Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10в ангийн сурагч, “Дуэль” клубийн тамирчин Б.Гандөл Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 3-нд зохион байгуулсан туялзуур сэлмийн өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүнд сэлмийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдаас анхны шагналыг эх орондоо авчрав.Тэрбээр тойргийн зургаан тулаанд ялж, хэсэгтээ шилдэг тавд эрэмбэлэгдэн, хасагдах шатны тэмцээнд 32 сэлэмчнээс Ливан улсын тамирчныг 10:11-ээр илүүрхэж дараагийн 16-д шалгарсан. Улмаар Вьетнамын өрсөлдөгчийг буулган авч, шигшээ наймд тунан Казахстаны шилдэг тамирчинтай эн тэнцүү тулалдан, 15:13-аар хожиж медалийн болзол хангасан юм. Түүний амжилт Монголын туялзуур сэлмийн хөгжлийг дараагийн түвшинд авчрах ирээдүйн тамирчдад урам зориг өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлагад хичээллэж, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий аваргаар шалгарсан түүнийг “Залуус” буланд зочноор урилаа.
-Ташкентээс хүрэл медальтай ирж, спорт сонирхогчдод амжилтаар бэлэг барьсан танд баяр хүргэе. Энэ удаагийнх хилийн дээс алхаж оролцсон хэд дэх тэмцээн байв?
-Миний хувьд гадаадад болсон тэмцээнд хоёр дахь удаагаа өрсөлдлөө. Өмнө нь Хонконгод болсон туялзуур сэлмийн сургуулийн нэрэмжит бага насныхны нээлттэй тэмцээнд оролцсон. Монголд өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын УАШТ-ий хоёр насны ангилалд түрүүлж, аварга болсноор Ташкентийг зорих эрх өвөртөлсөн юм. Туялзуур сэлмийн спортоос манайд хүнд сэлмийн төрөл түлхүү хөгжиж байгаа. Тус хотод хөл тавиад Азийн орнуудын тамирчдыг хараад сандарч, эмээх бодол огт төрөөгүй. Тулалдахын өмнө Ц.Жигжидсүрэн багш “Чи биеэ бариад байна, сулла. Өрсөлдөгчөө мэдэрч, өөрийнхөөрөө тулалд” гэж зөвлөсөн.
-“Дуэль” клубийн цахим хуудсан дахь тулааны бичлэгийг тань үзээд манайхан бусад орны тамирчдаас ур чадвараар нэг их дутахгүй санагдсан.
-Тийм ээ, би V хэсэгт зургаан орны (Йордан, Энэтхэг, Узбекистан, Киргиз, Катар, Саудын Араб) тамирчинтай тулалдсан. Тэднээс Катарын тамирчин хамгийн сонирхолтой тулаан өрнүүлсэн. Тэрбээр уян хатан хөдөлгөөнтэйгөөс гадна миний төсөөлөөгүй зүйлүүдийг тэмцээний үед харуулсан. Түүнтэй таарахдаа хойшид хурдаа сайжруулах хэрэгтэйг ойлгосон юм. Тэмцээн эхлэхээс өмнө Узбекистаны өндөр, биерхүү тамирчныг хараад “Энэ л надтай хүчтэй өрсөлдөх, туршлагатай сэлэмчдийн нэг байна” гэж таамагласан. Өрсөлдөгчөө 5:2-оор хожсоны дараа айдас аажмаар холдож, сэтгэл ч тайвширч билээ. Тэрбээр надтай харагдаж байгаа шигээ тулалдаагүй. Тэр үед “Түүнийг ялчихлаа, одоо бусдыг нь буулгаж авахад төвөггүй” гэх бодол төрсөн. Хэсэгтээ таарсан учраануудаа ялахад хөлийн ажиллагаа сайн байсан минь их нөлөөлсөн.
-Хэсгээсээ гарч, хасагдах шатанд тулалдсаар шигшээ наймд тунахад тань медалиас атгачихаасай гэж бодож байлаа.
-Шигшээд Казахстаны тамирчинтай өрсөлдсөн. Тэрбээр ур чадвар, хурд, мэдрэмж, техник гээд бүх зүйлээр надаас илүү байсан ч сэтгэл зүйн хувьд тийм ч сайн санагдаагүй. Багш тэр үед “Өрсөлдөгчийнхөө довтлохыг угтаж дайралт хий. Зоригтой тулалд” гэж хурцалсан. Тулааны явцад ана мана үзэлцэж, эцэж цуцаагүй хэрнээ сэтгэл зүйгээр амархан буугаад өгчих шиг санагдсан. Багшийнхаа зөвлөснөөр тулалдаж, түүнийг 13:15-аар буулгаж авсан. Би туялзуур сэлмээр зургаан жил хичээллэж, Монголын тамирчдаас анхны медалийг хүртлээ.
-Спортод хүний сэтгэлийг татдаг онцлог бий. Туялзуур сэлмийг язгууртнуудын спорт гэж ярьдаг. Хувцас, сэлэм хараад хичээллэх хүсэл төрсөн үү?
-“Рио-2016” зуны олимпын наадмын туялзуур сэлмийн тэмцээнийг үзэж суутал тамирчдын хувцас, сэлэм, өрсөлдөж буй тулаан сонирхол татсан юм. Наймдугаар сарын 11-нд “Дуэль” клубийг зорьж, дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн багшийн удирлагад бэлтгэл хийх үед би 10 настай байлаа. Нэг сар хичээллээд анхныхаа тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэв. Хааяа нэг халширч, шантрахад минь урам өгч, урагшлуулдаг хүрэл медалиа одоо ч гэсэн харах дуртай. Үеийнхэнтэйгээ тулалдаж, шагналын тавцанд зогссон тэр тэмцээний дурсамжаар хааяа аялмаар санагддаг. Би өмнө нь илдтэй тулааны төрлүүдээс Японы кэндогоор хичээллэхийг хүсдэг байв. Яг сонирхож байх үед олимпын наадмаар туялзуур сэлмийн тэмцээн гарсан нь тулалдах хүсэлд эргэж буцахааргүй хөтөлсөн.
-Тамирчин хүн амжилтаараа сургууль, байгууллагынхаа нэр хүндийг өргөдөг. Сургуулийн тань хамт олон тамирчнаа хэр сэтгэл өндөр угтав?
-Би Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10в ангид сурдаг. Тэмцээний өдөр, хоног дөхсөн үед ангийн багш ойлгож, хичээлээс чөлөөлөн бэлтгэл хийлгэдэг. Азийн аваргад оролцсоныхоо дараа хичээлдээ суухаар очиход сургуулийн маань удирдлага, багш, сурагчид баяр хүргэж, халуун дотно угтсан шүү.
-Тэмцээний тов дөхөх тусам өөрийгөө хэрхэн бэлтгэдэг вэ. Зарим нь догдолж, эсвэл сандран хямарч байгаа харагддаг.
-Би хүнд сэлмийн төрөлд тулалддаг. Хөнгөн, хүнд, илд төрлийн сэлмээр хичээллэдэг тамирчдын тулалдах техникүүд өөр. Миний хувьд амжилт гаргаж чадах болов уу, яах бол гэж бодохгүйгээр тайван оролцдог. Тулалдахынхаа өмнө “Өөрт байгаа бүхнээ гаргаж үзэлцье. Хожиж, хожигдвол тэр л биз” гэж өөртөө хэлдэг. Өнгөрсөн хугацаанд дотоодын олон тэмцээнд оролцсон. Үүнээс өсвөр үе, залуучуудын УАШТ-ий алтан медалийн төлөөх тулаан хүнд болж, “Варриорс” клубийн О.Адьяа ахыг ялах амаргүй байлаа. Сэлмийн эрдэмд суралцаж, туршлага чамгүй хуримтлуулсан түүнтэй шийдвэрлэх мөчид оноо 14:14 болж тэнцсэн. Хэн нь овсгоо самбаа гарган, ухаан зарцуулсан нь ялж, Азийн аваргад оролцох эрх авах байв. Тиймээс түүнийг довтолж, урагшлаад, алдаа гаргахыг нь хүлээсэн. Тулаан болохоос өмнө бичлэгийг нь үзэж судалсан тул ямар алдаа, дутагдал гаргахыг таамаглаж байсан юм. Аваргын төлөөх тулаан эхлэхэд авсан миний оноо тэмцээнийг дуусгасан хамгийн сүүлчийнхтэйгээ яг ижилхэн байлаа. Тэрбээр тулалдахдаа эхний, сүүлийн оноогоо надад алдсан юм.
-Спортод хөл тавьсан хүн зөв төлөвшдөг. Туялзуур сэлмийн спорт таныг хэр өөрчилсөн бэ?
-Туялзуур сэлмээр хичээллэж эхэлсэн цагаасаа дуу улам цөөнтэй болсон. Ярихаас илүү бодож дүгнэлт хийдэг. Гэр бүл, найз нөхөдтэйгөө энгийн үед чөлөөтэй харилцдаг хэрнээ олны дунд, өөр орчинд, эсвэл тэмцээний үед нээлттэй бус, дотогшоо болчихно. Тамирчин хүн спортын талбарт хөл тавихаараа өөрийгөө ялж, амжилт гаргахаар цаг хугацаатай уралддаг юм билээ. Тийм үед бэлтгэл, тэмцээн, гэр, сургууль гэсэн жимээр л явна. Надад найзуудтай уулзах зав бага гардаг. Бэлтгэл, тэмцээн гэж гүйх заримдаа хэцүү санагддаг тал бий. Хааяа үеийнхэн шигээ чөлөөтэй, дуртай зүйлээ хиймээр бодогдох үе бишгүй. Тэгж шантрах үед гэрийнхнийхээ зөвлөхийг сонсож, зорилгоосоо ухрахгүйг хичээдэг. Клубтээ бэлтгэл хийж өнгөрүүлсэн цаг хугацаа амжилт авчирсанд баярлаж байгаа. Тамирчин хүн улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх үүрэг, хариуцлагатайг Ташкентэд очоод илүү мэдэрсэн. Медалийн тавцанд зогсож байхдаа өөрөөсөө илүү эх орноо бодож, Төрийн далбаагаа хараад огшсон шүү.
-Найзуудаа сэлэмтэй нөхөрлүүлж, тулалдахыг уриалдаг уу?
-Монголд энэ спорт өртөг өндөртэй. Өмсөх хувцас, хэрэглэл, сэлмээ жил бүр сольж, шинэчилнэ. Гэрийнхэн минь намайг хичээллэсэн цагаас дэмжиж, бүх зүйлээр тусалж ирсэн. Найзууддаа хичээллэхийг санал болгоход “Бид чам шиг тууштай хичээллэж, амжилт гаргаж чадахгүй байх. Чи бэлтгэл хийнэ гээд байнга явчихдаг. Чамтай адилхан завгүй болчихвол найзуудтайгаа ч уулзаж амжихгүй” гэдэг юм. Зарим нь хэдэн сар бэлтгэл хийгээд шантарчихна. Спортод амжилт гаргахад өөрийн хүсэл, сонирхлоос гадна тууштай хичээллэх нь хамгийн чухал байдаг.
-Туялзуур сэлмээр ДАШТ, олимпын аварга болсон шилдгүүдээс хэнийх нь ухаан, ур чадвараар бахархдаг вэ?
-Унгарын тамирчин Гергели Сиклоси, Францын Ромен Канноне нарын ур чадвараар бахархдаг. Гергели Сиклоси Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Дэлхийд амжилтынхаа чансаагаар эхний гурван байрт жагсдаг. Тэрбээр тэмцээнд алдаа бага гаргаж, нягт нямбай, цэгцтэй тулалддаг. Тулааны үед, орон зайг мэдрэн, тооцоолон төлөвлөж өрсөлдөгчдөө өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үйлдэл харуулж, оноо авдаг. Ялалтыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чаддаг түүний гайхалтай ухааныг биширдэг. Хүнд сэлмийн төрөлд Ромен Канноне Токиогийн олимпод түрүүлж, аварга болсон. Туялзуур сэлэм Европын орнуудад өндөр хөгжсөн болохоор тамирчид нь дэлхийн томоохон тэмцээнүүдэд шилдэг 16-д шалгардаг. Азиас БНСУ, Японд энэ спорт хөгжсөн. Монголоос “Дуэль” клубийн дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн багш, мөн тус клубийн тамирчин, спортын мастер Б.Баттөмөр ахыг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Бидэнд мэддэг, чаддаг зүйлээ харамгүй зааж, үнэтэй зөвлөгөө өгдөгт баярладаг.
-Клубийнхээ туршлагатай нөхдийн давуу талаас суралцаж, ур чадвараа ахиулдаг биз?
-Ташкентээс ирэхээсээ өмнө миний ур чадвар, техник өмнөхөөсөө тодорхой хэмжээгээр сайжирсан гэж бодож байлаа. Хүрэл медаль хүртсэнийхээ дараа клубтээ ирж, ах, эгч нартайгаа бэлтгэл хийхдээ тулалдсан юм. Тэгтэл өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй л байсан. Тэгэхээр өдөр бүр хийдэг бэлтгэлийнхээ үр дүнг тэмцээнд харуулахдаа өрсөлдөгчдийнхөө арга барил, техник, тактик, сул, давуу тал гээд бүх зүйлийг нь судлан тооцоолж, оноо алдахгүйн тулд анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Товчхон хэлбэл, өөрт олдсон боломжийг алдалгүй ашиглахын тулд хэзээ хүлээцтэй байж, ямар үед довтлон, хамгаалж ялах ухаан гаргах нь чухал болохыг ойлгосон. Багш нар минь тамирчин бүртэй тулж ажиллан, техник, ур чадвар, бэлтгэлд нь анхаарал хандуулдгийн ачаар манай клубээс Азийн аваргад дөрвөн сэлэмчин оролцлоо.
-Таныг дуурайгаад дүү нар тань сэлмээр тулалдаж эхэлсэн үү?
-Би гэрийнхнээсээ ганцаараа сэлмийн спортоор хичээллэдэг. Бага дүү минь туялзуур сэлэмд сонирхолтой. Удахгүй хичээллэх байх. Миний хувьд чөлөөт цагаараа ширээний теннис тоглох дуртай. Байрны маань гадаа теннисний ширээ байдаг юм. Зун цохиур, бөмбөгөө авч гараад найзтайгаа тоглодог байлаа. Сүүлийн үед бэлтгэл, тэмцээн гэж явсаар тухтай тоглох зав гарсангүй.
-Сэлмийн тэмцээн өрсөлдөөнтэй байх тусмаа сонирхолтой болдог. Тулааны талбарт ялж, ялагдахдаа найзуудтайгаа цөөнгүй таарсан байх.
-Монголд өсвөр үе, залуучуудын ангилалд хүчтэй өрсөлддөг тамирчид бий. Тэднээс “Хангарьд” клубийн Т.Тулуй, О.Гийгүүлэн нар сайн тулалддаг. Бид тэмцээнд таарсан үедээ өгөө, аваатай л байдаг. Тулааны талбарт хичээсний үр дүнд оноо авч, ялах торгон мөч хамгийн сайхан. Тэр үед төрсөн мэдрэмж дахин тулалдах хүсэл төрүүлдэг. Тэмцээнд клубийнхээ найзуудтай өрсөлдөгч болж нэг бус удаа тулалдсан. Тийм үед “За гомдолгүй шүү, шударга өрсөлдье” гэдэг. Бид ана мана үзэлцчихээд тулааны дараа энгийн үеийнх шигээ сайхан нөхөрлөдөг юм. Миний хувьд өрсөлдөгчөө ялчихаад сэтгэл хөдлөлөө илэрхийлж, орилмоор санагддаг. Тулаанд учраагаа буулгаж авчихаад баяр хөөр, догдлолоо ингэж илэрхийлдэг тамирчин олон шүү дээ. “Хангай” констракшны захирал С. Гал-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны хүндийг өргөлтийн тамирчин Р.Мөнх-Оргил ах нартаа баярлалаа