Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчдыг БНСУ-ын дасгалжуулагч Кан Дон Хүн удирдаж, өмнөд хөршийн Чендү хотод ирэх зургадугаар сард болох Универсиад, есдүгээр сард зохион байгуулах “Ханжоу-2022” Азийн наадмын тоглолтод сойхоор зэхэж буй. Юун-Ин их сургуулийн биеийн тамирын ангид суралцаж төгссөн тэрбээр тамирчны замналаа 2008 оноос эхлүүлж, дотоодынхоо “SBS cup”-ын ганцаарчилсан, БНСУ-ын АШТ-д хосын төрөлд III байрт шалгарсан байна. Түүнээс хойш ур чадвараа ахиулж, 2011, 2012 онд “Australian open” тэмцээний ганцаарчилсан төрөлд дараалж түрүүлснээр улсынхаа шигшээ багийн тамирчин болжээ. Гадаад, дотоодын тэмцээнүүдэд тэргүүлэх болсон түүнийг мэргэжлийн багтаа тоглуулах санал нэлээд хэдэн улсаас ирсэн гэдэг. Түүний хувьд 2013-2014 он амжилтынх нь оргил үе байв. Тэрбээр “ETTU cup” нээлттэй тэмцээнд өрсөлдсөнийхөө дараа Польш улсыг зорьж, I лигт нь дөрвөн жил тоглосон юм. 2020 оноос дасгалжуулагчаар ажиллаж байгаа түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчдыг дасгалжуулах санал тавихад хэрхэн хүлээж авсан сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье.
-Намайг сониныхоо хүндтэй зочноор урьж, Монголын спорт сонирхогчидтой уулзуулж байгаад баярлалаа. Польш, Энэтхэг улсаас хамтран ажиллах санал тавьсан ч цар тахал олон оронд дэгдэж, шийдвэрээ хараахан гаргаагүй байтал БНСУ-ын ширээний теннисний холбооноос Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллуулахаар томилсон юм. Энд ирэхээсээ өмнө ширээний теннисний спорт ямар хэмжээнд хөгжсөнийг интернэт, сайт, цахим сүлжээгээр судлахад мэдээлэл төдийлөн олдоогүй. Тиймээс очиж байгаад уулзан ярилцаж, орчин нөхцөлтэй нь танилцахаар шийдсэн. Монголд өнгөрсөн жилийн хавар хөл тавихад миний төсөөлснөөс ч илүү хөгжилтэй улс угтсан. Нуугаад яах вэ, шигшээ багийн тамирчидтай танилцахаас өмнө би тоглох арга барил, техник тааруухан болов уу гэж бодож байлаа. Тэгтэл эсрэгээрээ техник нь тун дажгүй, харин бэлтгэл хийх систем нь тийм ч сайн санагдаагүй
-Таныг ирэхэд Токиогийн олимпын товлосон хугацаа дөхчихсөн, манайхан ч эрх авсан тамирчдаа амжилттай оролцуулах сан гэж хүлээж байсан үе л дээ.
-Намайг ирснээс хоёр сарын дараа Токиогийн олимп эхэлсэн. Тамирчдын хувьд өдөр бүр бэлтгэл хийхэд хоёр сар богино хугацаа биш. Токиог зорих тамирчдыг Эко, Хандгайт дахь спорт цогцолборт тус бүр нэг сар бэлтгэл хийлгэсэн. Өглөө 06.00-21.00 цаг хүртэл шаргуу бэлдэхэд Б.Болор-Эрдэнэ ядарч, шантарсандаа зарим өдөр уйлж байсан болов уу. Олимпод оролцсон бусад орны тамирчдын бэлтгэл хийх цагийн хуваарьтай тэднийхийг харьцуулахад илүү ачаалалтай байсан. Миний хувьд олимпын наадмын тэмцээнд оролцож үзээгүй ч Токиод тоглох Монголын тамирчдын ур чадварт тодорхой үр дүн гаргая гэж зорьсон. Олимпын дэвжээ хэцүү. Би ч, тамирчид ч өөрт байгаа бүх нөөц бололцоогоо дайчлан гаргаж бэлтгэл хийгээд л оролцсон. Тэр их өрсөлдөөнөөс нэг хожил авах амаргүй. Юутай ч сэтгэл гонсойлгоогүй. Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийг БНСУ-ынхтай харьцуулах хэцүү. Тэд дэлхийн шилдэг дөрвөн багийн нэг. Тиймээс ур чадвар, техниктэй нь зүйрлэхэд хол санагдаж байна. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багийнханд боломж бий. Гадаадын орнууд шиг ихээхэн хөрөнгө зарцуулдаггүй юм гэхэд боломж, орчин нөхцөлийнхөө хэмжээнд анхаарал хандуулбал нэг их дутах зүйлгүй. Спортод дэмжлэг хамгийн чухал. Зөв системээр ажиллахад богино хугацаанд сайжирч, чансаагаа ахиулах боломжтой.
-Дасгалжуулагчийн хувьд Азиас ямар орны тамирчдыг судалсан бэ. Таны ажигласнаар манайхан юун дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна.
-Катарын Дохад өнгөрсөн жилийн намар болсон Азийн АШТ-д Монголын эмэгтэй тамирчид XII байрт жагссан. Казахстан, Узбекистан, Энэтхэг, Индонезийн теннисчид онооны хол зөрүүгүй Монголын багийн өмнө нь бичигдсэн болохоор түлхүү судаллаа. Тэдгээр орны шигшээ багийн тамирчид жингийн илүүдэлтэй, тоглох техник нь хоцрогдсон харагдсан. Тиймээс эмэгтэй тамирчдын жинг хасаж, булчингийн массыг нь хөгжүүлэхийг зорьж байна. Булчингийн масс хөгжихөд хурд, хүч түлхүү гаргадаг. Мөн БНСУ, БНХАУ-ын тамирчдын тоглодог теннисний орчин үеийн техникийг холбож давуу тал болгон бэлтгэл хийлгэж байгаа. Ирэх зургадугаар сард болох Универсиад наадам, есдүгээр сард зохион байгуулах Азийн наадмын тоглолтод эмэгтэйчүүдийн багийг эхний найман байрт багтаах зорилго тавьсан. Миний хувьд тамирчин бүртэй тулж ажиллах нь чухал. Тэдэнтэй аль болох нээлттэй харилцаж, тоглох техникт нь юу болох, болохгүйг мэдэх боломжтой. Дасгалжуулагчийн хувьд орчин үеийн теннисний техникээр бэлтгэл хийлгэдэг. Энэ бол миний давуу тал. Надад тамирчидтай хамт тоглож, бэлтгэл хийлгэх илүү үр дүнтэй. Ингэснээр тэдний давуулах бөмбөгний эргүүлэг, хурд, техник, ур чадвар хэр ахиж байгааг мэднэ.
-Тамирчдын заримтай нь та нас ойролцоо харагдана. Анх ирсэн үеэ бодвол манайхантай одоо найз нөхдийн найрсаг харилцаатай болсон биз?
-Ирснийхээ дараахан тамирчидтай англиар ярихад эхэндээ ойлголцоход амаргүй байлаа. Бэлтгэл хийлгэх явцдаа монгол хэл хурдан сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр үеийг бодвол тамирчдын ярьж байгаа зүйлийг одоо ойлгодог боллоо. Хүн болгоны зан чанар, хүлээж авах байдал, бэлтгэлийн ачаалал даах чадвар өөр. Эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Б.Должинзуу нарын ур чадвар өмнөхөөсөө илүү ахисан бол зарим нэгнээс нь ахиц, дэвшил төдийлөн харагдахгүй байна. Тиймээс тамирчдын буруу зүйлийг нь засаж, ахиц гаргахад анхаарч байгаа. Бэлтгэл хангалттай хийсэн ч харуулах үр дүн чухал шүү дээ. Хэдийгээр өөрт нь сайжирсан санагдаж байгаа ч гадаадын тэмцээнд хэрхэн тоглохыг таашгүй. Залуу тамирчдад туршлага зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын улмаас тэмцээнийг өмнөх шигээ зохион байгуулж амжихгүй байна. Юутай ч энэ жил болох тэмцээнүүдэд хэр дасгалжуулсныхаа үр дүнг харъя.
-Монголын жүдо, бокс, чөлөөт бөх гээд хүчний спортын дасгалжуулагч голдуу хижээл насныхан байдаг. Шигшээгийн тамирчдыг нас залуу дасгалжуулагч удирдаж байгаа нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан. Та ид тоглож байх насандаа арай л эрт зодог тайлчихсан санагдах юм.
-Би хоёр жилийн өмнө тамирчны карьераа өндөрлүүлсэн. Спорт өндөр хөгжсөн оронд өсвөр, залуу үеийнхний залгамж халаа хүч түрэн гарч ирдэг. Залуу хүнд дасгалжуулагчийн ажил амаргүй. Зодог тайлсныхаа дараа өөрийн клубээ байгуулаад ажиллаж байтал БНСУ-ын ширээний теннисний холбооноос Монголын тамирчдыг дасгалжуулах даалгавар өгсөн. Тэндхийн холбоо ирээдүйн тамирчдаа эртнээс бэлтгэж байгаа тул дасгалжуулагчаар ажиллах хүн ховор болсон. Тиймээс гадаад руу туршлага солилцох зорилгоор явуулж байгаа. Сүүлийн үед хөгжилтэй орны дасгалжуулагчдын нас залуужих боллоо. Япон, Хятадын шигшээ багийн дасгалжуулагчид харьцангуй залуу шүү дээ. Дэлхийн олон улс ийм өөрчлөлтөд орсон болохоор Монгол дасгалжуулагчдын нас хойшдоо залуужих байх.
-Ширээний теннисээр хэдэн наснаасаа хичээллэсэн бэ?
-Би ширээний теннисээр 10 настайдаа, үеийнхнээсээ хожуу хичээллэсэн. 13 наснаасаа амжилт гаргаж, Зүүн өмнөд Азийн “Итгэл найдвар” тэмцээнд II байрт шалгарч байв. Түүнээс хойш энэ байрнаас нэг хэсэгтээ л ухраагүй, бас урагшлаагүй. Миний үеийнхнээс И Жин Гүон байнга тэргүүлнэ. Тэрбээр надаас өмнө хичээллэсэн болохоор сурагч байхдаа шигшээ багт дуудагдаж тоглосон. Миний хувьд цэргийн алба 2.5 жил хааж ирсний дараа 26 настайдаа шигшээ багт хөл тавьсан юм. Ширээний теннисээр хүүхдүүдийг таван наснаас нь хичээллүүлэх тохиромжтой. Бага байх үедээ гартаа мэдрэмжтэй болбол 10 наснаас амжилт гаргаж эхэлнэ. Солонгосын ширээний тенниснээр хичээллэх системээс монголчуудынх өөр юм билээ. Манайд бол хүүхдүүдийг багаас нь хичээллүүлдэг. Багш нар нь бага, дунд, ахлах гэх зэргээр шаталсан сургалтаар бэлтгэж, ур чадварыг нь ахиулна. 5-8 нас хүртэл бэлдээд сайн тоглож сурахаар нь дараагийн шатны багшид хүлээлгэж өгдөг юм.
-Таны танилцуулгыг хараад 2008 оноос амжилт гаргаж эхэлжээ гэж ойлголоо.
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Би 19 настайдаа амжилт гаргаж эхэлсэн. Учир нь тэмцээнд байнга түрүүлдэг И Жин Гүон “Samsung”, харин би “KT&G”-ийн мэргэжлийн багт тоглох болсон. Миний хувьд 23 нас хүртлээ туршлага тодорхой хэмжээгээр хуримтлуулсан болохоор амжилтаа ч өмнөхөөсөө ахиулсан. Намайг амжилт гаргаж эхлэх үед миний үе тэнгийнхэн хэдийн дэлхийн шилдэг теннисчид болсон байв. Тухайлбал, Хятадын Ма Лонг, Зан Жике, Германы Дмитрий Овчаров, Португалын Тьягу Аполониа. Тэд бол хүчирхэг тоглогчид. Дэлхийн шилдгүүдийн олонхтой нь тоглож үзсэн ч хожоогүй. Тэднээс Токиогийн олимпын аварга, Японы Жун Мизутанийг Чили улсад болсон залуучуудын ДАШТ-д багийн төрөлд хожиж байв. Тэрбээр олимпын наадмын дараа зодог тайллаа.
-Өмнөд хөршийнхөн БНСУ-аас дасгалжуулагч урьж, тамирчдаа бэлтгэл хийлгэдэг үү?
-Хятадын теннис сонирхогчид нь БНСУ-ын хүн амтай тэнцэнэ. Тэнд 50 сая хүн ширээний теннис тоглодог тул өрсөлдөөн ихтэй. Тухайн улс ширээний теннисийг топ спортын төрөлд тооцдог болохоор дэмжиж, бодлогоор хөгжүүлдэг. Солонгос дасгалжуулагчид тэнд очихдоо туршлага солилцож байснаас хичээл зааж үзээгүй. Тэдний системийг Солонгост хэрэгжүүлэх хэцүү. Өөрөөр хэлбэл, тамирчдынх нь бэлтгэл хийдэг систем манайхаас тэс өөр. Ширээний теннисний талбарт сүүлийн үед япончууд цахиур хагалах болсон. Тэр хэрээр хөрөнгө оруулалт, сургалтын систем, теннисний нарийн техникүүдийг судалж эхэллээ. Солонгосчууд өөрийн байр сууринд эргэж очихын тулд залуу хүнийг шинэ ерөнхийлөгчөөр томилж, нэг хэсэгтээ л тасарсан мэргэжлийн лигийн тэмцээнээ сэргээсэн. Хоёр сая ам.долларын шагналын сантай лигийн тоглолт тэнд тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
-Тамирчдаа дэлхийн шилдэг болгож чаддаг өмнөд хөршийнхний бэлтгэлийн нууц “түлхүүр” чухам юунд байгаа нь сонирхлыг тань татдаг биз?
-Өмнөд хөршийнхөн дотоодын өрсөлдөөнөөс шилдэг тоглогчдоо бэлддэг. Тэднийг сайн тамирчин болгохын тулд судалгааны тусгай баг ажилладаг. Судалгааны багийнхан шилдгүүдийн тоглох техникээс гадна зан чанар, үйл хөдлөл, дадал зуршил, тэмцээний үед гаргадаг алдаа, дутагдлыг нэгбүрчлэн судалж, дасгалжуулагчдад танилцуулдаг. Энэ нууцыг нь дэлхийн олон улс мэднэ. Тэд 1987-1995 он хүртэл Шведийн багийг дийлэхээ больж, найман жил уйгагүй судалсан. Европынхны хойд талаараа сайн довтолгоо хийдгийг ази болгон хөрвүүлж, тэгж тоглох тамирчдыг бэлтгэж чадсан. Үүнийг сурсан тамирчид нь ч авьяастай. Тэднийг төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхэд судалгааны баг нь чухал нөлөө үзүүлдэг. Хятадууд топ спортынхоо төрлүүдэд их хөрөнгө зарцуулдаг. Тэдний амжилтын нууц үүнд л байгаа болов уу.
-БНСУ-д оюутан тамирчны амьдрал хэр ачаалалтай байдаг бол?
-Намайг оюутан байхад Солонгос орчин үеийн теннис рүү дөнгөж шилжиж байсан тул амрах завгүй бэлтгэл хийлгэдэг байлаа. Томоохон тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам өдөрт дөрвөн удаа 12 цаг бэлтгэл хийнэ. Ачаалалтай үед шантарч, хаямаар санагдах тохиолдол бишгүй л байсан. Хэдэн цагаар хичээж бэлтгэл хийсэн ч дорвитой амжилт гаргахгүй юм гээд болих талаар бодсон үе ч олон. Миний тоглодог мэргэжлийн баг сургалтын төлбөрийг минь төлдөг байлаа. Оюутан цагийн амьдралаа тэмцээнээс тэмцээнд оролцож, теннис тоглож өнгөрүүлсэн дээ.
-Таны олон түрүүнээс “Australian open” тэмцээний ганцаарчилсан төрөлд 2011, 2012 онд аварга болсон тоглолт сонирхол их татлаа.
-Миний хувьд гадаадын томоохон тэмцээнд оролцож амжилт гаргасан нь тэр. Надад ч сайхан дурсамж үлдээсэн. 2011 онд дээр өгүүлсэн нутгийн тамирчныг, дараа жил нь Английн теннисчнийг хожиж түрүүлсэн юм. Би тэр үед армид цэргийн алба хааж таарсан. Тус тэмцээнд тоглох урилга ирснээр оролцож байлаа. “Aus¬tralian open” тэмцээний шагналын сан өндөр болохоор тэнд амьдардаг хятад тоглогчид оролцож, өрсөлдөөнтэй болгодог. Тэдэнтэй тоглож шигшээд шалгарах амаргүй. Намайг дараалж аварга болсны дараа Австралийн ширээний теннисний холбооноос “Та энд иргэншилтэй болж, манай улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцооч” гэж санал тавьсан.
-Нэр хүндээ өсгөх ийм ховор боломжийг тамирчид хүсэж, мөрөөддөг шүү дээ. Та яагаад татгалзсан юм. Тэнд сэтгэлийг тань татах зүйл нэгээхэн ч байгаагүй хэрэг үү?
-Тэр үед шийдвэр гаргахаас илүү амжилт минь чухал байсан. Тэгээд ч энэ талаар бодох сөхөө ч байгаагүй. Би дасгалжуулагчаар ажиллах гэж зориогүй. Намайг үлдээх зүйл тэнд байгаагүй л дээ. Гадаад руу олон удаа явахаар сүүлдээ сонирхолгүй болчихдог.
-Өмнө нь хэзээ ч хожиж байгаагүй өрсөлдөгчөө буулгаж авсны дараа танд олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн мэт санагдсан байх даа?
-Их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Би түүнд арван жил хожигдсон, бага хугацаа биш шүү дээ. Түүнийг 22 настайдаа дотоодын тэмцээнд нэг хожиж байв. “Australian open” тэмцээнд түрүүлснээс хойш түүнд дахиж ялагдаагүй. Аль ч улсын арми хатуу, чанга байдаг. Арми миний хүүхэд байх үеийн сэтгэхгүйг арилгаж, өөр хүн болгож өөрчилсөн. Өмнө нь дотооддоо чансаагаараа 25-д жагсдаг байсан би алба хаах хугацаандаа тэмцээнүүдэд оролцсоноор байр урагшилж, эхний гуравт эрэмбэлэгдэх болсон.
-БНСУ-ын ширээний теннисний холбооноос таны гэрээг сунгасан уу, эсвэл та өөрийн хүслээр хойшлуулав уу?
-Миний хувьд БНСУ-ын ширээний теннисний холбоотой гэрээтэй ажилладаг. Тиймээс гэрээг нэг жилээр сунгасан. Би шигшээ багийн тамирчдыг үр дүнд хүргэхгүй бол энд ажиллах шаардлагагүй. Хэрвээ тэндээс тааруухан ажиллалаа гэж дүгнэвэл дуудах л байх. Ажлаас минь тодорхой хэмжээгээр үр дүн харагдвал Монголд цаашид ч байх магадлалтай. Үүнийг хамтын хүч, хөдөлмөр, зүтгэл, зорилго харуулна. Би хичээсэн ч тамирчид дорвитой амжилт гаргахгүй бол нутаг буцах бас нэг шалтгаан болно. Тэгэхээр үүнийг би ч бас шийдэхэд хэцүү. Тэнд дасгалжуулагчийн нөөц бага байгаа. Эх орондоо ирж ажилла гэвэл явахаас өөр аргагүй. Ямар нэгэн шалтгаан үүсэхгүй бол Монголд байна.
-Польшийн I лигт тоглож, 2015-2016 онд нээлттэй тэмцээнд оролцжээ. Тэндээс хүсэлт тавихад та бас л яваагүй. Хэрвээ холбоо тань даалгавар өгөөгүй бол тус улсыг зорих байсан уу?
-Польшид ширээний теннис өндөр хөгжсөн. Би нэг сар тоглочихоод эх орондоо болох тэмцээнд очиж оролцдог байлаа. Тэнд байх цаг хугацааг завгүй өнгөрүүлсэн. Тэндээс хоёр ч удаа урилга ирсэн. Эхнийхэд нь амжихгүй болсон тул яваагүй. Дараа нь миний тоглож байсан багийн эзэн ширээний теннисний холбооны ерөнхийлөгч болж, нутагтаа ирж тоглохыг санал болгосон. Явахаар зэхэж байтал цар тахал дэгдсэн. Тэгтэл манай холбооноос Монголд ажиллах үүрэг өгсөн тул татгалзаж чадаагүй.
-Манайд улс тунхагласны баяр арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог. 1924 оны энэ өдөр Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, дэлхийд тусгаар улс болсноо зарлан тунхагласан түүхтэй. Та монголчуудын тэмдэглэдэг түүхэн баярын өдөр мэндэлжээ.
-Монголтой холбоотой зүйл надад байдаг юм. Эхнэрийн минь ширээний теннис тоглодог нэг найз нь оюутан байхдаа “Yuna” рестораныг ажиллуулдаг монгол охинтой ойр дотно нөхөрлөдөг болсон. Би ямар нэгэн зүйлээр монголчуудтай холбогдоод байх шиг санагддаг. Өөрт минь тийм нэг мэдрэмж төрдөг юм.
-Монголд ирээд хамгийн түрүүнд ямар үг сурсан бэ?
-“Урагшаа, довтол”. Энэ үгийг ажлын шаардлагаар түрүүлж сурсан. Хамгийн сүүлд цагаан толгойн сүүлийн үсгийг цээжиллээ. Би Монгол хэлийг шаргуу сурч байгаа. Монголчуудын цагаан толгойн үсгийг эхнээс нь дуустал цээжлэх тун амаргүй санагдсан шүү.
-Монголчуудын үндэсний өв соёл, түүхтэй тухтай танилцах чөлөөт цаг гардаг уу?
-Азийнхан зарим зүйлээрээ төстэй. Солонгосчуудын ёс заншил монголчуудынхтай ойролцоо. Би Чежүд өссөн. Тэнд монголчуудын өдөрлөг болдог. Циркийн морьтой үзүүлбэр тоглохыг нь цөөнгүй харсан. Монголчуудын моринд хайртай, унаж, сургахдаа эрэмгий байдаг нь сонирхол татдаг. Тэр дундаа морины уралдаан үзэх дуртай. Боломж гарвал дахиж үзнэ. Монголчуудыг үндэснийхээ баяр наадмыг хүндэлтэйгээр тэмдэглэж өнгөрүүлдэг тухай өмнө нь сонссон. Гэхдээ одоогоор тэр баярыг үзэж амжаагүй л явна. Улаанбаатарын төв талбайд өнгөрсөн зун морьтой хүмүүс жагсахыг хараад наадам болох нь гэж бодсон. Дараа нь хүмүүсээс сонирхоод асуутал “бослого” байсан шүү (Инээв). Энд “Е mart”, “CU” зэрэг сүлжээ, ресторан байдаг болохоор хоол ундны хувьд үгүйлэх зүйл ховор гардаг. Монгол хоолноос бууз, хуушуур идэх дуртай.
-Гэр бүлээ танилцуулаач. Танайхан спортод хэр дуртай вэ?
-Гэрийнхнээсээ спортоор хичээллэсэн нь би. Аав, ээж минь барилгын компани ажиллуулдаг. Дүү архитектор, эхнэр зураач мэргэжилтэй. Би теннисний клубээ орхиод ирсэн болохоор эхнэр минь хариуцан ажиллуулж байгаа. Манайх ихэр хүүхэдтэй. Эхнэр ажилтай тул хүү, охиныг минь аав, ээж асран халамжилдаг. Монголд нэг хэсэгтээ төвхнөвөл гэр бүлээ авчрах бодол бий. Гэрийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж байж шийднэ. Учир нь бэлтгэлийн зааланд тамирчдыг дасгалжуулж өнждөг болохоор гэр бүлдээ халамж, анхаарал тэр бүр тавьж чадахгүй байх.
-Тамирчдыг минь амжилтад хүргэхээр зорьж байгаа тань сайхан санагдлаа. Та нээлттэй, хөгжилтэй, найрсаг хүн юм. Нууц биш бол өөрийгөө ямар хүн бэ гэдгийг үнэнээр нь тодорхойлооч.
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Багаасаа тэмцээнд оролцсон болохоор олонтой харилцаж, нээлттэй өссөн. Чөлөөт цагаараа ойр дотно нөхөрлөдөг найзуудтайгаа хөгжилдөх дуртай. Би эх орноосоо Монголын тамирчдыг амжилтад хөтлөх даалгавартай ирсэн. Тиймээс зорьсноо хэрэгжүүлнэ. Миний удирдлагад бэлтгэл базаасан Монголын үндэсний шигшээ багийн тамирчид Универсиад болон Азийн наадмын тоглолтод шилдэг наймд шалгарвал тэр үед “Таван цагариг”-ийн уншигчидтай дахин уулзахыг хүсэж байна.
-Танд Монголын спорт сонирхогчид итгэл, найдвар хүлээлгэж байгаа. Тиймээс нутаг буцна гэвэл тань дурамжхан л байх болов уу?
-Тэгвэл намайг Солонгос руу явуулмааргүй болтол Монголын теннисчид амжилт гаргах хэрэгтэй болох нь дээ (инээв). Би энд ирээд багагүй хугацааг үдлээ. Хүмүүсийг нь харахаар жүдо, бокс, бөх гээд биеийн хүчний спорт сонирхож их үзэх юм. Олимпын наадмын төрөлд спорт тоглоом багтсан. Миний ажигласнаар танайд заалны спорт илүү хөгжих боломжтой. Дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай, өвөл нь хүйтэн байдаг энэ оронд иргэд нь зааланд ширээний теннисээр хичээллэвэл эрүүл мэндэд нь тустай. Спорт сонирхогчид нь тамирчдаа дэмжээд, теннис тогловол би баяртай хүлээж авна. Солонгост Монголынх шиг уудам тал байхгүй. Гэсэн ч эх орондоо спортын төрлүүдийг хөгжүүлж чадсан. Монголд хаашаа л харна тал газартай. Улаанбаатарт иргэдээ хичээллүүлэх спортын хотхон, дүүрэг байгуулаасай. Хотоос гараад талтай золгохоор ийм бодол өөрийн эрхгүй төрдөг. Тал нутагтаа барилга бус, спорт хороолол байгуулбал монголчууд хөгжилд хүрнэ.