Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэрхэн ойлгох вэ. Энэ талаарх ойлголтыг иргэдэд, ялангуяа хүүхдүүдэд хэрхэн өгөх шаардлагатай бол. Түүнчлэн хамт олонд түшиглэн хөгжүүлэх загварыг ерөнхий боловсролын сургуулиудад хэрхэн төлөвшүүлэх талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Тэгш хамруулах, нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Энхбаттай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, хамтран ажиллах, хүлээн зөвшөөрөх, эрх тэгш хандах сэтгэл зүйг төлөвшүүлж, хүртээмжтэй нийгэм бий болгохын тулд олон нийт юу хийвэл зохих вэ?
-Юуны түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд бол бусдаас ялгаагүй хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд сонсгол болон харааны бэрхшээлтэй, харагдах байдал нь зарим талаар өөр байж болох ч бидний л адил хүн. Тиймээс тэдний сурах, хөгжих, боловсрох, ажиллаж, амьдрах орчин бусдынхтай ижил, эрх тэгш байх учиртай. Ялангуяа хүүхдүүдэд юу зааж, сургаж, яаж өсгөж байна, яг түүнийгээ хөгжлийн бэрхшээлтэйд нь зааж, тэгш хандах хэрэгтэй. Хүүхэд бүрт давуу тал, авьяас, чадамж байдаг. Үүнийг нь ойлгож, мэдэрч, нөөц боломжийг нь илрүүлж, тохирсон арга барил, хэрэгсэл ашиглан хөгжүүлж, боловсрол эзэмшүүлбэл зохино. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцож, төлөвшиж, аливааг хийж сурахдаа багагүй хугацаа зарцуулах нь бий. Жишээ нь, харандаа, үзэг бариулж сургах гэж л 1-2 жил зарцуулдгийг тооцон, уйгагүй ажиллах, дэмжин туслах, чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг
-Хүүхдүүдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх нь ямар үр дүнтэй талаар дэлгэрүүлж ярьж болох уу?
-Ямар ч хүн гэр бүл, хамт олон, хүмүүсийн дунд өсөж, төлөвшдөг. Сурч боловсрох, ажиллаж, амьдрахдаа цор ганцаар оршдог нэгэн үгүй. Иймээс хүүхдийг хамт олон дунд түшиглэн хөгжүүлэхийн ач холбогдол маш их гэсэн үг. Хамт олон гэдэг гэр бүлээс эхэлдэг. Гэр бүлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ нэг ширээнд суун хооллохоос асуудал эхэлнэ. Эхлээд гэр бүлийн гишүүд хооллоод, дараа нь, эсвэл түрүүлж хүүхдээ хооллож болохгүй. Аяга, халбагаа зөв барихгүй, хоол, цайгаа асгасан ч эс тоон, хамт хооллож сурах хэрэгтэй. “Аяга, халбагаа өөрөө барь, хоолны амт хэр байна, чамд таалагдав уу” гэх мэтээр яриа өрнүүл. Хүүхэд бүр багадаа эд зүйлсийг буруу барьж, гутлаа зөрүүлж өмсөн, аливааг хийхдээ алддаг. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чадвартай, дадалтай болдог. Үүнтэй ижилхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч эхлээд чадахгүй байсан зүйлсээ яваандаа сурдаг. Түүнээс биш, тухайн хүүхдийг анхнаас нь тусгайлан авч үзэх, гэр бүлийнхээ гишүүдээс онцгойлох, хэт энхрийлэх нь буруу.
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмээс тусгаарлах, гэр бүлийн орчинд нь хэт эрхлүүлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор манай улсад багагүй хугацаанд хөл хорио тогтоосон. Үүний улмаас хүмүүс нийгмийн харилцаанд оролцохгүйгээр гэртээ “хоригдож”, тэр хэрээр стресстэж, бухимдах нь элбэг байлаа. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл ихсэж, ахуйн хүрээний архидалт ч нэмэгдсэн гэх статистик бий. Энэ бол нийгмээс тусгаарлагдсанаас үүдсэн сэтгэлийн хямрал, тавгүйтэл. Тэгвэл гэрээсээ огт гардаггүй, хязгаарлагдмал орчинд амьдардаг хүмүүс, хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ. Дотроо бугшсан, тавгүйтсэн, уурлаж уцаарласан, уйлсан байх нь энүүхэнд шүү дээ. Тиймээс тухайн хүүхдийн мэдрэмж, сонирхлыг ойлгож, хэрэгцээг нь хангаж байх учиртай.
-Сэтгэл зүйд нь голлон анхаарна гэсэн үг үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хүүхдийг хооллох, ариун цэврийг нь сахиулах, асрах, гэмтэж бэртэхээс сэргийлэхээс илүүг хийх хэрэгтэй. Оюун ухаант хүнийг зөвхөн алхаж сургах, эд зүйлс бариулж дадуулах, гэдэс цатгалан байлгах төдийхөнд анхаарах учиргүй. Оюун ухааныг нь хөгжүүлж, хүсэл сонирхлыг нь дэмжин, бие хүн болж төлөвшүүлэхэд анхаарах нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас би зовж, зүдэрдэг. Арчилгаа их шаардаж байна хэмээн гомдоллох эцэг, эх цөөнгүй. Ийм хандлагыг халмаар байна. Ирээдүйн иргэдийг өсгөж байгаагаа санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хандлагаа өөрчлөх нь чухал. Хүүхдийнхээ төлөө нойргүй хонож, ажил, карьераа хэсэг хугацаанд орхигдуулах нь бий. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй гэр бүлийнхэн өөрсдийгөө тусгайлж авч үзнэ гэдэг цаад утгаараа ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр. Түүнчлэн нийгмийн бүхий л харилцаанд хүүхдээ оролцуулах, тэгш хамруулахыг хичээн, ичих, санаа зовох, бэрхшээх зүйлгүй байх хэрэгтэй.
-Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэхэд ямар бэрхшээл элбэг тохиолддог вэ?
-Тусгай бус, энгийн сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж эхлэхэд зарим эцэг, эх тухайн хүүхдээс жийрхэх тохиолдол гардаг юм билээ. “Миний хүүхэд түүнийг дуурайн гар, хөл, толгойгоо савчин, салгалдаг боллоо” гэхийг сонссон. Хүүхэд учраас өөрөөс нь өөр дадал, хөдөлгөөн, гадаад үзэмжтэй нэгнийг дуурайх, шоолох нь бий. Гэхдээ тийм хандлагыг хүүхэд олон удаа гаргадаггүй. Ийм үед аав, ээжүүд нь хүүхдэдээ “Найз чинь ийм онцлогтой хүүхэд” гэх зэргээр хэлж, ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүд томчуудын үгэнд ордог, цайлган учраас хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа хурдан хүлээн зөвшөөрдөг. Найздаа тусалж, түүнтэй тоглож буйдаа баяртай болдог. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй найзтай байснаараа хүнлэг, тусч, бусдыг ойлгодог хүн болж төлөвшихөд нь дэм болдог тухай судалгааны дүн бий. Ер нь ямар ч хүн бусдад туслахдаа, сайхан сэтгэгдэл төрүүлэхдээ баяр жаргал мэдэрч, сэтгэл хангалуун болдог. Хүүхэд ч мөн адил. Өөрийгөө бусдад хэрэгтэй, сайн хүн мэтээр төсөөлөх нь тустай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг ангийнхан илүү хүнлэг, бусдыг ойлгодог, тусч болж төлөвшдөг.
-Нэг үеэ бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлах нь багасан, эрх тэгш харилцдаг болсон санагддаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харах өнцөг улам бүр өөрчлөгдсөөр байгаа нь олзуурхууштай. Ажил олгогчид ч тухайн үүргийг гүйцэтгэх чадвартай ямар ч хүнийг ажиллуулж эхэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л дэмжих, туслах, илүү сайнаар хандах тухай бодох хэрэггүй. Шаардлагагүй дэмжлэг хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж, эвгүйцүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өрөвдөж, эвийлэхийн оронд кино үзүүл, спортоор хичээллүүл, тоглуул, дугуй болон дугуйт тэшүүр унуул. Найзуудтай болох, тэдэнтэй цагаа өнгөрүүлэхэд нь тусал. Сонирхох зүйлийг нь олж өгч, түүгээрээ хичээллэх боломж бүрдүүлснээр хүүхэд илүү нийгэмшинэ. Бидний яриад байгаачлан хамт олондоо түшиглэн хөгжинө. Ингэснээр бие, сэтгэл нь улам эрүүлжин, сэтгэл хангалуун амьдарч эхэлдэг.
-Хувь хүмүүст, хамт олонд, багш нарт ойлголт, хандлагаа өөрчлөх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний, хүүхдийн хэлж, ярьж буйг хүлээцтэй сонсож сурахаас эхэлнэ. Зарим хүн, багш нар удаан ярьдаг, ээрдэг хүүхдийг сонсохоос төвөгшөөх, сонссон дүр эсгэх нь бий. Үүнийг эхлээд халъя. Бэрхшээл бүрийн ард ялгаа байдаг. Ийм ялгааг ойлгож, түүнд нь тохирсон арга, эвээр харилцаж, ажиллах хэрэгтэй. Ингэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгэм бий болно. Мэдээж үүнд мэргэжлийн хүний нөөц, сургагч багш нарын оролцоо чухал.
-Мэргэжилтнүүд, сургагч багш нарын хүрэлцээ хэр байна. Танай төвд хандсан хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн тоо ингэж нэмэгдлээ гэх харьцуулсан судалгаа манайд алга. Үндэсний статистикийн хорооноос 2010 онд гаргасан судалгаанд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30 000 хүүхэд байгаагаас 7500 орчим нь байнгын асаргаатай гэсэн байна. Харин ямар бэрхшээл зонхилдог, тэр нь ямар шалтгаантай тухай нарийвчилсан судалгаа байхгүй. Саажилт, дауны синдром, аутизмтай хүүхэд Монголд төрөх нь цөөнгүй. Ерөнхийдөө манай салбарт ажиллаж буй боловсон хүчний хүрэлцээ үнэхээр хангалтгүй. Мэргэжилтнүүдийн тоог олшруулахын тулд мэдээж цалин, ахуйн хангамжид нь анхаарах нь зүйтэй. Хэрэв хүүхдүүдийг мэргэжилтний тусламжтай өсгөдөг, зөвлөгөө авч болдог, хүртээмжтэй орчин бүрдүүлбэл ар гэрийнхэнд нь төдийгүй нийгэмд ч тустай.
-Холбогдох мэргэжилтнүүдэд хандах боломжгүй, хэрхэн тэдэнтэй холбогдохоо мэддэггүй эцэг, эх, асран хамгаалагч олон байдаг болов уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хандсан 0-18 насныханд бид бүх боломжоороо үйлчилдэг. Олдмол бэрхшээлээс илүүтэй төрөлхийн өвчтэй хүүхэд цөөнгүй ирдэг. Тэднийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүртгэл, хяналтад үндэслэн хүлээн авдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олонд түшиглэн хөгжүүлснээр амжилтад хүрсэн жишээ дурдаж болох уу?
-2008 онд би өсвөр насны хөвгүүдтэй ажилладаг байлаа. Эцэг, эхчүүдэд нь “Биднийг битгий дагаарай, өөрсдөө бүгдийг хийе” гээд хөвгүүдээ дагуулан, үйлчилгээний төв орж, үзвэр үздэг байсан. Тэгээд хөвгүүдэд “Өөрсдөө яваад тасалбараа ав, амттан аваад ир” гэж хэлээд суух үе ч тохиолдоно. Тэр үед алхах, хөдлөх, ярихдаа хүүхдүүдийг зарлаа гэх хүн ч байсан. Энэ бол буруу ойлголт. Харин ч тухайн хүүхдийн хийж чадах зүйлийг хийлгэхгүй, хэт эрхлүүлэх нь ялгаварлан гадуурхалт. Эсрэгээрээ чадах зүйлийг нь хийлгэх, аливаад оролцуулах, ялгаварлахгүй байх нь хүндлэл юм. Багаас нь таньдаг, харилцдаг хоёр залуу бий. Нэгийг нь аав, ээж нь сургуульд оруулж, унаж босуулж, бүр шоолуулан барин нийгэмшүүлсэн. Харин нөгөөг нь гэрээс гаргаагүй, асрагч авч өгөөд “мартсан”. Сургуульд сурч, олонтой харилцсан хүүхэд мэргэжил эзэмшээд өдгөө өөртөө тохирсон ажил хийдэг болсон. Харин нөгөөх нь нэмээд оюун ухааны олдмол хомсдолтой болсон. Хүний биеийг, мөн оюун ухааныг тэтгэхийн зэрэгцээ хамт олон дунд оруулахын, хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхийн ашиг тус ийм л байдаг. Аав, ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ алхуулж сургая, аягаа барьдаг болгоё гээд физик эмчилгээ, бариа засал хийлгэдэг. Харин оюун ухааныг нь хөгжүүлэхэд, ирээдүйн иргэн бэлтгэхдээ төдийлөн анхаардаггүй. Жишээ нь, тоо тоолуулж сургасан бол мөнгө өгөөд, дэлгүүр оруулж, хүнсийг нь авхуулж дадуулах хэрэгтэй.
-Өвчтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зонхилон ямар бэрхшээл тулгардаг бол?
-Мэргэжлийн үйлчилгээ, сургалтын байгууллага, багш нарын тусламжтайгаар хүүхдээ өсгөх нь хамгийн чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөж буй эцэг, эх, ялангуяа ээжүүд хамгийн их ядарч, стресстдэг. Ийм ээжүүд туршлагадаа тулгуурлан өөр айлын хүүхдүүдийг асарч, цалин авч буй жишээ ч цөөнгүй болж. Миний бодлоор энэ нь буруу жишиг. Тухайн хүн гэртээ ч, ажлын орчинд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллавал сэтгэл зүйн болон биеийн ачааллаа дийлэхгүй. Асруулж буй хүүхдүүдэд ч нэмэр багатай. Би удаа дараа дурдаад байгаачлан, хүүхдийг зөвхөн хооллож, ариун цэврийг нь сахиулах төдий хандлагаас салъя. Үүнд мэргэжилтнүүдийн оролцоо чухлыг ч хүлээн зөвшөөрье. Мөн манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд асрах, нийгмийн харилцаанд оролцуулах тогтолцоо байхгүй, ийм үйлчилгээ зүй ёсоор хөгжөөгүйгээс эцэг, эх нь үүрэг хүлээхээс зайлсхийх тохиолдол гардаг. Асрамжийн газарт хүүхдээ даатгаад орхидог жишээ ч цөөнгүй байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн өсөх, сурч, хөдөлмөрлөх, амьдрах орчны талаарх цогц судалгааг гарган, шаардлагатай арга хэмжээ авч, хууль батлах нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн чиглэлээр хууль батлуулахаар хэлэлцэн, тал бүрийн саналыг сонсож буй. Манай байгууллага ч байр сууриа илэрхийлж байгаа.