Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгттэй ярилцлаа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хэр чухал өөрчлөлт боллоо гэж та үзэж байна вэ?
-Энэ хуульд шинэчилсэн найруулга хийсэн нь их чухал ач холбогдолтой. Одоогоос 29 жилийн өмнө гарсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль сайн хууль байсан. Тухайн үед нийслэлийн удирдлагад олон жил ажилласан Л.Энэбиш нарын хүчин чармайлтаар Монгол Улсын шинэ Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан эрх зүйн чухал баримт бичиг байсан юм. Нийслэлийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үеийн тулгуур баримт бичиг. Гэвч нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх явцад шинэчлэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагууд гарсан болохоор энэ хуульд өөрчлөлт оруулах оролдлого, санаачилга өмнө нь хоёр, гурван удаа гарч байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаанд энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж, хуулийн төсөл боловсруулан Засгийн газар, Улсын их хуралд танилцуулж байлаа. Хуулийн өөрчлөлтийн асуудлаар иргэд, дүүрэг, хороодоос санал авч эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй баг ажиллуулан ИТХ-ын ажлын хороод, намын бүлгүүдээр нягтлан шүүж улмаар нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн уг хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн.
Энэ төслийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар байнгын хороодоор хэлэлцүүлж эхэлсэн боловч УИХ-ын сонгууль эхэлснээр баталж чадаагүй юм.
-Та бүхний боловсруулсан хуулийн төсөл сая батлагдсанаас хэр ялгаатай вэ?
-Өмнөх төслүүд саяын шинэ хуулийн суурь тулгуур болсон гэж боддог. Гэхдээ энэ жил батлагдсан нь цаг үеэ олсон. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болсон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дараа гарснаараа чухал. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон нийслэлээс сонгогдсон УИХ-ын олон гишүүн, намын удирдлагад байгаа залуучууд энэ хуулийг өөрчлөх, шинэчлэх үйл ажилд оролцож байсан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан хүмүүс тул өөрчлөлтийг чамбай болгоход хүчтэй нөлөөлсөн нь харагдаж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Засаг дарга Д.Сумъяабазар, намын бүлгийн дарга Г.Дагва тэргүүтэй олон хүн өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Энэ хүчин зүйлс хуулийн шинэчлэл сайн болоход тодорхой нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
-Та нарын өмнө нь боловсруулж байсан төслөөс шинэ хуульд тусгагдаагүй зүйл бий юү?
-Ганц нэг зүйл байгаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын Шадар сайдтай ижил түвшний эрх, үүргээр хангах зорилт байсан юм. Үүнийг 1990 оноос өмнөх нийслэлийн удирдлагын тухайн цаг үедээ үр өгөөжөө өгч байсан бүтцийг бодолцож оруулж байсан хэрэг. Тэр үед Хотын намын хорооны дарга Б.Алтангэрэл МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, АИХ-ын дарга, хотын дарга С.Мөнхжаргал Намын төв хорооны гишүүн, АИХ-ын депутат байсан болохоор яамдын сайд нарт үүрэг чиглэл өгөх, эрх тэгш хамтран ажиллах бололцоотой байсан. Тэр хэрээрээ нийслэлийн ажил амьдралд эерэг нөлөө үзүүлдэг байсан юм. Тухайн үедээ улс болон нийслэлийг удирдахад үр нөлөөгөө өгч байсан энэхүү аргыг шинэ нөхцөл байдалд уялдуулах зайлшгүй шаардлагыг харгалзаж Шадар сайдын зиндаанд тавих нь зүйтэй юм гэж ярилцаж байсан.
Саяын хуулийн өөрчлөлтөөр бидний санаснаар болоогүй боловч нийслэлийн Засаг даргын эрх, хэмжээг боломжийн түвшинд өргөтгөсөн байна лээ. Засаг дарга санаачилгатай ажиллаж Ерөнхий сайд хүчтэй дэмжиж байгаа өнөөгийн нөхцөлд болохгүй юм алга.
-Та нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх талаар хуульд орсон өөрчлөлтийн талаарх таны бодлыг сонсоё.
-Би 1990 оны чөлөөт, ардчилсан анхны сонгуулиар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш 2012 он хүртэл тасралтгүй сонгогдон ажилласан. Нутгийн удирдлагыг засаг захиргааны удирдлагатай хослуулах шинэ ажилд эхнээс нь оролцжээ. Энэ хооронд нийслэл, дүүргийн хурлын байгууллага бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд ихээхэн бэхэжсэн. Нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхтэй холбоотой оновчтой заалтууд орсон байна. Гэхдээ өөрөө удирдах ёсны хөгжилтэй холбоо той цаашид судлах, боловсронгуй болгох олон асуудал байгаа.
-“Нийслэлийн шинэ хууль”-ийн ачаар хөгжлийн шинэ боломжууд нээгдэж байгаа биз дээ?
-Тийм ээ. Өөрчлөлт оруулсан шинэ хуулийн хүрээнд хөгжлийн дараах боломжууд нээгдэж байна. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн хувьд өмнөх олон Засаг даргын мөрөөдөөд ч чадахгүй байсан зүйл биеллээ оллоо. Нийслэл олон жилийн турш олсон татвар, хураамжийн орлогоо улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдгээс нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулах ямар ч хөрөнгөгүй үлддэг байлаа. Сангийн яам болон нийслэлийн удирдлагын зөрчил, сэтгэл ханамжгүй байдал энэ асуудлаас эхлэлтэй байдаг байсан. “Нэгдсэн төсөвтэй улс тул…” гэсэн тайлбартайгаар улсын хэмжээний хөрөнгө мөнгөний дутагдал, цоорхойг нийслэл олон жил нөхсөөр ирсэн юм. Бид дуугарч, эсэргүүцээд төвлөрсөн удирдлагын өмнө хүчгүйдэж үр дүнд хүрч байгаагүй. Улсад ч хөрөнгийн дутагдал, зовлон бэрхшээл байсан нь ойлгомжтой л доо. Гэхдээ л өндөр настнууд, оюутны автобусны хөнгөлөлтийн мөнгө өгөөд л дуусчихдаг хэрийн өчүүхэн бага төсвөөр яаж улсын нийслэлийг хөгжүүлэх вэ. Гэтэл энэ жил юу болов. Засгийн газраас санаанд багтамгүй хөрөнгө мөнгөөр анхаарч, 420 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж өглөө шүү дээ. Мөн дээр нь нийслэлийн бонд, концесс гаргах эрх гээд олон зүйлийг шийдэж байгааг дурдаж болно.
-Нийслэлд тулгамдсан, бэрхшээлтэй олон асуудал хуримтлагдаад 30 гаруй жил болж байна. Эдгээр асуудлын учир шалтгааны талаар ярихгүй юу?
-Бэрхшээлтэй олон асуудлын эхлэл нь Үндсэн хуульд “Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй” гэж тунхаглаад, зохицуулалтгүй орхисонтой холбоотой. Үндсэн хуулийн саяын өөрчлөлтөөр ч энэ чухал асуудалд анхаарсангүй. Хүний эрхийн энэ чухал заалт ардчилсан орны Үндсэн хуульд байх нь зөв боловч “Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хуулиар зохицуулна” гэсэн ганцхан өгүүлбэр оруулсан бол болох байсан гэж бодогддог.
Түүхийн гэрчийн хувьд нэг болсон явдал ярья. Нийслэлд орон нутгаас шилжин ирэх асуудлыг зохицуулсан нийслэлийн ИТХ-ын баталсан журам мөрдөж байсан юм. Журамд иргэн шилжин ирэх болсон учир шалтгаан, хотод амьдрах хаяг, ажлын байр зэрэг асуудлыг анхаарахын зэрэгцээ нийслэлийн төсөвт төлөвлөгдөөгүй нэмэлт ачааллыг тооцсон зохих хэмжээний төлбөр хураамжийн асуудал тусгагдсан байлаа. Гэтэл 2000 онд ХЭҮК энэ журам Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, улмаар хүчингүй болгуулсан юм. Нийслэлийн ИТХ энэ асуудлыг авч ярилцаад, бүх төлөөлөгч гарын үсгээ зурж Дээд шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг дарга М.Энхболд бид хоёр тухай үеийн Дээд шүүхийн дарга Ч.Ганбатад Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл үүсэхтэй холбоотой асуудлыг биечлэн танилцуулсан боловч хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэр хууль зүйн утгаараа зөв байх. Гэхдээ уг нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Засгийн газар, УИХ-д шилжүүлэх маягаар нухацтай авч үзэх байж дээ гэж бодогддог. Нийслэлийн ИТХ-ын журмыг шууд хүчингүй болгосон нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг нэмэгдүүлж өнөөдрийн бүх зовлон бэрхшээл, түгжрэлийн үүд хаалгыг нээж өгсөн юм. Харин ийм шийдвэр гаргуулсныхаа төлөө ХЭҮК-ын тухайн үеийн дарга “Оны хүн”-ээр тодорсон санагдаж байна.
-Хотын хэт төвлөрөл Үндсэн хуулийн дээрх заалттай холбоотой гэж үзэж байгаа юм байна.
-Тийм. Заалт нь яах вэ. Залгаасыг нь хийж өгөөгүй. Төр, засгийн зүгээс зохицуулалт хийлгүйгээр зөнд нь орхичихсон. Нэгэнт иргэдийг өөрсдөө мэд, дураараа бол гэсэн хойно, тэд нийслэл рүүгээ ирэх нь юуны буруу байх вэ.
Мөн нийслэлийн хүн амын хэт төвлөрөл нь орон нутгаа анхаараагүйтэй холбоотой. Улс орноо бүсчлэн хөгжүүлэх талаар олон баримт бичиг гаргаж, 30 жил ярьж байгаа боловч үр дүн гараагүй. Хөдөө орон нутагт ажлын байр, бизнесийн таатай орчин алга. Хүүхэд нь чанартай боловсрол эзэмших боломж бүрдээгүй. Нарийн мэргэжлийн эмчилгээ, шинжилгээг нийслэлд л хийж байна. Үйлдвэрлэл эрхэлье гэхэд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл ойр алга. Ингээд тоочоод байвал хот руу тэмүүлэн нүүж буй иргэдийг буруутгах арга алга даа. Улс орны хөгжлийн бодлогын ноцтой том алдаагаа эрх баригчид ярих дургүй (энэ жилээс л зоригтой ярьж эхэлж байна) Зөвхөн буруу талдаа жолоодлоготой машин, замын уулзвар дээр барьсан байшин гэх мэт гол биш зүйл рүү олон түмний анхаарлыг хандуулах гэж оролдож ирсэн нь нууц биш. Орон нутагт амьдрах боломжийг бүрдүүлэх талаар бүхэл бүтэн 30 жилд дорвитой зүйл хийсэн бол юу гэж ганцхан нийслэлдээ шавааралдаад, түгжрээд уур бухимдлаа хэнд гаргахаа мэдэхгүй суух вэ дээ. Ер нь нийслэл рүүгээ ирэхээс өөр аргагүй давагдашгүй ган, зуд гэх мэтийн хүчин зүйлүүд ч байдаг юм шүү дээ. Энэ мэтээс болсон, хөрөнгө мөнгөгүй, хотод ажил эрхлэх мэргэжил дадлагагүй, ажилгүй хүмүүсийн тоо гэрлийн хурдаар өсөж, ус, цахилгаан, нийтийн тээвэр, сургууль, эмнэлгийн үйлчилгээ гээд нийслэлийнхний зовлон бэрхшээл, шийдвэрлэхэд хэцүү асуудлууд овоорч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ийнхүү гэр хороолол хаяа, хүрээгээ тэлж, утаа тоос, бөглөрөл, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал газар авах болсон. Хөдөөд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлсэн, тэндээ хийх ажилтай, орон сууц, мал хөрөнгө гээд хоргодох зүйлтэй байсан бол энэ их нүүдэл хөврөхгүй л байх болов уу.
Улс орноо бүсчлэн хөгжүүлэх, хөдөө, хотын ялгааг багасгах төрийн бодлогод олон зүйл хамаарна. Бүр сонгуулийн тогтолцоо ч хүртэл хамаатай. УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцооны ачаар аймаг, сумуудад амьдарч байгаа иргэдийн амьдрал, ахуй ямар нэг хэмжээгээр төр, засгийн анхааралд одоогоор байна. Төсвийн мөнгийг сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвд цацаж байна гэж шүүмжлээд зөвхөн том бодлого ярьдаг хүмүүсийг сонговол хөдөө анхаарлаас холдож, бүр л эзгүйрнэ. Монгол орныхоо өвөрмөц амьдралыг мэдэх, гадаадаас хуулж цэцэрхэх гэдэг их өөр асуудал шүү. Аливаа асуудалд эерэг, сөрөг тал бий. Жин банг нь сайн тааруулж хэдэн бор ардынхаа амьдралыг дэмжсэн шийдвэр гаргаж байвал их зүгээр л дээ. УИХ-ын гишүүд нь аймаг, сум, баг, орон нутагтай шууд хамаарал багатай болчихвол тэдэнд амар болно л доо. Дэлхий, улс орны “асар” том бодлого яриад л сууцгааж байна биз. Гэхдээ аливаа юм олон талтай. Одоо улс төрийн намууд, санал бодлоо илэрхийлж байгаа улстөрчид, судлаачид олонх нь мажоритар тогтолцоог шүүмжилж буйг харж байна. Тэдний саналд дэмжих зүйл их байгаа боловч орон нутагт тавих төрийн анхаарлыг яаж хүчтэй, амьд болгох вэ гэдэг дээр сайтар анхаарах байх гэж найдаж сууна.
-Яриа маань сонгуулийн тогтолцоо руу хандаад явчихлаа. Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар та ямар ажил санаачилж хийж байсан бэ?
-Нийслэлийн Засаг даргаар ганцхан жил ажилласан боловч ярих, хэлэх юм байлгүй яах вэ. Ер нь ам нээснийх энэ том хотын даргаар таваас дээш жил ажиллаж байж л дорвитой юм хийнэ шүү дээ. Туршлагагүй хүнийг харахад андашгүй, өмнөхөө муулаад л попорч эхэлдэг. Тэр бол ажил биш. Би ч бас хот, дүүргээр дамжиж хэдэн жил ажилласан тул ажлаа гадарлах болчихсон хүн байсан. Уг нь хотын даргыг бүх оршин суугчдаас сонгоод юм хийх сэтгэл, зүтгэл, туршлагатай хүнийг тогтвортой ажиллуулмаар байгаа юм. Миний өмнөх хотын дарга нараас жишээ хэлэхэд С.Мөнхжаргал гуай Улсын зургийн институт, Улсын төлөвлөгөөний комиссын барилга хөрөнгө оруулалт эрхэлсэн орлогч дарга байсан, зориуд бэлтгэгдсэн хүн болохоор маш үр дүнтэй ажиллаж байсныг бидний үеийнхэн мэднэ. Боловсон хүчний асуудалд намууд цаашид анхаарна биз дээ.
Харин хотын шийдвэрлэвэл зохих хамгийн гол асуудлыг эхлүүлж байсны хувьд ганц хоёр зүйл хэлье. Нийслэл хотын утаа, түгжрэл, ядуурал зэрэг бэрхшээлтэй асуудлыг бүрэн шийдвэрлэх түлхүүр, тулгуур шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах юм. Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээ”-г удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд С.Баяраар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсгийн орлогчоор нийслэлийн Засаг даргын хувьд миний бие ажилласан юм.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж анхны алхмуудыг хийсэн. 2008 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцын VII хорооллын эхний ээлжийн барилгын нээлтийн шав тавих ёслол Үйлдвэр урлалын дээд сургуулийн хойд талд болж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Энэ ажиллагаанд тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд, Лу.Гантөмөр нар оролцож дэмжин ажилласан юм. Үүнээс 10 гаруйхан хоногийн дараа, тавдугаар сарын 8-нд дараачийн орон сууцын хорооллын нээлтийн ёслол Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг “Дөлгөөн нуур” төвийн ард буюу IV сургуулийн баруун талд болж, Ерөнхий сайд С.Баяр оролцсон. Газраа орон сууцны байраар солихыг иргэд дэжиж байв. Эсэргүүцэж байсан нь бий. Тухайлбал, 2008 оны тавдугаар сарын 12-нд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт баригдах Радио телевизийн хэрэг эрхлэх газар орчмын орон сууцын хорооллын эхний ээлжийн барилгажилтын нээлтийн ёслол “Энигма” төвийн зүүн урд буюу “Баруун тасган”-ны урд үзүүрт болоход хэсэг иргэн туг далбаатай жагсаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Тэд хашааныхаа газарт амины орон сууц барих хүсэлтэйгээ илэрхийлж байв. Энэ шаардлага нь бас л бодож үзэх асуудал байсан боловч харамсалтай нь хэт улстөржүүлээд байлаа. “Энигма” компанийн захирал Д.Мөнхбат “Өөрсдийнхөө хувьчилж авсан газар дээр өөрсдийнхөө юмыг хийх гэж байна. Өнөөдөр Монголд юм хийх гэхээр улстөржүүлж ямар ч хамаагүй хүмүүсийг авчран улаан даавуун дээр юм бичин хашхирч мөнгө нэхдэг байсан үе дууссан” гэж хэлж байсан санагдана. Шинэ тутам ажил ямар ч эсэргүүцэлгүй явна гэж яаж байх вэ.
-Он, сар, өдрийг нь харахад ажлыг хэдхэн хоногийн зайтай эхлүүлж байжээ. Энэ шинэ ажлын бэлтгэл хангагдсан байсан уу?
-Зохих ёсоор бэлтгэл хангаж байж, ийм том ажлыг эхлүүлэх нь ойлгомжтой. Юуны өмнө дээрх газруудад орон сууц барих дэд бүтцийг нь барьж байгуулсан. Орон сууцын VII хороолол барих цэвэр бохир ус, дулаан, цахилгааны нөхцөлийг бүрдүүлсэн дэд бүтцийн маш нүсэр ажлыг хийж дуусгасан байсан. Энэ ажил өнөөдрийн бүтээн байгуулалтад ч үр ашгаа өгсөөр байгаа.
Уг нь энэ дэд бүтцийн ажлыг цааш нь эрчимжүүлж хороолол, хорооллоор ахиулах байсан юм. Даанч эрч нь суларчихсан. Дэд бүтэц барьж байгуулах нь хамгийн чухал ажил гэдгийг хүн бүр анхаардаггүй тал бий. Хүн бүрийн нүдэнд үзэгддэггүй, газрын доорх хот байгуулалтын ажил шүү дээ. Дэд бүтцийг эхлээд байгуулахгүй бол гэр хорооллыг орон сууцжуулах нөхцөл бүрдэхгүй, хоосон уриа лоозон болж үлдэнэ гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн шинжлэх ухааны тооцоо, судалгаанд тулгуурласан хот төлөвлөлтийн шийдлийг санааны зоргоор муу хэлж, ганц хоёрхон дарга шийдчихсэн мэт ярьдаг хүмүүс байдаг л юм. Бодит үнэнийг эрхбиш гадарлаж байгаа ч ойлгохыг хүсдэггүй учир шалтгаан бий л дээ.
-Тухайн үед гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг гүйцэтгэхээр ямар, ямар компани ажиллаж байв?
-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар орон сууцын болон үйлчилгээний 5-16 давхар барилгуудыг “Бэрэн констракшн”, “Чин удам”, “Анд интернэйшнл”, “Энигма” групп, “Өлзийт чимэг”, “Өлзийт интертрейд” компани барихаар гүйцэтгэгчээр шалгарсан байсан. Тухайн үеийн сонины хуудсанд, албан мэдээллүүдэд байгаа л даа.
-Барилгуудыг бариад эхэлсэн юм байна.
-Эхлэхээр барах уу. Эхний барилгууд ашиглалтад орсон. Тэр эрчээрээ явсан бол зорилгоо биелүүлэх байсан юм. Түүнээс хойш 13 жил өнгөрчээ. Санаачилж эхлүүлсэн хүмүүс нь өөрчлөгдөхөөр, улс төрийн олон сонгуулийн халуурлаар зөв ажил зогсож, зөвхөн үгүйсгэлийн үгүйсгэл нь үлддэг. “Би санаачилсан юм” гэж ичих ч үгүй бурдаг явдал бараг хэвшил, жирийн үзэгдэл болж дээ. Ер нь шинэ ажил хийх хэцүү үе байсан. Наад зах нь элдвээр муу хэлэгдээд, цаад зах нь шоронд орчих гээд. Ийм байдал одоо л нэг юм, арилах нь уу гэх найдлага төрж эхэлж байна.
-Уг нь тухайн үед төр, засгийн зүгээс дэмжиж байж. Иргэдийн дэмжлэг хэр байсан бол?
-Тийм ээ. Гэр хорооллын иргэдэд ойлгуулах нь хамгийн чухал нь. Ерөнхий сайд С.Баярын зөвлөснөөр би Иргэний холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан (“Де факто”-гийн)-тай уулзаж байсан. Иргэний холбоо “Газрыг байраар солих зургаан алхам” гэдэг баримт бичиг боловсруулсан байлаа.
Газраа өмчлөн авсны дараа зэргэлдээ хашаа, гудамжны оршин суугч иргэд хоршин ажиллах зарчмаар нөхцөлөө тохирно гэж гол арга замыг нь тодорхойлсон байсан юм. Бүртгэх, хорших, төлөвлөх, санхүүжүүлэх, барих, хөршийн холбоо гэсэн зургаан алхмыг тодорхойлсон байв. Энэ баримт бичиг өнөөдөр ч чухал ач холбогдолтой хэвээр. Харамсалтай нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн үзэл санааг 2012 оноос эхлэн гуйвуулж завхруулсан. Тухайн үед идэвхтэй ажиллаж байсан, газраа орон сууцаар солих ажлыг хариуцсан төслийн нэгжийг нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын захирамжаар татан буулгасан. Мөн хашааны газар дээрээ орон сууцаа бариулж байх хугацаандаа иргэд түр амьдраад дараагийн хүмүүстээ шилжүүлж байх зориулалттай орон сууцын барилгын эхний ээлжийн 300 айлын сууцыг зориулалтын дагуу ашиглаагүй, иргэдэд хуваарилсан. Орон сууцны хуваарилалт нь шударга болсон, эсэх талаар яриа сонсогдож л байсан. Энэ чухал биш. Гол нь бид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэд шинэ байрандаа ортлоо суух орон сууцууд барихаар төлөвлөсөн байсан юм. Хэрэв энэ ажлыг хэрэгжүүлсэн бол гэр хорооллын төлөвлөлтөд хамрагдсан иргэд орох оронгүй болж хохирохгүй байсан юм. Уг нь сайтар бодож төлөвлөсөн ажил байлаа. Дахин онцлон хэлэхэд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, иргэд тав тухтай, соёлтой орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Энэ бол цорын ганц сайн арга. Бусад сайн, дэвшилттэй ажлуудтай амжилттай хослуулбал гайхалтай үр дүнд хүрнэ.
-Хотын утаа гэснээс сүүлийн хоёр жилд эрс өөрчлөлт гарлаа. Энэ талаар та юу боддог вэ?
-Нийслэлд түүхий нүүрс түлүүлэхгүй байх талаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын зоримог шийдвэр нийслэлийн утааг багасгахад чухал нөлөө үзүүллээ. Бүхний нүдэн дээр өөрчлөлт гарсан. Өмнөх жилүүдэд утаа бууруулах талаар хийсэн олон ажил Засгийн газрын оновчтой шийдвэрийг хэрэгжүүлэх суурь болсон. С.Батболдын Засгийн газар нийслэлийн утааг бууруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байв. Цахилгааны шөнийн төлбөрийг тэглэх болон олон жижиг уурын зуухнуудад шинэчлэл хийснийг санаж байгаа байх. Мөн сайн, муугаар хэлэгдсэн бүрэн шаталттай зуухнууд байхгүй байсан бол шахмал түлш түлээд өөрчлөлт хийх бололцоогүй болох байлаа. Харин одоо гэр хорооллынхны зарим нь бүрэн шаталттай зуухаа хөдөөд зарж шаардлага хангахгүй зуух пийшинд галлаж байгаа сураг дуулдана билээ. Ингэж болохгүй шүү дээ.
Нэгэнт мэдэгдэм үр дүнд хүрсэн ажлаа улам чамбайруулах шаардлага байна. Ер нь нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд стандарт бус, зоримог арга хэмжээ авах л хэрэгтэй.