…Сэтгүүл зүйг буруу зорилгод зэвсэг болгон ашиглах тохиолдол давамгайлж байна. Заримдаа сэтгүүлч нь өөрөө “Намайг сум болгож ашиглаач” гэж гуйж очоод байна. Зөв бурууг нягтлахгүйгээр, санаатай санаандгүй шүүрч давлагаалах явдал мэргэжлийн сэтгүүл зүйд хортой…
Баагий эрхлэгчтэй ярилцлага хийх даалгавар редакцаас авав. Баагий эрхлэгч гэдэг нь саяхан Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан, өдгөө УИХ-ын Тамгын газрын дэд даргын алба хашиж буй Содномдаржаагийн Батбаатар. Амьдралынхаа талаас илүүг сонины редакцад өнгөрөөсөн, уншигчдын гар дээр уншууртай, сайн дугаар тавихын төлөө эд эсээ шатаасан, сонины хуудас имрэхгүйгээр өглөөг эхлүүлдэггүй тэр яах аргагүй сонины хүн. Ийм хүнийг сониныхон “Газетчик” хэмээдэг билээ. Хонгор хайрхан шигээ дүнжгэр, Монголын сэтгүүл зүйн нөмөртэй, нуруутай “уулс”-ын нэг эрхлэгчээсээ, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн газетчикаас ярилцлага авах гээд суутал хүндлэл, сүрдэлт зэрэгцээд, бодож явсан асуултууд аман дээр гацаад яггүй аж. Ямартай ч редакцын даалгаврыг биелүүлэв.
-“Өнөөдөр” сониноос төрсөн 17 дахь гавьяат болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Таныг шагнуулах болсныг сонсоод “Авах ёстойгоо авлаа” гэх бодол төрсөн. Харин та шагналын мэдээг хэрхэн хүлээж авав?
-Би Монголын сэтгүүл зүйд 1988 онд хөл тавьснаас хойш 34 дэх жилдээ энэ тогоонд буцалж явна. Үүний 20 гаруй жилийг “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд үджээ. Энэ сонинууд олон гавьяат төрүүлсэн, өлзийтэй үүдтэй газар. Соёлын гавьяат зүтгэлтэн цолд “Өнөөдөр” сонин минь 10-аад жилийн өмнө тодорхойлсон гэж байсан. Нуугаад яах вэ, эхний үед сураг чимээ чагнадаг байснаа сүүлдээ мартчихаж. Сүүлд УИХ-ын Тамгын газраас 2019 онд дахин тодорхойлсон. Шагнуулна гэж бодоогүй суусан болохоор гэнэтийн юм болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдаа “Ах нэлээд хожуу авч байна уу, үгүй юү” гэхээр нь “Таныг Ерөнхийлөгч болохыг хүлээгээд байж байлаа” гэсэн. Монгол төрийн хойморт, Төрийн тэргүүнтэйгээ ийм эгэл жирийн, хүн ёсны яриа өрнүүлэнгээ цол тэмдгээ зүүлгэх сайхан мэдрэмж юм билээ. Бас намайг шагнал хүртэхэд надаас илүү баярласан хүн олон байгааг мэдрэх сайхан байлаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр шагнал гардсандаа их бэлгэшээсэн. Сүүлийн зургаан жил Монгол Улсын Их Хурал хэмээх төрийн багана болсон том айл, мэргэжлийн гайхам хамт олны дунд амьдарч, Үндсэн хуулиа үнэнээсээ шүтэн биширдэг болоод байгаа л даа. Үндсэн хуулийн эхийг барьсан Б.Чимид гуай ямар аугаа хүн байсан нь энэ хуулийн зүйл, заалт болгоноос мэдрэгддэг юм. Бас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээх төрийн том үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж оролцсондоо өөрийгөө аз заяатайд тооцдог оо.
-Сэтгүүлч мэргэжлийг та хэрхэн сонгож байв. Хэн нэгэн нөлөөлөв үү, өөрийн хүсэл сонирхол хөтлөв үү?
-Сэтгүүлч гэдэг миний багаасаа дурлаж, мөрөөдсөн мэргэжил. Би өвөөгийнхөө голомтод мэндэлсэн, галын зээ нь. Баянхонгорын Галуутын уугуул, Улаанбаатарт төрсөн хүн. Ээж минь айлын отгон охин, Галуутад аавтай минь ханилж, Ардын армийн дуу бүжгийн чуулгын дуучин болж Улаанбаатарт ирээд намайг төрүүлсэн. Өвөө, эмээ минь отгон охиноо дагаж хотод ирээд, энд идээшиж дасахгүй нутаг буцахдаа галын зээгээ хүн болгож, хөлөө хучуулна гээд намайг гуравтайд аваад явсан юм билээ. Таван настайдаа бичиг үсэг сурч, зургаатайдаа чөлөөтэй уншдаг болоод, өвөөдөө сонин дуудаж өгдөг байлаа. Өвөө минь шинэ Монголын эхэн үеийн сэхээтнүүдийн нэг, боловсролтой хүн байсан. Надад шинэ үсгээс гадна монгол бичиг, төвөд үсэг заасан ч төвөдийг нь “ламын ном” гээд үнэнээсээ дургүй байв. Өвөөгийн захиалдаг олон сониныг дуудаж өгдөг байснаа сүүлдээ юу ч хамаагүй уншиж эхэлсэн. Ээжийн ах Сономдэндэв гэж нутаг орондоо томд тооцогдох сэхээтэн байлаа. Тэднийх олон номтой. Тэндээс хүүхдийн номуудыг нь уншиж дуусаад, том хүний ном руу нь орсон. Тухайн үеийн томоохон романууд л даа. Өвөө минь томчуудын ном уншлаа гэж загнадаг, нагац ах маань ч ном дэвтрээ хямгатай байлгасангүй гэж зэмлүүлдэг болов. Ингэж ном зохиолын амтанд орсон үеэс л зохиолч болно гэж бодсон. Сургуульд орж, эрхбиш юмны учир начир олдог болсноосоо хойш “Сэтгүүлч болбол зүгээр юм байна. Сэтгүүлч, зохиолчийн хооронд ялгаа бараг алга” гэж бодох болсон. Түүнээс хойш сэтгүүлч болно гэсэн бодлоосоо эргэж буцаагүй дээ.
-Жаал хүүд сэтгүүлч, зохиолчийн ялгааг хэн тэгж ойлгуулсан юм бол доо?
-Би сэтгүүлч аавын хүүхэд. Миний төрсөн аав Дашзэгвийн Жигжидсүрэн гэж Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хөдөлмөр” сонинд насаа элээсэн сайн сэтгүүлч байлаа. Би өвөөгөөрөө овоглодог хүн шүү дээ. Өвөө, эмээгийн хүүхэд надад ааваас захидал ирнэ. Аавынхаа бичгийн гоё хэвтэй, сайхан найруулгатай захидлуудыг, бас “Хөдөлмөр” сонинд гардаг нийтлэлүүдийг уншдаг байсан минь энэ мэргэжилд шунан дурлах үндсэн шалтгаан болсон. Уг нь би дунд сургуульд байхдаа аль ч хичээлдээ гайгүй, тэр дундаа математикт их сонирхолтой, олимпиадад байр эзэлчихдэг сурагч байлаа. Аравдугаар анги төгсөхөд “Чи тооны хичээлдээ гайгүй юм чинь энэ чиглэлээрээ явсан нь дээр” гэж багш нар зөвлөсөн. Ганц Дондогдоржийн Халзан багш л “Сэтгүүлч болоорой” гэсэн. Д.Халзан гэж манай Баянхонгорын том яруу найрагч байлаа шүү дээ. Галуут сумд наймдугаар анги төгсөөд, аймгийн 10 жилд ирэхэд Д.Халзан багш утга зохиолын дугуйлан хичээллүүлдэг байв. Би тэр дугуйланд нь явна. Шүлэг сэлт оролдоно. Аймгийн “Лениний зам” сонинд ганц нэг мэдээ гаргасан удаатай. Бас захирал маань Л.Балдандорж гэж бараг мэргэжлийн түвшний сэтгүүлч байлаа. Тэд намайг их тоож, урам өгдөг байсан даа.
Өвөө минь намайг аравдугаар анги төгсөх жил нас барсан. Бурхан болохынхоо өмнө “Миний хүү тоондоо сайн юм чинь эдийн засагч болбол зүгээр дээ. Эдийн засгаар сурахгүй гэвэл багаасаа ярьсан сэтгүүлч мэргэжлээ эзэмшээрэй” гэж захисан. Ингээд л өвөөгийн захиас, багшийн найдвар, өөрийн хүслийг тээж сэтгүүлч болсон доо.
-Та их сургуульд яг сэтгүүлч биш, монгол хэл, уран зохиолын мэргэжил эзэмшсэн гэдэг байх аа?
-Дунд сургууль төгсөх жил манай аймагт сэтгүүлчийн ангийн хуваарь ирээгүй. Надад гадаадын дээд сургуулийн хуваарь авах боломж ч байлаа. Гэхдээ дотооддоо ямар ч хамаагүй сургуульд ороод, сэтгүүлчийн анги руу шилжих арга хайхаар шийдсэн юм. Ингээд МУИС-ийн Политехникийн дээд сургуулийн авто инженерийн ангид орсон. Хичээл эхлээд удаагүй байтал Зөвлөлтийн бэлтгэлд хүүхдүүд авах сураг дуулдав. Тэр бэлтгэлд нь орвол дахин шалгалт өгөөд, бүр Зөвлөлтөд сэтгүүлчийн ангид орчихож болох юм байна гэсэн “мэргэн санаа” төрлөө. Ингээд Зөвлөлтийн бэлтгэлд ортол “Инженерийн ангиас ирсэн хүүхдийг тэр чиглэлийн сургуульд л элсүүлнэ” гэв. Тэгэхээр нь сургуулиа хаяад, дахиж элсэлтийн шалгалт өгч хүссэн хуваариа авна гэсэн бодол тээсээр нутагтаа очсон. Гэвч үнэнтэй нүүр тулна биз дээ. Аравдугаар анги төгсөөд дээд сургуульд сураагүй хүмүүс дор хаяж гурван жил ажиллаж байж дахин конкурст орох эрхтэй болдог байв. Энэ хугацаагаа гүйцээх гэж геологид нэг жил ажиллалаа. Баянхонгорын Хөгжимт драмын театрт тайзны ажилчин, гэрэлтүүлэгчийн туслах гэх мэтийн ажил хийж хоёр жил боллоо. Арай гэж гурван жилээ гүйцээгээд, сэтгүүлчийн хуваарь ирэхгүй бол монгол хэлний ангид орно гэсэн “нарийн төлөвлөгөө” боловсруулаад конкурст ортол монгол хэлний анги ч ирээгүй тул орос хэлний ангийн хуваарь авсан. Намар нь нийслэлд ирж орос хэлний ангиа монгол хэлнийхээр сольж, сая нэг сэтгүүлч болох замдаа дөтөлсөн дөө.
-Таныг Баянхонгорын театрт дуулж байсан гэж сонссон. Тэнд тайзны ажилчин байх үедээ дуулдаг байсан хэрэг үү?
-1980 онд Бүх ард түмний урлагийн үзлэг болсон юм. Түүнд театрын мэргэжлийн уран бүтээлчид орж болохгүй, харин ажилчдаас заавал оролцуулах ёстой байсан учраас хүчээр шахуу орж дуулаад зогссонгүй, аймагтаа шалгарсан. Яг тэр үед театрын дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдаж, тэнд дуулдаг болсон. Нэг гоцлол, нэг дуэт дуутай. Бас болоогүй ээ, гитар барьчихна. Хамтлагтайгаа энд тэнд явж дуулна, дуулахаараа бас зүгээр ч үгүй, дахиулна. Надад тайзан дээр гарах маш хэцүү, гарсан хойноо мод шиг зогсож байгаад л дуулдаг, тэгээд багш нарт зэмлүүлдэг байлаа. Иймэрхүү л сайн дурын уран сайханч байсан даа. Би ер нь залуудаа чадахгүй юмгүй, чаддаг ч юмгүй л хүн байсан шиг байгаа юм. Урлаг, спорт гээд сонирхоогүй юм байхгүй. Дуулна, ятга, гитар, баян хуур дутуу хагас тоглоно. Спортын олон төрлийг сонирхож, оролдоно.
-Монгол хэлний анги төгсөөд сэтгүүл зүйн салбарын хүн болох зам хэр дардан байв?
-МУИС-ийн монгол хэлний анги төгссөн хүн үндсэндээ багш л болох замтай. Би сургуулиа гайгүй ч төгссөн. Их сургуульд багшаар үлдэх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллах гэх мэт саналууд ирж байлаа. Би нэгэнт зорьж, өдий хүртэл явсан юм, ямар нэг аргаар сэтгүүлч л болно гэсэн бодолтой. Гэтэл Сэлэнгэд хуваарилчихав. Гэргий минь Дарханых. Сэлэнгийн боловсролын хэлтсийн дарга “МУИС онц төгссөн хүн яагаад хөдөө ажиллаж болдоггүй юм” гээд хувийн хэргийг минь өгдөггүй. Нэлээн юм болж байж арай гэж бичиг баримтаа авч Дарханд ажилд орсон.
-Сэтгүүлчээр үү?
-Пионерийн удирдагчаар. Ажлынхаа хажуугаар “Найрамдлын Дархан” сонинд юм бичнэ. Бараг гарахгүй дээ. Сэтгэлээр унана гэж байхгүй, төвийн сонинуудад мэдээ сэлт явуулна. “Залуучуудын үнэн”-д ганц нэг юм гарсаан. Тэгж байтал “Найрамдлын Дархан” сонинд ажиллах боломж олдлоо. Гэтэл сэтгүүлчээр биш, хариуцлагатай нарийн бичгийн даргаар тавьчихдаг юм байна. “Би дарга болохгүй, сэтгүүлчээр ажиллаж, юм бичих хүсэлтэй” гэхэд “Хэнийг, хаана тавихаа бид мэднэ” гэсэн. Тэгдэг цаг үе байсан юм чинь.
-Та чинь сэтгүүл зүйд шууд л даргаар орж ирж, насаараа дарга явсан хүн байна шүү дээ. Домогт “Ардын эрх”-д бас даргаар ирсэн биз дээ?
-“Найрамдлын Дархан” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын албатай явж байтал 1990 онд “Ардын эрх” (АЭ) гэдэг шинэ сонин байгуулагдсан. Ангийн найз Бүнчингийн Нацагдорж маань тэр сонины сурвалжлагч болжээ. Мань хүн “Манайх орон нутагт сурвалжлагчтай болно гэнэ. Чи ирж Бал эрхлэгчтэй уулз. Би чамайг уулзуулж өгье” гэж дуудав. Бал эрхлэгчийг би нэг удаа хадам аавындаа харж байсан юм. Хадам аав минь “Үнэн” сонины сурвалжлагч Ичинхорлоогийн Гүрринчин гэж тухайн үеийнхээ том сэтгүүлч, Бал эрхлэгчтэй найзууд байлаа. Эрхлэгч томилолтоор Дарханд очоод, хадмынд ирэхэд намайг сонинд ажилладаг, сэтгүүлчийн замаар явж байгаа хүн гэж аав минь танилцуулж байв. Тэр нь ч Нацагаагийн дуудлагаар хот руу явахад түлхэц болсон.
Төрийн төв хэвлэл “АЭ” сонины редакц Төрийн ордонд байлаа. Эрхлэгчтэй уулзах гэж хоёр хоносон. Би өглөө очоод Нацагаагийн хажууд суучихна. Нацагаа байсхийгээд эрхлэгчийн өрөө рүү гүйнэ. Хүнтэй байна, гараад явчихаж гэсээр ирнэ. Эрхлэгчтэй уулзаж чадахгүй ч гэсэн тэнд сууж байх нь надад сайхан байв. Хоёр өдөр суухдаа энэ сонинд л ажиллавал миний амьдралын зорилго биелж, хүн болсны хэрэг бүтэх юм шиг бодож байлаа. Ингээд хоёр дахь өдрийнхөө орой Бал эрхлэгчийн өрөөнд оров. Нацагаа “Энэ нөгөө манай ангийн Батбаатар, Гүрринчин гуайн хүргэн” гэтэл “Юун хүргэн, гар чи” гээд хөөгдөөд гарлаа. Хэл ул болох ёстой Нацагаа байхгүй болохоор би зориг гарган “АЭ” сонины орон нутгийн сурвалжлагч болмоор байна” л гэлээ. “Чи хаана, юу бичдэг юм бэ” гэж байна. “Бичсэн юм маань “Залуучуудын үнэн” сонинд хааяа гардаг, орон нутгийн сониндоо бол байнга бичдэг” гэв. Тэгсэн, “Би л лав Батбаатар гэсэн автортой юм сонинд гарсан байхыг хараагүй, чиний ямар сэтгүүлч гэдгийг мэдэхгүй. Гэхдээ өөрөө ингэж орж ирсэн зоригийг чинь үнэлээд, хоёрдугаарт, хадам аавд чинь буян хийж байна гэж бодоод, гуравдугаарт, эрхбиш сонины дөртэйг чинь ойлгоод чамайг авч болж байна. Ерөнхий эрхлэгч Б.Лигдэн гуай гадаадад яваа. Би орлогч эрхлэгч. Ерөнхийн эзгүйд том толгой гаргаад авъя. Миний нэрийг битгий баастаарай” гэсэн юм. Ингэж төрийн төв хэвлэл “АЭ” сонин, МОНЦАМЭ агентлагийн Дархан хот дахь сурвалжлагч болсон доо. Тэр үед “АЭ”-ийн орон нутаг дахь сурвалжлагч их нэр хүндтэй байлаа. Цалин хөлс, бусад зардал маань Дарханы төв банканд шилжиж очно, Дарханы Монголбанкны ерөнхий нягтлан хоёрдугаар гарын үсэг зурж, би өөрөө захиран зарцуулах эрхтэй. Хөдөө гадаа явах томилолтын мөнгөтэй, “УАЗ-469” машин дуудаж унана. Аймгийн захиргааны байранд тусдаа өрөөтэй, ажлын өрөө, гэрт утас тавьж өгнө. Гэрээсээ хаашаа ч ярих эрхтэй. Ийм тусгай хангамжтай сурвалжлагч болж, гурван жил ажилласан.
-Хотод хэзээ ирэв?
-Дарханд байхдаа эрхлэгчийнхээ нэрийг баастахгүйн тулд сайн ажиллах гэж хичээсээн. “АЭ” сонин цоо шинэ соёл, дэг бүтээж байв. Төлөвлөгөөгөө биелүүлэв, давуулав гэх мэт амжилтын мэдээ, хоосон магтаалаас зайлсхийж, аль болох сонин содон, уншууртай юм хийхийг шаарддаг, тэр нь ч надад таалагддаг байв. Орон нутгийн сурвалжлагчдын ажлыг улирал бүр дүгнэж, эхний гурван байрт орсон хүмүүсийн цалин, урамшууллыг нэмнэ. Би эхний гурваас ер буудаггүй байсан даа. Нэг өдөр гадуур мэдээ сэлт хайж яваад орой гэртээ иртэл гэргий минь “Балдорж гуай хоёр удаа утасдлаа, яаралтай ярь” гэсэн гэдэг юм. Сандарлаа даа. Гар утас байсан биш, гэр лүү нь залгалаа, “Хаагуур яваад байдаг нөхөр вэ чи, ажил төрлөө хийдэг хүн үү, үгүй юү” гэснээ “Нөгөөдөр өглөө гэхэд редакцад ир” гээд утсаа тасалчихав. Яасан юм бол, дуудагдах буруу юм юу хийлээ гээд хамаг юмаа ухаж төнхөж зөндөө бодлоо. Очтол “Хотод ир, төв редакцад ажилла” гэдэг юм байна. “Байр сууцгүй” гэтэл “Тэр чиний асуудал, өөрөө шийд. Манай асуудал бол чи энд хэрэгтэй байна. Чамайг Шуурхай мэдээллийн албаны даргаар томилно” гэсэн. Ингээд тухайн үед хамгийн залуу албаны дарга болж байлаа.
-Жинхэнэ томчуудын дунд яваад орчихно биз дээ?
-Бод л доо, ерөнхий эрхлэгч нь Бал, нэгдүгээр орлогч нь Б.Пүрэвдаш, орлогч нь Д.Цэдэн-Иш, хариуцлагатай нарийн бичгийн дарга нь Цогсүрэнгийн Ганболд, улс төрийн албаны дарга нь Б.Лигдэн гуай, эдийн засгийн албаны дарга нь Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн, сайд асан), Нийгэм, соёлын албаны дарга нь Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол байлаа шүү дээ. Ийм аваргуудын дунд дөнгөж 30 гарч яваа, хөдөөнөөс ирсэн нөхөр жижигдэж л байсан.
-1990-ээд оны эхэн үед олон зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Тэр дунд сэтгүүл зүйн салбарт цоо шинэ, өмнө нь огт байгаагүй зүйлс нэвтэрсэн. Үүнд “АЭ”-ийнхний оролцоо их байсан гэдэг.
-Сонирхолтой цаг үе шүү дээ. Социализм нурж, цоо шинэ нийгэм рүү орсон, түүнийгээ дагаад нийгмийн амьдралын салаа мөчир бүр өөрчлөгдсөн. Намын үзэл суртлын зэвсэг байсан сонин чөлөөт хэвлэлийн зарчим руу шилжсэн. “АЭ” төрийн төв хэвлэл гэсэн статустай хэрнээ чөлөөт сэтгүүл зүйн зарчмаар ажилладаг байлаа. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас “Төрийн төв хэвлэл биднийг шүүмжиллээ, үгэнд орохгүй байна” гэж эрхлэгч нарыг маань хурлаар оруулж, сануулга анхааруулга өгч байсан. Гэхдээ л харьцангуй бие даасан байдалтай ажиллаж чаддаг байв. Энэ нь Бал эрхлэгчийн хувь хүний шинж чанар, бодол зорилготой холбоотой.
Ер нь их мэдрэмжтэй хүн л дээ. “Төрийн ордонд байрлана гэдэг эдний гэрт сууж байгаагаас ялгаагүй. Ийм нөхцөлд хэвлэл өөрийн зарчмаар ажиллаж чадахгүй. Өөрийн гэсэн байртай болно, Төрийн ордноос гарна” гээд шинэ байр бариулж байлаа. Бал эрхлэгч санаанд багтамгүй зүйлс их ярьдаг, энэ хэзээ ч бүтэхгүй дээ гэмээр юмыг бүтээдэг хүн байв. Зүтгэсэн зүйлдээ заавал хүрдэг. Эрхлэгч шинэ байрандаа орох гэж их яарсан. Арванхоёрдугаар сар гарч байхад дотоод заслыг нь хийгээгүй, дөнгөж шавардсан байшинд биднийг дагуулж очоод, шинэ жилээ энд тэмдэглэнэ, засал чимэглэлд өөрсдөө оролцоно гэсэн. Яаж амжих вэ дээ гэж бодож байтал амжаад зогсоогүй, шинэ жилдээ Ерөнхийлөгчийг урьж оролцуулж байлаа. Монголд албан тасалгаандаа хивсэнцэр дэвссэн анхны байгууллага манай “АЭ” шүү дээ. Бид редакцын өрөө, коридортоо битүү хивсэнцэр дэвссэн, их гоё орчинд ажилладаг байлаа. “АЭ” олон том шинэчлэл хийсэн. Тэр шинэчлэлүүд нь Монголын сэтгүүл зүйн шинэчлэл болсон. Монголчууд сонин гэдэг дөрвөн нүүртэй байдаг л гэсэн ойлголттой явсан. “АЭ” анх удаа найман нүүрээр, улмаар 16-32 нүүрээр хэвлэгдсэн. Компьютероор эхээ бэлтгэдэг болж, офсет хэвлэлд шилжсэн. Тэр үед компьютер мэддэг, түүн дээр ажилладаг хүн манай сонинд нэг ч байгаагүй. Богино хугацаанд их олон шинийг бид эрхлэгчтэйгээ бүтээсэн дээ. Сонины реклам гэдгийг манай сонин л монголчуудад танилцуулсан. Сонин хэвлэл төрөөс санхүүжихгүй, сурталчилгаагаар амьдардаг болно, дэлхийн жишиг ийм байна гээд сониндоо Реклам, зар сурталчилгааны хэлтэс байгуултал рекламаа өгөх байгууллага байдаггүй. Тэгэхээр нь дөрвөн нүүр сониныхоо нэг нүүрийг цагаанаар нь явууллаа. Одоогийнхоор бол “Таны рекламны орон зай” гэж хүмүүсийн анхаарлыг татах гэж байгаа юм. Гэтэл уншигчид гомдсон. Нэгийг нь би тод санадаг юм. “Бид сонин унших гэсэн болохоос хоосон цаас харах гэж танайхыг захиалаагүй, ингэж доромжилсныхоо төлөө уучлал гуй” гээд, нөгөө сониныг маань дугтуйнд хийгээд ирүүлчихсэн байж билээ.
-Анх сониндоо компьютертой болоод вирустүүлэхгүй гэж битүүмжилсэн өрөөнд тавьж, цагаан халаад өмсөж ордог байсан гэх мэтийн хөгжилтэй түүхүүд яригддаг. Тийм зүйл үнэхээр болж байсан юм уу?
-Шилэн хаалттай өрөөнд компьютеруудаа байрлуулж, бактери, вирус ийшээ оруулж болохгүй, маш цэвэрхэн байх ёстой гээд операторуудаа цагаан халаад, цэвэрхэн шаахай өмсгөж ажиллуулдаг, эрхлэгч нар, дугаар удирдагчаас өөр хүн ордоггүй байсан үе бий. Сэтгүүл чид мэдээ, материалаа гараар бичээд, гар бичмэлээ үүдэнд нь өгч, тэр нь цаашаа операторуудад хүргэнэ. Шинэ юм бүхэн тэгж л эхэлдэг. Коронавирусийн эхэн үе шиг л юм болж байж дээ.
-Ярилцлагын ихэнх нь Бал эрхлэгчийн тухай болох нь үү дээ. Танаар өөрийн тань талаар яриулах гэж иртэл та түүний тухай л яриад байх юм.
-Ц.Балдорж эрхлэгч Монголын шинэ сэтгүүл зүйн туг байсан. Яалт ч үгүй өндөрт дэрвэсэн туг. Монголын чөлөөт, мэргэжлийн сэтгүүл зүйн эцэг нь Бал эрхлэгч гэж би боддог. Би тэр хүний шавь шүү гэж бодоход хүртэл сайхан байдаг. Миний одоо ч гэсэн хамгийн эрхэмлэж, хүндэлж явдаг хүн минь учраас эрхлэгчийгээ яриад байна л даа. 1990 оноос өмнө Лодонгийн Түдэвийн школ гэж байсан бол 1990 оноос хойших Монголын сэтгүүл зүй Цэрэндоржийн Балдоржийн гаргасан замаар явж, багана, тооно нь боссон. 1996 оны сонгуулийн дараа эрхлэгч “АЭ”-ийн ажлаа өгөөд, “Өнөөдөр” сониноо байгуулсан. Ёстой юу ч үгүйгээс эхэлж мэргэжлийн, хариуцлагатай, иргэний баримжаатай, бат суурьтай чө лөөт хэвлэлийг бойжуулж, төлөвшүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дотор “Өнөөдөр” сонин туг нь болсон. Шинэ сэтгүүл зүйн үр хөврөл эндээс л ургаж төлжсөн. Балдорж школоор хүмүүжсэн, “Өнөөдөр” сониноор дамжсан хүн арай өөр байдаг юм аа. Би эрхлэгчийнхээ гаргасан замаар хамт алхаж, бурхан болсных нь дараа түүний бий болгосон үнэт зүйл, дэг соёлыг хадгалан үргэлжлүүлэхийг хичээж явсан. Өөрийгөө Бал эрхлэгчийн зам, зарчмаас гажихгүй яваа л гэж боддог хүн.
-Таны үеийнхэнд Бал эрхлэгч ийм эрхэм хүн тань байгаа шиг та залуучуудын хүндлэлийг хүлээдэг, хүлээн зөвшөөрөгдсөн хүн нь. Танаар материалаа уншуулаад, “Болжээ” гэсэн үг сонсвол сэтгэл нь амардаг, урам магтаалын үг хэлбэл чинь хэсэгтээ жигүүртэй мэт явдаг үеийнхэн байсныг та мэдэрч анзаардаг байв уу?
-Мэдрэлгүй яахав. Тэндээс чинь л эрч хүч, итгэл олж авна шүү дээ. Би “АЭ”-ийн Дархан дахь сурвалжлагчаар ажилласан гурван жилдээ л сэтгүүлчийн амьдралаар амьдарсан. Гоё сайхан юм хийх гэж эрж хайна, өөрийгөө ирлэхийг хичээнэ, бусадтай өөрийгөө жишнэ, хааяахан омогшиж бадрангуй болно. Гэтэл намайг авчраад хэлтсийн даргаар тавьсан. Түүнээс хойш үргэлж хурган даргын сэтэртэй, хүний материал нухдаг ажилтай явсаар сэтгүүл зүйн он жилүүд минь өнгөрч. Гэхдээ үүндээ огтхон ч харамсдаггүй ээ. Нийтлэл хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч гэдэг редакторын ажил л даа. Нийтлэлийн бодлого барина, сэтгүүлчдэд санаа өгнө, зүглүүлж чиглүүлнэ, засаж залруулна. Редакторын ажил бол сэтгэлийн ажил. Үг, үсгийн алдаа харсан болоод явуулчихдаг, их сайндаа баахан хөөргөж магтдаг, эсвэл хашгирч загнадаг бол сэтгэл гаргахгүй байна л гэсэн үг. Сэтгүүлчийн материалыг маш сайн нягталж, засан сайжруулахын төлөө чин сэтгэл гаргах нь редакторын үүрэг. Бичээд ирсэн зүйл нь дутуу хагас байвал нэмнэ, илүүдсэн бол хасна, бурууг нь залруулна. Арван өгүүлбэрийг хоёрхон өгүүлбэрт багтаах, хоёр өгүүлбэрийг таван өгүүлбэр болгох үе ч байна. Алдаа хаана байгааг, яагаад ингэж бичих ёстойг цөөн үгээр ч болов хэлж өгч, сайшаал зэмлэлийг жин банг нь тааруулж хүртээж байх ёстой. Редактор ингэж ажиллавал сэтгүүлчид сайн торнидог. Эндээс сэтгүүлч суралцаж, боловсорч байдаг. Сэтгэлээ гаргаж ажиллавал редакторын ажил хүнд ажил. Хурдан бич гэж шахамдуулаад, гарсных нь дараа шүүмжилчихээд сууж байдаг дарга маягийн редакторт бол амархан байж мэднэ. Би арай хэцүү хувилбараар нь ажилладаг байсан. Сэтгүүлчид маань орой болохоор бичсэн материал, бэлтгэсэн нүүрүүдээ бариад тойроод зогсчихдог байсан шүү. Жижиг мэдээгээ хүртэл харуулах гэнэ. Энэ байдал 2009-2015 онд “Өнөөдөр” сониныхоо нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажиллах үед илүү тод мэдрэгддэг байлаа. Эрхлэгчийг бурхан болоход би Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байв. 2009 онд Н.Шүр эгчийнхээ урилга, хүсэлтээр буцаж ирэхдээ Бал эрхлэгчийн школ, баримталдаг зарчим, эхлүүлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэх, тэгэхдээ гарч буй шинэ өөрчлөлтийг зөв шингээх нь миний үүрэг гэж бодсон. Эрхлэгчийн дараа “Өнөөдөр” сонин муудаж болохгүй гэсэн бодол байсан. Нандиа, Номио хоёртоо түшиг нөмөр болох, бас тэднийгээ сонины ажилд залж, чиглүүлэх хүн ёсны хариуцлага, сэтгэлийн өр ч байлаа. Тиймээс сэтгүүлчидтэйгээ нэлээд тулж, нухаж ажилласан. 2009 онд би ойрын харааны шил зүүдэггүй байлаа. 2015 онд -3-ыг зүүдэг болсон байсан шүү. Насных ч байх, сонины дардастай зууралдсан нь ч нөлөөлсөн байх. Гэхдээ сонин сайн гарах, сайхан материал хэвлэгдэх, залуу сэтгүүлчид ур чадварын хувьд нүдэн дээр өсөж, торнихыг харах гоё шүү дээ. “Өнөөдөр” сонины хоёр дахь үеийнхэн гэж болохоор олон сайхан залуус тэр үед орж ирж, сайн сэтгүүлч болж төлөвшсөн гэж бодоход сайхан байдаг.
-Та гурван Ерөнхий сайд, хоёр УИХ-ын Хэвлэлийн албаны даргаар ажилласан Монголын цорын ганц хүн. Тэгэх тусмаа АН, МАН аль алинаас томилогдсон хүмүүстэй хамтарч ажилласан тань сонирхолтой санагддаг.
-Миний бүхий л амьдралын хамгийн том хобби бол спорт. 1994 онд “Таван цагариг” (ТЦ) сониныг МҮОХ, “АЭ” хамтран гаргах болж, надад хариуцуулсан. Гайгүй ч ажилласан. “ТЦ”-аа богино хугацаанд олон уншигчтай, сайн сонин болгосон гээд тухайн үед МҮОХ-ны ерөнхийлөгч байсан Ш.Отгонбилэг 1996 оны Атлантын олимп сурвалжлах эрхээр шагнав. Харин Бал эрхлэгч “Олимпод яваад ирэхэд чинь байр өгнө” гэсэн юм. Манайх 1994 онд Дарханаас ирснээс хойш өөрийн гэсэн оронтой болоогүй, хөлсний байраар хэсэг яваад, сүүлдээ Баскагийнхаа (сэтгүүлч Дамдины Баасанжаргал) хашаанд дөрвөн ханатай гэрт амьдарч байлаа. Олимп сурвалжлаад ирсний дараа Бал эрхлэгч маань надад байр өгөх нь бүү хэл, өөрөө ажилгүй болсон. Бид шинэ сонин гаргахаар бүхнийг тэгээс эхлэн бужигнаж байв. Тийм үед нь “Нөгөө байр яасан бэ” гэж асуух ёс зүй надад байхгүй шүү дээ. Гэтэл Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Цогсүрэнгийн Ганболд намайг дуудаж “Нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт хэвлэлийн төлөөлөгч авна гэнэ, чи уулзаадах” гэв. Ж.Наранцацралт дарга сайн ажиллавал жилийн дараа байр өгнө гэдэг юм байна. Эрхлэгчийгээ ажилгүй болчихсон, шинэ сонин босгох гээд ядаж явахад нь орхиод явчихвал хүн чанаргүй юм болох болов уу гэж хулгаж хулгаж, нэг өдөр эрхлэгчид хэллээ. Гэтэл “Наадах чинь чихэнд чимэгтэй мэдээ байна. Би чамд амласан байраа одоохондоо өгч чадахгүй болчихлоо. Боломж гарч байгаа дээр нь оч. Төрийн алба ээлжтэй, дарга даамал нь солигдохоор буцаад ир” гэсэн. 1997 оны нэгдүгээр сараас Ж.Наранцацралт даргын хэвлэлийг хариуцаж нэг жил ажиллаад байртай болж байлаа. Нараа дарга Ерөнхий сайд болсныхоо дараа намайг дуудсанаар Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар ажилласан. Засгийн газар найман сарын дараа огцроход би эргээд сониндоо ирсэн дээ. АН, МАН-ын аль алины Засгийн газрын Хэвлэлийн албанд ажилласан тухайд, нам дагаж явж, тэр ажлыг аваагүй. Мөн хэзээ ч би хийе, намайг аваач гэж өөрөө гуйж, хүнээр хэлүүлж явсангүй. Онгирч хэлэхэд бүгдэд нь уригдаж очсон. Би нам бус хүн. Бүр заавал нам, улс төрд хамаатуулна гэвэл би чинь 1990 онд Дарханд Ардчилсан холбоог байгуулалцаж явлаа. Дарханы Ардчилсан холбооны 07 тоот үнэмлэх надад одоо ч бий. Улс төртэй холбоотой албан ёсны ганц бичиг баримт минь тэр. Би улс төрд оролцоно гэж угаасаа бодоогүй. Миний хувьд гурван Ерөнхий сайд, хоёр УИХ-ын даргатай ажилласнаа тийм ч олон хүнд олдохгүй ховор завшаан гэж бодож, хүндэтгэлтэй ханддаг. Энэ талаар ярьсан чинь нэг сонин түүх санаанд орчихлоо. 2008 оны сонгуулиар МАН олонх болсон ч С.Баяр дарга АН-тай хамтарч Засгийн газраа байгуулах шийдэл гаргасан шүү дээ. Тэр үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзахдаа ахлах зөвлөх Д.Батбаяр, бид хоёрыг дагуулж орсон юм. Ц.Элбэгдорж намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээнэ, намын даргаас огцорно гээд мэдэгдчихсэн, оронд нь хэнийг намын даргаар сонгохоо шийдээгүй байсан үе. Бүлгийн гишүүд суучихсан, намын дарга байхгүй учраас ширээний гол сандал онгорхой байв. Улсын Ерөнхий сайд орж ирэхэд АН-ын бүлгийнхэн хүндэлж, нөгөө сандалдаа суулгах гэхэд С.Баяр дарга “Аав нь байхгүй айлын хойморт суух зохимжгүй” гээд хажуу эгнээний сандалд суух зуураа “Би Ахлах зөвлөх, Хэвлэлийн албаны дарга хоёроо дагуулаад ирлээ. Болно биз дээ” гэсэн чинь “фортуна” Н.Батбаяр “Наад Батбаатар чинь манай намынх шүү дээ” гэдэг байгаа. Ж.Наранцацралт даргыг Ерөнхий сайд байхад Хэрэг эрхлэх газрын дарга нь Н.Батбаяр байв. Тэгээд намайг АН-ынх гэж бодсон байх. Сүүлд М.Энхболд даргатай ажиллаж байхад МАН дотор “Наад Батбаатар чинь АН-ын угшилтай хүн” гэсэн яриа гарсан л байсан. Ж.Наранцацралт даргатай ажиллаж байхад АН-аас намд элс гэсэн юм. Энэ тухай даргадаа хэлтэл “Сэтгүүлч хүн намаар яахав ээ” гэсэн. Бал эрхлэгч бас нэгэнтээ “Чи бид хоёрт нам хэрэггүй” гэж байсан. Энэ хоёр хүний заасан замаар нам дагаж навсайсангүй өнөө хүрлээ.
-Гурван Ерөнхий сайд, хоёр УИХ-ын даргын хэвлэлийг хариуцаж ажиллахад Монгол төрийн олон чухал үйл явдлын гэрч болж таарна даа.
-Өө, олон олон. Үйл явдал, үнэн түүх бодит байдлаасаа гажиж, шал өөр болчихсон явдаг. Хэлснээ хэлээгүй, хэлээгүйгээ хэлсэн болгох нь ч зөндөө. Төрийн болоод хувь хүний түүх, бодит баримт гэдэг утгаар нь үнэн, зөвөөр бичиж үлдээмээр өнцгүүд зөндөө бий. Сэтгэлд маш тод үлдсэн олон дурсамж, үйл явдал, баримтууд байдаг даа.
-Төр, засгийн хэвлэлд ажилласан жилүүдийнхээ талаар, эрхэлж байгаа ажил албанаасаа болоод дэлгэж түвдэхгүй байгаа зүйлсээ ном болгох талаар бодож байгаа юу. Бичээд эхэлчихсэн үү?
-Одоохондоо бичээгүй л байна. Бичдэг сэтгүүлч болох мөрөөдлөө биелүүлж тэтгэвэрт гарахаараа хэдэн ном бичнэ ээ. Тэр дунд төр засгийн байгууллагад ажилласан жилүүдийн дурсамж орох байх. Миний компьютер (толгойгоо заав. сурв) харьцангуй ой, багтаамж сайтай. Бестселлерийн түвшний ном надаас нэг байтугай гарна. Гэхдээ нэг хүний тухай бичихэд нөгөө талд нь өөр хэн нэгний талаарх тааруухан дүр төрх хөндөгддөг учраас жаахан зовлонтой.
-Багт нь багтаж, удирдлага дор нь ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдийн алдаа, оноог өөрийнхөө харснаар дүгнэж, харьцуулах, түүнийгээ ном болгон бичиж, олон нийтэд хүргэнэ гэдэг амаргүй байх л даа. Сэтгүүлчийн ёс зүйн, хүний мөс чанарын гээд олон хүлээсийн эвийг олж, жин банг тааруулах хэрэг гарах л байх.
-Хүмүүс янз янзаар ярьдаг ч төр, засаг тэргүүлж буй хүмүүсийн хэн нь ч улсаа хорлочихъё, энд байгаа дээрээ л завшиж авъя гэж бодож ажилладаггүй. Алба ажлын хүндэд дарагдаж, тархи толгойгоо гашилгаж байдаг юм даа. Харин нэр сүрийг нь ашигладаг, дагаж далбаганаж байгаад хормой дороо юм аваад үлдчих гэсэн санаархалтай хүмүүс нэг биш байдаг. Ерөнхий сайд, УИХ-ын даргын түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн толгойны үс нүдэн дээр л бууралтдаг юм шүү дээ. С.Баяр дарга тэгж байсан. Нараа дарга тамхинд орсон. М.Энхболд дарга огт тамхи татдаггүй байснаа “МИ-8”-ын осол болсон өдөр надаас хайрцаг тамхи аваад, орой ороход дуусгачихсан, “дахиад байна уу” гээд сууж байсан. Г.Занданшатар дарга арай л хэтэрхий ачаалалтай ажилладаг. Хагас, бүтэн сайнд ч амарч зүгээр сууж чаддаггүй хүн. Илт ядарч байгаа нь мэдрэгдээд л байдаг. Хэлэхээр тоохгүй л дээ. Яг дэргэд нь байж, юунд, яаж хандахыг нь нүдээр харж, биеэр мэдэрч байсан болохоор удирдлага дор нь ажилласан төрийн өндөр албан тушаалтнуудыг өөлөх, муулах нүдээр хардаггүй ээ. Хүн л юм болсон хойно зарим нэг алдаа мадаг байдаг биз ээ. Түүнийг нь би шүүдэг хүн биш. Гэрэл байгаа учраас сүүдэр байдаг хорвоо биз дээ.
-Намын гишүүн бус, тэгсэн хэрнээ АН, МАН-ын гурван Засгийн газар, хоёр УИХ-ын хэвлэлийг хариуцаж ажилласан “нууц” тань юу вэ?
-Би нэг нам олонх, олон нам хамтарсан, хоёр нам эвссэн Засгийн газрын хэвлэлийн албанд ажилласан. УИХ-д ч олон намын төлөөлөл бий. УИХ, Засгийн газрын гишүүдтэй зөвхөн ажил төрлийн үүднээс харилцана. Аль намын гишүүн байх нь хамаагүй, би Засаг, парламент, түүний гишүүдийн үйл ажиллагааг олон түмэнд зөв түгээх, сурталчлах Хэвлэлийн албаны даргын ажил үүргээ л хийх ёстой. Энэ тэр намынх, үүний мэдээг оруулахгүй, энийг би таньдаг, сайн харилцаатай, тиймээс ахиухан сурталчилна гэсэн юм байх ёсгүй. Би тэгж л ажиллаж ирсэн. Удирдлагатайгаа ажил хэргийн маш ойр харилцаатай байх ёстой. Одоо УИХ-д гэхэд Г.Занданшатар дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар намайг маш сайн ойлгож, тултал дэмжиж ажилладагт их баярладаг аа.
-Төрийн хэвлэлийн албанд ажиллахаар нэг талаас дарга нь, нөгөө талаас сэтгүүлчид шахаад, хэвлэлийн албаныхныг “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болгодог гэдэг.
-Ямар ч ажилд бэрхшээл бий. Гэхдээ би тэгж хүлээж авдаггүй юм уу, надад нэг их төвөгтэй санагддаггүй. Нэгдүгээрт, төрийн мэдээллийн чиглэлээр нэлээд хэдэн жил ажилласных, хаана ямар алдаа гардаг вэ, алдаа гарвал яаж засаж залруулах вэ гэдгээ гадарладаг болсон давуу тал надад байна. Хоёрдугаарт, сэтгүүлчдээ мэддэг, таньдаг.
-Сэтгүүлчид бас таныг хүндэлдэг…
-Онгирч хэлбэл, хүндэлнэ. Муугаар хэлбэл, “Баагий ах гэж нэг юм ингэлээ, одоо яалтай билээ” гэдэг байлгүй. Заримыг нь загнана, эрэг-тэйчүүдийг нь цохиод авах үе ч бий. Тэглээ гээд манайхан хэл ам гаргаад байдаггүй. Энэ бол хувь хүмүүсийн харилцааны асуудал л даа.
-Сэтгүүлчид заавал уламжлалт нүсэр редакцад харьяалагдахгүй, олон нийтийн сүлжээнд суурилсан өөр өөрийн сувгийг бий болгож байна. Сэтгүүл зүйд гарч буй хувьсал өөрчлөлтийг та хэрхэн хардаг бол?
-Сэтгүүл зүйд гарч буй хувьслын талаар ярихаасаа өмнө уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сонины талаар боддог зүйлээ цухас хэлчихье. Сонинд би үнэхээр хайртай. Сонин захиалж уншдаг хүн цөөрсөн нь үнэн хэдий ч сонин унших сонирхол, хэрэгцээ, зах зээл ор тас алга болчихоогүй гэдэгт итгэдэг. Дорно дахинд, Хятад, Япон, Солонгост сонины уншилт тэгтлээ буураагүй шүү. Сониноо хүмүүст хүргэж уншуулахдаа л бид анхаарах хэрэгтэй. Сонин захиалахгүйгээр мэдээ мэдээллийг түргэн шуурхай авчихаж байгаа технологийн шинэ эринд сониныхон арга барилаа өөрчлөх цаг болсон. Надад анзаарагдаж байгаагаар УИХ, Засгийн газар хавиар, шийдвэр гаргах түвшнийхэн лав аналитик нийтлэл үгүйлж эхэлсэн. Бодит баримт, эх сурвалж, судалгаа шинжилгээнд суурилсан, харьцуулж жишсэн, хөндлөнгийн ямар нэгэн нөлөөлөлгүй, зөв буруугаа олоод харчих боломжтой, сонирхолтой хэлбэрээр бичсэн нийтлэл удахгүй үнэд орно. Энэ бол дэлхийн сэтгүүл зүйд өмнө ч байсан, одоо ч байгаа, Монголд нэн ховордсон төрөл зүйл дээ. Ийм нийтлэлд сэтгүүлчийн мэдлэг, ур чадвар, туршлага чухал нөлөөтэй. Тийм сэтгүүлч манайд ховор байна. Байгаа ганц нэг нь сүржин даржин сенсаацад дөжрөөд чимээгүй болчихож. Үйл явдлын мэдээг нийгмийн сүлжээгээр хэн дуртай нь ямар ч хяналтгүйгээр шууд цацчихаж байгаа үед сонинууд мэдээ хөөгөөд нэмэргүй. Харин түүний ар луу нь л өнгийх ёстой юм. Өнөөгийн манай сэтгүүл зүйн тухайд, цоо шинэ үе эхэлж байна. Энэ бол жам ёсны зүйл. Гэхдээ залуус маань алдаа оноогоо харж, өөрийгөө цэнэж сураасай. Илт буруу зөрүү юм хийж, дүрэмгүй аашлах явдал манайхнаас гардаг. Сэтгүүл зүйг буруу зорилгод зэвсэг болгон ашиглах тохиолдол давамгайлж байна. Заримдаа сэтгүүлч нь өөрөө “Намайг сум болгож ашиглаач” гэж гуйж очоод байна. Зөв бурууг нягтлахгүйгээр, санаатай санаандгүй шүүрч давлагаалах явдал мэргэжлийн сэтгүүл зүйд хортой. Саяхан болтол сэтгүүлчид дээд үеэ харж, тэднээсээ үлгэр жишээ авч, бичсэн зүйлийг нь уншиж, яаж ингэж бичих вэ гэж бодож, суралцаж өсөж торнидог байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон шиг. Энэ сайны ёр биш. “Сүүл нь нохойгоо тоохоо болив” гэж үг бий шүү. Гэхдээ үүнийг би цаг зуурынх байгаасай гэж бодож байгаа. Дэлхийн хэвлэлийн түүхийг харвал аль ч улс ийм бужигнаантай үеийг туулсан байдаг. Монголын нэг баярламаар онцлог нь иймэрхүү сүүдрийн үеэ харьцангуй богино хугацаанд даван туулдаг.
-Та “Гэрэг” сэтгүүл, ub.life сайт байгуулж, залуучуудыг нэгтгэн, гоё өнгө төрх, уур амьсгалтай редакц бий болгосон. Танайхан их эвтэйхэн ажиллаж, орчин үеийн мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөвшүүлж, өөрсдийн гэсэн уншигчидтай болсон харагддаг. Та залуустаа хэр зөвлөж, чиглүүлж байна вэ?
-Бал эрхлэгч залуусыг их дэмждэг хүн байлаа. Би бас эрхлэгч шигээ байхыг хичээсээр ирсэн. Залуустай ажиллах нь надад өөрт ч өгөөжтэй байдаг. Цаг үеэсээ хоцрогдохгүй, шинэ үеийнхний хандлагыг мэдэрч, тэднээсээ суралцаж, ядаж л сэтгэлээрээ залуу байна гэдэг гоё шүү дээ. Ж.Тэгшжаргал 2014 онд “Time” шиг сэтгүүл хийе” гэж намайг шордсоноор У.Бямбаням бид гурав “Гэрэг”-ээ эхлүүлсэн. Улмаар техник технологийн хөгжил, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж мэдээллийн сайттай болж өргөжсөн. Залуус маань тэнд өөрсдийн өнгө аястай мэдээллийн шинэ ертөнцийг бүтээж, редакцаа сайхан авч яваа. Би УИХ-ын Хэвлэлийн хэлтэст ирснээсээ хойш тэр ажлаасаа нэгмөсөн хөндийрсөн. Хааяа утсаар ярихаас цаашгүй. Тэд маань “Та хэзээ ирэх юм бэ, ирээч ээ” гэж байнга дууддаг. Над шиг нэг хөгшин юм ямар ч нэмэргүй байсан ч тэнд овойгоод сууж байх нь тэдэнд нөмөртэй байдаг шиг байгаа юм. Миний амьдралын зарчим дулаан гэгээн, бусдад түшиг нөмөртэй байх явдал. Тиймээс ядаж тэдэндээ нөмөр болох сон доо гэж боддог л юм. Тэгж байгаад нэг л өдөр очно доо. Хэдийгээр нас явж байгаа ч “ирээдүйнхэнтэй” хамт байхдаа би дуртай.
-Танд баярлалаа.
-Их л урт юм болох нь дээ. Багасгахыг бодоорой. Та нартаа, ямагт төрөлх орон гэрээ гэж бодож явдаг “Өнөөдөр”-ийнхөндөө сайн сайхныг хүсье.
Х.Уянга