“Ган хийц” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер М.Даваасүрэнг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урилаа. Түүнтэй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хэрхэн оролцсон, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай болох нь хувийн хэвшилд хэр ач холбогдолтой талаар ярилцсан юм.
-Танай компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад голлох үүрэгтэй оролцсон. Цар тахлын үед хил, гаалийн хүндрэлээс болж танай төмөр замын дэр бетон үйлдвэрлэлд саад бэрхшээл хэр учирсан бэ?
-“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого-2010”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой 2019 оны долдугаар сараас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих бүтээн байгуулалт эхэлж, “Ган хийц” компани төмөр замын дэр бетон үйлдвэрлэж, нийлүүлж оролцсон. Монголын дэр бетоны гурван үйлдвэр, Засгийн газар, холбогдох яамд төмөр замын энэ бүтээн байгуулалтад нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж чадсан учраас ямар ч хүндрэл бэрхшээл гараагүй. Манай компанийн хувьд Дорнод аймаг болон Улаанбаатар дахь хоёр үйлдвэрээсээ олон улсын чанарын шаардлагад нийцсэн, сайн чанарын 200 мянган ширхэг дэр бетон үйлдвэрлэн нийлүүлж, ажлаа цаг хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын хөгжлийн гарц бол төмөр зам гэж би эртнээс ярьж хэлж ирсэн учраас эх орны үйлдвэрлэгчийн хувьд энэ сайхан бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаа.
-Уг замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй юм биш үү?
-Бүтээн байгуулалтын бүх ажил нь дууссан. Одоо төмөр замд дохиоллын систем суурилуулах ажлыг Солонгосын компаниар хийлгэх л дутуу байгаа юм билээ.
-Танайхыг байнгын, тасралтгүй үйлдвэрлэл явуулсан ч Эрээн дээр үүссэн ачаа барааны бөөгнөрлөөс хамааралгүйгээр ажлаа явуулсан гэсэн нь их сонирхолтой санагдлаа. Танай бүтээгдэхүүнд импортын бүтээгдэхүүний орц байсан биз дээ?
-Байлгүй яах вэ, бэхэлгээ, арматураа л гаднаас авсан. Аливаа ажлыг маш сайн төлөвлөж, эрсдэлээ урьдчилан харж сурвал бэрхшээлгүй явуулж болдог. Шаардлагатай төмрөө манайх “Ковид-19” дэгдэхээс өмнө гадаадын нийлүүлэгч талтайгаа урт хугацааны гэрээ хийгээд, захиалаад авчихсан учраас ямар нэгэн хүндрэл байгаагүй. Нөгөө талаас бид бараагаа машинаар авчирч Эрээнд буулгаад, наашаа задгайгаар зөөдөггүй. Тухайн бэлтгэн нийлүүлэгчтэйгээ урт хугацааны гэрээ хийж, материалаа захиалдаг.
-Төмөр замын дэр бетон үйлдвэрлэлийн талаар хоёулаа эргээд ярина. Та үндэсний үйлдвэрлэгчийн хувьд Хөгжлийн банкны хариуцлагагүй байдлын тухай юу хэлэх вэ. Танайх Хөгжлийн банкны зээлтэй юү?
-Манайх Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Хөгжлийн банк баялаг бүтээх гэсэн хүнд зээл өгөх нь ховор. 2018 онд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гарц төмөр зам байна, тиймээс манай улсад төмөр замын дэр бетоны үйлдвэр хэрэгтэй гээд төслийнхөө ТЭЗҮ-ийг боловсруулаад би Хөгжлийн банканд өгч байлаа. “Засгийн газар энэ талаар одоохондоо төлөвлөөгүй байгаа учраас боломжгүй” гэсэн хариулт авсан. Гэтэл Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын 32 дугаар тогтоол аль 2010 онд гарчихсан л байсан шүү дээ. Төрийн бодлогын дагуу хувийн хэвшил нь хийж бүтээх гээд явахаар Хөгжлийн гэх банк нь ийм л эсрэг зүйл яриад байдаг.
Харин Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Монцемент” гээд Монгол Улсад хэрэгтэй хоёр үйлдвэрт тэднийх зээл өгсөнд баяртай байгаа. Жишээ нь, бид дээрх том бүтээн байгуулалтад оролцохдоо олон улсын шаардлага хангасан дээд зэргийн чанартай цементийг энэ хоёр үйлдвэрээс авч, төмөр замын дэр бетон үйлдвэрлэсэн. Цементээ гадаадаас зөөхгүй амар байна. Хятадаас оруулж ирдэг, хамгийн хямд, чанаргүй цементээ авсаар байсан бол тун аюултай. Адгийн наад зах нь хүчтэйхэн газар хөдлөлтөд байшин барилга тэсэж үлдэхгүй.
-Цаашдаа Хөгжлийн банкийг хэрхэн зөв ажиллуулах вэ. Зарим хэсэг нь энэ чигээр нь татан буулга гэх нь ч байна.
-Хөгжлийн банк байх ёстой. Би 1998 онд Сингапурын Хөгжлийн банкийг сонирхон судалж, үйл ажиллагаатай нь танилцаж байлаа. Сингапурыг Азийн бар улс болоход Хөгжлийн банкных нь үүрэг оролцоо маш их байсан гэдэг. Ерөнхийлөгч нь ард түмнээсээ дараах зүйлсийг хүсэж, сануулсан. Нэгдүгээрт, хүн бүр татвар төлөх ёстой. Хоёрдугаарт, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Гуравдугаарт, гадаад, дотоодын зээл, тусламжаар оруулж ирсэн мөнгийг илүү дутуу зүйлд зарцуулахгүй, зөвхөн хөгжлийн төлөө ашиглана гэж. Хөгжлийн банк нь арилжааны банк шиг үйл ажиллагаа явуулаагүй. Засгийн газраас нь “Манай улсыг хөгжүүлэхэд ийм ийм үйлдвэр, аж ахуйн газрууд байна” гэж хууль дүрэмдээ тусгаад Хөгжлийн банкандаа захиалга өгч, үйлдвэрүү дээ байгуулсан. Дараа нь менежментийн хувьчлалаар хувь хүмүүстээ өгчихсөн.
Харамсалтай нь, Сингапураас туршлага судалж ирсэн манай төрийн хүмүүс эсрэгээр нь, Хөгжлийн банкийг эрх мэдэл, албан тушаалтнуудад үйлчилдэг, банкуудыг тэжээдэг болгосон. Одоо энэ гашуун сургамжаасаа суралцаад, Хөгжлийн банкийг жинхэнэ улсын хөгжилд хэрэгтэй төслүүдийг санхүүжүүлдэг зөв замд нь оруулах хэрэгтэй.
-“Ковид-19” болон хойд хөрш, Украины нөхцөл байдал яалт ч үгүй манай улсыг “үйлдвэрлэгч” орон болох хэрэгтэйг ойлгуулж, нөгөө талаасаа шаардаж байх шиг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юунд анхаарвал зохилтой вэ?
-Одоогоор манай үйлдвэрүүдийн гаргадаг төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур, металл хийцүүд борлогдохгүйн зовлон алга. Яагаад гэвэл улсад хэрэгтэй учраас Хятад хилээ хаачихаар бүгд манайх руу зүглэж байна. Эх орныхоо маргаашийг харж ажлаа хийвэл ийм үр дүн гардаг. Түүнээс биш Эрээнээс хямд, чанар тааруу баахан бараа оруулж ирээд, ард түмэндээ өндөр үнээр шахах хэрэггүй. Өндгөө хүртэл зөөлгөж болохгүй. Өргөст хэмх, улаан лоолио өөрсдөө тарь л даа.
Өнгөрсөн 30 жилд хувийн хэвшил үйлдвэр байгуулахад Монголын Засгийн газраас дэмжих ямар ч бодлого байгаагүй. “Монголд хэрэгтэй ийм сайхан үйлдвэр байгуулчихаж, хэрхэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх вэ” гэж хэн ч боддоггүй. Ийм байхад манай улс хөгжихгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байж хөгжинө. Тухайн жилийн хөрөнгө оруулалтыг нь дараа жилийн татварын орлогоос чөлөөлж яагаад болохгүй гэж. УИХ, Засгийн газраас гаргасан 2050 он хүртэлх хөгжлийн бодлогод хөгжлийн ямар асуудлыг хувийн хэвшилд өгөх, ямар ажлыг нь төр хөрөнгө гаргаад хийлгэх вэ гэдгээ тусгасан. Үүний хэрэгжилтэд яамдууд нь анхаарч, бодлогоо боловсруулах хэрэгтэй.
-Төр бизнест хэт оролцоотой байгаа нь нөхцөл байдлыг жилээс жилд улам дордуулж, авлигыг улам гааруулаад байна. Та төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн хардаг вэ?
-Одоогоос 12 жилийн өмнө гарсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого буюу Засгийн газрын 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, 570 км төмөр зам бариулахын тулд Хөгжлийн банкны урт хугацааны зээлээр ч юм уу, эсвэл төр, хувийн хэвшилдээ итгээд “хөрөнгөө босгоод барьж, ашиглах, дараа нь төрд өгөх” нөхцөлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу явах хэрэгтэй. Ийм тохиолдолд хувийн хэвшил чөлөөтэй ажиллах хууль, эрх зүйн орчныг нь төр бүрдүүлээд өгчихөд л болоо. Өөрөөр битгий ойрт. Тэгээд хийж байгаа ажлынх нь чанарт хяналт тавих хүчтэй бүтэц бий болго. Бусдыг нь хувийн хэвшилдээ найдаж үлдээх нь чухал.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Сангийн яам саяхан боловсруулсан. Энэ нь үе үеийн Засгийн газрын 30 жилийн алдааг залруулах ёстой зүйл. Төр 50 хувийн ашигтай ажиллаж байсан бол хувийн хэвшил 50 дахин бага зардлаар хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар төр нь хувийн хэвшилдээ итгэж, үйл ажиллагааг нь дэмжиж, чанарын хяналтыг сайн тавих, хувийн хэвшил муу хийж байсан бол сайн хийдэг болох юм. Өндөр өртгөөр гүйцэтгэдэг байсан бол бага зардлаар, бүтээмжтэй техник, тоног төхөөрөмжөөр хийхийг чухалчилна. Тийм ч учраас “Ган хийц” компани зүүн бүсийн босоо тэнхлэгийн Хөөт-Бичигт-Чойбалсан чиглэлийн төмөр зам тавих саналыг Засгийн газарт оруулсан. Холбогдох яам, тамгын газарт хүргүүлсэн байгаа. Бид ганцхан зүйлийг хүлээж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг яаралтай батлаад өгөөсэй. Бид ТЭЗҮ боловсруулчихсан. Хамгийн бага зардлаар бариад өгье гэж байгаа.
-Танай компани төмөр замын бүтээн байгуулалтад оролцохдоо дэр бетоныг ямар үнээр нийлүүлсэн бэ. Арматур төмрийн үнэ хэт их өссөн нь нөлөөлсөн үү?
-Бид 2019 оны долдугаар сард төмөр замын ажил эхлэхэд нэг ширхэг дэр бетоныг 240 мянган төгрөгийн үнээр нийлүүлсэн. Өнөөдөр зах зээлд 245 мянган төгрөгөөр зарахаар хэлцэл хийж байна. Дэр бетонд хэрэглэдэг арматур нь барилгынхаас өөр. Маш нарийн технологитой, олон улсын стандартын шаардлага хангасан, тусгай зориулалтынх байдаг. Дэлхийн зах зээлд арматур төмрийн үнэ 650 ам.доллар байна. Өслөө өслөө гэхэд 2-3 сая төгрөг болно. Гэтэл дэлхийн зах зээлээс хэт өндөр үнэ тогтоодог ганзагын наймаачид манайд их байгаа учраас их үнэтэй байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Энэ нь бидэнд тун төвөгтэй байдаг.
Өнгөрсөн жил бид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн нэг км төмөр замыг нэг сая 20 мянган ам.доллароор барьсан. Гэтэл зарим газар гурван сая, зарим нь таван сая ам.доллароор барина гээд явж байна. Энэ бол мөнгө угаах гэсэн арга. Хувийн хэвшил мөнгөө гаргаж байгаа бол аль болох хэмнэлттэй зарцуулна шүү дээ.
-Арматур төмрөөс эхлээд хүссэн ч, эс хүссэн ч манай улс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол горьгүй байна. Мэргэжлийн хүний хувьд танд энэ талаар юу бодогдож байна вэ?
-Монголын хаягдал төмрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр зүсийг нь хувиргаад, бэлдэц хэлбэрээр гадагшаа юм уу, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт хэдхэн газарт түүхий эд материал бэлдэж өгдөг. Түүний оронд бэлдцээ ахиу хийгээд цувих үйлдвэрүүдэд нийлүүлэх хэрэгтэй.
-Цувих үйлдвэр гэдэг нь ямар үйлдвэр байх вэ. Манайд байхгүй биз дээ?
-Металлургийн үйлдвэр төмрийг том цул цулаар нь гаргадаг. Энэ хавтгай төмрийг халаагаад улайсаад ирэнгүүт нь ролкин дундуур гүйлгэхээр нарийн утас, булан төмөр болж гарч ирдэг. Тэр бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэггүй эд. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ийм маркийн гангийн бэлдэц гаргахад л болно. Тэрийг нь манайх худалдан авч, цувих үйлдвэр байгуулаад төрөл бүрийн арматур, булан төмөр хийнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн төмрийн хүдрээ боловсруулаад бэлдэц хийгээд байх юм бол Монголын баруун, зүүн, төв хэсэгт цувих үйлдвэр гурвыг байгуулахад хангалттай. Ийм маягаар байвал 250 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад манайх эхний хэрэгцээгээ хангана.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үүний төлөө менежментийн хувьчлалаар авсан ч олигтой ажиллуулахгүй байна. Хамгийн гол нь Монгол Улс 600 жил ашиглах 690 сая тоннын төмрийн хүдрийн нөөцтэй орон. Үүгээр эцсийн бүтээгдэхүүн хийж гаргах нь бидэнд чухал. Арматур төмөр Эрээнээр оруулж ирэх гэж зовохын оронд яаралтай хугацаанд цувих үйлдвэрээ байгуулах нь дээр. Үйлдвэр барих бол тийм хэцүү биш шүү дээ. Хувийн хэвшил дор нь барина.
-Бид хадаас ч үйлдвэрлэж чаддаггүй гэж их ярьдаг. Танайх 2010 онд ашиглалтад оруулсан хадаасны үйлдвэр хэр ажиллаж байна. Бас л түүхий эдийн асуудал гарах уу?
-Улаанбаатар хотод 25 тонн хадаас авчраад нийлүүлчихэд л манай улсын хэрэгцээг хангачихна. Утсыг нь авч ирээд, дотоодод үйлдвэрлэвэл улсын хэрэгцээг хангах боломжтой. Манай наймаачид л хамгийн хямд, толгойгүй, тавгүй, хайрцагнаас цаашгүй чанаргүй хадаас Хятадаас оруулж ирж бидний үйлдвэрлэлийг унагаадаг. Хятадын хадаас нэг кг-ыг нь 2600 төгрөгөөр худалдаж байна. Манай гаргадаг 80, 100 мм-ийн хадаас нэг кг нь 2100 төгрөгийн үнэтэй.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр хадаасны төмөр хийхгүй юү?
-Технологи нь байхгүй учраас хийж чадахгүй. Нарийн утсанд цувидаг машин нь байхгүй гэсэн үг. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг жилдээ нэг сая тонн хүдэр боловсруулж, 800 мянган тонн төмрийн бэлдэц хийнэ гэсэн зорилт тавьчихвал бид бүх төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Даанч төмөрлөгийн үйлдвэрийнхэн бэлдэц хийхдээ хойрго.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниуд санхүүжилтээ авч чадаагүй байна гээд л сонин хэвлэлээр бичигдэж байсан. Танайх гэхэд хэчнээн төгрөгийн авлагатай байгаа вэ?
-Манайх 3.9 тэрбум төгрөг авч чадаагүй байгаа. Энэ бүтээн байгуулалтад нийт 146 аж ахуйн нэгж оролцож, ажил гүйцэтгэсэн бөгөөд тэдний нийт төсөвт өртөг нь нэг их наяд 373 тэрбум төгрөг. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар компаниуд нийт 278 тэрбум төгрөгийн санхүүжилтээ аваагүй байгаа гэсэн үг. Манай дэр бетоны нийлүүлэлтийн дөрвөн үйлдвэр, гурван компани гэхэд нийт 38 тэрбум 23 сая төгрөг аваагүй байх жишээтэй. Энэ хийсэн ажлынхаа мөнгөөр компаниуд хөл дээрээ зогсож, ирээдүйгээ төлөвлөдөг. Үүнийг яаралтай шийдэхгүй бол цаашдаа ийм байдлаар хувийн хэвшил төртэй ажиллах боломжгүй. Нийгмийн даатгал, цалин, тээврийн зардал, татвараа төлж чадахгүй, алданги хүлээгээд сууж байгаа гэдгийг дахин хэлье. Хувийн хэвшлийнхнээр ажил хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байгаа бол адилхан хариуцлага хүлээж, аж ахуйн нэгжид ногдуулсан татварын хүү, торгуулийг төр хариуцдаг байх хэрэгтэй. Тэгээд хэн нь мөнгийг нь өгөхгүй удаасан байна гэдгийг тогтоож, ажлаас нь чөлөөлж, хатуу хариуцлага тооцдог байх нь зөв.
-Танайх бас шуудайны үйлдвэртэй гэсэн үү?
-Шуудайны үйлдвэртэй байсныгаа сая бүгдийг нь хаягдал төмөрт тушаачихлаа. Засгийн газар сүүлийн жилүүдэд гурилын жижиг үйлдвэрүүдийг бүгдийг нь дампууруулсан. Жижиг гурилын үйлдвэрүүд манайхаас 10 мянган шуудай авдаг байлаа. Нийт 32 аж ахуйн нэгжид жилдээ 2.1 сая ширхэг шуудай үйлдвэрлэж, нийлүүлдэг байсан. “Алтан тариа” гэхэд шуудайгаа 200-300 мянгаар нь Хятадаас авчихдаг.
-Эцэст нь “Ган хийц” хэмээх 30 гаруй жилийн түүхтэй үйлдвэр өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж, ямар үнэ цэнэ бүтээв гэж асууя.
-“Ган хийц” бол 1985 онд 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, ЭЗХТЗ-ийн тусламжаар байгуулагдсан үйлдвэр. 1990 он гэхэд хөрөнгө оруулалтаа нөхөөд дууссан. Жилдээ 6000 тонн төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалтай, улс ардын аж ахуйн бүх төрлийн металл хийц, 18 аймгийн болон бүх сумын уурын зуухыг үйлдвэрлэж байлаа. Үүнээс гадна тухайн үеийн 1500 үйлдвэрийн бүх металл төмөр хийцийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, нийлүүлж байсан.
1990-1998 онд ТӨХК, дараа нь хувьчлагдсан, Монголын барилгын салбарт үлдсэн цөөхөн компанийн нэг. 1998 онд Монгол Улсын шуудайны хэрэгцээг хангахаар “Ган ён пластик” үйлдвэр, 1999 онд бүх төрлийн металл хийцүүд, сэндвичэн хавтан, барилга угсралтын “Ган эрдэнэ констракшн”, 2005 онд “Ган хийц” сэндвичэн хавтангийн үйлдвэр, 2006 онд “Хүчитгэсэн бетон хийц” ХХК-ийг Дорнод аймаг болон Улаанбаатарт байгуулсан. 2009 онд “Хусандай” мөөгний үйлдвэр, 2010 онд хадаасны үйлдвэр, 2011 онд вакуум цонх, хаалганы үйлдвэр, 2012 онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Экономи энержи хийц” компанийг, 2016 онд төмөр замын дэр бетоны үйлдвэрийг Дорнод, 2020 онд төмөр замын дэр бетоны үйлдвэрийг Улаанбаатарт тус тус байгуулж ажилласан. Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн 32 жилийн хугацаанд XX зуунд үгүй хийсэн үйлдвэрүүдийг сэргээн босгож, бий болгосонд л манай хамт олны болон “Ган хийц”-ийн ололт оршдог.
Бэлтгэсэн И.Отгонжаргал