“Шинэ танил” булангаараа “San Juniper” хамтлагийг танилцуулъя. Энэ хамтлаг дуучин, ахлагч Ц.Тэгшбаяр, даралтат хөгжимчин Д.Лувсандондив, хийлч Б.Баярцэнгэл, аргил гитарчин Б.Идэрболд нарын бүрэлдэхүүнтэй. Тус хамтлагийн дуучин Ц.Тэгшбаяртай ярилцсанаа хүргэе.
-Хамтлагаа хэзээ, хэрхэн байгуулсан бэ?
-Хамтлагаа 2017 онд одоогийнхоосоо өөр нэртэйгээр байгуулсан. 2020 оноос нэрээ “San Juniper” болгон өөрчилж, уран бүтээлээ хийж байна. Хамтлагийн гишүүд СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн хөгжмийн ангийн найзууд. Сурагч байхаасаа л хамт хөгжим тоглосон.
-“San Juniper” гэж юу гэсэн үг вэ. Хамтлагтаа яагаад ийм нэр өгсөн юм бэ?
-Хотын нэр. Манай дуу хөгжмийг сонссоноор бидний хотод очсон мэт мэдрэмжийг төрүүлнэ гэсэн утгатай. Дотнын найз минь энэ нэрийг санал болгож, бидэнд таалагдсан юм.
-Хөгжмийн ямар урсгалаар голчлон тоглодог вэ?
-Бид синт поп урсгалаар түлхүү тоглохыг оролддог. Гэхдээ одоогоор бидний дуунууд олон урсгалд хамаарахаар.
-Хамтлаг оршин тогтнохын үндэс нь ур чадвар, тууштай байдал, зорилго, ойлголцол болов уу. Харин та юу гэж боддог вэ?
Аливаа хамтлагийн оршин тогтнох үндэс нь гишүүд хоорондын ойлголцол гэж боддог. Нэг нэгийнхээ үгийг сонсох, шүүмж, магтаал хэлэх зэргийг зэрэгцүүлснээр илүү удаан хамт байх болов уу. Бид суралцаад л явж байна. Нэг нэгийгээ аль болох сайн ойлгохыг хичээдэг. Мэдээж санхүүгийн хувьд ч бэрхшээл тулгарна. Шинэ хамтлагуудад бэлтгэлийн байр олох, студид дуугаа бичүүлэх гэхчлэн шаардлага гарна. Бид тэр үедээ нэгэндээ хүлээцтэй хандаж, зүтгэж, зарим тохиолдолд ар гэрээсээ дэмжлэг авч давсан. Тодорхой хугацааны дараа хийсэн дуунууд минь үзэгчдэд хүрэхийн хэрээр орлоготой болж, олсон мөнгөө хуримтлуулж, бэлтгэлийн байраа түрээслэх, студийн зардлаа өгөх, клипэндээ зарцуулах гэх мэтээр хуваарилдаг болсон.
-Хамтлагийн гишүүд ямар мэргэжилтэй вэ. Ажил, хичээлийнхээ хажуугаар сургуулилалт хийж, уран бүтээл туурвихад хүндрэл гардаг уу?
-Дээр хэлсэнчлэн бид ахлах сургуулийн найзууд. Ахлах сургуулиа төгсөөд СУИС-д элсэцгээж, төгссөн. Манай даралтат хөгжимчин Д.Лувсандондив бид хоёр концертмейстр, аргил гитарчин Б.Идэрболд хөгжмийн багш мэргэжилтэй. Б.Баярцэнгэл Монгол Улсын консерватор болон СУИС-ийг хийл хөгжимчнөөр төгссөн. Бүгдээрээ мэргэжлийн сургууль төгссөн учраас хөгжмийн онол, олон төрлийн хөгжмийн урсгалыг ярилцахад бэрхшээл тулгардаггүй.
-Анхны цомгоо хэзээ гаргах вэ. Хэдэн дуутай, ямар нэртэй цомог гаргах бол?
-Дөнгөж саяхан буюу өнгөрсөн сард долоон дуунаас бүрдсэн анхны цомгоо “First” нэртэйгээр гаргалаа. Одоогоор зөвхөн “Mmusic” аппликэйшнд байршуулсан. Энэ сарын 15-наас бүх стриймд оруулах болно.
-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ?
-20-иод дуутай болсон.
-Дуунуудынхаа үг, аяыг өөрсдөө зохиодог уу?
-Дууны үг болон аяыг би зохиодог. Зохиосон дуугаа хамтлагийнхандаа сонсгоод, хөгжмийн найруулга дээрээ бүгд хамтран ажилладаг.
-Шинэ залуу хамтлаг, дуучид студитэй гэрээ байгуулж, продюсертой болбол уран бүтээлээ сонсогчдод илүү хурдан хүргэх боломжтой. Аль нэг студи, продакшнтай хамтран ажиллах төлөвлөгөө бий юү?
-Одоогоор ямар нэг студи, продакшнтай гэрээ байгуулаагүй. Бидний хувьд студи гэхээсээ илүү менежертэй ажиллахыг зорьдог. Амьд хөгжмийн хамтлагт тэр нь илүү зохицох болов уу. Амьд хөгжмийн хамтлаг гэдэг соло дуучин, репперээс өөр шүү дээ.
-Ямар хамтлагаас үлгэр дуурайл, жишээ авдаг вэ. Яагаад?
-Бид Английн алдарт “Coldplay” хамтлагтай бага байхаасаа “холбогдсон”, үнэнч фенүүд нь. Энэ хамтлагаас л үлгэр дуурайл, бүх зүйлийг суралцдаг. Бусад хамтлагаас илүүтэйгээр таалагддаг шалтгаан нь тэдний дуу хөгжим үргэлж цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Бид ч гэсэн тийм байхын төлөө ажиллаж байгаа.
-Тайзан дээр дуулж, хөгжмөө тоглох үедээ юу мэдэрдэг вэ?
-Миний хувьд тайзан дээр байхдаа яг дуулж, хөгжимдөж буй дуугаа л илүү мэдрэхийг хүсдэг. Амьдралд тохиолдож буй асуудлуудаа мартаж, тайзан дээрээ л амьдрахыг хичээдэг. Тийм байх нь ч хүмүүст их таалагддаг.
-Монголын болон гадаадын тоглолт, хөгжмийн наадамд оролцож байсан уу?
-Монголын “Playtime”, ОХУ-ын “Voice of Nomads” гэсэн хоёр фестивальд оролцсон. Цаашдаа олон улсын наадмуудад оролцохоор судалж байна.
-Нэгэн үеийн олон шинэ хамтлаг мөр зэрэгцэн гарч ирж байна. Танай хамтлаг бусдаас ямар давуу талтай вэ?
-Шинэ, залуу олон сайн дуучин, хамтлаг гарч ирж байна. Бүгдийг нь л сонсох дуртай. Харин бидний тэднээс ялгарах онцлог бол мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн уран бүтээлчид. Тийм ч болохоор энэ давуу талаараа уран бүтээлээ чамбай хийж, ялгарахыг илүү зорьдог.
-10 жилийн дараах хамтлагаа хэрхэн төсөөлж байна вэ?
-10 жилийн дараа гэхэд бидний цомгийн дуунуудыг залуучууд мэддэг болчихсон байгаагаар төсөөлж байна.
-Танай хамтлагийн зорилго юу вэ?
-Бидний зорилго бол гоё хөгжим, чанартай уран бүтээлийг сонсогчдод хүргэх. Тэгж чадвал бидний амьдралд гайхалтай зүйлс тохиолдсоор л байх болно.