ҮУИТ-ын үндэсний хөгжмийн найрал байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойд зориулсан цуврал хэд хэдэн тоглолтын эхнийх нь оркестрын залуу хөгжимчдийн бэлтгэж буй “Глобал маинд” юм. Уран бүтээлчид идэвхжиж, шинэ, содон бүтээл ч нэлээд төрж буй талаарх мэдээллийг тус найрлын удирдаач Э.Мөнхбаяраас тодрууллаа
-Тоглолтын хөтөлбөрийг ямар бүтээлүүдээр бүрдүүлэв. Онцлох нь юу бол?
-Зөвхөн ҮУИТ-ын тухайд бус, улсын хэмжээнд мэргэжлийн анхны үндэсний оркестр байгуулагдсаны 60 жилийн ой болох гэж байна. Тэртээ 1962 онд Ардын жүжигчин Л.Мөрдорж санаачлан уран бүтээлч нөхдийн хамт үүсгэн байгуулснаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Ийм чухал тэмдэглэлт үйл явдлын нээлтийн тоглолтын номер бүрийг сайтар бодож, сонгосон. Монголынхоос гадна болон дэлхийн олон орны сор болсон хөгжмийн зохиолчдын алдартай, төгс гэж хэлж болох бүтээлүүдээс үндэсний хөгжмийн найралдаа зориулан хөрвүүлж, найруулсан. Энэ ажлыг хөгжимчид өөрсдөө хийснээрээ онцлог. Цохивор хөгжимчин, өөрийн сонирхлоор хөгжмийн зохиол бичиж эхэлсэн Эрдэнэтөгсийн үндэсний найралд зориулсан “Каприччио” хэмээх нэртэй, залуу хүнд тулгардаг баяр, гуниг, зовлон жаргалын талаар өгүүлэх бүтээлийг бид хамтдаа “эх барьж авна”. Мөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын шинэ бүтээл “Эрч ба хурд” хэмээх удиртгал хөгжмийг анхлан тоглох гэж байна. Бид дунд нь өөрсдөө найруулан тоглох зөвшөөрлийг хөгжмийн зохиолчоос авсан тул цуур, суухан болон икэл хуур зэрэг ардын язгуур хөгжмийн зэмсгээр тоглож, үзэгчдэд хүргэх юм. Манай найрлын хуучирч Г.Маралмаагийн тоглох хөгжмийн зохиолч А.Пьяццоллагийн “Night club 1960” хэмээх зохиол их содон. Бас нэгэн сонирхолтой номерын талаар ярья. Монгол каунтри гэдэг урсгалыг санаачлан хэрэгжүүлэгч, дуучин Баатар буюу Баатархүү олон нийтэд нэлээд таниулсан “Сархад” гэдэг дуугаа хуучирч Тэмүүлэнгийн найруулснаар үндэсний оркестртой дуулна.
-Тоглолтоо яагаад “Глобал маинд” гэж нэрлэсэн бэ?
-Маэстро, ҮУИТ-ын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар энэхүү тоглолтыг санаачилсан. Залуу хөгжимчдийн бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл туурвих хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой. Хөгжим бол улс, үндэстнүүдийг нэгтгэх их хүч юм. Глобал урлагт Монголын үндэсний хөгжим тодорхой байр суурьтай гэсэн санаагаар ийм нэр өгсөн.
-Та ҮУИТ-ын үндэсний найрал хөгжмийн хэд дэх удирдаач бол. Ер нь 60 жилийн турш хэдэн удирдаач ажилласан бэ?
-П.Дагважамц, Э.Чойдог, С.Сүндэд, Ц.Баатаржав, Н.Буянбаатар гэсэн таван ерөнхий удирдаачтай. Харин удирдаач 15 юм уу, 16 жил ажилласан байдаг. Би одоогоор хамгийн отгон нь, ажиллаад гурван жил хагас болж байна.
-Театрын 60 жилийн ойн хүрээнд өөр ямар, ямар тоглолт үзэгчдэд хүргэх бол?
-Тавдугаар сард хуучирч Э.Цэндсүрэнгийн бие даасан, зургадугаар сард гоцлол хөгжимчдийн тоглолт болно. Долдугаар сард “Наадмын үдэш”, аравдугаар сард уламжлалт “Сэрсэн тал”, арванхоёрдугаар сард 60 жилийн ойн цуврал арга хэмжээний хаалтын, нэгдсэн тоглолттой