Залуу уран бүтээлч Л.Дөлгөөнийг “Залуус” буландаа урилаа.
-Та жүжигчний мэргэжил хаана эзэмшсэн бэ?
-Би ОХУ-д гурван жил гаруйн суралцаад, яах аргагүй эх орондоо ирэх шаардлагатай болж Монголдоо сүүлчийн дамжаагаа сурч, төгссөн. Үргэлжлүүлэн Японд мөн суралцсан.
-Юу таныг жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлсөн бол?
-Багаасаа жүжигчний мэргэжилд хорхойсдог байлаа. Яагаад ч юм бэ өөрийгөө урлагийн хүн болно л гэж төсөөлдөг байсан. Сурагч байхдаа ч дуулж, бүжиглэдэг, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан юм. Тийм ч болохоор гэр бүлийнхнээсээ зөрөн байж энэ мэргэжлээ эзэмшсэн. Гэрийнхэн эхэндээ эсэргүүцдэг, хүлээн зөвшөөрдөггүй байсан хэдий ч одоо бол ойлгож, маш их дэмждэг.
-ОХУ, эсвэл Японд ч юм уу, сурсан газар луугаа эргэн явж ажиллах бодол байдаг уу. Тэнд монгол уран бүтээлч ажиллах боломж хэр бол?
-Эндээ ажиллаад эхэлсэн болохоор гадагш явах талаар бодоогүй. Харин саяхнаас энэ талаар бодож эхэлсэн.
-Та яг одоо найруулагч М.Батболдын “Гэм зэм” постдрамын жүжгийн сэтгэцийн эмч Зосимовын дүрд тоглож буй. Энэ нь таны Монголд ажилласан тайзны анхны уран бүтээл үү?
-Тийм ээ, анхных. Мэргэжлээрээ биш, өөр ажил эрхэлж хэдэн жил болсон учир бэлтгэл сургуулилалтаас авхуулаад өөрийгөө дайчлах зүйл бишгүй байлаа. Формдоо орж, тайзан дээр гарах сайхан байна.
-“Гэм зэм” жүжигт Ф.М.Достоевскийн эх романд дүрсэлсэн Зосимовыг “өөр”-өөр харуулж буй. Ажиллахад “амттай” байна уу?
-Найруулагчийн шийдэл л дээ. Гэхдээ маш сонирхолтой. Яагаад болохгүй гэж. Чанга ч дүр. Амттай ч дүр. Энэ дүрээ би “Гэм зэм” жүжгийн чимэг нь гэж ойлгодог. “Гэм зэм” романд дүрслэхдээ, тус романаас сэдэвлэсэн уран сайхны кино болон тайзны бусад уран бүтээлд Зосимовыг ихэвчлэн энгийн нэг эмчээр л харуулдаг. Харин найруулагч М.Батболд маш сонирхолтойгоор дүрсэлсэн. Жүжгийг шүүх хурал хэлбэртэйгээр тавьсан нь ч, түүнд Зосимов гэрчээр оролцдог нь ч сонирхолтой.
-Өнгөрсөн намар “Гэм зэм” жүжгийг Монголын үзэгчдэд анхлан хүргэхэд Зосимовын дүрд “Маск” продакшны жүжигчин Х.Цасчихэр тоглосон. Харин энэ удаад та тоглож байна. Таны Зосисов түүнийхээс ямар ялгаатай вэ?
-Жүжигчин Х.Цасчихэр маш чамбай, сонирхолтой Зосимовыг үзэгчдэд харуулсан. Мэдээж өөр арга барилтай, өөр өнгө төрхтэй жүжигчид учраас ялгаа байлгүй яах вэ. Миний хувьд дүрээ арай өөр өнцгөөс, илүү сонгодог хэв маягийг барьж дүрсэлж, илүү хурц үзүүлэхийг хичээж буй.
-ОХУ-д суралцаж байхдаа Ф.М.Достоевскийн бүтээлүүдтэй хэдийн “танилцчихсан” байх. Дээр нь ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн найруулагчтай ажиллах нь танд дөхөм байна уу?
-Мэдээж Орост суралцах үедээ тус улсын алдартай зохиолч, найрагчдын бүтээлүүдтэй “танилцчихсан”. Би намар “Орфей” театрын эл жүжгийг үзсэн юм. Тухайн үед Ф.М.Достоевскийн хүнд зохиолыг найруулагчийн шийдэл, тавилт, дэглэлтээр ингэж үзэгчдэд хүргэж буй нь сонин, содон байсан. Үзэхэд маш сайхан мэдрэмж төрсөн. Гэтэл Сар шинийн битүүний өмнөх өдөр найруулагч М.Батболд “Жүжгээ гуравдугаар сард дахин үзэгчдэд хүргэнэ. Эл дүрд тоглох боломж байгаа юу” гэж асуусан. Удалгүй “Орфей” театрын захирал, продюсер Т.Ариунчимэг жүжгийн зохиолоо над руу явуулсан. Чадах, эсэхээ ч бодож амжилгүй “За тэгье” гээд хэлчихсэн. Гэтэл жүжгийн зохиолоо уншаад ёстой л “Би юу хийчих вэ” гэж бодсон. Нэгэнт л надад итгэж санал тавьсан, би зөвшөөрсөн учраас өөрийгөө дайчлах хэрэгтэй. Тэгээд л дайрчихсан даа. Найруулагч М.Батболд жүжигчнийхээ бодол, санааг сонсдог, ярилцдаг, юу хүсэж байгааг нь туршиж үздэг. Ажиллахад ч төвөггүй.
-Тийм ч болохоор түүний дараагийн уран бүтээлд ч тоглохоор болсон хэрэг үү?
-Английн зохиолч Майк Бартлетын “Love, love, love” жүжгийн талаар асууж байгаа болов уу. Найруулагчтай дараагийн уран бүтээлдээ ч гар нийлэн ажиллана гэж найдаж байна. “Love, love, love” жүжигт сэтгэцийн хувьд асуудалтай залуугийн дүрд тоглоно. Эцэг, эхийнх нь салалт өсвөр насанд нь сэтгэлийн шарх өгснөөс улбаалан сэтгэцийн өөрчлөлттэй болсон залуу. Эл дүрд ажиллахад мөн л амттай байна байх.
-Дэлгэцийн уран бүтээлд тоглож амжив уу. Энэ төрлийн уран бүтээлийн саналд хэр нээлттэй ханддаг вэ?
-Өнгөрсөн зун “Оранж” энтертайнментын “Нийслэл хүүхэн-2” олон ангит кинонд зургаа авхуулсан. Ажлын хажуугаар энэ төрлийн уран бүтээлд ажиллах боломж тэр бүр гардаггүй ч аль болох зохицуулахыг хичээдэг. Одоогоор нэг уран бүтээлийн санал ирсэн. Тоглож амжих, эсэхээ хараахан хэлж мэдэхгүй л байна.
-Танд тоглохыг хүсдэг жүжиг, шунаж дурладаг дүр бий биз. Одоо ямар төрлийн уран бүтээлд тоглохыг хүсэж байна вэ?
-Дүрийг жүжигчин голно гэж юу байх вэ. Жүжигчин гологдоно уу гэхээс биш. Тийм, ийм дүрд тоглоно, тоглохгүй гэхээс илүүтэй би тухайн дүрийн мөн чанарыг гаргаж, илэрхийлж чадах уу, үгүй юү гэдгээ бодох хэрэгтэй. Гэхдээ яагаад ч юм бэ, би эсрэг дүрд илүү шунадаг. Эсрэг дүрийн ачаар эерэг дүр илүү тодордог, тэгээд ч мэргэжлийн ур чадвар илүү шаарддаг учраас тэр болов уу.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Мэргэжлийнхээ сайхныг, бас мөн чанарыг мэдэрдэг.
-Эзэмшсэн мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?
-Мэргэжлээрээ ажиллах шиг жаргал хаана байх вэ. ОХУ-д суралцаж байх үедээ л мэргэжлийнхээ амтанд орчихсон, сайхныг нь мэдэрдэг байлаа. “Гэм зэм” жүжигт тоглохдоо тэр мэдрэмжийг өдөр бүр авах болсон. Тайзан дээр гарах, бусад жүжигчинтэй хамтран тоглох, үзэгчдийн алга ташихыг сонсох сайхан байна.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч тань хэн бэ?
-Ахмад, залуу гэлтгүй бүх л уран бүтээлчийг хүндэлдэг. Уран бүтээлч бүр энэ хүртэл хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө тэмцэж, зүтгэж, хөдөлмөрлөсөн байж таарна.
-Урлагийн мэргэжил сонгосноор юуг олж авч, мөн юуг золиосолсон бэ?
-Одоогоор золиосолсон гэх зүйл надад байхгүй. Хойш тавьсан, орхигдуулсан зүйлс бий л байх. Гэхдээ тэдгээрийг золиос гэж бодохгүй байна. Харин олж авсан зүйл олон бий. Урлагийн мэргэжил хүнд олон сайхан чанарыг төлөвшүүлдэг. Хүмүүжил, тэсвэр тэвчээр, хайр хүндлэл гээд тоочоод барамгүй.
-Уран бүтээлч хүний хувьд баримталдаг зарчим тань юу вэ?
-Хүнийг хүн гэдгээр нь хүлээж авдаг, харилцдаг, ойлгодог, хүн шиг хүн байх сан гэж хүсдэг, хичээдэг. Хүн шиг хүн байж чадвал уран бүтээлч болно гэж би итгэдэг.