Ерөнхий боловсролын сургуулиудад энэ хичээлийн жилээс сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь сэтгэлзүйчтэй болжээ. Энэ нь “Үр дүнгээ өгч байна уу” гэсэн асуултад хариу хайж, нийслэлийн 21 дүгээр сургуулийн сэтгэлзүйч Н.Мөнхзолбоотой ярилцлаа. Тэрбээр хүүхдийн байгууллагад 10 жил багшаар ажиллах явцдаа хүүхдийн IQ-гээс гадна EQ (сэтгэл хөдлөлийн оюун ухаан)-г нь мөн хөгжүүлж, сэтгэл зүйн талаас анхаарах хэрэгтэй гэж үзсэнээр сэтгэлзүйчээр суралцсан аж. Өдгөө магистрын зэрэг хамгаалахаар судалгаа хийж ч буй юм билээ. Сургууль дээр нь уулзахаар болзсон тул очиж, түүнийг хайхад анги нь хаана байдаг нь мэдэгдсэнгүй. Хоёр ч багшаас асуухад “Сэтгэлзүйч үү, за байз, хаана суудаг юм бол оо” гэв. Сургуульд нь сэтгэлзүйч ажиллаж эхэлснээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрч байхад багш нар яагаад анзаардаггүй билээ гэж бодсоноо нуух юун. Гэтэл энэ нь учиртай юм санж. Бид ийнхүү ярилцлаа.
-Ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйчийн хэрэгцээ үнэхээр их юм уу?
-Тулгамдсан асуудал болсон юм байна. Би сургуульдаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж байна. Ирсэн даруйдаа нөлөөллийн ажил хийсэн ч өдөрт нэг сургалттай, их л бол хоёр сурагч хүлээж авсан байдалтай тухайн сарыг өнгөрөөсөн. Гэтэл одоо өдөрт явуулах сургалтын ч, зөвлөгөөний ч цаг дуусчихдаг болсон. Гэсэн ч “Цаг дууссан” гэж хэлэлгүй, хандсан болгонд үйлчлэхийг зорьж байна. Өнөөдөр гэхэд 20.00 цаг хүртэл ажиллахаар байна. Яагаад гэхээр гурван ангийн эцэг, эхэд зөвлөгөө өгөх юм.
-Ээж, аавууд бүгд ирэх болов уу?
-Ирнэ гэсэн. Эндээс өсвөр насны хүүхэдтэй ээж, аавуудад мэргэжилтний зөвлөгөө тун хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Багш нар бас их идэвхтэй. Жишээ нь, “Манай ангийнханд электрон тамхинд “дурлах” шинж ажиглагдаж байна. Та нөлөөллийн ажил хийх үү. Ийм, ийм хүүхдүүдийг тусад нь хүлээж авч, зөвлөгөө өгвөл зүгээр юм болов уу” гэх зэргээр ханддаг. Ингээд л миний ажиглалт эхэлнэ дээ. Зөвлөгөө өгөх нэрээр хүүхдийг шууд дуудаж болохгүй. Тэгэхээр нөлөөллийн сургалтын сэдвийг оновчтой сонгож, хүүхдүүдийг идэвхжүүлж, сэдэлжүүлж байж тулгамдсан асуудлын талаар ярилцах болдог. Харин дараа нь тодорхойлсон сурагчдаа урина. Тэд ирэхгүй бол дахиад л нөлөөллийн ажил явуулна. Ямар нэгэн эерэг аргаар тухайн асуудалтай хүүхдийг өрөөндөө оруулж ирэх нь миний зорилго. Ийм маягаар нэлээд хэдэн хүүхэдтэй ажиллалаа. Үр дүн ажиглагдсан. Сурагчид, эцэг, эхчүүдээс судалгаа авч үнэлэхэд 95 хувийн эерэг үзүүлэлттэй байна. Мэдээж сэтгэл зүйн асуудал өргөс авсан мэт сарниж алга болно гэж байхгүй. Хугацаа хэрэгтэй. Даалгавар өгдөг. Аав, ээжийнх нь хүсэлтээр хандсан хүүхдүүдтэй бол гэр бүлийнхэнтэй нь хамтарч ажилладаг. Эцэг, эхтэйгээ ойлголцохгүй байгаа хүүхдүүдэд тухайлбал, “мэдрэмжээ илэрхийлэх” гэсэн сэдвээр өөрөө өөртэйгөө ажиллах даалгавар өгдөг. Мэндлэхээс авхуулаад эцэг, эхдээ эерэг мэдрэмжүүдийг долоо хоногийн турш төрүүлсний эцэст үр дүнг нь хамтран хэлэлцдэг. Ээж, аавын хүсэлтээр зөвлөгөө авч буй бол эцэг, эхтэй нь заавал хамтардаг. Тийм болохоор ээж, аавд нь хүүхдэд ямар даалгавар өгсөн тухайгаа хэлж, цуг ажилладаг. Тэдэнд мөн сэтгэл зүйн зөвлөгөө, даалгавар давхар өгдөг. Багш санал тавьснаар ирсэн хүүхдийн тухайд бол багштай нь хамтарч ажилладаг. “Хүүхдийн онцлог ийм болохоор тийм арга барилыг сонгоод үзье” гэж шийдсэнээс хойш хүүхдийг ажиглахаас эхлээд бүхий л шатанд хамтарч ажилладаг гэсэн үг.
-Үр дүн гарсан жишээ олон байгаа болов уу. Түгээмлээс нь хэлж өгөх үү?
-“Би энэ ангид сурмааргүй байна. Ангиа сольё, эсвэл өөр сургууль руу шилжье” гэсэн сурагчтай ажиллалаа. Ямар мэдрэмж, сэтгэл хөдлөлөөс болоод ийм шийдвэрт хүрэв гэдэгт хариулахад амаргүй. Оношилж, ярилцаж, зөвлөснөөр, түрүүн хэлсэнчлэн тодорхой даалгаврууд хийлгэснээр, хоёр удаагийн уулзалтын дараа өнөөх сурагч ангиа солихоо, өөр сургууль руу шилжихээ бүр больсон тухайгаа хэлсэн. Эхэлж уулзахад стрессээ барьж дийлэхгүй уйлж байсан хүүхэд “Багш аа, үүссэн асуудал надаас шалтгаалсан байх магадлал өндөр байна. Тэгэхээр таны хэлдгээр би өөртөө анхаараад үзье” гэсэн. Ер нь хүүхдүүдэд тохиолдож байгаа асуудлын талаар насанд хүрэгчид сонсоод, шийдэхэд амархан мэт санадаг. Гэтэл хүүхдүүдэд бол хэцүү. Заавал ямар нэгэн тусламж, дэмжлэг хэрэг болдог. Жишээ болгон ярьж байгаа хүүхэд одоо өмнөхөөс илүү нээлттэй болсон. Нэг удаа “Багш аа, би аливааг ганцхан, өөрийнхөө талаас хардаг байжээ. Бусад хүүхэд ч гэсэн өөр, өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдөлтэй. Тэдэнтэй би зохицож, эв эеийг эрхэмлэх ёстой юм байна гэж бодох болсон” гээд өмнө нь ер гуниглаж, уйлж байгаагүй юм шиг ярьсан. Үүнийг би ажлын минь үр дүн гэж харж байгаа.
-Сэтгэл зүйн асуудалтай, тусламж хэрэгтэй сурагчдыг оллоо гэж бодоход энэ тухай хэлэх, зөвлөгөө өгье гэж хандах хэцүү санагдлаа.
-Нөлөөллийн ажил буюу ерөнхий сургалт явуулснаас хойш ар гэрт нь асуудал үүссэн сурагчид тэр тухай бусдад ярьж, өөрийгөө ойлгуулсан, улмаар сэтгэлзүйчийн дэмжлэг авах шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд орж ирдэг болсон. Түүнээс биш сэтгэл зүйн хүнд асуудалтай тулгарсан хүүхэд одоогоор орж ирээгүй. Ер нь сурагчдыг урихдаа “Хэрвээ чамд сэтгэл зүйн жижиг ч хамаагүй асуудал үүсвэл багшаасаа дэмжлэг авч болно” гэдэг. Түүнээс биш ангиуд руу ороод “За, сэтгэл зүйн оношилгооны дүн гарлаа. Танай ангийн түүнд зөвлөгөө өгөх боллоо” гэх зэргээр ярьж, зарлаж болохгүй. Бүрэг, хүүхдүүдтэй найзалдаггүй, ганцаардмал, энэ байдлаа гэртээ харуулдаг хүүхдүүдтэй ээж, аав, багш нарынх нь санал болгосноор ажилладаг. Хоёр сарын хугацаанд хүүхдийн зан байдал эерэг тал руугаа нэлээд өөрчлөгдөж байна. Уулзалтаас уулзалтын хооронд сурагч яриа хөөрөөтэй болж, улмаар өөртөө итгэлтэй болж байгааг мэдрэх, харах сайхан.
-Тантай утсаар ярихад “Сургалтын дараа уулзъя” гэж хэлсэн. Ямар сургалт явуулсныг сонирхож болох уу?
-Болно оо. Бэлгийн бойжилтоос үүсэлтэй сэтгэл зүйн хямрал гэж бий. Насаар нь авч үзвэл 6-8 дугаар ангийнханд голчлон тулгамддаг асуудал. Энэ чухал сэдэв их эрэлттэй тул хөтөлбөр, төлөвлөгөөнд байр суурь өндөртэй. Ангийн хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь хувааж оролцуулдаг.
-Охид, хөвгүүдийн хэн нь илүү сонирхож, хичээлд идэвхтэй оролцдог вэ?
-Адилхан сайн хүлээж авдаг. Өнөөдрийн ангид хичээл заахад хөвгүүд нь, гаднаас хаалга цохиж байгаа охидоо “Та нар яагаад байгаа юм бэ” гэж байгаад миний ярихыг дуустал сонссон. Тарахад “Багш аа, дараагийн хичээл хэзээ вэ, ямар сэдэвтэй вэ” гэж асууж байна лээ.
-Гэртээ аав, ээжтэйгээ илэн далангүй ярьдаггүй сэдвээр нийт дунд нь нээлттэй ярихаар ингэж идэвхтэй хүлээж авдаг байх нь ээ?
-Тийм. Миний өнөөдрийн ажил зургаан хүүхдэд зөвлөгөө өгөх, долоон сургалт явуулах юм. Хүүхдүүдийг сэтгэл зүйн талаас оношилж, зөвлөгөө өгдөг. Ахлах, дунд, бага ангийнханд, мөн эцэг, эхчүүдэд сургалт явуулдаг.
-Сэтгэл зүйн сургалтын цагийг хичээлийн хуваарьт тусгасан байдаг уу?
-Үгүй. Хичээлээс гадуурх сургалт байдаг.
-Сурагчдад сэтгэл зүйн ямар асуудал тулгамдах нь элбэг байна вэ?
-Гэр бүл, найз нөхдийн хүрээнд хүсэл сонирхлыг нь дэмжихгүй байх, эцэг, эхийн зүгээс хэтэрхий их шаардлага тавих зэрэг нийтлэг асуудал давамгайлдаг. Сэтгэлзүйчийн гол ажил бол өөртөө эерэг бодол төрүүлэхэд нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх юм. Арваннэгдүгээр сараас хойш нэлээд олон сурагчтай тулж ажиллалаа. Нэг хүүхэдтэй 3-5 удаа уулздаг. Зөвхөн хүүхэдтэй уулзаад зогсохгүй гэр бүлд нь зөвлөгөө өгдөг. Тухайн хүүхдэд тохиолдож, шийдэгдсэн асуудалд байнга анхаарал тавьж, дахин дахин ажиглах замаар ажилладаг. Сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Ангиудад өөр, өөр сургалт явуулдаг. Зургадугаар ангийнханд гэхэд импати буюу бусдын оронд өөрийгөө хэрхэн тавьж үзэх вэ, бусадтай хэрхэн эвтэй, найртай байх вэ, өөртөө хэрхэн эерэг мэдрэмж төрүүлэх вэ зэрэг сэдвээр хичээл заадаг. Түүнчлэн долоо, найм, ес, аравдугаар ангийнхантай өөр, өөр сэдвээр ярилцдаг.
-Нэг хүүхэдтэй таван удаа уулзахад ямар нэгэн саад учирдаг уу?
-Хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдлын хэрэгцээг хангасны үндсэн дээр ажилладаг. Тэр цагт хүүхэд орж ирдэг. Ямар ч насны, ажил, албан тушаалын хүнд сэтгэлзүйчид хандахад бага зэрэг ч гэсэн айдас төрдөг. Тэгэхээр сурагчийн аюулгүй байдлын хэрэгцээг хангахын зэрэгцээ асуудалд сайтар төвлөрч, хамтарч ажиллах юм бол тодорхой хэмжээний шийдэл олдог.
-Сурагч зөвлөгөө авч байгаа гэдгээ ангийнхандаа мэдэгддэг үү?
-Энэ бол эмзэг асуудал. Заримдаа хүүхдүүд хамт орж ирдэг. Нэг нь “Би найздаа туслах гэсэн юм. Гэр бүлийн асуудлыг нь мэддэг. Тийм болохоор хамт байя” гэдэг. Гэтэл сэтгэл зүйн зөвлөгөөг ганцаарчилж өгөх ёстой тул хүүхдүүдэд эвтэйхэн хэлж ойлгуулаад, асуудал тулгамдсан найзыг нь л хүлээж авдаг. Өсвөр насныхны дунд ажиглагддаг бас нэг зүйл бий. Нэг нь сэтгэлзүйчийн өрөө рүү ороход бусад нь “Чи яачихсан юм бэ. Юу чинь болохоо байчихаа вэ” гэж асуух нь өнөөх хүүхдэд давхар дарамт болж болно. Тийм болохоор сэтгэлзүйчийн өрөө далд байдаг. Зөвлөгөө, сургалтын цагуудыг урьдчилан өгчихсөн байдаг болохоор үйлчлүүлэх хүмүүсээ хүлээгээд сууж байх ёстой. Сурагчид хичээл эхлэхээс өмнө, эсвэл тарсны дараа орж ирдэг. Бидний уулзаж байгаа энэ өрөө бол хэдийгээр хүүхэд хөгжлийн гэсэн тодотголтой боловч сэтгэлзүйчийн өрөө. Гэхдээ одоо сольж байгаа. Нэгдүгээр давхарт учраас хөл хөдөлгөөн ихтэй, олны нүдэн дээр ил байдаг болохоор өөр өрөөнд орж байгаа юм. Сэтгэлзүйчид хэрхэн ажилладаг талаараа бусдад нэгбүрчлэн ярих боломжгүй. Тийм журамтай болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй ярьж болохгүй нь.
-Ойлголоо. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч ажиллуулах шаардлага байгааг БШУЯ олж хараад, хэрэгжүүлж эхэлсэн нь зөв алхам гэж үзэж болох нь ээ?
-Тийм ээ. Энэ тухай гэнэтхэн шийдээгүй. Гурван жилийн өмнөөс ярьж, хэлэлцэж эхэлсэн. Шийдвэр зөв, зүйтэй гэдэг нь судалгаануудаас харагддаг. Ялангуяа цар тахлаас үүдэн хүүхдүүдийн зан байдал илт өөрчлөгдсөн энэ үед хүүхдүүдэд сэтгэлзүйчийн дэмжлэг маш их хэрэгтэйг эцэг, эхчүүд, багш нарын хэн нь ч хэлж байна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд харьцангуй гайгүй. Харин дунд, ахлах ангийнханд мэдрэмжээ илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө нээх хэрэгцээ үүсэх үед сэтгэлзүйчийн дэмжлэг их хэрэгтэй. Манай Баянзүрх дүүргийн 40 сургууль сэтгэлзүйчтэй. Бид тулгарч буй асуудлуудын талаар, алиных нь хувьд мэдээллийг түлхүү хүргэх, туршлагаа хэрхэн солилцох вэ, хаана, ямар сонгомол жишээ байна, хэрэгжүүлэх боломжтой юу гэх зэрэг дээр хамтран ярилцаж, санал солилцох замаар нэг баг болж ажилладаг. Дүүргийн Боловсролын хэлтсээс сайн дэмждэг. Би сургуульдаа сурагчдыг идэвхжүүлэх зорилгтойгоор EQ сургалтын клуб нээсэн. Ер нь II улирлын хичээл эхэлснээс хойш сурагчид клубт хандах нь нэмэгдсэн. Нийгэмших, бусдад өөрийгөө илэрхийлэх, сэтгэл санаагаа тайван байлгах, хайрлуулах, үнэлэгдэх мэдрэмжид тулгуурласан хэрэгцээ үүссэн сурагчдад тусламж, дэмжлэг үзүүлэн, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байна.