Манай сонины энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, зөвлөх, хуульч, жендер ба хөгжил судлаач Б.Золзаяа ажиллалаа. Тэрбээр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийн активист, ЛГБТ төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Г.Доржжанцантай ярилцсан юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр яагаад чухал вэ, хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ зэрэг асуудлыг хөндсөн энэхүү ярилцлага уншигчдад олон шинэлэг санаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна
-Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүсийн хувьд гуравдугаар сар хамгийн завгүй үе байдаг. Тиймээс юуны өмнө урилгыг минь хүлээн авч, цаг гаргасанд талархсанаа илэрхийлье. Сурвалжлагчаар ажиллах санал анх аваад, хэнтэй ярилцах вэ гэж нэлээд бодсон л доо. Улс төрийн, эсвэл нийгмийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн дуу хоолойг бид олон удаа сонссон учраас арай шинэлэг, өөр өнцгөөс ярья гэж бодлоо. Бид хүний эрхийн чиглэлээр Австралид Мельбурний их сургуулийг хамт төгссөн, бас өдгөө энэ салбарт хамт ажиллаж байна. Нэг нэгнээ сайн таньдаг. Гэсэн ч “Өнөөдөр” сонины уншигчдад өөрийгөө товч танилцуулах уу?
-Дуу хоолой, үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд баярлалаа. Намайг Доржжанцан гэдэг. Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Өдгөө ЛГБТ төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежерээр ажиллаж байна. Хүний эрхийн салбартай холбогдоод долоон жил болчихлоо. Би эмч мэргэжилтэй, тэр утгаараа хүний эрхийг эрүүл мэндийн талаас нь харж ажилладаг.
-Гуравдугаар сарын 8-ны өдрийг Монголд эмэгтэйчүүдийн баяр гэж нэрлээд байдаг. Олон улсад бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг. Тэгэхээр энэ өдрийн утга, агуулгыг хэрхэн ойлгодог вэ?
-Манайд энэ өдрийг ихэвчлэн баяр гэж хардаг. Эмэгтэйчүүдээ баярлуулъя гэдэг сэтгэл хөдлөл, тэмүүллээр ханддаг. Гэтэл агуулга талаас нь харвал Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Ийм өдөртэй болохын тулд амар замыг туулаагүй. Үүний цаана олон эмэгтэйчүүдийн хэдэн зууны турш хийсэн тэмцэл бий. Тэгэхээр энэ өдөр бүсгүйчүүддээ чихэр, шоколад өгөөд, баярлуулж болно. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ тэдний эрх яаж зөрчигдөж байгааг ярих нь илүү чухал гэж боддог. Үүнд зөвхөн эмэгтэйчүүд биш, эрэгтэй хүмүүсийн дуу хоолой ч хэрэгтэй.
-Эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярихаар “Тэгвэл яагаад эрэгтэйчүүдийн эрхийн өдөр гэж байхгүй юм” гэх хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр гэж бий. Яагаад эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт бүлгийг онцолж, эрхийн өдөр бий болгосон юм бэ. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Үүнийг тайлбарлахын тулд эрх нь зөрчигдөж байгаа болон зөрчигдөөгүй хүмүүсийн ялгааг харж сурах хэрэгтэй. Эрх нь яагаад зөрчигдөөд байгааг л тайлбарлаад сурчихвал ойлгоход амархан. Жишээ нь, эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэгш эрхийг аваад үзье. Эмэгтэй хүмүүс үр хөндүүлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах, ажил хөдөлмөр эрхлэх, сонгуульд оролцох гэх мэт эрхээ бүгдийг нь тэмцэж байж олж авдаг. Үүнийг ойлгуулахын тулд заавал онцолж, тайлбарлаж, эрхээ хамгаалах сар, өдрийг гаргахаас өөр аргагүй. Эсрэгээрээ, эрэгтэйчүүдийн хувьд хүйсээс шалтгаалаад энэ олон эрхийн төлөө тэмцэх шаардлага байдаггүй. Жишээлбэл, эрчүүдийн улс төр дэх манлайллыг онцлон ярих шаардлага байна уу. Яагаад гэвэл улс төрд тэртэй, тэргүй эрэгтэй хүмүүсийн оролцоо 80, бүр 100 хувь байж ирсэн. Энэ давуу байдлыг л ойлгочихсон тохиолдолд бид цөөнх, эсвэл эрх нь зөрчигдөж байгаа бүлэг хүнийг ойлгоход амархан болно.
-Хүний эрхийн наад захын стандарт гэж бий. Хүн байхын хувьд бусдад зодуулахгүй, дуу хоолойгоо илэрхийлэх, өөрт хамаатай шийдвэрт оролцох гэх мэт эрхтэй байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зарим бүлэгт тэр боломж нь хязгаарлагдмал, наад захын стандартад хүрч чадахгүй байна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт бүлэгт харьяалагдсаныхаа төлөө шүү дээ. Тэдний эрх нь бусадтай адил тэгш бус байгаа учраас л тэнцүүлж, ижил түвшинд аваачих шаардлагатай. Жишээ нь, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан эрхийг нь эдлүүлье гэдэг нь маш энгийн, ойлгомжтой зүйл. Уг нь Ховдын алслагдмал сумын болон Улаанбаатарын хамгийн үнэтэй хувийн сургуульд сурч байгаа хүүхдийн үнэ цэн, эрхэм чанар нь хүн байхын хувьд адилхан. Гэтэл өдгөө хаана төрсөн гэдгээсээ хамаараад ялгаварлалд өртөж байна. Тухайн бүлгийн онцлогоос шалтгаалаад ялгаварлаж байгааг л хөндөх ёстой. Хамгийн ноцтой нь, нэг бүлэгт олгогдсон давуу талыг бид олж харахгүй болтлоо энгийншүүлсэн. Нэг хэсэг хүн, тодорхой бүлэг угаасаа л давуу эрх эдэлж байх ёстой юм шиг. Нөгөө бүлэгт нь тэр эрх угаасаа байх ёсгүй юм шиг. Гэтэл эмэгтэй юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсвэл алслагдсан газрын хүн эрхээ шаардахаар илүү давуу тал үүсчих юм шиг ойлгодог.
-Үүнд нийгмийн хэвшмэл ойлголт нөлөөлөөд байгаа шүү дээ. Жишээ нь, үс нь урт бол ухаан нь богино гэдэг үгийг бид дандаа ярьдаг. Үүнийг буруу гэж олон жил ярьсны эцэст хэрэглэхээ больсон байх. Гэхдээ энд тэнд, гэр бүл дотроо үүнийг ашиглаж л байдаг. Нөгөөх л хуучны үзлээрээ “Эмэгтэй хүн төрд орох тийм ч сайн биш л дээ” гэх мэтээр ярьдаг. Иймэрхүү зүйлсийг уламжлал гэдэг гоё үгээр халхлаад, өдөр тутмын амьдрал, гэр бүл, нийгмийн харилцаанд байлгасаар л байна.
-Хүний эрхийн ойлголт, тухайлбал, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эсвэл бэлгийн, үндэстний, угсаатны цөөнхийн асуудал яриад эхлэхээр “Монгол уламжлал, соёл өөр шүү дээ” гэдэг. Бид барууны юм яриад байгаа юм шиг. Гэтэл соёл гэдэг зүйл нийгмээ даган хөгжиж байх үедээ л амьд байдаг. Соёл гэдэг нь бурхнаас нэг өдөр өгчихсөн зүйл биш. Харин олон зуун жилийн өмнө хүмүүс амьдралынхаа хэв маягт тохируулан бий болгосон зан үйлийн цуглуулгууд. Бид 300, 500, 800 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн зан үйлийг тэр чигээр нь аваад явна, дагана гэвэл хөгжиж буй дэлхийгээс хоцрогдоно. Эсвэл бид хөгжлөө дагавал соёл гээгдэнэ. Тиймээс соёл хөгжиж, уян хатан байх шаардлагатай. Монгол уламжлалаар бол авах, гээхийн ухаанаар хандах ёстой. Бид аль соёлоо тээх, эсвэл ямар нь бурангуй байгааг хэлэлцэх шаардлагатай. Тэгэхгүй бол хүний эрх ярингуут “Үгүй ээ, монгол эмэгтэйчүүд ингэж ирсэн, эрэгтэйчүүд нь тэгж ирсэн. Соёлын хувьд ийм байсан” гэдэг. Тэгэхээр соёлоо амьд байлгах, эргэлтэд оруулах нь чухал гэж боддог юм. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Санал нэг байна. Ялангуяа соёлтой холбоотойгоор манайд жендерийн тэгш бус байдлыг нэлээд ярьдаг. Жендерийн тэгш бус байдлыг уламжлал, соёл гэдэг үгээр халхлаад, энгийн юм шиг болгочихсон. Хамгийн энгийн жишээ нь, зарим төрлийн спортын тэмцээнд эмэгтэй хүн оролцож болохгүй гэж байна.
-Жишээ нь, эмэгтэй хүн шагай харвадаггүй гэх яриа гарсан.
-Тийм. “Яагаад зарим спортын тэмцээнд эмэгтэй хүн оролцож болохгүй вэ” гэж асуухаар “Энэ бол соёл, уламжлал. Олон зуун жилээр бид ингэж ирсэн” гэж хариулдаг. Тэгвэл яагаад олон зуун жилийн өмнө ийм соёл, уламжлал үүссэн бэ гэхээр “Манай өв уламжлалд эхнэрүүд нь эрчүүдээ хүндэлж, нөхөртөө тоглох боломж олгодог байсан” гэх зэрэг хариулт хэлдэг. Ингээд судлаад үзтэл надад хамгийн ойр туссан нь “Эмэгтэйчүүд удаан хугацаагаар суух нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь муу” гэсэн хариулт. Гэвч энэ дүгнэлтийг яг хэдэн жилийн өмнө гаргасан, үүнийг нотлох баримт одоо байгаа юу, хэн судалсан бэ гэдэг асуулт зайлшгүй тулгарна. ХХI зуунд ямар ч зүйлд “Бид 800 жилийн өмнө ингэдэг байсан” гэдэг хариулт хангалтгүй. Заавал баталгаа, нотолгоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 100 эмэгтэйг шагай харвуулаад, нэг цаг суулгатал нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь ингэж нөлөөллөө гэж баталсан судалгааны баримтад тулгуурлах ёстой. Мөн чиний хэлсэнчлэн, соёл хөгжиж шинэчлэгдэх хэрэгтэй. Хэрэв соёл нь орчин үед тохирохгүй бол өөрчлөх ёстой. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аймшигтай соёл бол бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэх ёс. Бид уг зан үйлийг хөндлөнгөөс хараад айж байхад хийж буй улс орны хүмүүс нь энгийн мэт хүлээн авдаг. Бас уг үйлдлээ уламжлал гэж бидэнтэй адилхан үг хэлж, хамгаалдаг. “Яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ, бид 800-900 жил ингэж байна шүү дээ” гэдэгтэй адил. Тэгэхээр бидний хувьд энгийн гэж боддог зүйлийг өөр нийгмээс харахад энгийн бус гэдгийг л ойлгуулах нь чухал. Улс орнуудын иргэдийн үзэл бодол нь тэнгэр, газар, өдөр, шөнө шиг ялгаатай. Тэр болгоныг ойртуулах нь даяарчлалын нэг гавьяа гэж би ойлгодог юм.
-Эрэгтэйчүүдэд хандаж хэлэхэд, өнөөдөр та давуу эрхтэй байж магадгүй. Гэхдээ бид энэ нийгмийг өөрчлөхгүй бол 30 жилийн дараа охид маань яг л энэ сэдвээр яриад сууж мэднэ. Тэгэхээр жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал эрэгтэйчүүдэд яагаад чухал вэ?
-Дэлхийн хүн амын тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлж байна. Эрх тэгш байх нь хүний эрхийн хамгийн чухал зарчмуудын нэг. Гэтэл соёл, уламжлалаас шалтгаалсан хэвшмэл ойлголтууд бат бөх оршсоор байгаа талаар сая бид ярилаа. Нөхцөл байдлыг өөрчлөх тухай эмэгтэйчүүд ярихаар эрэгтэй хүмүүст төдийлөн нөлөөлдөггүй. Харин эрэгтэйчүүд үүнийг ойлгоод, бусдадаа тайлбарлах нь илүү үр дүнтэй. Нөгөө талаас эмэгтэй хүмүүс жишээ нь, “Уламжлал хамаагүй. Эрх тэгш байх ёстой” гэж тайлбарлахаар олон жил соёл, уламжлалдаа баригдчихсан эмэгтэйчүүд нь өөрсдөө хүлээж авахад хэцүү байх нь бий. Өөрөөр хэлбэл, хүйсийн тэгш эрх гэдгийг бүх эмэгтэй хүн ойлгочихсон хэрэг биш ээ. Эрэгтэй нь эрх мэдэлтэй байж шийдвэр гаргана, эмэгтэй нь дагагч шиг байх ёстой гэсэн соёл, уламжлал явсаар байгаад олонх эмэгтэй өөрийн мэдэлгүй кодлогдчихоод буй хэрэг. Энгийн жишээ хэлэхэд, болзооны үеэр эр хүн эдийн засгийн чадамжаа харуулах ёстой, эмэгтэй нь ямар ч мөнгө төлөх ёсгүй гэж ойлгодог. Энэ мэт хэвшмэл ойлголт нь бидний дунд аль хэдийн тогтчихсон. Үүнийг буруутгахад хэцүү. Угтаа бид бүгдийн мэдлэг сайжирч, хэвшмэл ойлголтуудыг эвдэж, хүйсийн тэгш эрх хангагдахын хэрээр эрэгтэйчүүдэд ирдэг дарамт ч багасна.
Нөгөөтээгүүр, жендерийн эрх тэгш байдал нь харьцангуй сүүлийн үед бий болсон ойлголт. Саяхныг хүртэл эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх, сургуульд сурах эрхгүй байлаа шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ, өв уламжлалаараа энгийншүүлчихсэн соёл амархан устахгүй. Бас эрэгтэйчүүд гүндүүгүй, эршүүд, хээгүй байх ёстой гэдэг нийгмийн тулган шаардалт ч арилна. Энэ нь эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндээс авхуулаад олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Харин жендерийн тэгш эрх хангагдах нь олон зүйлд эергээр нөлөөлнө гэсэн үг.
-Ерөнхийдөө эмэгтэй, эрэгтэй хүн ийм байх ёстой гэдэг хэвшмэл ойлголт байдаг. Ялангуяа эмэгтэй хүн нийгмийнхээ дүрэмд сайн захирагдах ёстой гэсэн хэвшмэл хандлага бий. Эрэгтэйчүүдийн хувьд хэвшмэл хандлагын тухай ярьсан ч түүнийгээ зөрчиж чаддаг. Жишээ нь, хэвшмэл хандлагаар бол Монголд эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ үнэнч байх ёстой гэдэг. Гэтэл эрэгтэй хүн тэ рийг мэдэж байгаа хэрнээ зөрчдөг. Харин эмэгтэй нь зөрчих эрхгүй. Зөрчвөл шүүгдэнэ, доромжлогдоно, ялгаварлагдана. Энэ нийгэм тийм байхыг шаардаж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд дуулгавартай байх нь аргагүй.
-Хохирогчийг буруутгах гэсэн ойлголт байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө халамжид дуртай, бэлгийн цөөнх хүмүүс нь өөрсдөө ялгаатай байх сонирхолтой гэх мэт. Бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүнийг “Өөрөө яах гэж оройн цагаар тийм газар явсан юм. Эцэг, эх нь хаана байсан юм” гээд өөрийг нь төдийгүй хамаарал бүхий хүмүүсийг нь ч буруутгаад эхэлдэг. Уучлаарай, үүнийгээ түр орхиод, яг хэн буруутан бэ гэдгийг уг нь ярих ёстой шүү дээ. Засаж залруулж, өөрчлөхөд төвөгтэй энэ мэт асуудал бий. Гэхдээ өөрчлөхөд хэцүү байсан ч ярьж, дуу хоолойгоо илэрхийлж байх нь чухал.
-Дэлхий дахинд бол байгууллага, ямар нэгэн орчинд олон янзын буюу арьс өнгө, хүйс, бэлгийн чиг баримжаа, угсаатны хувьд өөр өөр хүн шийдвэр гаргахад оролцох нь чухал гэж үздэг болсон. Ингэснээр илүү бүтээлч, үр ашигтай, бас хүртээмжтэй шийдвэр гардгийг судалгаагаар нотолсон. Хэрэв бид бизнесээ хөгжүүлье гэвэл илүү олон янзын хүн оролцуулах ёстой, тэгэх тусам ашигтай болно. Урьд нь хөгжил гэдгийг эдийн засгийн өсөлтөөр хэмжиж, хүний эрхийг хойно тавьж ирсэн. Харин одоо бол хүний эрхийг өмнө нь тавих болсон.
-Хүний эрхийг эдийн засгаас өмнө тавьдаг болчихсон. Үүний том жишээ нь тогтвортой хөгжлийн зорилтууд. Бас хүн гэдэг чинь зөвхөн нэг төрлийн шинж чанартай бодгаль биш ээ. Харин олон янз байдлын огтлолцол, давхцал гэж дэлхий нийтэд тайлбарлаж байгаа. Зүгээр нэг эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн гэдэг цаг ард хоцорсон. Дотор нь нийгэм, эдийн засаг, соёлын хувьд өөр өөр хүмүүс бий. Тийм учраас олон талт ялгаатай байдлыг хамруулахыг төрийн болон төрийн бус байгууллагуудын ёс зүйн, үйл ажиллагааны бодлогод тусгах хандлага эрчимжиж байна шүү дээ. Жишээ нь, олон улсын хурал, хөгжлийн хэлэлцүүлгүүдэд олон талт оролцоог заавал хангадаг болсон. Энэ нь хэнийг ч ардаа орхихгүй гэдэг ардчиллын хамгийн том зарчим.
-Эмэгтэйчүүдийг нийтээр нь ягаан өнгөнд дуртай, хүүхэд төрүүлэх сонирхолтой, нөхрөөрөө юм авхуулах ёстой гэдэг уламжлалт ойлголт байсаар байна. Гэтэл эмэгтэйчүүд дотор хөдөөгийн, хотын, ажил эрхэлдэг, гэртээ байдаг, лесбиян, бисексуал, хөгжлийн бэрхшээлтэй гээд олон янзын хүмүүс бий. Бас нийгэм, соёл, үзэл бодлын хувьд ч өөр өөр. Энэ олон төрлийн хүн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй амьдрах нь л бидний хүсэж буй нийгэм шүү дээ. Гэтэл хүмүүс жендерийн тэгш эрх, хүний эрх хангагдчихвал нийгэм орвонгоороо эргээд, эр, эм нь солигдоод, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээ болиод, бэлгийн цөөнх нь олонх болчих юм шиг ойлгодог. Ийм айдас нийгэмд байдаг. Гэтэл энэ нь хүний мөн чанар, хамгийн гол нь өөрийнхөөрөө байхыг нь л хүлээн зөвшөөрөх энгийн ойлголт шүү дээ.
-Хүмүүс өөрчлөлтөөс маш их айдаг. Сурчихсан зүйлээ үүрд үргэлжлүүлэхийг хүсдэг. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө бид кондуктортой автобусаар зорчдог байсан. Гэтэл картаар зорчдог болно гэхэд хүмүүс яаж хүлээж авч байлаа. “Монголчууд мөнгөө төлөх үү” гэж хэлж байсан. Гэтэл бид үүнд маш зөөлнөөр шилжсэн шүү дээ. Кондуктор орилоод явдаг байсан үеийг одоо бодоход хэцүү санагддаг. Өөрчлөлтийг хүмүүс айдастай хүлээж авдаг. Харин өөрчлөлт ямар гоё болохыг түүнд хүрснийхээ дараа л мэддэг, өмнөхтэйгөө харьцуулдаг. Жендерийн тэгш байдал үүнтэй л адил. Бас жендерийн тэгш байдал эрэгтэй хүмүүст ямар ашигтай вэ гэдэг нь маш чухал асуулт. Тэгш байдал бий болсноор эрэгтэй хүмүүсийн эрх мэдлээс булааж, эмэгтэйчүүдийнх дээр нэмэх гээд байгаа хэрэг биш. Харин адил, тэнцүү хэмжээнд л аваачих гээд байгаа юм. Тэгээд ч жендерийн тэгш бус байдал нь цөөн тооны эрэгтэйчүүдэд л ашигтай. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, хуучин колончлогч орны цагаан арьстай, дундаж насны эрэгтэйчүүдэд. Эсрэгээрээ, эдийн засгийн хувьд чадалтай биш, бэлгийн, үндэстний цөөнх болсон залуу эрчүүдэд ашиггүй. Харин ч тэр хүмүүсийг илүү эрсдэл рүү түлхдэг бурангуй систем.
-Олон улсад жендерийн тэгш эрхтэй холбоотой индексүүд байдаг. Хамгийн томоохон нь болох Дэлхийн эдийн засгийн форумын индексээр Монгол 152 орноос 76-д жагсаж байна. Эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт, улс төрийн шийдвэр гаргах түвшин гээд дөрвөн том үзүүлэлтийг үндэслэл болгож уг индексийг тооцдог. Манайх социалист орон байсны хувьд эмнэлгийн хүртээмж боломжийн. Түүгээрээ нэлээд оноо авдаг. Бас боловсролын оролцоо, хүртээмжээр гайгүй оноо авдаг. Шийдвэр гаргах түвшнээрээ нэлээд хойно буюу 152 орноос 112-т жагсаж байна. Харин нийгэмд монгол эмэгтэйчүүдийн эрх хангагдсан, бараг даварчихсан шүү дээ гэх хандлага бий. Зарим улсад эмэгтэйчүүд чулуугаар нүдүүлж, алуулж байна гэдэг. Гэтэл чулуугаар нүдүүлдэг жишээтэй биднийг харьцуулах нь зөв үү. Хөгжлийн бодлого, бизнес, улс төр ярихаараа барууны орнуудтай харьцуулдаг. Харин жендер ярихаараа хамгийн муутай нь харьцуулаад байгаа юм. Хүн хоол идэх гэж байхад “Африкт хүүхдүүд өлсгөлөн байна. Чи идэж болохгүй” гэвэл шударга бус санагдана шүү дээ. Яг үүнтэй адил жендерийн тэгш эрхийн тухайд хамгийн муу муухай жишээ, харгис хатуу зан заншлыг монгол эмэгтэйчүүдтэй харьцуулдаг. Яагаад Скандинавын орнуудтай харьцуулж болохгүй гэж. Ер нь хүний эрх бол харьцуулшгүй зүйл шүү дээ. Би Монголд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө Араб, Африкт байгаа хүнтэй харьцуулагдах ёсгүй. Би өөрийн эрхэм чанартай, аюулгүй, эрсдэлгүй, халдашгүй л амьдрах ёстой.
-Харьцуулалтын талаар маш сайн жишээ хэллээ. Хүний эрх хамгаалах чиглэлээр ажилладгийн хувьд би энэ харьцуулалтыг үнэхээр аймшигтай зүйл гэж боддог. Хүний эрхийн хамгийн чухал зарчим бол эрх тэгш, эрэмбэ дараагүй байх. Бид Африк, Ойрхи Дорнодын орнуудтай харьцуулагдаж, тэд нартай адил байх албагүй. “Африкт эмэгтэйчүүдийг чулуугаар цохиж алж байхад та нар эрх яриад жагсаад байна, давраад байгаарай” гэж хэлдэг хүмүүс бий. Эмэгтэйчүүдийн эрх ямар түвшинд байгааг ойлгохын тулд жишээ нь, гэр бүлийн хүчирхийллийн үзүүлэлтийг хар. Хохирогчдын хэдэн хувь нь эмэгтэйчүүд байна вэ. Бас Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулиа унш гэж хэлмээр байна.
-Цөөнхийн бүлэг доторх цөөнхийн асуудлыг эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хөндөх нь зүйтэй. Жишээ нь, эмэгтэйчүүдийн доторх лесбиян, бисексуал, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөгийн бүсгүйчүүдийн асуудал байна. Тэгэхээр цөөнхийн доторх цөөнхийн эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Би цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Жишээлбэл, манайд бэлгийн цөөнхийн асуудлыг аваад үзэхэд лесбиян, бисексуал, трансжендер эмэгтэйчүүд нь цөөнхийн цөөнх болж байна. Бүр нарийвчлаад үзвэл хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх эмэгтэйчүүдийн асуудал бий. Энэ мэтээр олон шинж чанар давхцах тусам тэр хүний эрх давхар зөрчигддөг. Тэгэхээр бидний цаашид чухалчлах ёстой асуудал бол цөөнхийн цөөнх болсон, олон давхар ялгаварлалд өртөж буй бүсгүйчүүдийн эрхийн төлөө дуугарах юм. Дэлхий даяараа үүнд анхаарч байна. Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнүүд ч энэ чиглэлээр ажиллаад эхэлсэн. Ерөөсөө бүх эмэгтэй хүний эрх зөрчигдөж байгаа гэсэн үг биш. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь хангагдчихсан, өөрөө өөрийнхөө эрхийн төлөө дуугарах чадалтай олон эмэгтэй бий. Тэд дуу хоолойгоо цөөнхийн цөөнхийн эрх рүү чиглүүлэх нь чухал гэж би хараад байгаа юм.
-“Google”, “Twitter”-ийн оффист эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл тавьчихсан байдаг юм билээ. Ер нь Сингапурт оффисын бие засах газруудад нь ариун цэврийн хэрэглэл байдаг. Яалт ч үгүй хүний үндсэн хэрэгцээ шүү дээ. Харин манайд энэ сэдвийг хөндөхөөр “Муухай юм ярилаа” гэдэг. Эрэгтэй хүнд сарын тэмдэг ирдэг байлаа гэж төсөөлье. Тэгвэл энэ нийгэмд сарын тэмдгийн талаарх ойлголт ямар байх байсан бол?
-Эрэгтэй хүмүүс олон жил шийдвэр гаргаж байна. Миний бодлоор эрэгтэй хүмүүст сарын тэмдэг ирдэг байсан бол одоо зардаг ариун цэврийн хэрэглэл бүгд үнэгүй байна. Үүнээс гадна сарын тэмдгийн аяганаас илүү гоё төхөөрөмж зохиочихсон л байгаа. Сарын тэмдэг ирэхэд ямар байдгийг эрэгтэй хүмүүс хэзээ ч мэдэхгүй. Энэ нь бидний давуу тал байхгүй юу. Тийм учраас энэ тал дээр санал, зөвлөмж гаргахдаа бодолтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл сарын тэмдэг ирэхэд ямар байдгийг эрэгтэйчүүд мэдэхгүй учраас эхлээд эмэгтэйчүүдийн саналыг сонсож, хамтран шийдэх ёстой. Тэртэй, тэргүй шийдвэр гаргах эрх нь эрэгтэйчүүдэд байна. Энэ нь эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг ч үүсгэдэг. Тухайлбал, эрэгтэй хүмүүс хэзээ ч олсон мөнгөнөөсөө сарын тэмдэгт зориулж юм худалдаж авдаггүй. Харин эмэгтэйчүүд орлогоосоо сар тутам мөнгө гаргаж байгаа нь эдийн засгийн тэгш бус байдал үүсгэж буй юм. Тэгэхээр эрх тэгш байлгая гэвэл ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгох ёстой. Бас хаанаас ч авах боломж бүрдүүлэх хэрэгтэй.
-Хэрэв эрэгтэй хүнд сарын тэмдэг ирдэг байсан бол энэ үйл явдал нь магадгүй бахархал болох байсан. Сарын тэмдэг анх ирсний баяр ч юм уу. Харин охид ичээд, айгаад өнгөрдөг. Яагаад гэвэл үүнийг манайд муухай сэдэв гэж хараад байна. Энэ нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн байдлыг бузар, дорд гэж үзэж буй хандлага. Гэтэл бүгд л эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл явцын үр дүнд үүсчихээд өнөөдөр тэрийгээ муухай, бузар гэж буй нь том асуудал болж байна.
-Энэ сэдэвтэй холбоотойгоор “Тэгвэл эрэгтэйчүүдийн бэлгэвчний хэрэглээг үнэгүй болго” гэж байгаа. Тэр бол бэлгийн эрх. Хоёр хүн харилцан тохиролцоод, дур таашаал авч байгаа нэг хэлбэр. Чи бэлгийн харьцаанд орж болно, орохгүй ч байж болно гэсэн сонголт бий. Харин эмэгтэй хүмүүсийн хувьд сарын тэмдэг ирэх нь сонголтгүй. Бас жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл байна. Эрэгтэй хүмүүс ч жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж болдог. Гэтэл эрүүл мэндэд муу гээд хийлгэдэггүй. Харин эмэгтэйчүүд олон янзын суулгац тавиулж, эм ууж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн ч тоолгүй олон жил болсон. Уг нь жирэмсэн болоход эмэгтэй, эрэгтэй хүмүүс 50, 50 хувийн оролцоотой. Гэтэл жирэмслэлтээс хамгаалахын тулд эрэгтэй нь ямар нэгэн арга хэрэглэх, мэс засал хийлгэх талаар төдийлөн ярилгүй өдий хүрчихсэн нь том асуудал.
-Энэ нь эрх мэдэлтэй холбоотой. Эрэгтэйчүүдэд илүү эрх мэдэл байна. Үүнтэй холбоотойгоор Монголд хөндөгдөх ёстой нэг чухал асуудал нь хүүхэдтэй болчихоод бүх хариуцлагыг эмэгтэйчүүдэд үүрүүлдэг явдал. Хүүхдийн мөнгө гэж байдаг ч тэрийг тогтоолгоод, авах үйл явц нь маш төвөгтэй, удаан, хүнд суртал ихтэй. Маш их цаг, хөрөнгө, сэтгэлийн хат шаарддаг. Шүүхээр хүүхдийн мөнгө тогтоолгосон ч хэмжээ нь бага. Хүүхэд өсгөхөд хүрэлцэхгүй. Тиймээс үүнээс залхаад хүмүүс тэр мөнгийг авдаггүй. Бусад оронд бол хүүхдийн мөнгө нь өндөр байдаг. Мөн үнэхээр төлүүлдэг учраас хүмүүс хариуцлагатай ханддаг. Харин Монголд тэгж санаа зовох шаардлагагүй, бүх ачааг эмэгтэйчүүд үүрдэг. Бас нэг асуудал нь өдгөө гурван сая иргэний амьдралд нөлөөлөх шийдвэрийг 76 хүн гаргаж байна. Тэдний 83 хувь нь эрэгтэй. Тэр тусмаа эдийн засгийн чадамж өндөр, их хөрөнгөтэй эрэгтэйчүүд. Мэдээж гурван сая хүний төлөөлөл шийдвэр гаргахад оролцох боломжгүй. Бусад улс оронд бол төлөөллийг зайлшгүй хангадаг. Засаглалын тогтолцоо нь сайн газарт шийдвэр гаргахдаа тэр бүлгийн хүмүүсийн дуу хоолойг сонсдог. Эсвэл тэр бүлгийн экспертүүдийн саналыг тусгадаг. Гэтэл манайд 76 хүн юу гэж бодож байна гэдгээр л шийдвэр гаргадаг. Жишээ нь, хэзээ ч хүүхэд гаргахгүй эрэгтэй хүмүүс жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, үр хөндөлтийн талаар шийдвэр гаргадаг. Бас бүгдийнх нь хүүхдүүд хувийн сургуульд сурдаг атал улсын сургуультай холбоотой муу шийдвэрүүд гаргасан тохиолдол ч бий. Өөрөөр хэлбэл, иргэдийг утга учиртайгаар, бодитоор төлөөлж чадахгүй хүмүүс шийдвэр гаргаж байгаа. Тэгээд бусад нь шийдвэр гаргахад оролцоно гэхээр сандал суудлын тухай бодоод, албан тушаалд хүүхнүүд очих нь гэж хардаг. Яг үнэндээ шийдвэр гаргагчид Монгол Улсын төсвийг хөшөө барихад зарцуулах уу, эсвэл төрөх эмнэлэгт өгөх үү гэдгийг шийдэж байна. Тэгэхээр монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд тэнд очихоос өөр аргагүй болж байгаа юм.
-Энэ нь зөвхөн сандал суудлын тухай асуудал биш. Шийдвэр гаргахад заавал оролцох хэрэгтэй гэдэг зарчим бий. Хүн өөрийн туулаагүй амьдралыг ойлгохгүй гэдэг нь л үндсэн зарчим. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг бүрэн ойлгохгүй, өөрийнхөө өнцгөөс харж, өөрийнхөө ашиг сонирхолд нийцсэн шийдвэр л гаргана. Харин олон талыг тэнцүү хамруу лаад эхэлбэл шийдвэр нь аль аль бүлэгт үр ашгаа өгөхүйц болно. Ингэснээрээ нийт хүн амын амьдралын чанар сайжрах боломжтой. Шийдвэр гаргахад олон талын төлөөлөл оролцож байж л хууль илүү эрх тэгш болно. Агентлагууд нь түүний дагуу үйл ажиллагаа явуулна. Иргэдэд ирэх үйлчилгээ сайжирна.
-Шийдвэр гаргах, манлайлах орон зайд олон зуун жил эрэгтэйчүүд давамгайлж, ноёлж ирсэн. Тиймээс ихэнхдээ эрэгтэйчүүдэд байдаг шийдэмгий, чанга хатуу зан чанарыг манлайллын гол шинж гээд ойлгочихсон байдаг. Харин сүүлийн үеийн судалгаагаар илүү уян хатан байх нь манлайллын чухал чадвар гэж үзэж байна. Хөгжиж буй салбаруудад хамтын ажиллагаа, уян хатан байдал манлайллынх нь чиглэл болсон. Дэлхийн хөгжил ч тийш чиглэж буй. Гэтэл шийдэмгий, захиран тушаах, чанга хатуу, хуучин уламжлал нь төрийн тогтолцоонд илүү амьд байгаа. Захиран тушаах манлайлал нь яалт ч үгүй бид нарын амьдралын нөхцөл байдалтай холбоотой байж. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл гаргаагүй үед эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд гэртээ хүүхдээ харж, эрчүүд хамтраад ан ав, дайн тулаанд явдаг, нийлээд шийдвэр гаргадаг байсан. Тэр нь хэдэн зуун жилээр уламжлагдчихсан учраас бид манлайллыг ихэвчлэн эрэгтэйчүүдийн зан чанараар төсөөлж ирсэн. Харин одоо эмэгтэй хүний шинж чанарууд манлайллын чухал чадвар болчихсон байж магадгүй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад, цар тахлын үед эмэгтэй удирдагч нар хамаагүй бага хохиролтой, хүндээ ээлтэй шийдвэрүүдийг гаргасан байх жишээтэй. Эмэгтэйчүүд супер ухаантай гэхээсээ илүү бидний шинж чанарууд манлайллын чухал арга хэрэгсэл болчихож байгаа юм уу даа.
-Миний харж байгаагаар, манлайлал гэдэг нь аль болох уян хатан, баг хамт олноо сонсдог, багаар ажиллах чадамжийг хэлээд байна. Харин босоо тогтолцоог хуучирсан гэж үздэг. Хамт олноо сонсдог, бүтээмжийг сайжруулахад анхаардаг, ажлын орон зайг хүчирхийлэл, гадуурхал, дарамт шахалтгүй, эрүүл байлгах нь манлайлал. Мөн миний их сургуулиасаа, манлайллын хөтөлбөрүүдээс, суралцсан газар бүрээсээ сонссон зүйл бол бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох чадамж нь манлайлагч хүн бүрт байх ёстой гол чанар. Ийм чадамжтай байхад бусдын туршлагыг сонсоод, хүлээж аваад, боловсруулаад, бодлого шийдвэртээ тусгаж чаддаг. Манлайлал нь олон талыг сонсоод, хамгийн зөв шийдвэрийг гаргах чадамжийг л хэлж байна гэсэн үг.
-Хамгийн сүүлд сонирхолтой асуулт тавья. Бага байхдаа ч юм уу, Мартын 8-ныг яаж тэмдэглэдэг байсан бэ?
-Арван жилийн сургуульд байхдаа охиддоо сарнай бэлэглээд, ангиа чимэглэдэг байсан. Дараа нь цэргийн баяраар бид нарт бэлэг өгдөг байлаа. Энэ соёлыг бид багаасаа бий болгочихсон. Одоо болтол үргэлжлүүлж л байгаа. Гэхдээ бид энэ өдрийг тохиолдуулаад, 100 000, 200 000 төгрөг гаргаад, эмэгтэйчүүддээ хоол авч өгөхөөс илүү эрхийнх нь төлөө дуугардаг, ямар нэгэн зүйл хийдэг байгаасай гэж боддог. Жишээ нь, байгууллагынхаа бодлогод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зүйл, заалт оруулдаг болбол яасан юм бэ. Бэлгийн дарамтын эсрэг тодорхой заалт оруулъя. Эсвэл байгууллагынхаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хангах санаачилга гаргаасай гэж боддог.
Тэмдэглэсэн Ч.Мөнхзул