Хэдэн жилийн өмнө нэгэн америк ээж сэтгэлзүйчид хандаж 15 настай охин нь умайгаа авхуулахыг хүсэх болсон талаар ярьж, тусламж хүсжээ. Охин нь сарын тэмдгийн үеэр, ялангуяа эхний хэдэн өдөрт ууртай, тайван бус, санаашрангуй болж, хичээлдээ явахаас ч дургүйцдэг. Түүний сарын тэмдэг бараг хагас сар, заримдаа үүнээс ч удаан үргэлжилдэг буюу дааврын өөрчлөлтийн нэгэн төрлийн эмгэгтэй аж. Тиймээс хичээлийн үеэр “найзаа” солих шаардлагатай ч тэр бүр боломжгүй. Үүнээс болж хувцас нь “будагдаж”, үеийнхэндээ шоолуулсан нь цөөнгүй. Энэ шалтгаанаас гадна тэднийх амьдралын боломж тааруу учраас сар болгон ариун цэврийн хэрэглэлд багагүй мөнгө шаардлагатай гэхчлэн “зовлонгоос” салахыг хүссэн өсвөр настай охин амин чухал эрхтнээ тээршаах болсон байна. Сарын тэмдгийн үед эмэгтэй хүн цочромтгой болох, нойрмоглох, ядрах, зүрхний цохилт нэмэгдэх, бухимдах зэргээр бие махбодын хувьд таагүй мэдрэмж авах нь түгээмэл. Ялангуяа өсвөр насныхны хувьд энэ үеийг туулахад хамгийн таагүй, хэцүү байдаг талаарх судалгааг олон орны судлаачид хийжээ. Бие махбодоос гадна сэтгэл зүйн хувьд тавгүйрэх шалтгаан болдог. Нөгөөтээгүүр, сарын тэмдэг нь айл өрхийн эдийн засагт багагүй дарамт учруулдаг болохыг дэлхийн мэргэжилтнүүд тогтоосон. Энэ мэт олон шалтгааны улмаас дэлхийн 40 орчим улс эмэгтэйчүүдийг, ялангуяа охидыг ариун цэврийн хэрэглэлээр үнэ төлбөргүй хангах талаар хууль, журамтай юм байна.
Ташрамд өгүүлэхэд, эмэгтэйчүүдийн 20 хүртэлх хувь нь сарын тэмдгийн үед маш хүчтэй өвдөлт мэдэрдэг тул эдгээр өдөрт ажил хийхэд хүндрэлтэй, заримынх нь хувьд бүр боломжгүй байдаг гэсэн судалгааг 2002 онд олон байгууллагаас гаргажээ. Анагаах ухаанд үүнийг дисменор гэдэг бөгөөд дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй. Тэгвэл 2016 онд ВВС-гийн захиалгаар явуулсан судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь сарын тэмдгийн өвдөлт ажилд саад учруулдаг гэжээ. Энэ утгаараа хүмүүнлэг нийгэмлэгийн зарим компани сарын тэмдгийнх нь үед эмэгтэй ажилтнууддаа чөлөө олгодог соёл бий аж. Жишээ нь, Английн Бристол хотод төвтэй “Coexist” компани “эгзэгтэй өдрүүд”-ийн чөлөө олгодог. Тэгвэл Австрали, БНСУ, Япон, Индонез, Тайвань зэрэг орон сарын тэмдгийн үед маш их зовуурьтай байдаг эмэгтэйчүүдэд зориулсан цалинтай “амралт” бий болгожээ. Хятадын зарим мужид ч ийм зохицуулалт бий аж. 2017 онд Италийн парламент “сарын тэмдгийн амралт”-ыг улс даяар нэвтрүүлэх талаар хэлэлцсэн нь багагүй маргаан дэгдээсэн байдаг. Энэ мэтээр сарын тэмдгийн үеэр эмэгтэйчүүдийг хүндэтгэн үзэх олон шалтгаан байдаг учраас асуудлыг шийдэх зохицуулалтыг улс орнууд хийж, эрж хайсаар байна. Манай улсын хувьд сурагч охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй тарааж өгөх талаар өнгөрсөн хоёрдугаар сараас дуугарч эхэлсэн нь сайшаалтай. Ийм санаачилга гаргасан шалтаг, шалтгаанаа УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд тайлбарласан. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Охидод ариун цэврийн хэрэгслийг сургуулийн орчинд үнэ төлбөргүй олгох хэрэгтэй. Ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс олон охин хичээлдээ явж чадахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзсэнээр Шинэ Зеланд, Шотланд, Өмнөд Африк зэрэг улс, бүс нутагт үүнийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан. Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг бууруулах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн хэрэглэл үнэгүй байрлуулах төсвийг батлах хэрэгтэй” гэсэн.
Үнэхээр сарын тэмдгийн үеийн ариун цэврийн хэрэглэлийн үнэ Монголд харьцангуй өндөр байдаг. Манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй, дан импортоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг хангадаг орны хувь нэг сарын хэрэглээ нь багадаа 10 мянган төгрөг болно. “Эмзэг” өдөр нь цөөхөн байдаг охид, бүсгүйчүүдийн хувьд шүү дээ. Тэгэхээр сар бүр 10-20 мянга, үүнээс ихийг зөвхөн ариун цэврийн хэрэглэлд зарцуулах нь ядуу өрхүүд, тэр дундаа олон эмэгтэй хүүхэдтэй айлд ямар хүнд ачаа болох нь ойлгомжтой. Энэ утгаараа эмэгтэй сурагчдад энэ хэрэглээг нь үнэ төлбөргүй болгоод өгвөл мөн ч нүдээ олсон шийдвэр болох нь дамжиггүй. Тэгвэл олон улсад ямар жишиг байна вэ. “Тампоны татвар” гэж нэг зүйл бий аж. Энэ нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн хэрэглэлийн татвар бөгөөд улс орнууд үүнийг сүүлийн жилүүдэд цуцалж, хөнгөлж байгаа жишээ олон байна. Тухайлбал, Австрали, Канад улс эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнд ногдуулдаг 18 төрлийн татвараа цуцлаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа бол 2015 онд Энэтхэг 12 хувиар бууруулжээ. Британи 2021 оноос эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний татварыг тэглэсэн аж. Угандад мөн адил эмэгтэйчүүд “эгзэгтэй” үеүддээ ариун цэврийн хэрэглэлийн асуудалгүй болоод багагүй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Энэ тал дээр хамгийн супер шийдвэрийг 2020 онд Шотланлын Засгийн газар гаргасан юм. Ингэснээр эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн хэрэгслийг үнэ төлбөргүй авах эрхийг хууль тогтоох түвшинд баталгаажуулсан дэлхийн анхны улс болсон.
Харин сурагч охидод энэ төрлийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй тараадаг жишиг олон. Жишээ нь, Шинэ Зеланд сурагчдын болон тэдний гэр бүлд санхүү, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулийн ирцийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн сайн сайхан байдлыг хангах зорилгын хүрээнд өнгөрсөн оны зургадугаар сараас ийм хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Ерөнхий боловсролын бүх сургуульд охидод зориулсан эрүүл ахуйн өрөөтэй бөгөөд тэндээс ариун цэврийн хэрэглэлийг хэмжээ, хэлбэрийн сонголттойгоор төрөл бүрээр нь авч болно. Хамгийн гол нь хэрэгцээнээс илүүг авахгүй байх зарчимтай. Тус улсын судалгаанаас үзэхэд, 12 эмэгтэй сурагч тутмын нэг нь буюу нийт найман хувь нь сарын тэмдгийн үеэр ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч чадахгүйн улмаас хичээлээ тасалдаг байна. 2020 онд 15 сургуульд амжилттай туршсан уг хөтөлбөрийн талаар Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн “Манай хүн амын тал хувь нь өсвөр, залуу үеийнхэн. Тэднийг сургуулиа орхих, хичээл завсардахад хүргэж болохгүй” гэсэн байна. 2024 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрт зориулж Засгийн газар нь 18 сая ам.доллар төсөвлөсөн гэнэ. Британийн бага, дунд сургуулийн сурагч охид ариун цэврийн хэрэглэлээр үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болоод жил гаруй болсон. АНУ-ын хэд хэдэн мужид ийм шийдвэр хэрэгжиж байна. Тэгвэл Францад сурагч, оюутан охид, бүсгүйчүүд энэ төрлийн бүтээгдэхүүнээр мөн л үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй. Францын оюутны дотуур байр, их сургуулийн барилгуудад суурилуулсан автомат төхөөрөмжөөс ариун цэврийн хэрэглэлээ авдаг байна. 2018 онд БНСУ-ын Сөүл хотын урлагийн болон түүхийн музей зэрэг олон нийтийн 10 газарт ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй түгээх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Залуу эмэгтэйчүүдэд “ядуурал”-ыг даван туулахад нь туслах зорилготой уг төслийг хэрэгжүүлэх болсон нэг шалтгаан нь 2016 онд бага орлоготой айлын охид сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийн оронд гутлын улавч хэрэглэхээс өөр аргагүй болсон тухай нийтлэл байжээ.
Сурагч буюу өсвөр насны охидыг сэтгэл зүйн дарамтаас чөлөөлөхөд энэ мэт арга хэмжээ маш чухал гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Тодруулбал, олон улсын нэгэн судалгаагаар 14-19 настай охидын олонх нь ариун цэврийн хэрэглэл худалдан авахаас ичдэг, сонголт хийж чаддаггүй болохыг тогтоосон юм байна. Нөгөөтээгүүр, сар тутамд онцгой өдрүүдэд хэрэглэх эрүүл ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарахад улсаас үнэ төлбөргүй хангах хөтөлбөр нэн чухал болохыг онцолсон байна. Санхүүгийн байдалдаа хавчигдаад чанаргүйг хэрэглэх нь ялангуяа буурай болон хөгжиж буй орнуудад түгээмэл байдаг гэсэн судалгаа ч бий.
Ташрамд өгүүлэхэд, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл ХХ зууны эхээр “мэндэлжээ”. Үүнээс өмнө 1895 онд Германы “Hartmann” компани энэ төрлийн бүтээгдэхүүнийг анх үйлдвэрлэн, Англид борлуулж байсан баримт байна. 1896 онд “Жонсон ба Жонсон” жийргэвч маягтай зүйл гаргасан нь эрэлтэд нийцээгүй гэдэг. Америкийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кимберли-Кларк” компани 1921 онд дэлхийн I дайны дараа хатуу цаасаар жийргэвч үйлдвэрлэн “Котекс” нэрээр борлуулж эхэлжээ. Үүнээс хойш 1933 онд “Тампакс” гарсан бол сарын тэмдгийн аяга гэдэг бүтээгдэхүүнийг 1937 онд Леона Чалмерс патентжуулжээ. 1960-аад оноос химийн үйлдвэрүүд хөгжсөнөөр ариун цэврийн хэрэглэлийн хөгжлийн шинэ эхлэл болсон аж. Сонирхуулахад, орчин цагт эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн тухай сэдэв хаалттай, хориотой газар байсаар. Жишээ нь, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн, зохион бүтээгч Аруначалам Муруганантхам ариун цэврийн хэрэглэлийг илүү хямд өртгөөр, гар аргаар үйлдвэрлэх боломжтой багаж, технологи бүтээх явцдаа “ичгэвтэр” асуудал хөндсөн хэмээн эхнэртээ хаягдан, бусдын доог тохуу болсон гэдэг. Энэтхэгийн эмэгтэйчүүдийн ердөө 12 орчим хувь нь ариун цэврийн хэрэглэл, үлдсэн хэсэг нь даавууны өөдөс, зарим нь элс, навч, модны үртэс хэрэглэдгийг судалж мэдсэн тэрбээр санаагаа хэрэгжүүлэхээр зүтгэхэд тосгоныхон нь түүнийг муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлж сэтгэцийн өвчтэй болсон хэмээсэн бол 2006 онд Аруначалам Муруганантхамд Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патила Үндэсний инновацын шагнал олгожээ. 2014 онд “Time” сэтгүүл түүнийг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий нэгээр нэрлэжээ. Харин Балбад сарын тэмдгийнх нь үеэр охид, эмэгтэйчүүдийг гэрт нь хорьдог ёс өдгөө ч бий. Хэдийгээр үүнийг хуулиар хориглосон ч уламжлалыг үгүй хийх амаргүй бололтой.
Бэлтгэсэн Б.Хана