Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.
-Эдийн засгийн өсөлт саарсан, цар тахлын амаргүй нөхцөлд байгаа хэдий ч өнгөрсөн онд банкны салбар ашигтай ажиллаж, санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирчээ. Үүнд юу нөлөөлөв?
-Банкны салбарын үзүүлэлт 2021 онд харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Нийт актив нь жилийн эцэст 2.3 хувиар нэмэгдэн, ДНБ-ий хэмжээнд дөхсөн. IPO хийхээр төлөвлөж буй системийн таван том банкны хувьд 2021 оны байдлаар санхүүгийн үзүүлэлтүүд нь харьцангуй сайн, зээл нь өссөн, эх үүсвэр болон өөрийн хөрөнгө нь нэмэгдсэн дүнтэй байв.
Цар тахлын нөхцөл, төлөв байдлаас шалтгаалан 2020 онд дэлхий даяар банкны салбарынхан, банкирууд мөнгөний нийлүүлэлтээ багасгасан гэж болно. Харин өнгөрсөн жил коронавирусийн халдвар буурч, эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж эхэлсэн. Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г ч санаачлан хэрэгжүүлж, арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээл олгож буй. Ийнхүү зээлийн хэмжээг өсгөсөн нь эдийн засгийн сэргэлтийг идэвхжүүлсэн. Мөн төрөөс хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх шийдвэр гаргасан нь зээлийн хүү буурахад нөлөөлсөн. Цар тахлын үед иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөн тусламж үзүүлсэн нь хадгаламжийн хэмжээг ахиулахад дэмжлэг, улмаар банкуудын зардал буурч, актив нь нэмэгдэхэд түлхэц болжээ. Түүнчлэн зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд жилийн дундаж хүү түүхэн доод хэмжээ буюу 14.3 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, зээлийн сарын хүү 1.19 хувь болж, зорилтот түвшинд ойртсон гэсэн үг.
-Инфляц нэмэгдсээр байгаа нь хадгаламжийн өгөөжийг бууруулж, иргэдэд банкнаас бусад салбарт хөрөнгө оруулах сонирхлыг бий болгож байна. Банкнаас бусад санхүүгийн байгууллагаар дамжуулж мөнгөө өсгөхийг эрмэлзэх нь эрсдэлтэй юү. Энэ нь банкны салбарт сөрөг үр дагавар учруулах уу?
-Инфляц нэмэгдсээр улсын хэмжээнд 14.6 хувьд хүрсэн ийм үед иргэд банканд мөнгөө хадгалуулахаас илүүтэй өөр салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлсэн нь анзаарагдаж байна. Үр дүнд нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, виртуал хөрөнгийн наймаа идэвхжин, банк бус санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа сайжирч байгаа юм. Иргэдийн хувьд криптовалют зэрэг зохицуулалтгүй салбарт “тоглохдоо” эрсдэлээ тооцох нь чухал. Харин санхүүгийн салбарын хувьд төрөлжих нь өрсөлдөөн бий болгохоос гадна хөгжилд нь тустай.
-Инфляцын түвшнийг бууруулахын тулд юу хийвэл зохих вэ?
-Сүүлийн 2-3 жил инфляцын түвшин бага буюу нэг оронтой тоонд байлаа. Харин өнгөрсөн онд тээвэр ложистикийн хүндрэл үүсэн, бараа, бүтээгдэхүүний эргэлт удааширсны улмаас хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр улирал дуустал инфляц нэмэгдэх төлөвтэйг ч эдийн засагчид, шинжээчид хэлж буй. Инфляцын өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэй. Энэ тохиолдолд Төвбанк нөлөөлж чадахгүй гэж болно. Харин Засгийн газрын зүгээс экспорт, импортын дэд бүтцийг сайжруулж, ложистикийн тогтвортой нөхцөл үүсгэж байж инфляц буурах боломжтой.
-Инфляцаас гадна валютын ханш өсөж байна шүү дээ.
-Төгрөгийн бусад валюттай харьцах ханш байнга хэлбэлздэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Харин бодит ханш гэх үзүүлэлтийг
эдийн засагчид, бодлого боловсруулагчид харж, тооцоолдог. Тэгвэл монгол төгрөгийн бодит ханш 2020 онд 98 байснаа өнгөрсөн жил 108.5 болж “чангарсан”. Оюутолгойн гүний уурхай болон төмөр замуудыг ашиглалтад оруулах хугацаа ойртсон, Украин, Оросын сөргөлдөөний улмаас түүхий эдийн үнэ нэмэгдэж эхэлсэн зэргийг харгалзвал энэ жил төгрөгийн ханш чангарах хүлээлт байна.
-Зээлийн хүү түүхэн доод хэмжээнд хүрсэн гэж та хэллээ. Гэсэн ч хүртээмж муу, хүү өндөр байгаа талаар олон нийт гомдоллох нь цөөнгүй. Зээлийн хүүг үргэлжлүүлэн бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд юу хийвэл зохих бол?
-Зээлийн хүү эх үүсвэрийнхээ зардлаар тодорхойлогддог. Мөн банкны үйл ажиллагааны зардлыг нэмж тооцдог. Манай улсын хувьд банкны зардлыг ихэсгэдэг гол хүчин зүйл нь чанаргүй зээл болсон. Чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо ямар байдалд хүрснийг ганцхан жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, Дэлхийн банкны “Doing business 2020” тайланд Монгол Улс зээл авах боломж, нөхцөлөөрөө 190 орноос 25 дугаарт багтан, Азид тэргүүлсэн. Уг үзүүлэлтээр Япон гэхэд 94 дүгээрт жагссан байсан. Харин зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр манайх 150-д, Япон гуравдугаарт эрэмбэлэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай бизнес эрхлэгчдэд зээл авах боломж их, бэрхшээл бага гэсэн үг. Түүнчлэн зээл, авлага барагдуулахад дөрвөн жилийн хугацаа зарцуулж, 18.3 хувийг нь л буцаан авдаг аж. Энэ хугацаандаа авлагынхаа 15 хувийг маргаанаа шийдвэрлүүлэх зардалд өгдөг байна. Их хэмжээний зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд банк хоорондын маргаан таслахад 1504 хоног зарцуулдаг гэнэ. Энэ бол зээлийн эргэн төлөлт, өр барагдуулах тогтолцоо бүрэн ялзарсныг харуулж буй хэрэг. Ер нь хэн нэг нь зээлээ төлөхгүй бол бусад иргэн, аж ахуйн нэгж зээл авахад хүндрэл үүсгэн, хүү нь ч нэмэгдэх нөхцөл болдог.
-Зээлийн чанарыг сайжруулах, өр төл99031231 бөрийг нь богино хугацаанд барагдуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай. Мөн активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ёстой юм. Шүүхийн бус журмаар өр, төлбөрийг нь барагдуулах боломж бас байдаг.
-Шүүхийн бус аргаар өр, төлбөрийг хэрхэн барагдуулдаг юм бол. Олон улсад ямар жишиг байна?
-Активын удирлагын компанийг олон хэлбэрээр байгуулж болдог. Ийм компани байгуулан сайн жишиг үзүүлж буй орнууд бий. Тухайлбал, БНСУ-д эдийн засгийн циклтэй уялдуулж активын удирлагыг хийдэг. Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө 4-5 жил болоод өөрчлөгддөг. Хүмүүс ажилгүй болж, бизнесүүд дампуурч, үл хөдлөх хөрөнгийн ханш буурч, эсвэл эдийн засаг сэргэн, ажилгүйдлийн түвшин багасаж, бизнесийн орчин сайжрах гэх мэтээр ээлжилдэг. Активын удирдлагын компани нь ийм өөрчлөлт, мөчлөгийг урьдчилан тооцоолж, барьцаа хөрөнгийг үнэлж, худалдан авч, борлуулах буюу хамгийн бага алдагдал хүлээх зарчим баримтлан ажилладаг. Манайд активын удирдлагын компани байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийг батлахдаа зөвхөн Хөгжлийн банкны авлагыг барагдуулах зорилго агуулалгүй, төрийн бусад авлагыг авах (жижиг, дунд үйлд вэрийн газар, төрийн өмчийн компани болон банк) зохицуулалтыг тусгах шаардлагатай.
-Арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ буурч, харин төрийн сангууд, зээллэгүүдэд нэмэгдсээр байгаагийн шалтгаан юу бол? -Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкууд дахь чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 8.5 хувьд хүрч, багассан дүн гарсан. Гэтэл төрийн оролцоотой байгууллагууд дахь чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна. Мөн зээлийн маргаан үүсэн, шүүхэд шилжүүлсэн үеэс хүүг нь тооцохоо больдог журамтай. Их хэмжээний зээл аваад төлөхгүй, шүүхэд шилжмэгц хүү нь “царцдаг” нь найдваргүй зээлдэгчдэд давуу тал үүсгэж байгаа хэрэг. Зарим тохиолдолд маргаан үүссэн үеийнх нь валютын ханшаар тооцон авлага барагдуулах нь бий. Энэ мэт журам нь их хэмжээний зээл аваад зориуд чанаргүй болгох, зээлээ төлөхөөс зайлсхийх, зориулалтын бусаар ашиглах завшаан болж байна.
-Хөгжлийн банкнаас валютын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүнээс их алдагдал хүлээж буйгаа дурдсан. Төвбанк төгрөгийн ханшийг “барихад” анхаарсангүй, улмаар ханшийн зөрүүнээс үүссэн алдагдлыг Монголбанк хариуцах учиртай ч гэж байна. Энэ талаар юу хэлэх бол?
-Тухайн компани, зээлдэгч валютын орлоготой байж валют зээлэхгүй бол ханшийн эрсдэлд өртөхөө мэдэж байсан. Ам.доллар зээлсэн бол түүгээр нь л эргүүлж төлөх учиртай. Төвбанк хариуцлага хүлээх, эсэх тухай яриа гарах ёсгүй гэж хэлнэ.
-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монголын банкны холбоо оролцох буюу хяналт тавих эрх бий юү?
-Хөгжлийн банкны хараат бус гишүүдэд өмнө нь Монголын банкны холбооны төлөөлөл багтаж байсан. Харин үүнийг 2017 онд шинэчилсэн хуулиар болиулсан.
-Системийн нөлөө бүхий таван банк энэ онд IPO гаргах ёстой. Эл ажлын бэлтгэл хэр байгаа бол?
-Банкны тухай хуулийн дагуу арилжааны банкууд хувьцаат компани хэлбэрт шилжих үүрэг хүлээсэн. Системийн нөлөө бүхий таван банк нээлттэй, бусад нь хаалттай, эсвэл нээлттэй хэлбэрт шилжих ёстой. Банкууд бэлтгэл ажлаа ханган, шаргуу ажиллаж байна. Олон улсын туршлагад IPO гаргахад багадаа таван жил зарцуулдаг. Манайх богино хугацаанд үүнийг хийхээр ажиллаж буй нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг аудитын компаниар аудит хийлгэж ирсэнтэй холбоотой. Бэлтгэл сайтай байсан гэсэн үг. Бэлтгэл ажлын хажуугаар активын чанарын үнэлгээ хийлгэж, зээлийн чанараа шалгуулбал цаг хугацааны хувьд өөрчлөлт орох магадлалтай. Гэхдээ банкууд ирэх зургаадугаар сардаа багтан IPO хийх болов уу.
-Банкууд IPO гаргаснаар банк санхүү, эдийн засгийн орчинд ямар өөрчлөлт гарах бол?
-Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, засаглал нь сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна. Ялангуяа хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо харилцан хяналт тогтоох нь хэн нэгний эрх ашиг давамгайлах байдлыг халж, банкны эздийн хамаарал бүхий этгээдүүд зээл авах боломж хязгаарлагдана. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх эрсдэл ч багасан, улмаар зээлийн хүү буурах нөхцөл болж өгнө.
-Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувьд хүргэх талаар яригдаж буй. Ийм боломж манайд бий юү?
-Ипотекийн зээл бол онцлогтой бүтээгдэхүүн. Урт хугацаатай, 20-30 жилийн турш төлдөг учраас санхүүжүүлэгчид нь алдагдал хүлээх эрсдэлтэй. Ийм урт хугацаанд зээл төлөх учраас тогтвортой байдлыг чухалчилдаг. Тиймээс төрөөс эх үүсвэрийг шийдэж өгдөг. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулж 20 болгохын тулд Зээлийн батлан даалтын санг оролцуулах юм билээ. Байж болох л хувилбар. Гэхдээ иргэд 20 хувийн урьчилгаа өгч, үлдсэнийг нь урт хугацаанд төлж явна гэсэн үг. Энэ нь нэг сард төлөх зээлийн дүнг нэмэгдүүлэхийг анхаарах хэрэгтэй.