Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө. "Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татаж авлаа. Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татан авч эх оронд нь ирүүлэх ажлыг Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгуулж байна. Польшийн хил нэвтэрсэн нийт иргэдээс 18 иргэн Монгол руу ниссэн бол гурав нь хэдийнэ эх орондоо ирсэн. Харин 15 нь Истамбулд байна. Тэд маргааш эх орондоо ирнэ. Киевээс ахиад гурван иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Үүн дунд монгол иргэнтэй гэр болсон киргиз хүн байна. Тэднийг удахгүй татаж авна.
Манай улс гадаад бодлын үзэл баримтлалынхаа дагуу энхийг эрхэмлэсэн нээлттэй олон тулгуур зарчмыг баримталдаг. Иймд Монгол Улс хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, галыг зогсоож намжаах нь чухал гэдэг байр суурьтай байна. Байгалийн хийн хоолойн гэрээ нь урьдчилан төлөвлөсөн байсан ажил. Дайны үетэй холбоогүй. Украинд Монголын элчин сайдын яам, консул байхгүй. Харин өргөмжит консул нь Киев хотод байдаг. Польш улс дахь элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид дөрвүүлхнээ 24 цагаар ажиллаж оюутан татах ажлыг гүйцэтгэсэн" гэлээ.