаа. Хамгийн гол нь тамирчдынхаа сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Олимпын наадмын талбарт өрсөлдөж байна гэж бодохгүйгээр тогловол амжилт ойрхон. Бид сүүлийн 10 жил тамирчдын ур чадварыг ахиулж, олон улсын тэмцээнд оролцууллаа. Мэргэжлийн дартсын корпораци, Дэлхийн дартсын холбоо, Дэлхийн софт дартсын байгууллага ДАШТ-ийг зохион байгуулдаг. Мэргэжлийн тамирчдын ДАШТ энтертайнмент чиглэлээр хөгжсөн тул шагналын сан өндөртэй. Тэгвэл Дэлхийн дартсын холбооноос зохион байгуулдаг тэмцээнд улс тус бүрээс шалгарсан шилдгүүд өрсөлддөг. Бид ч гэсэн ДАШТ-д эрх авч оролцохоор бэлтгэл хийж байгаа.
-Дартсын дэлхийн аваргууд Европоос төрдөг. Үндэснийхээ спорт шиг нутагшуулахад газар нутаг, хүн ам, улсынх нь хөгжилтэй холбоотой байдаг бололтой.
-Англи, Шотландад дартс эрчимтэй хөгжиж байна. Англичууд дартсыг хөлбөмбөг шиг эх орондоо хөгжүүлсэн. Тэнд үзэгч ихтэй, дэмжих байгууллага олон. 2019 онд Нидерландын Майкл Ван Гервин, 2020 онд Шотландын Питер Райт, 2021 онд Уэльсийн Гервин Прайс дэлхийн аварга болсон. Тэгвэл энэ жил Питер Райт дахин түрүүлж, хошой аваргаар тодорлоо.Тэд чансаагаараа дэлхийд эхний гурав байрт бичигддэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон ДАШТ-д шилдэг 70 тамирчин өрсөлдөхөд өмнө нь харагдаагүй гурван залуу тоглогч тэднийг хожиж, цахиур хагаллаа. Тэд хойшид аваргуудыг нэлээд сандраах байх. Миний хувьд шинэ залуу аваргуудыг дэмжих дуртай. Тэднээс Нидерландын тамирчин Димитри Ван Ден Бергээр бахархдаг. Дартсын спортод аз тохино гэж хэзээ ч байдаггүй. Тэмцээнд тооцоо, төлөвлөлтөөс илүү тоглолтын өрнөл чухал. Тоглолтоо сайн эхлүүлсэн тамирчин хожно. Оноо тэнцсэн үед туршлагатай шилдгүүд шидэлт, тоглолтоороо өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нь нөлөөлж, анхаарлыг нь сарниулах тактик хэрэглэдэг.
-Манайхан ДАШТ-д оролцох эрхээ хэрхэн авах боломжтой бол?
-Азиас Япон, Филиппин, БНХАУ эх орондоо томоохон тэмцээн зохион байгуулаад түрүүлсэн тамирчнаа оролцуулах эрхтэй. Учир нь эдгээр улс үзэгч ихтэй, дэмжих байгууллага олон болохоор дэлхийн аваргын тэмцээнд шууд оролцдог юм. Тэгвэл бусад орныхон Зүүн өмнөд болон Евразийн тэмцээнд оролцож эрх авна. ОХУ тэмцээн зохион байгуулах эрхгүй. Гэсэн ч Евразийн бүсэд зохион байгуулах эрх авч, ДАШТ-д тамирчдаа өрсөлдүүлдэг. Монголчууд 2015 онд хүсэлт тавихад зөвшөөрснөөр анх удаа ДАШТ-д хоёр тамирчнаа сойход шигшээ наймд үлдэж байлаа. Москвад дэлхийн аваргад орох эрхийн төлөө Евразийн сонгон шалгаруулалтын тэмцээнд ОХУ-ын алдартай тамирчин Борис Колцевтэй ОУХМ Ш.Ган-Эрдэнэ таарч ялагдсан юм. 2016 оны тэмцээнд Монголоос ОУХМ Х.Одхүү мөн л Борис Колцевтэй аваргын төлөө тоглосон ч түрүүлэх боломжоо алдаж хожигдсон. Тэр тэмцээний дараа ОХУ манайхныг хүчтэй өрсөлдөгч болсноос эмээсэн үү, Мэргэжлийн дартсын корпораци руу захидал илгээж, Евразийн бүсийн тэмцээнд хойшид оролцуулахгүй байхаар шийдвэрлүүлсэн.
-Тэгэхээр Ази болон Зүүн өмнөд Азийн бүсэд зохион байгуулдаг “Asian tour” цуврал тэмцээнээс эрх авна гэсэн үг үү?
-Тийм ээ, 2017 оноос тус цуврал тэмцээнийг Япон, БНСУ, Хонконг, Сингапур, Тайван, Тайланд, Макаод зохион байгуулдаг болсон. Зургаан улс дамжиж, 12 тэмцээнд оролцон, оноо цуглуулж эхний дөрвөн байр эзэлсэн тамирчинд ДАШТ-д оролцох эрх олгодог. Манайхны хувьд ингэж оролцож, эрх авах амаргүй. Монголын тамирчид тивдээ чансаагаараа тэргүүлж, Азийн орнуудын тэмцээнд Япон, Филиппин, Тайланд, Малайзын тамирчидтай ана мана өрсөлддөг.
-Манайхан 2010 оноос олон улсын тэмцээнд оролцсон байдаг юм билээ.
-Бид тэр жил БНХАУ-ын Шанхай хотод болсон тэмцээнд анх удаа оролцохдоо орчин нөхцөлтэй нь танилцаж, ерөнхий ойлголт авсан. Бид эхэндээ гадаадын тэмцээнийг үзэхээр очдог байсан бол сүүлдээ алтан медальтай ирэх гэж зорьдог болсон юм. Тэнд тэмцээний нээлт дээр “Монгол” гэж зарласны дараа үзэгчид гайхаж “Гэрт амьдарч, хээр морь унаж давхидаг монголчууд энэ тэмцээнд оролцох гэж үү. Танайд байшин, барилга байдаг юм уу. Та нарын амьдардаг гэрт 2.5 метрийн өндөр дартсын самбарт сум шидэх зай байдаг уу” гээд шоолсон өнгө аясаар асууж байлаа. Тэднийг тэгж асууснаас хойш бид тивдээ болсон таван тэмцээнд дараалан оролцож, 2013 онд түрүүлэхэд өөрөөр хүлээж авах болсон.
-Монголчуудын хувьд дартс амжилт гаргах спортын нэг төрөл болжээ гэдэгт эргэлзэхгүй итгэх цаг ирсэн байна.
-Дартсын спортод өөртөө итгэлтэй, дайчин хүмүүс амжилт гаргадаг. Монголчууд шартай, амархан бууж өгдөггүй зантай. Манайхан хүнд ялагдах дургүй. Өрсөлдөгчөө харчихаад “Түүнд хожигдохгүй шүү, би ч гэсэн ялахын төлөө хичээнэ” гэж боддог. Монголын дартсын аваргуудаас Ш.Ган-Эрдэнэ намхан ч сайн тоглоно. Гадаадын тэмцээнд оролцохоор очиход “Танай намхан залуу ирсэн үү” гэж хамгийн түрүүнд асуудаг. Бид 2014 оноос ОУХМ Б.Анхбаярыг өсвөр үеийнхний тэмцээнд оролцуулдаг болсноос хойш мөн л өрсөлдөгчид нь судалж, сураглах болсон. Бид цар тахлын үед Европын тамирчидтай цахимаар тэмцээн зохион байгуулж, өөрийгөө сорьсон юм. Тэд Азийнханд ихэмсэг, дээрэнгүй ханддаг нь тэмцээний үед анзаарагдсан. Би Германы тамирчныг хожиход тэрбээр ихэд гайхаж медаль, цомуудаа харуулаад “Чи намайг үнэхээр хожчихлоо гэж үү. Монголчууд дартсыг ийм сайн тоглох хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна” гээд итгэж ядаж байлаа.
-Та ингэхэд дартстай хэрхэн нөхөрлөсөн юм бэ?
-Би 1993 оноос дарст сонирхож тоглосон. Тэр үед Төв аймгийн Зуунмод сумын сургуульд сурдаг сурагч байлаа. Нэг өдөр хичээллээ тараад харьж явтал замд баахан залуус тойрч бүчээд бужигналдаад байх юм. Сонирхоод хартал эрээн алаг самбар луу сум шидэж байна. Залуус бооцоо тавиад шидэхийг өдөржин сонирхож харсаар харив. Маргааш хэдэн төгрөг халааслаад нөгөө залуусын тоглож байгаа газар ирлээ. Тэдэнтэй 20 төгрөгөөр бооцоо тавьж, 45 оноо авч хожсоноор 200 төгрөгтэй болж, татвараа хураалгаад 150 төгрөгтэй буцаж байлаа. Хүмүүс тэр үед дартсыг тэмцээн бус, мөнгө олох маягаар тоглодог байсан. Улаанбаатарт иртэл энд тэндгүй зах, худалдааны төвийн гадаа хүмүүс тоглодог болсон байв. Тэр үед бооцоо тавьж тоглодог хүмүүсээс илүү тоглуулж байгаа нь ашиг болдог байсан. 1998 онд найзуудтайгаа “Цайз”, “Дэнжийн мянга”-ын захад хүмүүсийг дартс тоглуулдаг байж байгаад оюутан болж больсон. Сонирхол төрсөн үедээ хүрээллийнхээ нөхөдтэй нэг аятайхан кафед самбараа байрлуулаад тоглож, хожсоныг нь шагнаж урамшуулдаг боллоо.
-Монголын дартс сонирхогчдын холбоо байгуулсан дурсамжаасаа хуваалцаач. Тэр үед төрийн бус байгууллага байгуулах амаргүй л байсан биз?
-Тэр үед бодож, санаснаар бүтдэг зүйл ховор байсан. 2009 оноос төрийн бус байгууллага байгуулах хууль гарч нээлттэй болсон юм. Гэсэн ч Монголын дартсын холбооны албан ёсны тамгагүй тул үйл ажиллагаа явуулах боломжгүй байлаа. 1993 онд Д.Болдбаатар хэмээх хүн Монголын дартсын холбоог анх байгуулсан ч хэдэн жилийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тул ахалж удирдах хүнгүй нэг хэсэгтээ нам гүм байв. Холбоогоо сэргээж, хэрхэн тамга, тэмдэгтэй болох тухай бодож суутал 2008 оны тавдугаар сард Английн Лондон хотод таван жил амьдарсан Х.Одбилэг хэмээх залуу холбогдож, хамтран ажиллах талаар ярив. Тэгэхээр нь “Чи дартс гэсэн үг орсон тамга хийлгээд ир” гэлээ. Тэрбээр нэг хэсэгтээ ирсэнгүй. Тэгтэл зоос цуглуулж, тэмцээнд оролцоод шагнал хүртсэн Б.Биндэръяа гэх залуу мөн л уулзахад нөгөө үгээ хэллээ. Тэгсэн намар нь Х.Одбилэг Монголын дартс сонирхогчдын холбооны гэрчилгээ, тамга, тэмдэгтэй хүрээд ирлээ. Бид ч бөөн баяр болж, 2009 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэрбээр өдгөө холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.
-Холбооныхоо үйл ажиллагааг албан ёсоор эхлүүсэн залууст Монголд дартсыг хөгжүүлэх эхэндээ хүндхэн ажил шиг санагдав уу?
-Бид олон нийтэд дартсыг зөв сурталчилж хүргэхийг зорьж, их явсан. Тэр үед байгууллагуудын удирдлагатай уулзахаар хаалга татсан ч нэг л санаснаар болсонгүй. Тэгтэл Х.Одбилэг нэг өдөр “Монгол Улсад шилдэг 100 аж ахуйн байгууллага шалгаруулсан байна. Удирдлагатай нь очиж ярилцъя. Нэг нь зөвшөөрдөггүй юм гэхэд нөгөө нь зөвшөөрч таарна” гэв. Бид 100 албан бичиг, танилцуулга бэлдээд уулзаж эхэллээ. Тэднээс зөвшөөрсөн нь цөөн. Хоёулаа мөнгө олохоос илүү ажлаа бүтээчих санаатай өдөржин гадуур алхсаар орой гэрийн бараа харна. Өвлийн хүйтэнд даарахыг хэлэх үү, байгууллагынх нь үүдэнд дулаацаж байгаад даргатай уулзахаар ордог сон. Эхнэр тэр үед “Засагт хан” дээд сургуульд багшаар ажилладаг байлаа. Автобусны мөнгө аваад л өглөө дахиад гарна. Олон байгууллагаар орсон ч 30, 50 мянган төгрөгөөр дэмжихээс цааш хэтрэхгүй. Ажилгүй ингэж явах хэцүү санагдаж, 2011 оноос нэг нь ажил хийж, нөгөө нь холбооныхоо ажлыг хариуцах болсон. Би “Оюутолгой” ХКК-д нэг сая 400 мянган төгрөгийн цалинтай ажил хийхээр явлаа. Тэр үед Монголд томоохон компанийн менежер 300 000 мянган төгрөг авдаг байв. Монголд байхгүй өндөр цалин сонсчихоод чихэндээ итгэж ядсан. Цалингийн захаас ингэж атгасны хүчинд холбоо, клубээ өөрийн гэсэн байртай болгож, тэмцээн зохион байгуулан, эхний гурван байрт шалгарсанд нь шагнал, урамшуулал олгодог боллоо.
-“Оюутолгой”-д ажиллаад авсан анхныхаа цалингаа юунд зориулав?
-“Оюутолгой” ХХК-д 2011 оны долдугаар сард ажиллаж, сарын дараа цалинд хүрсэн. Анхны цалингаа дартсын далбаат сум, хэрэгсэл худалдаж авахад зориулж билээ. Миний ажил хийсэн гол шалтгаан бол эх орондоо энэ спортыг хөгжүүлэхийг мөрөөдөж байсан. Тэнд гурван жил амрах завгүй зүтгэсэн. Тэгж ажилласны хүчинд тамирчдаа АНУ-ын визтэй болгож, гадаадын тэмцээнд оролцуулах болсон. Тэр жилүүдэд 38 сая төгрөг дартсын спорт хөгжүүлэхэд зориулсан байдаг юм. Хүн дуртай зүйлийнхээ төлөө мөнгө зарцуулахаас харамладаггүй. Би хүсэл, мөрөөдлийнхөө төлөө цалингаа зориулж байгаадаа баярладаг байсан. Ажиллах хугацаандаа амралтын кемпэд дартсын найман самбар байрлуулж, ажилчдынх нь дунд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан минь уламжлал болж үлджээ.
-Тэндхийн спортын наадмын хөтөлбөрт дартс багтсан нь ийм учиртай байх нь.
-“Оюутолгой”-н ажилчдын спортын наадмын хөтөлбөрт 2012 онд дартсыг анх оруулсан юм. Хүн болгон сагсан бөмбөг тоглохгүй шүү дээ. Дартсаар хичээллэх давуу талтай. Бэртэж, гэмтэхгүй. Хаана ч тоглож, бэлтгэл хийж болно. Би 2013 онд Хонконгод зохион байгуулсан олон улсын тэмцээнд ОУХМ Д.Эрдэнэчимэгтэй хосын төрөлд оролцож түрүүллээ. Бид тэндээс Монголын дартсын спортод анхны алтан медаль, аваргыг цомтой ирж, олныг баярлуулсан юм. Намайг аварга болоход хамт олон минь сэтгэл өндөр угтаж авсан. Тэр жилийн спортын наадмын нээлтэд Төрийн далбаагаа хамгийн түрүүнд барьж гарсан. Түүнээс хойш хамт олон минь “аварга” гэж хүндлэх болсон.
-Гэр бүлээрээ дартс тоглож, тэмцээнд оролцдогийг тань мэднэ. Ирээдүйн дэлхийн аварга танайхаас төрөхийг ч үгүйсгэхгүй.
-Тийм ээ. Манайд дартс тоглодоггүй хүн байхгүй. Эхнэр миний менежерээр ажиллаж, тэмцээн зохион байгуулах ажлыг хариуцдаг. Том охин Энхжин дартсаар хичээллэж, чамлахааргүй амжилт гаргасан. Хүргэн минь тоглохын зэрэгцээ, шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилладаг. Ууган хүү Мөнхжин УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Өмнөд хөршид 2019 онд болсон өсвөр насныхны оролцдог “Capital darts tourna¬ment” олон улсын тэмцээнд түрүүлж аваргаар шалгарсан. Одоо МУИС-ийн I курсийн оюутан тул хичээлдээ анхаарал хандуулаад тэмцээнд бага оролцох болсон. Бага хүү тавдугаар ангийн сурагч. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон өсвөр үеийнхний тэмцээнд түрүүллээ. Түүнийг ирээдүйд аварга болно гэж найддаг. Отгон охин хоёрдугаар ангид сурдаг. Эгч, ах нарыгаа дуурайгаад дартс тоглож байна.
-Манайд гурван улсын хэлээр ярьж, чөлөөтэй ойлголцдог тамирчин ховор. Танд хэл сурах авьяас байна даа.
-Намайг сурагч байхад аймгийн сургуульд Д.Ганчимэг багш орос хэлний хичээл заадаг байлаа. Түүний ачаар сайн сурсан. Харин оюутан болоод англи, хятад хэлийг бие дааж сурсан юм. Би “Отгонтэнгэр” дээд сургуулийг хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Өмнө нь хуульч болох хүсэлтэй байсан ч МУИС-д элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэнгүй. Тэр үед дартсын спортод сэтгэл татагдсан тул үеийнхээ нөхөдтэй зах дээр дартс тоглож, хоёр жил өнжсөн. Тэгтэл үеийнхэн дээд сургуульд сурч, энэ сургуулийн Удирдах зөвлөл, Оюутны зөвлөлийн дарга болсон гээд захаасаа дуулдаж эхэллээ. Нөхдийнхөө тухай сонсоод шар хөдөлж, сурах тэмүүлэлтэй болсон. Аав, ээж минь “Отгонтэнгэр” дээд сургуульд хуулийн анги байдаг тухай хэлснээр шалгалт өгсөн ч хүүхдийн тоо хэдийн 30 хүрч гүйцсэн тул сэтгүүл зүй, хятад хэлний ангийн аль нэгийг сонгох боллоо. Нэг өдөр “Сансар” дахь “Үйзэн” клубт иртэл ах нар юм яриад сууж байна. Тэднээс “Дүү нь “Отгонтэнгэр” дээд сургуульд сурах боллоо. Хуулийн анги сурах оюутнуудын тоо хэтэрч, өөр ангид сонгох нь. Сэтгүүл зүй, хятад хэлний ангийн алийг нь сонгох вэ” гэхэд “Уран шаглаа” компанийн захирал Н.Ганбаатар ах “XXI зуун Хятадын зуун болно. Өмнө тань их гүрэн байна. Муу улс гэж байдаг болохоос биш, муу хэл гэж байдаггүй юм. Монгол Улс Хятадтай хил залгаа оршиж байгаа цагт хэлийг нь сурах хэрэгтэй. Чи хятад хэл сурчихаад сэтгүүл зүйд хөл тавихад хэзээ ч оройтохгүй. Хэлний мэдлэгтэй хүн хаана ч ажиллахад алзахгүй” гэж зөвлөсөн. Цар тахлын үед олон хүн өмнөд хөршийнхөнтэй цахимаар холбогдож, бараагаа татсан. Тэр үед тээвэр зуучлагчаар ажиллаж, Монголынхоо хүмүүсийг өмнөд хөршийнхний сайн гэсэн үйлдвэртэй холбож өгсөн шүү.
-Таныг хоббидоо мөнгө зарцуулахаас гар татдагггүй хүн гэж ойлголоо.
-Хүн мөрөөдөлтэй, зорилготой байж урагшилдаг. Зөв бодолтой явахад хэзээ нэгэн цагт биеллээ олдог. Мөрөөдөл биелдгийг өөрийн биеэр харж, мэдэрсэн. Манай гэрийнхэн итгэл, сэтгэл, зүтгэл гэдэг үгийг хэлэх дуртай. Хүн итгэдэг зүйлдээ сэтгэлээ зориулж амьдрах сайхан. Дартсын спортын тамирчид “Таны хараа хурц, сум нь мэргэн, ухаан нь тэнүүн байх болтугай” гэсэн уриатай. Энэ спортыг эх орондоо найз нөхөд, хамт олныхоо хүч, сэтгэл зүтгэлээр хөгжүүлж байна.