Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа.
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хот байгуулах төлөвлөлтийг хийж байгаа. Төлөвлөлтийн ажил ямар шатанд явж байна вэ?
-УИХ-ын 2020 оны 57 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар гэх орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу Шинэ Зуунмод хот байгуулах төлөвлөлтийг хийж байна. Ингэхдээ юуны түрүүнд газрын асуудлаа шийдэх ёстой. Газрынхаа хэмжээнд тулгуурлаж, хотынхоо төлөвлөлтийг хийнэ. Үүндээ тулгуурлаж бүтээн байгуулалтаа хийх учиртай. Төлөвлөлтийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төсөл, ажлын зураг төсөл гэсэн үе шаттайгаар хийдэг. Одоогоор Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, батлуулах ажил үргэлжилж байна. Уг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ирэх дөрөвдүгээр сард багтаан Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг дагасан Аэро сити хот байгуулах төлөвлөлтийг 2012 оноос боловсруулж байсан. Энэ хүрээнд хоёр удаа төлөвлөлт хийсэн юм. Улмаар 2019 онд Аэро сити хотын төлөвлөлтийг Засгийн газраар батлуулж байлаа. Энэ нь шинэ нисэх онгоцны буудал төвтэйгөөр 12 мянган га газарт хийж байсан төлөвлөлт. Тэгвэл Шинэ Зуунмод хотын эдэлбэр газрын хэмжээ нэмэгдэж байгаа. Аэро сити хотын 12 мянга дээр нэмээд 19 мянган га талбайд Шинэ Зуунмод хотыг төлөвлөнө. Өөрөөр хэлбэл, 31 мянган га эдэлбэр газартай хот босно гэсэн үг. Эл хотыг байгуулах гол үндэслэл нь Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулах юм. Мөн хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилго агуулж буй. Богдхан төмөр замыг Богд хан уулын урдуур тавина. Төмөр зам шинэ нисэх онгоцны буудал буюу Шинэ Зуунмод хотоор дайрч өнгөрнө. Цаашлаад олон улсын AH3 хурдны авто замыг энэ трассын дагуу тавихаар төлөвлөсөн. Тэгэхээр агаарын тээвэр, төмөр болон авто замын ложистикийн зангилаа төв Шинэ Зуунмод хотод үүснэ. Энэ нь шинэ хот байгуулах үндсэн суурь дэд бүтэц болж байгаа юм.
-Тээвэр ложистикийн төв хот болох нь гэж ерөнхийд нь ойлгож болох уу?
-Тээвэр ложистик бол Шинэ Зуунмод хотын нэг хэсэг болно. Үүнээс гадна шинэ нисэх буудлын хойно эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөж байгаа. Нийт 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн. Мөн худалдаа, үйлчилгээ, орон сууцын бүсийг дэргэд нь байгуулахаар төлөвлөлөө. Дурдсан гурваас гадна оюутны хотхон, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд, үйлдвэрлэлийн бүс байгуулна. Үйлдвэрлэлийн бүсээ экспортод чиглэсэн, орчин үеийн нано, биотехнологийн гэж хоёр хуваасан. Үндсэндээ шинэ хотод зургаан бүс байгуулна гэсэн үг. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд худалдааны төвүүдийг гаргах шаардлагатай болсон. Шинэ Зуунмод хот руу Улаанбаатарын худалдаа, бөөний төвүүдийг шилжүүлнэ. Агаарын тээвэр, төмөр болон авто замаар тээж авчирсан бараа, бүтээгдэхүүнийг Улаанбаатарт авчрахгүйгээр тэндээс нь орон нутаг руу түгээхээр зохицуулж байгаа гэсэн үг. Шинэ Зуунмод хоттой Майдар хот, Төв аймгийн төв, Сэргэлэн сум гэсэн суурьшлын бүсийг харилцан хамааралтай хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын урд хөгжлийн бичил бүс болно гэж ойлгох хэрэгтэй. Анх шинэ буудалд түшиглэсэн хот байхаар төлөвлөж байсан бол олон улсын жишгийн дагуу аэротрополис хот бий болгохоор ажиллаж байна. Аэротрополис гэдэг нь нисэх буудалтайгаа холбогдсон дэд бүтцийг дагуулж, хөгжлийн бусад бүс үүсгэхийг хэлдэг. Энэ зарчмын дагуу л шинэ хотын төлөвлөлтийг хийнэ.
-Хэдэн хүн амтай хот бий болох бол?
-Төлөвлөлтийн дагуу Шинэ Зуунмод, Майдар хотыг оруулаад 150 мянган хүн амтай суурьшлын бүс бий болно гэж тооцож байгаа. Шинэ Зуунмод эхний ээлжид 40 мянган хүн амтай хот байна гэсэн тооцоо хийсэн. Дээр дурдсанчлан, Шинэ Зуунмод хотод худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэр ложистикийн бүс байгуулна. Тэгэхээр шинэ ажлын байр бий болох нь ойлгомжтой. Шинэ хотод 100 гаруй мянган ажлын байр бий болно гэсэн төсөөлөл гаргачихаад байна.
-Шинэ буудлыг дагуулж суурьшлын бүс бий болгохтой холбоотойгоор ойролцоох газруудыг нь иргэд, аж ахуйн нэгжүүд авчихсан гэсэн мэдээлэл сонссон. Газар эзэмшигчид газраа өндрөөр үнэлэх гэх мэтээр шинэ хотын бүтээн байгуулалтад саад тотгор учруулбал хэрхэх вэ?
-Газрын тухай хуулийн дагуу шинэ хот байгуулах газраа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Шинэ нисэх буудал орчмын 12 мянган га газрыг өмнө нь тусгай хэрэгцээнд авсан байсан. Тэгвэл нэмж 19 мянган га газар тусгай хэрэгцээнд авчихаад байна. Майдар хотын хувьд ч 12 мянга га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байгаа. Шинэ Зуунмод хотын хувьд эхлээд авсан 12 мянган га газартаа газар чөлөөлөөд хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газаргүй болгосон. 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахаас өмнө 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байсан. Улсын тусгай хэрэгцээнд авсан учраас тэнд газар чөлөөлөөд явж байна. Эхний ээлжид 200 гаруй нэгж талбайг чөлөөлсөн. Газрыг аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр өмнө нь олгочихсон байсан юм. Газрыг бүрэн чөлөөлөөд төлөвлөлтийн дагуу газрыг нь дахин олгоно. Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын хэлбэрээр дараа нь газрыг нь дахин олгох юм. Улсын шүүхээс аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан багахан газар шинэ нисэх буудлын хойно бий. Тэнд төр, хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр бүтээн байгуулалт хийгээд явна гэж төсөөлж байгаа. Хууль зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг шууд хүчингүй болно. Хуулийн дагуу олгосон газарт нь нөхөн олговор өгөх, өөр газарт шинээр газар олгох гэх мэт зохицуулалт хийнэ
.-Төрийн зарим байгууллагыг Шинэ Зуунмод хот руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ямар байгууллагуудыг тийш нь нүүлгэн шилжүүлэх вэ?
-Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Хөшигийн хөндий рүү төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлэх тухай тогтоол баталсан. Төрийн байгууллагыг хотоос нүүлгэн шилжүүлэх асуудлыг бид нэлээд судалсан. Саяхан манай яамнаас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөд Солонгост ажиллаад ирлээ. Тус улс 2005 оноос шинэ захиргааны төв хот Сэжуныг байгуулсан. Тэнд төрийн 36, эрдэм шинжилгээний 15 байгууллага нь бий. Казахстан ч Астана хот руугаа төрийн захиргааны байгууллагуудаа шилжүүлсэн туршлагатай. Тэдний туршлагаас судалж, шинэ суурьшлын бүс рүү төрийн байгууллагуудыг гаргах шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа. Ямар байгууллагуудыг шилжүүлэхээ судалгааны үндсэн дээр тодорхойлно. Мөн шилжүүлэх төлөвлөгөө гаргах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайд даалгасан.
Бэлтгэсэн Т.Энхбат