ХБНГУ-д ажиллаж, амьдардаг жүжигчин Г.Ариунболор буюу Г.Арианаг “Залуус” буландаа урилаа. Германы кино урлагт ажиллаж, амжилттай яваа тэрбээр тус улсад зохион байгуулдаг Мюнхений олон улсын кино наадмын шилдэг залуу уран бүтээлч, АНУ-ын Калифорнийн Палм Спрингсийн “Күйн Палм” кино наадмаас шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан юм. Яг одоо тэрбээр “Хохирогч” 10 ангит киногоор Монголын үзэгчидтэй “уулзаж” буй.
-Герман улсыг анх хэрхэн зорьсон бэ?
-1998 онд гэр бүлээрээ ХБНГУ-ын Берлин хотод амьдрахаар ирсэн. Аав, ээж минь ажиллахаар явж, удалгүй гурван хүүхдээ татаж авсан юм. Тухайн үед би 10 настай байлаа. Тэр болтол эмээ, өвөө дээрээ өссөн.
-Кино урлагтай хэрхэн холбогдов?
-Монголд анх 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүрд тоглосон юм. Уран бү- тээлийн гарааг минь Монголд эхлүүлж өгсөн найруулагч П.Дэлгэрбаяр болон “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва нарт маш их баярлаж явдаг. Түүнээс хойш Германд энэ чиглэлээр ажиллахыг илүү хичээж, зорьсон. Харин энэ удаа жүжигчин Б.Амарсайхан надад “Хохирогч” олон ангит киноны гол дүрд хамтран тоглох санал тавьсан нь ёстой л гэнэтийн бэлэг байлаа. “Энэ дүрд чи л тохирно” гээд киноны зохиолоо явуулахад нь хэчнээн баярласан гэж санана. Маш их итгэсэн хэрэг. Тэр итгэлийг нь алдахгүй юм сан гэж хичээж, маш урам зоригтойгоор, ёстой л “Алаад өгье” гээд Монголдоо ирж, киноны зургаа авхуулсан.
-Та Германд 20 гаруй уран бүтээлд ажилласан юм билээ. Уран бүтээлд тоглох завшаан анх яаж олдсон бол?
-Багаасаа л урлагт дуртай байлаа. Германд ирээд удалгүй л жүжгийн болон бүжгийн дугуйланд суралцсан. Германаар эх хэл шигээ ярьдаг минь үүнтэй холбоотой болов уу. 15 настайдаа Германы алдарт бүжигчин, бүжиг дэглээч Дефлет Соостын зарласан уралдаанд оролцон түрүүлж, түүнээс хойш тэр хүний бүжгийн компанид харьяалагдах болсон юм. Германы томоохон бүжгийн шоунуудад бүжиглэж эхэлсэн. 17 настайдаа тус улсад зохион байгуулдаг “Азийн мисс” уралдаанд оролцож, мөн түрүүлсэн. Ахлах ангиа төгсөөд л кино драмын чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж, реклам, киноны туслах дүрүүдэд тоглох болсон. Сургуулиа төгсөөгүй байхдаа “Frankfurt cooncidence” гэх кинонд тоглож, Германы А зэрэглэлийн Мюнхений олон улсын кино наадмаас шилдэг залуу жүжигчнээр шалгарч байлаа. 2011 онд сургуулиа төгсөөд шууд л агентлагт орж, ажлын гараагаа эхэлсэн. Гэхдээ энэ хүртэлх зам минь тийм ч дардан байгаагүй. Бэрхшээл зөндөө тулгарч байлаа. Монголд урлагийн тогоо гэж ярьдаг бол Германд нуур, цаашилбал бүр далай байна. Живж үхэхгүйн тулд асар хатуужилтайн зэрэгцээ тэмүүлэлтэй байх ёстой.
-Ази жүжигчин Европын кино урлагт ажиллахад хэр хүндрэлтэй бол. Танд ямар асуудал голчлон тулгардаг вэ?
-Германд гэлтгүй дэлхийн бүх л улсын иргэдэд үндсэрхэг үзэл байдаг болов уу. Монголд ч ялгаагүй. 10 жилийн өмнө гэхэд л Германы кино урлагт ази, эсвэл өнгөт арьстай уран бүтээлч маш ховор байсан. Бараг л дүр олдохгүй. Олдсон ч ихэвчлэн нийгмийн сул, дорой хүмүүсийн дүрд тоглуулах жишээтэй. Харин энэ байдлын эсрэг өнгөт арьстай жүжигчид олон жилийн турш тууштай тэмцсэний үр дүнд одоо байдал өөр. Би ч Германы жүжигчдийн нэгдэлд орж, Франкфурт хотынхоо төлөөлөгч болон тэмцэж эхэлсэн. Намайг дэмжих хэсэг байхад дайрч доромжилдог хүмүүс ч байсан. Нэгэнт хэлийг нь эзэмшчихсэн, дотор нь амьдарч байгаа хойно
өөрийнхөө төлөө дуугарч, тэмцэж чадахгүй бол хохь нь биз дээ.
-Сүүлийн жилүүдэд Холливуд дахь ази жүжигчдийн тоо өсөж байгаа. Харин Германд хэр олон бол?
-Германд ази төрхтэй жүжигчин олон бий. Жил ирэх тусам л нэмэгдэж байна. Бид чинь хоёр, гурав дахь үеийн цагаачид болохоор бараг л герман хүн шиг болчихсон. Арьсны өнгөөрөө л ялгарна уу гэхээс биш, хэлний мэдлэг, авьяасаараа дутахгүй.
-Одоо аль нэг студи, продакшнд харьяалагддаг уу?
-Би “Agentur Nielsen” агентлагт харьяалагдаад гурван жил гаруй болж байна. Австрийн Вена хотоос гаралтай. Энэ нь Европт төдийгүй Германд анхдагч бөгөөд туршлагатай агентлагуудын тоонд зүй ёсоор ордог.
-Жүжиглэх, бүжиглэхээс гадна өөр ямар авьяастай вэ. Урлагийн өөр төрлөөр ажиллах хүсэл бий юү?
-Ер нь л хөдөлгөөний эвсэлтэй шүү. Бүжиглэхээс гадна зохиол бичдэг.
-Та богино хэмжээний зохиол ихэвчлэн бичдэг гэсэн. Сүүлд бүрэн хэмжээний кино зохиол ч бичиж эхэлсэн гэж сонссон. Дэлгэцэд амилуулж амжив уу? -
“Oh father” гэх богино хэмжээний кино зохиолдоо улсаас тэтгэлэг авсан. Ирэх есдүгээр сард киноны зургаа авч эхлэх төлөвлөгөөтэй. Би өөрөө найруулагчаар нь ажиллана. Мөн “When the rain falls” гэж бүрэн хэмжээний киноны зохиолдоо тэтгэлэг авсан. Одоогоор Г.АРИАНА: Кино урлаг гэх далайд живж үхэхгүйн тулд хатуужилтай, тэмүүлэлтэй байх ёстой зохиолоо улам хөгжүүлээд л явж байна.
-Германы кино урлагийнхан, кинонд хамт тоглосон жүжигчид танаас Монголын тухай асуудаг болов уу?
-Эндхийнхэн надтай яг л герман хүн шиг харилцдаг. Хааяа “Чамд Монголд хамаатан садан байдаг уу” гэж асуудаг юм. Харин Монголд кинонд тоглосны дараачаас Монголын талаар, уран бүтээлчдийн тухай их асуудаг болоод байгаа.
-Монголын кино урлагийн талаар та хэр мэдэх вэ. Энд дахин кинонд тоглох уу?
-“Хохирогч” олон ангит киноны зургаа авхуулах үед Монголд удаан хугацаанд байж, уран бүтээлчидтэй танилцаж, Монголын кино урлагийн талаар ойлголттой болсон гэхэд хилсдэхгүй. 10 настайдаа явснаасаа хойш Монголд тэгж удаан хугацаагаар очоогүй. Дахин Монголын уран бүтээлд тоглох хүсэл их бий.
-Герман, Монгол кино уран бүтээлчдийн ялгаа юу вэ. Мөн давуу болон сул талуудыг анзаарсан байх?
-Юуны түрүүнд санхүү, эдийн засгийн хувьд асар их ялгаатай. Түүнийгээ дагаад Монголд маш богино хугацаанд киногоо хийх шаардлагатай болдог. Цаг давчуу учраас бэлдэх хугацаа бага. Тэгэхээр жүжигчинд бэрхшээлтэй. Миний бодлоор улсаас санхүүгийн асуудлыг бүрэн дэмждэггүй юм гэхэд тусламж өгдөг бол энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ачаалал багасаж, ажлаа илүү чанартай, жаргаж хийх болов уу.
-“Хохирогч” олон ангит киноны Гэрлээ өмнө нь тоглосон дүрүүдээс тань ямар онцлогтой байв?
-“Хохирогч” киноны Гэрлээ миний хамгийн хайртай дүр болсон. Миний тоглосон дүрүүдээс хамгийн хүчирхэг нь. Эл дүрд тоглох гэж өөрийгөө маш их дайчилж, бас өөрөөр харуулахыг хичээсэн. Олон ч зүйлийг туршсан, оролдсон.
-Одоо ямар төрлийн кинонд тоглохоор бэлдэж байна вэ?
-Би зургадугаар сард дараагийн киноны зургаа авхуулахаар бэлдэж байгаа. Мөн л гол дүр. Энэ удаа гэрэл зургийн сурвалжлагч бүсгүйн дүрд тоглоно. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон зүйлсийг золиосолж буй эмэгтэй.
-Хамтарч ажиллахыг хүсэж буй монгол, эсвэл гадаад найруулагч байгаа биз дээ?
-Бий бий. Гэхдээ одоо хэлээд яах вэ, цаг нь болохоор мэдэгдэнэ биз. -Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач? -Би яг л танк шиг удаан боловч хүчтэй урагшлахыг хүсдэг. Хүн ер нь алсыг харж гийгүүлэхгүй юм бол ядаж урдах ажлаа тултал нь чанартай хийх хэрэгтэй гэж боддог юм. Хариуцсан ажлаа сайн хийдэг хүнд үр дүн заавал эргэж ирдэг гэж боддог.