Төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг манай улс хэрэглээнд нэвтрүүлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн цөөнгүй үйлчилгээг үүгээр дамжуулан үзүүлдэг болсон давуу талтай. Эл системийн аюулгүй байдал, техник, технологийн эрин үед иргэд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Л.Энхбаттай ярилцлаа.
-“E-Mongolia” системд хэдэн төрлийн үйлчилгээ нэвтрүүлээд байна вэ?
-Системийн үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 1-нд эхлүүлснээс хойш төрийн 60 орчим байгууллагын 639 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Эдгээр үйлчилгээг иргэд давхардсан тоогоор 8.5 сая удаа авч, ашигласан байна. Хамгийн сүүлд оруулсан үйлчилгээ нь “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл. Боловсрол, шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яамтай хамтраад нэгдүгээр курсийн, 2.8-аас дээш голч дүнтэй оюутнуудыг “Оюутан цэрэг” сургалтад хамруулах бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Бас Батлан хамгаалах яамтай хамтраад цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явууллаа. Үүнд хамрагдвал зохих хүмүүсийн 11 хувь нь цахимаар бүртгүүлсэн. Түүнчлэн эрүүл мэндийн зарим үйлчилгээг системдээ нэвтрүүлэх ажлуудыг үе шаттайхийж буй. Одоогоор үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа авах үйлчилгээг цахим болгосон. Мөн Засгийн газраас бүтээн байгуулалт, төрийн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөнтэй холбоотойгоор барилга байгууламж барих, зам, талбай сэтлэх, худаг гаргах зэрэг зөвшөөрлийг системдээ нэвтрүүллээ.
-Цахим шилжилт нь олонх иргэний хувьд шинэ харилцаа. Тиймээс энэ чиглэлээр олон нийтэд ойлголт өгөх, таниулан сурталчлах ажлууд хийх шаардлага гарч байгаа. Танайх үүнд хэрхэн анхаардаг бол?
-Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор цахим шилжилт нэлээд эрчимжсэн. Жишээ нь, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажлын цагаа уян хатан болгож, цахимаар ажиллах нөхцөл бүрдүүлж буй. Цахим үйлчилгээ авах хүний тоо ч өмнөх оны мөн үеийнхээс 40 орчим хувиар нэмэгдсэн. Үүнээс үүдэж мэдээллийн аюулгүй байдлын асуудал ч нэлээд яригдах боллоо. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах, “E-Mongolia” системийг ашиглах, төрийн үйлчилгээг онлайнаар авах зэрэг чиглэлээр иргэдэд мэдээлэл байнга хүргэж байна. Тухайлбал, Төв шуудангийн нэгдүгээр давхарт Хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллуулж буй. Мөн “11-11” лавлах төвөөр дамжуулан хэрэглэгчдийн санал, хүсэлтийг авч байгаа. Түүнчлэн фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг нийгмийн сүлжээний сувгаар дамжуулан мэдээлэл түгээдэг. “E-Mongolia” системийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бид хотын төвөөс алслагдсан 50 хороо, найман аймагт очиж ажилласан. Ингэхдээ хорооны ажилтнууд, аймгууд дахь төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаануудын нэг нь цахим харилцаа, мэдээллийн аюулгүй байдал, “E-Mongolia” системийг олон нийтэд таниулах юм. Үүнийхээ дагуу сургагч багш бэлтгэхээр сургалтын цогц хөтөлбөр боловсруулж байна. Энэ хавраас үлдсэн 13 аймагт сургалт явуулахаар төлөвлөсөн.
-Хэрэглэгчдэд үйлчлэх төв, “11-11” төвд хандсан иргэд ямар санал, хүсэлт тавив?
-Системийн хэрэглээтэй холбоотой, ялангуяа нэвтрэхэд хүндрэлтэй гэсэн санал хэлдэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд системд нэвтрэх иргэн нь заавал өөрийн нэр дээрх гар утасны дугаар, банкны данстай, тоон гарын үсгийн гэрчилгээтэй байх шаардлага тавьдаг. Энэ гурвын аль нэгийг хангавал хэрэглэгч системд өөрийгөө таниулж, үйлчилгээ авах боломжтой. Харин хангаагүй тохиолдолд нэвтрэх боломжгүй. Ийм шалтгаанаар системд нэвтэрч чадахгүй байна гэсэн гомдол цөөнгүй ирдэг.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАН ТОХИОЛДЛЫН
ДИЙЛЭНХ НЬ ИРГЭДЭЭС ШАЛТГААЛДАГ
-Системийн хэрэглэгчийн тоо 1.9 саяд хүрчээ. Ийм олон хүний маш их мэдээллийг хадгалж байгаа гэсэн үг үү. Тэдгээрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
-“E-Mongolia” нь төрийн үйлчилгээний нэгдсэн цонх хэлбэрээр ажилладаг. Тодруулбал, иргэдийн улсын бүртгэл, нийгмийн даатгал, татварын мэдээлэл холбогдох байгууллагуудад нь байдаг. Иргэн системд нэвтэрч үйлчилгээ авах хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох байгууллагад нь дамжуулж, шаардлагатай мэдээллийг нь хэрэглэгчийн төхөөрөмжид татан авч, харуулдаг. Энэ бол “E-Mongolia”-гийн гол онцлог. Өөрөөр хэлбэл, уг системд хэрэглэгчийн болон төрийн байгууллагуудын мэдээллийг хадгалдаггүй. Харин мэдээллийг хадгалж байгаа бусад байгууллагаас татан авч, иргэдэд харуулдаг гэсэн үг.
-Жишээ нь, “E-Mongolia”-д нэвтрэхэд иргэний зээлийн мэдээлэл гарч ирж байна. 4-5 жилийн өмнө авсан зээлийн мэдээлэл ч бий. Яагаад тухайн иргэн зөвшөөрөөгүй байхад зээлийн мэдээллийг нь системд байршуулав?
-“11-11” төвөөр дамжуулан бид хэрэглэгчдээс улирал тутам судалгаа авдаг. Судалгааны үеэр хэрэглэгчид ямар үйлчилгээ авах шаардлагатай талаараа санал, хүсэлт ирүүлдэг юм. Жишээ нь, “E-Mongolia” аппликэйшний хэрэглэгчийн “Профайл” цэсэд иргэдийн зарим мэдээллийг оруулж өгөөч ээ гэсэн хүсэлт цөөнгүй ирсэн юм. Тиймээс бид “Профайл” цэсэд иргэний болон жолооны үнэмлэх, бас зээлийн мэдээллийг оруулахаар шийдсэн. Зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас татаж, хэрэглэгчид харуулж байгаа. Түүнээс биш иргэдийн мэдээллийг хадгалаагүй. Ингэхдээ зөвхөн төлж дуусаагүй байгааг нь л харуулдаг. Төлж дууссан тохиолдолд хасагдах ёстой. Хэрэв хасагдаагүй байвал та харилцдаг банкандаа хандан, мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай.
-Уг системийг ашиглах нь аюулгүй, иргэн хувийн мэдээллээ алдах магадлал байхгүй гэж ойлгож болох уу?
-Зарим тохиолдолд хэрэглэгч цахим технологийн мэдлэг муутайгаас системд нэвтрэхдээ хэн нэгнээс туслалцаа авч, улмаар мэдээллээ алдах нь бий. Ер нь мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдлын 60 орчим хувь нь тухайн иргэнээс шалтгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч санамсаргүй байдлаар системд нэвтрэх нэр, нууц үгээ алдах нь элбэг. Бас маш энгийн, хялбархан нууц үг сонгодог. Жишээ нь, мартахгүйн тулд 1234, АBCD гэх мэт тоо, үсэг ашигладаг ч юм уу. Харин гэнэтийн байдлаар халдлагад өртөх нь тун бага. Тиймээс иргэд цахимаар худалдаа хийх, ямар нэгэн системд нэвтрэхэд тулгарч байгаа бэрхшээлээ шийдэхийн тулд гуравдагч этгээдээс тусламж авахдаа хянуур хандах хэрэгтэй. Хувийн мэдээллээ бусдад аль болох дамжуулахгүй, цахим сүлжээнд нийтлэхгүй байхад анхаарах шаардлагатай.
-Мэдээлэл алдагдах эрсдэл зөвхөн иргэдтэй л холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл байх аа?
-“E-Mongolia”-гийн үндсэн систем нь Үндэсний дата төв дэх дэд бүтцэд суурилан ажилладаг. Нэг талаас хэрэглэгчийн төхөөрөмж, нөгөө талаас Үндэсний дата төв дэх систем уялдаж ажилладаг гэсэн үг. Хэрэглэгч төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс мэдээллээ алдчихвал тэдний буруу. Харин Үндэсний дата төв дэх систем ямар нэгэн халдлагад өртөж, мэдээлэл алдагдвал бидний буруу болно. Үндэсний дата төв нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг, аливаа халдлагаас хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх багтай. Тус төвд төрийн бусад байгууллагын мэдээллийн сан ч байршдаг. Өөрөөр хэлбэл, “E-Mongolia” систем нь Монголын хамгийн найдвартай дэд бүтцэд суурилан ажилладаг гэж ойлгож болно.
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ АВНА
-2.3 сая монгол хүний мэдээллийг зарах гэж байсан асуудал өнгөрсөн онд үүссэн. Энэ нь эцэстээ юу болсон нь одоогоор тодорхойгүй. “E-Mongolia”-д ийм эрсдэл үүсэхгүй гэх баталгаа нь юу вэ?
-Ямар ч эрсдэлгүй гэсэн ойлголт байхгүй. Ер нь 100 хувь найдвартай систем гэж хаана ч байхгүй. Гэхдээ бид эрсдэлээс хамгаалахын тулд улирал тутам мэдээллийн аюулгүй байдлын аудит, шалгалт хийлгэж, системд “цоорхой” байгаа, эсэхийг тодруулдаг. Мөн жилийн эцэст системийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэмцээн, уралдаан зохион байгуулж буй. Тодруулбал, системийн “цоорхой”-г олж, засаж сайжруулах төлөвлөгөөт ажлыг тухай бүрт нь хийж байна. Нэгдүгээрт, цахим орчинд иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах ойлголт, туршлагатай болох хэрэгтэй. Хоёрдугаарт, манайх “E-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. 2.3 сая иргэний мэдээлэл хаанаас алдагдсаныг холбогдох байгууллагынхан нь шалгаж буй байх. Үүнтэй холбоотойгоор бидэнд хандаж, манай системийг шалгасан зүйл одоогоор алга.
-Хамгийн сүүлд хэзээ аудит хийлгэсэн бэ. Ямар үр дүн гарсан бол?
-Бид холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, энэ он гарахын өмнөхөн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, шалгалт хийж, дүгнэлт гаргадаг байгууллагаар “E-Mongolia” системд аудит хийлгэлээ. Үр дүнд нь засаж, сайжруулах зүйлс ч гарсан. Тэдгээрийг аудитын дүгнэлт гаргаснаас хойших 14 хоногт шийдсэн. Дараагийн аудитыг ирэх сард багтаан хийлгэнэ.
-Юуг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм бэ?
-“E-Mongolia” системийн хэрэглээг иргэдэд илүү хялбар болгох зорилгоор дөрвөн оронтой код өгдөг. Хэрэглэгч кодоо өөрөө сонгодог. Иргэд илүү хялбар байдлаар буюу 0000, 1234 гэх мэт тоо сонгодог нь ажиглагдсан. Тиймээс дөрвөн оронтой код богино байна гэж дүгнээд, 6-8 оронтой болгох зөвлөмж өгсөн.
-Төрийн байгууллага “E-Mongolia” системд нэвтэрч, иргэдийн мэдээллийг авах боломжтой юу?
-Боломжгүй. “E-Mongolia” бол иргэн болон хуулийн этгээдэд чиглэсэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем. Харин төрийн байгууллагууд мэдээлэл солилцох нь арай өөр харилцаа. ХУР системд холбогдсоноор төрийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Энэ харилцааг холбогдох журмын дагуу зохицуулна. Тухайлбал, аюулгүй байдал хангасан сүлжээнд нэвтэрсэн тохиолдолд л мэдээллүүдийг солилцох боломж бүрддэг.
-УИХ-аас өнгөрсөн оны сүүлчээр цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдлын тухай хууль багтсан. Эдгээр хуулийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Багц хуулиудыг, ялангуяа тэдгээрт тусгасан цахим хөгжилтэй холбоотой зүйл, заалтуудыг “E-Mongolia” системтэй уялдуулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Цахим хөгжлийн багц хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө батлах шаардлагатай нэлээд олон журам, дүрэм бий. Журам боловсруулах чиглэлээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам тэргүүтэй төрийн холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зөвхөн “E-Mongolia”-д бус, улсын хэмжээний бүхий л системд тодорхой хэмжээний шинэчлэл хийнэ. “E-Mongolia” системийн хувьд хуулиудтай уялдуулах зүйл харьцангуй бага. Жишээ нь, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний биометрик мэдээллийг авч, ашиглаж болохгүй гэж заасан. Тэгвэл манай системд иргэдийн биометрик мэдээллийг ашигладаггүй байх жишээтэй. Түүнчлэн иргэдийн мэдээллийг цуглуулахдаа заавал зөвшөөрөл авахаар хуульд заасан. “E-Mongolia”-гийн хувьд хэрэглэгч нэвтрэх бүрт “Та өөрийн мэдээллээ өгөхийг зөвшөөрч байна уу” гэж асуудаг. Иргэд зөвшөөрсөн тохиолдолд системээс үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Гэхдээ холбогдох журмууд гарсны дараа системд яг ямар шинэчлэл хийх нь тодорхой болно.
-Хэрэглэгч нэвтрэх бүрт “Та өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрч байна уу” гэж асуудгийг тухайн хүнээс зөвшөөрөл авсан гэж ойлгох эрх зүйн үндэслэлтэй юү. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу бол иргэнээс заавал бичгээр зөвшөөрөл авахаар тусгасан шүү дээ.
-Одоо бол хуулийг мөрдөж эхлээгүй байгаа. Харин хуулийг мөрдөхөөр зөвшөөрөл хэрхэн авахыг нарийвчилсан журам гаргаж, зохицуулна.
-Журмууд хэзээ бэлэн болох вэ?
-Ерөнхий сайдын захирамжид заасны дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор танилцуулах үүрэг өгсөн. Дөрөвдүгээр сарын 30 гэхэд батлуулж, нийтэд мэдээлээд, тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.
-Тавдугаар сарын 1-нээс иргэд тоон гарын үсэг ашиглах эрхтэй болно. Үүнийг “E-Mongolia” системээр дамжуулан олгохоор ярьж байгаа юу, эсвэл иргэн улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очих уу?
-Иргэн заавал улсын бүртгэлийн байгууллагад очиж, тоон гарын үсгийн гэрчилгээгээ бүртгүүлэх хууль, эрх зүйн зохицуулалттай.
-Иргэн бүрт иргэний бүртгэлийн дугаар олгосон. Ингэснээр ямар нэгэн үйлчилгээ авахдаа регистрийн дугаар ашиглахааргүй болсон. Үүнтэй холбоотойгоор “E-Mongolia” системээс регистрийн дугаарыг нь хасах уу. Иргэд уг системд өдгөө регистрийн дугаараараа нэвтэрч байгаа шүү дээ.
-Иргэний бүртгэлийн дугаар олгох, бүртгэх эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газар. Тус газраас бидэнд мэдээлснээр бол иргэний бүртгэлийн дугаарыг бүх үйлчилгээнд ашиглах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулж, мөрдөх хугацааг нь тодорхой болгох юм билээ. Ингэснээр “E-Mongolia” системд регистрийн биш, бүртгэлийн дугаараар нэвтэрдэг болно.
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АВБАЛ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙСАН
-Иргэн өөрийн биеэр цахим үнэмлэхээ бариад явж байхад зарим байгууллага нотариатаар баталгаажуулаад ир гэх шаардлага тавьдаг. Ийм асуудал гарахаа хэзээ болих вэ?
-Нотариатын үндсэн үүрэг нь тухайн бичиг баримтын хуулбар нь эх хувьтайгаа адил гэдгийг гэрчилж, баталгаажуулах. Уг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Нотариатчдын танхимаас бидэнд өгсөн мэдээллээр бол үйлчлүүлсэн иргэдийн гарын үсэг, мэдээллийг нэг системд оруулж буй юм билээ. Үүнийг бусад системтэй холбочихвол иргэд цахимаар үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Жишээ нь, иргэд хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийх, тээврийн хэрэгслийн нэр, дугаар шилжүүлэхийн тулд хоёр тал хамтдаа нотариатч дээр очдог шүү дээ. Цахимд шилжүүлснээр ийм хүндрэл багасна л гэсэн үг.
-Цахим хөгжлийн багц хуулиуд нь өнөө үеийн шаардлагыг хангаж чадах нь уу. Манай улсад цахим хөгжлийн хууль, эрх зүйн орчин сайн бүрдэв үү гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Өмнө нь төрийн байгууллагууд иргэний мэдээллийг хэрхэн солилцох, ингэхдээ ямар систем ашиглах зэрэг нь хуулийн зохицуулалтгүй байсан. Журмаар зохицуулж ирсэн. Харин хуультай болсноороо цахим хөгжлийн үйл явц нэлээд хурдасна гэж би харж байгаа. Нөгөө талаас технологийг хуульчилж болдоггүй гэсэн үг ч бий. Технологийн шийдэл гаргахад төвөгтэй асуудлууд тулгарч болзошгүй. Гэсэн ч бид хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологийн шийдлүүдийг боловсруулахаар ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж буй байх. Хамгийн их бэрхшээлтэй тулгарч байгаа нь банк, санхүүгийн салбар. Тус салбарын зарим байгууллага гаргалгаа, шийдэл олохоор бидэнтэй хамтран ажиллаж буй.
-Холбогдох байгууллагынхан гоё гоё зүйл яриад л байдаг. Гэтэл цаасан баримт нэхсэн байгууллага цөөнгүй байна.
-Нэгдүгээрт, хууль, эрх зүйн асуудал бий. Хоёрдугаарт, тухайн байгууллагын ажилтны хандлагатай холбоотой болов уу. Хууль, эрх зүйн асуудал гэдэг нь төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй баримт бичгүүдийг эх хувь, эсвэл нотариатаар батлуулсан хувилбараар нь баримтжуулах, архивлах үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаатай холбоотой. Тиймээс бид цахим архивыг нэвтрүүлж эхэлсэн. Үүний үйл ажиллагаа жигдэрчихвэл иргэдээс цаас шаардахгүй. Мөн төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс нэхэхгүй байх зарчим барьж байна.
-Яг хэзээнээс иргэдээс цаас нэхдэггүй болох вэ?
-Цаасан баримт нэхдэггүй байх, цахим архиваа сайжруулах зүйл, заалтуудыг цахим хөгжлийн багц хуулиудад тусгасан. Эдгээр хуулийг мөрдөж эхэлсний дараа буюу ирэх оноос тодорхой үр дүн гарна гэж харж байгаа.
-Цахим шилжилт хийж байгаа нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талаар иргэдийн бүх мэдээлэл цахимд төвлөрч, тэр хэрээр аюулгүй байдал алдагдах эрсдэл ч нэмэгдэх магадлалтай. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх нэрээр иргэний өвчний түүхийг бүх эмнэлгийн эмч нарт нээлттэй байлгах нөхцөл бүрдлээ гэх шүүмжлэл гарах болсон.
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар бол эрүүл мэндийн мэдээллийг зөвхөн иргэний зөвшөөрлөөр авна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд иргэн бүрийг цахим карттай болох бодлого баримталж буй. Ингэхдээ өвчтөн бүрт дугаар олгоно. Уг дугаар нь тухайн иргэн хэн бэ гэдгийг илэрхийлэхгүй. Үүнээс гадна эмч иргэний мэдээллийг шууд харах, ашиглах боломжгүй. Өвчний түүх, шинжилгээний хариуг нь авах тохиолдолд заавал зөвшөөрөл авах зохицуулалттай байхаар системээ хөгжүүлж буй юм билээ.
-Иргэний хувийн мэдээллийг хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр авчихсан тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтууд нь хэр сайжирсан бол?
-Эрх зүйн орчин сайжирсан. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар иргэнээс зөвшөөрөл авалгүйгээр мэдээллийг нь цуглуулж, ашигласан бол эрүүгийн хариуцлагад татахаар заасан. Өмнө нь хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байсан шүү дээ. Тэгвэл шинэ хуулиудад мэдээллийг зөвшөөрөлгүйгээр авсан, боловсруулсан, бусад этгээдэд дамжуулсан, нийтэд ил гаргасан гэх мэт тохиолдол бүрт ямар хариуцлага тооцохыг нэгбүрчлэн заасан.
Бэлтгэсэн Ч.Мөнх