Шри Ланка улсын Коломбо хотод зохион байгуулсан, 16 хүртэлх насны өсвөрийн теннисчдийн багийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын охидын баг А хэсэгт Лаос, Сингапурын багийг тус бүр 2:1-ээр хожиж шигшээд тунасан. Тэд Ирак (3:0), Вьетнам (2:1)-ын багийг хагас шигшээд буулган авч, алтан медалийн төлөөх тоглолтод Ираны багийг 2:1-ээр илүүрхэн аваргаар тодорсон юм. Монголын талбайн теннисний түүхэнд өмнө нь байгаагүй амжилт гаргаж, багийн тэмцээнээс анх удаа аваргын цом, алтан медальтай ирсэн С.Нинжин, Б.Үжин нарыг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Манайхан Лаосын багтай эхэлж тоглосон. Тэднийг хожих амаргүй байв уу?
С.Н: -Тэмцээний өмнө сугалаагаа хартал Лаосын багийнхантай эхэлж тоглох байв. Тэднийг талбайд бие халаалт хийж байхыг хараад техникийн түвшнийг нь өөрсдийнхтэйгөө харьцуулахад хожих итгэл төрсөн. Ч.Марта бид хоёр тэдэнтэй тоглож, 6:2, 6:1- ээр хожсон. Миний ээжийг Э.Оролзод гэдэг, талбайн теннисний дасгалжуулагч. Ээж минь дэргэд байж “Өөртөө итгэлтэй зоригтой тогло” гэж урам өгч, хурцалсан. Хоёр дугаартай тоглогчийн зүүн талд нь бөмбөг өндөр давуулахад алдаад байлаа. Лаосын багийн дараа Сингапурын тамирчидтай тоглосон.
Б.Ү: -Лаосын нэг дугаартай тамирчны туршлага, ур чадвараар бахархсан. Тэрбээр алдаа бага гаргаж, урагшаа, довтолж тоглодог юм билээ. Сингапурын багийнхантай хосын төрөлд С.Нинжинтэй хамт тоглосон. Бэлтгэлийн үед тэдний цохилт, давуулалт сайн, бидэнд боломж өгөхгүй тоглохоор харагдлаа. Тэмцээний эхэнд би бага зэрэг эмээсэн тул зоригтой цохихгүй бөмбөгөө зөөлөн давуулаад байв. Тоглох явцдаа арга барилыг нь мэдэж, алдаагаа зассан.
-Хагас шигшээд Иракийн багтай тоглоход хүчтэй өрсөлдөгч таарчээ гэж бодож байлаа.
Б.Ү: -Тэд бидний төсөөлснөөс ч тааруухан тоглосон. Тамирчид нь алдаа гаргахаараа уурлаж, бөмбөгөө хүчтэй, зөөлөн янз бүрээр давуулсан нь хожигдоход хүргэсэн. Манайханд ялагдах тусам сэтгэл зүйгээр унаж, урвайсаар амархан буугаад өгчихсөн. Дасгалжуулагч нь ч тамирчдаа нэг их хурцлаагүй. Миний хувьд туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулах хэрэгтэйг ойлгосон. Тэмцээнд гал гарсан тоглолт харуулах гоё. Иракийн багаас хожиж, хожигдож л байдаг гэсэн идэвхгүй байдал анзаарагдсан. Узбекистан, Сингапурын тамирчдын хосын тоглолт тун сонирхолтой. Үзээд л баймаар. Даанч явах цаг болж, автобус ирсэн болохоор дуустал нь үзэж амжаагүй.
С.Н: -Гадаадын тамирчид чухал тоглолтод хожигдсон ч дараа нь юу ч болоогүй юм шиг инээдэг нь таалагдсан. Үүгээрээ ялж, бас ялагдаж сурснаа харуулах шиг санагдсан. Охидынхоос эрэгтэйчүүдийн багийн тоглолт илүү ширүүн өрнөсөн. Хурд, давуулалт нь биднийхээс хамаагүй сайн. Иран, Вьетнам, мөн Казахстан, Вьетнамын багийнхан ана мана өрсөлдөж, тэмцээний уур амьсгалыг сонирхолтой болгож байв. Манай хөвгүүд чамлахааргүй тоглож, VI байр эзэлсэн шүү дээ.
-Вьетнамын багийг буулгаж авсан тухайгаа яриач.
С.Н: -Медалийн төлөө тоглох сайхан ч ялагдчих вий гэж их бодсон. Ингэх нь сэтгэл зүйн хувьд дарамттай санагдсан тал бий. Хо
жигдвол хоосон буцна, ялбал медальтай харих болохоор хичээсэн. Вьетнамын багийнхантай хосын төрөлд Ч.Мартатай нийлж тоглосон. Хожлыг хосын тоглолт шийдэх байв. Бид эхний тоглолтод сетээ алдсан ч дараагийнхад нь хожсон юм. Тоглолтын үед харц, хөдөлгөөнөөрөө ойлголцож, “Одоо тайвширч болохгүй шүү. Нэг оноо ч гэсэн авахын тулд бүх зүйлээ гаргая” гэж ярилцсан. Эсрэг багийнхандаа ялагдвал хэсэгтээ алдсан Сингапурын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөх байв. Тиймээс нэгэндээ амжилт хүсэж, зоригжуулаад гарсан.
Б.Ү: -Вьетнамын багийнхан ур чадвар сайнгүй хэрнээ толгойгоо маш сайн ажиллуулсан. Дасгалжуулагч нь тактикаа өөрчилж, хэрхэн тоглох талаар зөвлөж харагдсан. Багш нь тамирчдаа хожигдох гээд ирвэл эсрэг багийнхан руу сэтгэл зүйн дайралт хийнэ. Хэрүүл, маргаан өдөж, анхаарлыг нь сарниулан тоглох хэмнэлийг нь алдагдуулж оноо авах зорилготой нь анзаарагдаж байлаа.
-Талбайн теннисээр хэдэн настайдаа анх хичээллэв?
С.Н: -Намайг найман настай байхад ээж минь энэ спортоор хичээллүүлсэн. Миний хувьд зааж, зөвлөх мэргэжлийн багш дэргэд байсан болохоор хурдан сурсан шүү.
Б.Ү: -Долоон настайдаа хичээллэхээр сонирхоход манайхан талбайн теннисний талаар сайн ойлголтгүй байлаа. Би энэ спортод санаандгүй байдлаар хөл тавьсан. Нэг өдөр хичээл дээрээ сууж байтал талбайн теннисний дасгалжуулагч Б.Өрнөх багш ангид орж ирээд “Талбайн теннисээр хичээллэх хүүхдүүд байна уу” гэхэд би гараа өргөсөн юм. Надад бэлтгэл хийх сонирхолтой санагдаж, хичээллэх хүсэл улам төрсөн юм. Би одоо Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг. Миний хувьд шагналын салхиа хүрэл медалиар анх хагалж билээ. Түүнээс хойш олон медаль гардсан.
С.Н: -Бид нэг багшийн шавь болсон цагаасаа ойр дотно нөхөрлөсөн. Миний хувьд “Хүмүн” сургуульд сурдаг. Б.Өрнөх багшийн удирдлагад хичээллэдэг байхдаа тэмцээнд оролцож, амжилтаа мөн л хүрэл медалиар эхлүүлсэн. Түүнээс хойш гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцож, цөөнгүй медаль зүүжээ.
-Хожигдохооргүй тамирчинд ялагдчихаад харамссан удаа бий юү?
С.Н: -Бий бий. Ч.Марта бид хоёр Тайваньд болсон багийн тэмцээний хосын төрөлд оролцсон юм. Хосын төрлөөс өмнө ганцаарчилсан тоглолт болдог. Хоёулаа ганцаарчилсан тоглолтод тус бүр нэг хожигдож, хожлоо. Оноо тэнцсэн ч хосын тоглолтоор хожлыг шийдвэрлэх байв. Хожвол гуравт орж, тоглолтоо үргэлжлүүлэх байсан. Тэгсэн бид анхлан суралцагчаас ч муу тоглож, өрсөлдөгчдөө ялагдчихав. Тэр үед дахиж хэзээ ч хожигдохгүй гэж амласан. Тэр тоглолтын дараах томоохон тэмцээн энэ байлаа. Бид амласнаа биелүүлж, багаараа аварга болсон. Өмнө нь хосын төрөлд нэг ч баг хожоогүй бол энэ удаа зорилгоо хэрэгжүүлсэндээ баяртай байна.
-Аваргын цом, алтан медаль гардахдаа хэнээр их бахархсан бэ?
Б.Ү: -Бидэнд энэ тэмцээн амжилт авчирсан. Алтан медаль хүртэхдээ Монголын талбайн теннисний спортод түүх бүтээлээ гэж тамирчдаараа, бас багш нараараа бахархсан. Тэмцээний үед гэрийнхэнтэйгээ ярих боломж надад гараагүй. Амжилттай тоглохын тулд тоглолтдоо анхаарал хандуулсан. Тамирчин хүн хилийн дээс алхаад л эх орныхоо нэрийг өндөрт өргөх үүрэгтэй байдгийг тэнд их мэдэрсэн. Манайхан онгоцны буудал дээр үдэхдээ “Та нарыг түрүүлээд ирнэ гэдэгт итгэлтэй байна, сайн тоглоорой. Амжилт хүсье” гэсэн. Тиймээс итгэлийг нь алдахгүйг хичээсэн дээ.
С.Н: -Гал гарсан тоглолт харуулж өрсөлдөгчдөө хожсон багийнхандаа баярласан. Биднийг тоглож байхад гэрийнхэн минь догдолж, сэтгэлээрээ хамт тоглож үзсэн гэнэ лээ. Аваргын төлөө тоглохын өмнө минийх бус, эх орны минь нэр гарна. Сайн тоглож, түрүүлэх ёстой гэдэг бодол юу юунаас илүү төрсөн. Ираны багтай тоглохдоо “Нинжин минь энэ боломжийг л алдаж болохгүй шүү. Заавал хожих хэрэгтэй” гэж өөртөө хэлээд бүх зүйлээ шавхаж гаргасан. Ээж тоглолтыг дэргэдээс нь үзсэн болохоор сайн тоглосон гэж боддог.
-Монголын теннисчид одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна.
С.Н: -Бид Шри Ланка улсад болсон тэмцээнд түрүүлж, Энэтхэгт энэ сарын 29-нд эхлэх ДАШТ-д оролцох эрх авсан. Тус улсад зохион байгуулах ДАШТ-д Азиас эхний дөрвөн байрт шалгарсан багийнхан өрсөлдөнө.
Б.Ү: -Багш нар минь бидэнд “Та нар ДАШТ-д амжилттай оролцохын тулд бүх зүйлээ дайчилж тоглоорой” гэсэн. Бид алтан медалиасаа урам авч, бэлтгэлээ шаргуу хийж байна. ДАШТ-д анх удаа оролцох ч гэлээ ямар ч улсын багтай таарсан ана мана үзэлцэж, багш нарынхаа заасныг харуулна гэж бодож байгаа. Гал гарсан гоё тоглолт тэнд л өрнөх байх. Энэ ташрамд, хамт явах хоёр найздаа “Амжилт хүсье, бид чадна аа” гэж хэлье.