“Миний хүсэл тэмүүлэл бол өөрийгөө олон талаар сорьж, хөгжүүлэн, мэргэжил нэгтнүүддээ үлгэрлэж, нэг алхмын урд явах” хэмээн өгүүлэх түүнийг Ч.Алтантуяа гэдэг. Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1984 онд төгссөн тэрбээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын илгээлтээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас ажлын гараагаа эхэлж, хожим нийслэлийн 56, 19, 97 дугаар сургуульд бага ангийн болон математикийн багшаар ажиллаж байжээ. “Улаанбаатар” бүрэн дунд сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлсэн түүнд ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоотой болгох шилжилтийн үйл явцад зургаан настнуудад хичээл заах багш нарыг бэлтгэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой цөм хөтөлбөрийн нийслэл дэх сургагч багшаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байж. Тэрбээр мөн боловсролын салбарын томоохон төсөл, хөтөлбөрт гар бие оролцож, үндэсний хэмжээнд ашиглах сурах бичгүүдийг багш, судлаачидтай хамтран зохиож, төсөлт ажил хэмээх хичээлийг Монголд нутагшуулан, хот, хөдөөгийн олон багшийг мэргэжилдээ эзэн байх, ажилдаа сэтгэлтэй хандах арга ухаанд сургажээ. 2011 оноос хойш үндэсний сургагч, зөвлөх багшаар ажиллаж буй Ч.Алтантуяатай ярилцлаа.
-Манай улсын боловсролын чанар ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье. Энэ салбарын тогоонд олон жил “даргилсан” хүний хувьд таныг ханатай хариулт хэлнэ гэж найдаж байна.
-Мэдлэгийг тодорхой түвшинд олгодог ч хүн байхын ухаанд сургах тал дээр алдаад байх шиг санагддаг юм. Хүүхдийг төлөвшүүлэх чиглэлд дорвитой анхаардаггүй, ажилладаггүй. Японд гэхэд хамгийн өндөр цалинтай мэргэжилд бага ангийн багш багтдаг. Хүүхэдтэй ажиллана, төлөвшлийнх нь суурийг тавина гэдэг хүнд, хариуцлагатай ажил учраас ийнхүү үнэлдэг хэрэг. Жинхэнэ япон хүнийг тэнд л төлөвшүүлж, бэлтгэдэг. Гэтэл манайх хүн болох суурийг нь тавих бус, хүнд программаар сургахыг урьтал болгодог. Хүүхдийг нэгдүгээр ангиас нь эхлээд л зүдрээдэг. Дээхэн үед сургуулиудад хүмүүжлийн эрхлэгч гэж байхад сурагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаардаг байлаа. Одоо энэ мэргэжил, орон тоо үгүй болсон. Ардчилал, эрх чөлөө гэдгээр халхавчлаад, хүүхдийн алдаа дутагдал, буруу үйлдлийг өөгшүүлдэг явдал ихэслээ. Сурлага сайтай ч хүмүүжлийн доголдолтой хүүхэд өчнөөн байна. Энэ чиглэлд огт анхаарахгүй байгаа юм биш, тодорхой ажлуудыг хийж буй. Гэхдээ тэдгээр нь ор нэр төдий байдаг. Хүнийг хайрлах, хүндлэх, бусдад дараа бололгүй амьдрах арга ухааныг өв уламжлан авч явах хэмжээнд гүн бат суулгах нь чухал. Монголчууд үүнийг орхигдуулаад байх шиг.
-Монголд сургалтын хүнд программ, стандарт баримталдаг гэлээ. Магадгүй үүнээс үүдээд хүүхдийг зургаан настайд нь сургуульд элсүүлэх нь тохиромжтой, тохиромжгүй гэсэн талцал үүсдэг болов уу. Та юу гэж боддог вэ?
-Тодорхой албан тушаалд очсон хүн болгон шинэ зүйл хийсэн мэт харагдах гэж хичээдэг явдал боловсролын салбарт түгээмэл. Яг ийм байдлаар хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд ханддаг. Угтаа үүнд маш нухацтай, хянуур, судалгаатай хандах ёстой юм. Юуны түрүүнд орчноо бүрдүүлж, сайтар судлан, сурах бичгээ боловсруулж, бэлтгэлээ бүрэн базаасны дараа аливаа хөтөлбөр, сургалтыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэтэл манайх шууд хэрэгжүүлж, хүүхэд дээр туршилт хийдэг. Боловсролын салбарт үеийн үед ийм гажуудал байсаар ирсэн. Үүний жишээ нь, зургаан настнууд. Цэцэрлэгийн тухтай орчинд тоглож наадан, унтаж амарч, чөлөөтэй суралцдаг байсан хүүхдүүдийг сургуульд элсүүлэнгүүтээ хоёр гарыг нь урд нь авхуулж, томоотой суулгаад, шууд эрдэм зааж эхэлдэг. Энэ бол тэдний насанд ахадсан хүнд хөдөлмөр. Тэгэхээр насны онцлогийг харгалзах хэрэгтэй. Хүүхдийг зургаан настайд нь сургуульд элсүүлдэг жишиг олон улсад бий. Судалгаагаар ч үүнийг боломжтой гэдгийг баталчихсан. Гагцхүү насных нь онцлогт тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Зургаан настнууд тоглонгоо суралцах ёстой. Гадаадын орнуудад хүүхдийг ийм байдлаар сургаж, хөгжүүлдэг. Дөнгөж сургуульд элссэн, үзэг, харандаа ч барьж сураагүй хүүхдээр стандартын шугамтай дэвтэр дээр тоо, зурлага, үсэг бичүүлэх нь, тэгээд цэвэр, гоё бичихийг шаардах нь зохисгүй хэрэг. Дэлхийн орнуудын жишгээс харахад, ийм насныхныг аль болох том, шугамгүй цаасан дээр бичүүлж сургадаг юм билээ. Үүний зорилго нь хүүхдийн гарыг зүгшрүүлэх болохоос цэвэр, сайхан бичүүлэх биш шүү дээ. Хэлбэрт хэт анхаараад, агуулгыг нь орхигдуулж болохгүй. Яг одоогийн нөхцөл байдлаас дүгнэхэд, манай улс хүүхдийн эрхийг зөрчсөн, хатуу стандарт бүхий сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Та энэ талаарх санал бодлоо зохих шатны хүмүүст хэлж, асуудал болгон дэвшүүлж байв уу, тийм боломж олдов уу?
-Энэ бол зөвхөн миний бодол. Энд тэнд сургалт зохион байгуулахдаа мэргэжил нэгтнүүдтэйгээ санал бодлоо хуваалцаж, солилцдог. Ер нь дээрээс чиглэлтэй нэгдсэн стандарт хэрэгжүүлж буй үед түүнийг үгүйсгэх, эвдэх хэцүү.
-Боловсролын чанарын асуудал ярихаар сургалтын хөтөлбөрийн тухай хөнддөг. Саяхан гэхэд УИХ-ын нэр бүхий гишүүд Кэмбрижийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нутагшуулах санал гаргаж, лобби бүлэг хүр-тэл байгуулсан. Цаашид ч ийм санаачилга гаргахыг үгүйсгэхгүй. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Олон улсын жишигт хөл нийцүүлэх гэсэн эрмэлзэл нь зөв л дөө. Гэхдээ би Кэмбрижийн сургууль, сургалтын хөтөлбөрийг ойлгодоггүй. Эл хөтөлбөрийг Монголын зарим сургууль анх нэвтрүүлж, хэрэгжүүлж эхлэхэд л гайхаж хүлээж авч байлаа. Кэмбрижэд улс, улсын шилдэг залуус шалгалт өгч, суралцдаг. Өөрөөр хэлбэл, шилдгийн шилдгүүдийг тэнд сургадаг гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөр Монголд тохиромжтой, сайхан хэрэгжиж байна гээд яриад буйг үнэндээ ойлгодоггүй юм. Тохиромжтой, эсэхийг нь ул суурьтай тодорхойлохын тулд дундаж хүүхдүүдийн түвшинд хэрэгжүүлж, турших шаардлагатай баймаар. Монгол дахь Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудад боломжтой айлын хүүхдүүд л суралцаж байгаа. Жирийн ажилчны хүүхэд тэнд суралцах боломж хомс.
-Цар тахлын цаг үед хамгийн их хохирол амссан нь боловсролын салбар. Теле болон цахим хичээлийн үр дүн муу байсныг БШУЯ-ныхан хүртэл хүлээн зөвшөөрсөн. Зарим нь “Монгол Улс энэ хугацаанд хэт хатуу бодлого баримталсан, халдварын тархалт намжсан үеүдэд танхимаар хичээллүүлсэн бол нөхцөл байдал арай дээр байх байсан” гэж буй. Үүнтэй санал нийлэх үү?
-Манайхан ер нь сүржин шүү дээ. Тэр хандлагаа л гаргасан. Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байхад л хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, сурагчдыг хохироосон атлаа сүүлдээ дэгдэлт өндөр үед хичээллүүлж эхэлсэн. Хөрш зэргэлдээ орнуудад коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн үеэс л эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч, тэр даруй хилээ хаасан бол сургуулиудыг яаран хаах шаардлагагүй байлаа.
-Сурагчдын хичээлийн хоцрогдлыг оношлох, түүнийг нөхөх хөтөлбөр боловсруулах “нүсэр” ажилд холбогдох байгууллагынхан багагүй хугацаа зарцууллаа. Үүнийхээ үр дүнг олон нийтэд тайлагнасан. Гэвч одоогийн байдлаар хоцрогдол нөхөх чиглэлээр дорвитой арга хэмжээ хэрэгжүүлээгүй л байна. Ер нь энэ ажлыг хэрхэн зохион байгуулбал үр дүнтэй вэ?
-БШУЯ, Боловсролын үнэлгээний төв хоцрогдол оношлох, үнэлэх нэрийдлээр багш нарт баахан дараа учруулж, шалгалт, бичиг цааснаас өндийлгөхгүй байх вий гэж өнгөрсөн намар хичээл эхлэхэд л бодож байлаа. Тэр ёсоор боллоо. Үнэлгээний сургалтад багш нарыг хамруулж, үнэтэй цагаас нь хумсалсан. Миний бодлоор бол энэ ажлыг тухайн сургуулиудад нь даатгачихвал илүү тохиромжтой, хялбар байсан. Сургуулиуд нь сурагчдынхаа түвшнийг үнэлж тогтоогоод, багш нар нь тэр дагуу хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж болохоор санагдсан. Сурган хүмүүжүүлэгчдийг өөр ажлаар дарахгүй зөвхөн хоцрогдол арилгахад төвлөрч ажиллах боломжоор хангасан бол илүү үр дүнтэй байх байлаа. Ядаж эхний улиралд ийм байдлаар хичээллүүлбэл тодорхой түвшинд ахиц дэвшил гарна шүү дээ. Ийм цаг үед мэдрэмжтэй байж, зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал.
-Сурлагын хоцрогдлыг бодитой үнэлж чадаж байна уу гэдэг нь асуудалтай санагддаг юм.
-Санал нэг байна. Цар тахлаас өмнөх үед ч хоцрогдол үнэлэх, арилгах асуудал яригддаг л байлаа. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон сүүлийн жилүүдийнх шиг нөхцөлд хоцрогдол яалт ч үгүй үүснэ. Харин сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй үед бол энэ нь багшийн хариуцлагатай холбоотой асуудал гэж боддог. Багш яагаад тэр хүүхдийг хоцроов. Сурагчдаас хэн нэг нь заавал хоцрох ёстой гэж үү. Багш тухайн хүүхдийг хоцроохгүй байхад анхаараагүй атлаа дараа нь түүнийгээ нөхөх нь зөв үү. Ер нь хоцрогдолтой хүүхэд, хоцрогдол нөхнө гэсэн ойлголт байх ёсгүй юу гэдэгт эргэлздэг. Эмзэглэж явдаг зүйлсийн минь нэг энэ.
-Хоцрогдол ярихаар анги дүүргэлт, нэг багшид ногдох хүүхдийн тоо, ачааллын асуудал хөндөгдөх нь зүйн хэрэг.
-Энэ бол боловсролын салбарын бодлогын алдааны үр дүн юм. Төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдийг л элсүүлэх зохицуулалттай атал эл журмыг хэрэгжүүлдэггүй. Эцэг, эхчүүд сайн сургалттай гэгдэх сургуулиуд руу хошуурч, авлига, “арын хаалга”-аар хүүхдээ элсүүлдэг. Үүний горыг хөөрхий багш нар үүрч, өндөр ачаалалтай ажилладаг. Нэг ангид 35-аас ихгүй хүүхэд суралцана гэж холбогдох хуульд тусгасан байдаг. Гэтэл төвийн, гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн нэг ангид багадаа 45, 50 хүүхэд суралцаж байна. Харин хотын захын сургуулиудын анги дүүргэлт харьцангуй бага. Багшийн ачааллыг бууруулъя, анги дүүргэлтийг хэвийн хэмжээнд байлгая гэвэл бүх нийтээр дагаж мөрдөхөөр баталсан журмаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Холбогдох хүмүүс нь үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай. Эцэг, эхчүүд ч хандлагаа өөрчлөх ёстой. Сайн гэгдэх сургуулиудад ч хүүхдийг аясаар нь явуулж, “алдаг” багш нар бий. Хотын захад гэр хорооллын жалган дахь сургуульд сэтгэлээсээ ажилладаг сурган хүмүүжүүлэгч байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гагцхүү багш нарыг сайн ажиллуулах уу, хөгжүүлэх үү гэдэг нь тухайн сургуулийн бодлого. Товчхондоо захирал, менежерүүдийн ажил. Ялангуяа тэднийг хөгжүүлж, чиглүүлж, ур чадварыг нь ахиулахад сургалтын менежерийн оролцоо чухал. Багш муу байгаа бол тухайн сургуулийн муугийнх юм. Би сургалтын менежерээр ажилладаг байхдаа багш нартаа “Би та нарын дарга биш. Миний үүрэг бол та бүгдэд зөвлөн туслах, сайн багш болгох” гэж хэлдэг байсан.
-Багш нарыг гүйцэтгэлээр цалинжуулж, урамшуулах нь хэр оновчтой зохицуулалт вэ?
-Намайг багшаар ажиллахад л ийм тогтолцоонд шилжинэ гэж ярьдаг байлаа. Хэрэгждэггүй юм билээ. Хэрэгжүүлж чадвал сайшаалтай. Сайн ажилласан ч, муу ажилласан ч ижил цалин олгодог байх нь шударга бус. Хичээл зүтгэлтэй ажиллаж буй хүмүүсийг урамшуулж яагаад болохгүй гэж. Урсгалаараа ажилладаг, хариуцлагагүй багш нарын цалинг хасаж яагаад болохгүй гэж. Үүнийг ялгаж салгаж, цэгцлэх цаг нь болсон. Ийм жишиг тогтоочихвол бүх багш хичээл зүтгэлтэй ажиллана.
Хүмүүс надаас “Аль сургууль хамгийн сайн бэ” гэж олон асуудаг. Сургуулиудыг ингэж хуваах нь, дүгнэх нь өрөөсгөл. Сайн гэгдэх сургуулиудад сурагчдыг зоосны нүхээр хардаг, мөнгө олох хэрэгсэл болгож ашигладаг багш нар ч бий. XIII хороололд гэхэд гурван багш орон сууцын умгар өрөө түрээсэлчихээд, тэндээ олон хүүхэд бужигнуулаад сууж байх жишээтэй. Мөн хэцүү шүү. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.
-Багштай холбоотой зүйл ярьсных асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Монголд багш бэлтгэх тогтолцоо ямар байна вэ?
-Энэ хамгийн чухал асуудал. МУБИС-ийн Багшийн сургууль сайн сургалттай, багш нар нь ч маш чадварлаг. Харин төгсөгчдийн хувьд шаардлага хангахгүй байх нь бий. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд суралцагчдаа онолын хувьд бүрэн цэнэглээд төгсгөчихөд л хангалттай юм. Бусдыг нь дадлагаар эзэмшчихнэ шүү дээ. Гэтэл хангалттай хэмжээний онолын мэдлэгтэй хүүхдүүд бэлтгэгдэхгүй байна. Тэд ажлын талбарт, дадлагын явцад бүхнийг сурдаг. Хаа хамаагүй хувийн сургуулиуд хүртэл бага ангийн багш бэлтгэх болж. Энэ бол маш хариуцлагатай, хүндтэй, сайхан мэргэжил. Тэр хэрээр хүнд, олон талын мэдлэг, чадвар шаарддаг. Тиймээс бага ангийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулахад анхаарах шаардлагатай.
-Сайн багш гэж хэнийг хэлэх вэ?
-Сайн багшаас гадна жинхэнэ багш гэж бий. Сайн багш гэж заах ёстой хичээлээ хариуцлагатай заадаг, сурагчдадаа мэдлэг олгож, сургаж чаддаг хүнийг хэлнэ. Харин хүмүүжлийг сургалттай хослуулан авч явдаг хүнийг жинхэнэ багш гэнэ. Жинхэнэ багш сурагчдын зүрх сэтгэлд хэзээд ойр байдаг.
Багш хүн сэтгэлтэй байх ёстой. Намайг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын бага сургуульд анх багшлахаар очиход Монгол Улсын гавьяат багш Д.Дамдинжав захирлаар ажиллаж байсан. Тэрбээр надад “Хүн аливаа зүйлийг хийе гэж зоривол сэтгэл гаргадаг. Сэтгэл байгаа цагт зүтгэл бий болдог. Зүтгэлтэй хүн арга барилд суралцана. Арга барилтай нь амжилтад хүрнэ” гэж хэлж байсан. Үүнийг би өнөөдрийг хүртэл санаж, ажил, амьдралдаа чиг баримжаа болгож ирсэн. Багш хүний амжилт бол сайн сурагч бэлтгэх.
-Заах аргазүйч, зөвлөх багш гэдэг бол сурган хүмүүжүүлэгч нарт олгодог мэргэжлийн зэрэг гэж ойлгодог. Ямар хүнийг зөвлөх багшаар өргөмжилдөг, тэд боловсролын салбарт ямар үүрэг, оролцоотой талаар мэдээлэл өгөөч?
-Уг нь үүнийг олгоход маш өндөр шалгуур тавьдаг. Ганц хүн дур мэдээд олгочихдог зүйл ч биш. Шат шатны байгууллагын мэргэжилтнүүд шалгаж, үнэлж, дүгнэсний үндсэн дээр зөвлөх багшийн зэрэг олгодог. Даанч манайд үнэлэмж муу. Зөвлөх багш бол үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагааны цар хүрээ нь үндэсний хэмжээнд яригддаг, үнэлэгддэг. Үүнийг хүмүүс зүгээр нэг мэргэжлийн зэрэг төдийгөөр ойлгож, хүлээж авдагт харамсдаг. Сүүлийн үед хувийн сургуулиуд зөвлөх багш дэргэдээ ажиллуулах нь олширсон. Үүнийг зөвлөх багш нарын чадвар, үнэ цэнийг хүлээн зөвшөөрч байгаа явдал гэж харж буй.
-Гэрийн даалгаврын талаар асууя. Багш нар сурагчдадаа хэт хүнд даалгавар өгч, ядрааж байна гэж эцэг, эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Та юу гэж дүгнэх вэ?
-Биднийг багад зуны амралтаар зурамны арьс, согооврын үр авчрах, ургамлын хатаамал хийх даалгавар өгдөг байлаа. Харин сүүлийн үед төдөн дэвтэр тоо бод, хуулан бичлэг хий гэдэг болсон. Угтаа гэрийн даалгавар гэдэг бол тухайн хүүхдийг хүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг болгох зорилготой зүйл юм. Түүнээс биш гэрийн даалгавар хүнд, их байх албагүй. Их байх тусам хийхгүй, хүнд бол чадахгүйн бэрхшээл тулгардаг. Тиймээс багш нарт “Сурагчдаа даалгавраар бүү дарамтал. Чаддаг ганц, хоёр зүйлийг нь хийлгэ. Чаддаг зүйлээ хүүхэд урамтай хийдэг” гэж захидаг. Зун даалгаврыг ч гэсэн хөнгөвчилмөөр санагддаг. Оймсыг нь угаалгах, төмс, ногоо арилгуулах, гэрийн ажилд туслуулах, аяллын тэмдэглэл хөтлүүлэх зэрэг амьдралын ухаанд сургахуйц, хөнгөн, бүтээлч даалгавар өгөх хэрэгтэй. Гэрийн даалгавар гэдэг бол үе үеийн эцэг, эхчүүдийн шаналгаа, сурагчдын дарамт, багш нарын “нерв” шүү дээ. Үүнийг халах хэрэгтэй.