Монголын эмэгтэй дугуйчдаас “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Солонго хамгийн өндөр амжилт гаргасан. Тэрбээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д 11 удаа тэргүүлсэн юм. Түүнд аваргын шар цамц цөөнгүй бий. Тухайлбал, 2016 онд өмнөд хөршид болсон олон өдрийн уралдаанд түрүүлж, шар цамцны эзнээр тодорсон бол тэр жилээ ӨМӨЗО-д зохион байгуулсан “Чингис хаан” уулын дугуйн тэмцээнээс алтан цом гардаж байв. Түүнийг “Залуус” буланд урьж ярилцлаа.
-Монголын эмэгтэй дугуйчид Азийн АШТ-д оролцохоор зэхэж байгаа дуулдсан. Хаана болох уралдаанд хурд сорих вэ?
-Узбекистаны Ташкент хотод энэ сарын 25-29-нд зохион байгуулах Азийн АШТ-д Монголоос гурван тамирчин оролцоно. Тэд 23 хүртэлх насныхны, харин би элит ангилалд өрсөлдөх юм. Бид хоёрдугаар сарын эхээр засмал замд бэлтгэл хийж, түүнийгээ Өмнөговь аймагт 10 хоног үргэлжлүүлсэн. Миний хувьд 2009 оноос хойш тус тэмцээний бөөн гараанд тав, цуваа төрөлд гурав дахь удаагаа уралдахаар зэхэж байна. Энэ удаа багийн төрөл нэмэгдсэн. Багийн уралдаанд дөрвөн тамирчин гараанаас гарахад гуравт нь цаг өгдөг. Бусад оронтой харьцуулахад Монголд эмэгтэй дугуйчин цөөн. Тиймээс дотоодын тэмцээнд амжилт гаргаж, бэлтгэл сайн базаасан тамирчдаа сойж байгаа.
-Манайхан цаг, улирлын байдлаас шалтгаалаад наана нь ямар нэгэн тэмцээнд оролцохгүй уралдах нь. Амжилт хэр гаргах бол?
-Энэ жилийн томоохон уралдаан Азийн аваргын тэмцээнээр эхэлнэ. Уг нь тэмцээний өмнө нь ганц, хоёр гараанд уралдчихаад оролцоход үр дүнтэй байдаг. Ямар ч сайн бэлтгэл хийснээс муухан тэмцээн илүү дээр гэдэг үг бий. Монголд өвөл засмал замд бэлтгэл хийх амаргүй. Тиймээс бэлтгэлээ таслахгүйн тулд зааланд үргэлжлүүлдэг. Манай эмэгтэй дугуйчид гадаадынхан шиг уралдаанд байнга оролцдог бол амжилт үзүүлэх боломжтой. Бид багийнхаа эрэгтэй тамирчидтай хамт бэлтгэл хийдэг болохоор хурд, хүч, тэсвэрийн хувьд Азийн тэмцээнд алзахгүй гэж боддог.
-2017 онд Бахрейн улсад болсон Азийн АШТ, мөн 2019 онд БНХАУ-ын Ухань хотод болсон дэлхийн цэргийн олимпод оролцсоныг тань санаж байна.
-Бахрейнд болсон уралдааны цуваа төрөлд VII, бөөн гараатайд XI байр эзэлсэн. Надад бөөн гараатай уралдаан илүү тохирдог. Цуваагаас өөр тул 100 км-ээс дээш зайд хурд сорьдог юм. Монголд одоогоор цуваа, бөөн гараанд эмэгтэй тамирчид бэлдэх боломжгүй. Тиймээс бид уул, засмал, цуваа, бөөн гараатай уралдааны аль алинд нь бэлтгэл хийж оролцдог. Уг нь ангилал тус бүрт тамирчин бэлдвэл тэмцээнд өөр үр дүн харуулна. Ингэж бэлтгэл хийсний давуу тал тэм цээнд харагддаг. Бөөн гараатай тэмцээнд амжилт гаргахын тулд цуваад ч гэсэн сайн уралдах хэрэгтэй.
-Таныг Н.Нармандах багшийн шавь гэж сонссон. Хэзээнээс дугуйтай нөхөрлөв?
-Би өөрийн хүслээр энэ спортод хөл тавьсан. Хүүхэд байхдаа үеийнхэнтэйгээ гудамжинд дугуй унаж тоглох дуртай байлаа. Дугуйгаар хичээллэдэг ангийнхаа нэг хөвгүүнийг уралдааны зориулалтын хувцас өмссөн байхыг харчихаад тэмцээн хаана болдгийг сонирхон асууж, оролцох хүсэлтэйгээ хэлсэн юм. 2005 оны хавар Хан-Уул дүүргийн АШТ-д санамсаргүй оролцож түрүүлэхэд Н.Нармандах багш уулзаад “Чи хойшид уралдах хүсэлтэй байна уу” гэхэд “Тийм ээ” гэж хариулж билээ. Тэр тэмцээнээс урам авч өнөөг хүртэл тууштай хичээллэж байна. Багш бэлтгэлийн минь суурийг зөв тавьснаар хойшдын тэмцээнд амжилт гаргасан гэж боддог.
-Тэр тэмцээнд өөрийгөө түрүүлнэ гэж огт төсөөлөөгүй биз?
Тийм ээ, алтан медаль авна гэж хэзээ ч бодоогүй. Дугуйн уралдаан ямар болдог юм бол, оролцож үзье гээд сонирхолдоо хөтлөгдөж уралдсан. Тэмцээнд оролцохын өмнө ангийн хөвгүүн “Чамаас өмнө хичээллэсэн нэг охин бий. Түүнийг дагаад уралдвал медаль хүртэж магадгүй” гэлээ. 10 км-ийн замд нөгөө охиныг гүйцэж, ардаа орхичоод “Ингэж уралдаад барианд орох зөв болов уу” гэж түмэн зүйл бодож байснаа одоо ч мартдаггүй юм. Туршлагагүй, уралдааны талаар ямар ч ойлголтгүй нөхөр түрүүлж, багшийнхаа нүдэнд өртөж байсан минь дурсамж болж үлджээ. Дугуй тэр өдрөөс амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон доо.
-Алтан медалиасаа урам авсан охин дахиад уралдах хүслээр жигүүрлэсэн байх.
-Тэр жилийн зун багш өсвөр насныхны УАШТ-д намайг оролцуулах боллоо. Уулын дугуйн уралдаанд оролцохын өмнө бэлтгэл хийж байхдаа унаж хөлөө гэмтээсэн. Тэр үед надад гэмтсэнээс илүү тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр хамгийн хэцүү санагдаж, гомдоод уйлж билээ. Тэгээд аав, ээж, багшаасаа тэмцээнд оролцуулахыг хэдэн өдөр гуйлаа. Тэдэнд тэмцээний дараа ямар нэгэн хүндрэл гарвал харамсахгүй, гомдолгүй гэж гарын үсэг зурж, уралдаанд оролцоод түрүүлчихэв. Тус тэмцээнд өрсөлдсөн Төв аймгийн нэг охины зургаан алт, нэг мөнгөн медаль хүртэхийг хараад “Унаж гэмтээгүй бол түүн шиг амжилт гаргаж, медаль хүртэх байлаа” гээд бодож зогссон. Би тэр үед хөлийнхөө гэмтлээс болоод нэг л төрөлд уралдсан юм.
-Гэрийнхнийгээ хориглосон ч гомдолгүй гэж гарын үсэг зурж уралдсаныг бодоход өөртөө баймгүй зориг, тэвчээр гаргажээ.
-Намайг гэмтсэний дараа ээж спортоор хичээллэхийг хориглосон. Манайхан “Эмэгтэй хүүхдэд дугуйн спорт хүнд. Хичээлээ сайн хийж, дуртай мэргэжлээрээ ажиллаж, амьдарсан нь илүү дээр” гэдэг байлаа. Харин аав хичээллэхийг минь дэмжихэд их баярласан. Түүнээс хойш өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д тасралтгүй оролцож, 11 удаа аваргаар шалгарсан. Амжилт гаргасан болохоор энэ спортдоо өнөөг хүртэл үнэнч үлдсэн гэж боддог.
-Та 2017 онд Азийн АШТ-д оролцсоныхоо дараа ээж болж, түр завсарлаад эргэж ирсэн. Тэр үед гаргасан амжилтаа одоо харуулна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Ээж болсны дараа бэлтгэл хийх амаргүй байлаа. Өмнө нь зөвхөн бэлтгэл сургуулилалт, амжилтдаа анхаарал хандуулдаг байсан бол амьдралд хөл тавиад гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Амьдралаа урагшлуулахын тулд нөхөртэйгөө “Хархорин” захад хувийн бизнес эрхэллээ. Дугуйн спортдоо эргэж ирэхдээ олон зүйлийг ойлгосон юм. Тиймээс нөхөртөө ажлаа хариуцуулж, энэ удаа Азийн АШТ-ээс медаль хүртэх зорилго тавиад бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Дуртай спортоо орхихгүйн тулд олон ажил зэрэг амжуулах эхэндээ хэцүү санагддаг байв. Энэ бүхэн амьдралын шаардлага гэдгийг ухаарч, өглөө эрт нөхөр, хүүхдийнхээ хоолыг зэхэж өгөөд бэлтгэлдээ гардаг.
-Гэрийнхэн тань дэмждэггүй байх тэр үед та өөрийгөө хэрхэн зоригжуулж, хурцалдаг байв?
-Эхнэр нь спорт, бэлтгэл, тэмцээн гээд гэртээ ч тухлах завгүй. Заримдаа орон нутагт хамтарсан бэлтгэл хийхээр хэд хоног явчихна. Нөхөр минь спортын хүн биш болохоор тамирчны амьдрал ямар байдгийг эхэндээ ойлгохгүй “Чи дугуй гэж олон жил явлаа, одоо ажил, амьдралаа бодооч. Хамтдаа зүтгэе” гэж дургүйцдэг байлаа. Дугуйн спортоор тууштай хичээллэнэ гэж шийдсэнийг минь гэр бүлийнхэн аажимдаа ойлгож, хүүхдийг минь аав, ээж харж байна. Тамирчин хүнд ойр дотнынх нь хүмүүсийн дэм, тус маш чухал. Хэрвээ дэмждэггүй бол спортод үлдэх, эсвэл гэр бүлээ гэх сонголттой тулгардаг. Намайг амжилт гаргаж байгаа болохоор гэрийнхэн минь дэмжсэн. Тэднийхээ туслалцаагүйгээр ажил, бэлтгэлийн алийг нь ч хийж чадахгүй шүү дээ. Нөхрөө хааяа зэмлэхээр хийж байгаа ажлыг нь өөрийнхтэйгөө зүйрлэж бодохоор буруутгамааргүй санагддаг. Одоо бол “Чи зорьсон зүйлдээ анхаарал хандуул. Би ажлаа хийж, чамайг чадлынхаа хэрээр дэмжинэ” гэдэг. Би спортоо нэг жил орхиод хувийн бизнес хийж, мөнгө ахиу олж үзлээ. Гэхдээ өдөржин зах дээр зогсож, орой харьдаг амьдрал надад уйтгартай санагдсан. Тэр үед залуу насандаа амжилтаа зэврүүлж, цаг хугацааг дэмий өнгөрүүлж байгаа мэт бодогдож, спортын орчноо өөрийн эрхгүй үгүйлж байв. Спортоос холдож, мөнгөтэй болно гэдэг миний хувьд амьдралаас авах таашаал биш байлаа. Одоо өмнөхөөсөө илүү эрч хүчтэй ажиллаж, амьдардаг болсон. Өглөө тамирчин, өдөр худалдагч, орой ээж, эзэгтэй болох жишээтэй. Энэ мэтчилэн амжилтынхаа төлөө цаг хугацааг зөв төлөвлөөд урагшилж байна.
-“Алдар” спорт хорооны өндөр босгоор алхсан тухайгаа сонирхуулаач.
-Би багшийнхаа удирдлагад таван жил хичээллэхдээ чамгүй амжилт гаргасан. 2010 онд оюутан болж аав, ээжийнхээ оролцоогүйгээр өөрийн бүх зүйлийг бэлдэх гэж хичээдэг байлаа. Нэг өдөр багштайгаа ярилцаад “Би “Алдар” спорт хорооны тамирчин болмоор байна. Хойшдоо дугуйгаар замнах тул амьдралын баталгаатай байгууллагад ажиллаж, цалинтай болъё” гэхэд дэмжиж, зөвшөөрсөн. Тэр цагаас 2021 он хүртэл Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн харьяалалтай 10 жил уралдсан. Өнгөрсөн хугацаанд тус ангийн хамт олон намайг дэмжиж, олон ч уралдаанд оролцуулсанд баярладаг. Энэ жилээс “Алдар” спорт хорооны тамирчин боллоо. “Алдар”-т ирээд Н.Дорж багшийн удирдлагад нэг хэсэг хичээллэсэн. Түүнийг гавьяаныхаа амралтад гарсны дараа ОУХМ Т.Төгөлдөр багшийн удирдлагад шилжсэн юм. Тэрбээр 2018 оноос тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Багшийн хувьд өөрөө уралдахын хажуугаар тамирчид бэлтгэх амаргүй байсан тул ийм шийдвэр гаргасан болов уу. Тэрбээр залуу хүн болохоор судалж, харьцуулах зүйл ихтэй. Тиймдээ ч биднийг орчин үеийн арга барил, техникээр бэлтгэл хийлгэдэг.
-Эмэгтэй тамирчид амжилтынхаа оргил үеийг хэдэн насандаа гаргадаг бол?
-Эмэгтэйчүүд 18-25 нас хүртлээ сайн уралддаг. Энэ үедээ амжилтынхаа оргил үеийг харуулдаг юм билээ. Үүнээс хойш гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал хандуулдаг. Миний охин одоо дөрвөн настай. Дүүтэй болъё гэж надаас байнга нэхдэг. Дахиад хүүхэдтэй болбол тамирчны карьер өндөрлөх гээд байдаг. Тамирчид залуу насандаа л амжилт гаргахыг зорьдог шүү дээ. Охиндоо “Энэ жил Азийн аваргад амжилттай оролцчихоод дүүтэй болгоно” гэж амласан. Дугуй техникийн спорт. Олон жил уралдах тусам арга барил, техник нь гарт ордог. Миний хувьд амьдралын шаардлагаар зодог тайлахгүй бол 35 нас хүртлээ үргэлжлүүлнэ. Эмэгтэй дугуйчдаас одоогоор тунаж үлдсэн нь би. Анх хичээллэж байхдаа хамгийн залуу нь байсан бол одоо 32-той хэрнээ л 20, 21 настай охидтой эн тэнцүү уралдаж байна.
-Хэрвээ зодог тайлбал хувийн бизнестээ анхаарал хандуулах уу?
-Хүн дуртай зүйлээ хийж, амьдралаас таашаал авах сайхан. Би зодог тайлсан ч дугуйнаас салахгүй. Нөхөр минь автомашин барихаас илүү дугүй унах дуртай болсон. Зам дээр түгжрэхгүйн тулд дугуй унаж ажилдаа явдаг. Монголд дугуйн спортын мэргэжлийн эмэгтэй дасгалжуулагч байхгүй. Тиймээс тамирчны карьераа өндөрлүүлээд дасгалжуулагч болох бодол бий. Тамирчин хүн спортын талбарт амжилт гаргахын тулд зориг, зорилготой байх ёстой. 2017 онд Бахрейн улсад болсон Азийн АШТ-д медаль авна гэсэн зорилготой оролцсон ч чадаагүй. Тэр үед амьдралынхаа зарим чухал зүйлийг хойш тавиад бэлтгэл хийсэн юм. Тэмцээний товлосон хугацааг тулгаж явсан тул уралдах замаа судалж амжилгүй оролцсон. Уралдах өдрөө үүрээр онгоцноос бууж, бие халаалт хийлгүй оролцож, VII байр эзэлж байлаа. Бэлтгэл сайн хийж явсан ч бас бус зүйлээс болж санаанд хүрсэн амжилт гаргаагүйдээ их харамссан. Тэр тэмцээний дараа сэтгэл гонсойж, болих талаар бодож байсан удаа бий.
-Дугуйн улсын аваргын 11 удаа түрүүтэй. Аваргын цом, алтан медалиудаа харахаар хамгийн түрүүнд бодогддог зүйлээ хуваалцаач.
-Би тэмцээнээс хүртсэн медалиудаа тоолдоггүй. Туузан дахь медалиуд багтахаа больж шинийг зүүхээр зэхэж байгаа. Миний шагналын олонх нь алт, мөнгөн медаль байдаг юм. Тэр олон шагнал дунд нэг ч хүрэл медаль байхгүй. 2016 онд өмнөд хөршид болсон олон өдрийн уралдаанд түрүүлж, аваргын шар цамц өмссөн. Мөн ӨМӨЗО-д зохион байгуулдаг “Чингис хаан” уулын дугуйн тэмцээнд таван удаа хурд сорихдоо 2012, 2016, 2019 онд түрүүлж байлаа. Уралдаанаас гардсан цом, медаль, цамцнуудаа дурсгал болгож хадгалдаг. Дугуйнаас жаахан хөндийрвөл шагналуудаа харж урам авах дуртай. Монголд дугуйн спортын шигшээ баг байдаггүй. Энэ талаар олон удаа санал дэвшүүлж ярилцсан ч одоогоор шийдэгдээгүй л байна. Хэрвээ шигшээ баг бүрдвэл гадаадын тэмцээнд эмэгтэй тамирчид эрчүүдээс дутахгүй амжилт гаргах чадвартай. Гадаадад эмэгтэй дугуйчид мэргэжлийн багт уралддаг. Биднийг мэргэжлийн багийнхантай холбож, гадаадын уралдаануудад оролцуулж, ур чадварыг нь ахиулах хэрэгтэй санагддаг.