Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнөө эцэслэхээр хэлэлцээрийн ширээнд суусан ч шийдэж чадахгүй байна. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар МУИС-ийн Олон улсын харилцааны, нийтийн удирдлагын багш, олон улсын харилцааны судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-ОХУ, Украины хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөний гол шалтгааныг манай уншигчдад тайлбарлаж өгнө үү ?
-Тодорхой нэг шалтгаан тайлбарлах нь учир дутагдалтай. Ерөнхийдөө ОХУ, Украин, Барууны орнууд тэр дундаа НАТО зэрэг оролцогч талууд дайныг дэгдээхгүй байх боломжууд байсан боловч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй, үр дүнд хүрэлгүй байсаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж харж болохоор байна.
Украины хувьд дотоодод нь найман жилийн турш салган тусгаарлагч мужуудад нь зэвсэгт мөргөлдөөн өрнөсөн. Энэ нь гаднын улс цэргийн үйл ажиллагаа явуулах нэг шалтгаан болсон гэж үзэж болно. Мөн Украины аюулгүй байдлын чиг баримжаа Европ руу чиглэж эхэлсэн бөгөөд НАТО-д элсэх асуудал дэвшүүлсэн нь ОХУ-аас шийдэмгий арга хэмжээ авахад хүргэсэн байж магадгүй.
ОХУ-аас Украины ойролцоо цэрэг бөөгнүүлж эхэллээ гэх мэдээлэл өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш яригдсан. Энэ асуудлыг намжаах гэрээ хэлэлцээрийг ОХУ, НАТО хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Тухайлбал, ОХУ-аас тодорхой улсуудыг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа авах шаардлага тавьсан бол НАТО-гийн зүгээс гишүүнчлэлтэй холбоотой ямар нэгэн санал авахгүй гэх зэргээр хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Аль аль талдаа харилцан буулт хийхгүй байсаар зэвсэгт мөргөлдөөнд хүрлээ.
- ОХУ-ын талаас Украиныг НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл Украины хувьд НАТО-д элсэх нь ямар ашигтай болоод тэд Оросоос зөрөөд байгаа юм бол ?
-Орос аюулгүй байдлыг чухалчилдаг. Хил залгаа бүсэд НАТО орж ирэх нь аюулгүй байдалд нь заналхийлэл учруулна гэж Оросын талаас тайлбарлаж буй. Харин НАТО Украины саналыг хэрхэн шийдэх, хүлээж авах, эсэх нь одоог хүртэл тодорхой бус байна. Цөмийн зэвсэгтэй цэрэг, улс төрийн эвсэл болох НАТО нэг талаас, нөгөө талаас мөн л цөмийн зэвсэгтэй ОХУ хоорондоо нарийн тохиролцоонд хүрч чадаагүй. Үүнээс болоод Украины ойролцоо байрлаж байсан цэргүүд буцаагүй бөгөөд харин ч цэргийн ажиллагаанд хэрэглэж эхэлсэн.
- Хоёр талд дайны хурцадмал байдал үүссэнээр манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ ?
-Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг улам өргөжүүлбэл манай улсын эдийн засагт шууд бус байдлаар нөлөөлөх магадлал өндөр байна. Зарим улс орнууд агаарын хилээ хааснаар монгол руу ирэх нислэгүүд өөр чиглэлд нисэх шаардлагатай тулгарна.
Мөн манай улсын эдийн засгийн өсөлт, бууралт экспорт, импортын зардлаас ихээхэн хамааралтай. Иймд хоёр тал тодорхой шийдвэрт хүрч чадахгүй бол цаашдаа тээвэр, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй юм. Олон улсад газрын тосны үнэ савлаад эхэлбэл шатахуун, туслах материалын үнэ хэлбэлзэнэ. Өөрөөр хэлбэл, тус зөрчилдөөнийг тойрсон асуудлууд шууд бусаар манай эдийн засагт нөлөөлснөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл үүсэж болох юм.
Цар тахал намжаад эдийн засаг буцаад дөнгөж сэргэх хандлагатай байхад дахиад гадаад хүчин зүйл нөлөөлж эдийн засгийн өсөлтийг удаашруулах магадлал байна. Сөргөлдөж буй талууд маргаанаа хурдан шийдвэрлэх нь манай улсын эдийн засагт бага хохиролтой.
-ОХУ, Украинаас яг юуг хүсээд байна вэ. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол ?
-ОХУ өөрсдийн байр сууриа тодорхойлохдоо Украинд хоёр үндсэн шаардлага тавьсан. Нэгдүгээрт, Украинд байгаа нацист дэглэмийг байхгүй болгож, бүрэн цэвэрлэнэ гэж томьёолсон. Үүнийгээ Украины одоогийн төрийн дэглэмийг хэт үндэсний үзэлтэй нацистууд гэж үзэж байгаагаа, тэднийг өөрчлөх зорилготой байна гэж тайлбарласан.
Хоёрдугаарт, Украиныг зэвсэггүй, төвийн сахисан бүс болгоно гэсэн. Гэхдээ Украины хувьд дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөд хүнд байж болох юм. Учир нь тухай улсын төр, засгийн удирдлагыг өөрчлөх асуудлыг Украины талаас зөвшөөрнө гэдэг нь маш эргэлзээтэй. Одоогийн байдлаар гэрээ хэлэлцээрийн түвшинд эдгээр асуудлыг хэлэлцэж буй. Харин Украины талаас нэн даруй гал зогсоож, гадаадын цэрэг, зэвсгийг нутгаасаа гаргах шаардлагыг тавьж буй. Хоёр тал харилцан уян хатан байж л тодорхой шийдэлд хүрээсэй гэж найдаж байна.
-Өчигдөр талууд үүсээд байгаа маргааныг шийдвэрлэхээр хэлэлцээр эхлүүлсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өндөрлөсөн. Цаашид яах бол ?
-Аль ч тал нь энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн зүгээс гэрээ хэлэлцээрийн түвшинд асуудлыг шийднэ гэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Гэвч асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр хэлэлцээр хийх гээд оролдоод үзье гэж дурдсан.
Зөрчилдөөнийг хурдан шийдвэрлэхгүй бол бусад орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх, зөрчилдөөн нь бусад хэлбэрээр өргөжих магадлалтай. Дараагийн хэлэлцээрээс ямар үр дүн гарах нь сонирхол татаж байгаа бөгөөд бага ч болов шийдэлд хүрээсэй гэсэн хүлээлттэй байна.
-Украинаас иргэд дүрвэж байна гэх мэдээлэл байсан. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ ?
-Зөрчилдөөний үед олон талын эх сурвалжаас мэдээлэл авах нь чухал. Олон улсын хэвлэл мэдээллүүдийн хэрэгслээр Украинаас иргэд дүрвэж байна гэх мэдээлэл гарсан. НҮБ-аас мэдээлснээр Украинаас Европ руу 500 мянган иргэн 6 өдрийн дотор дүрвээд байна. Өөрөөр хэлбэл, дайны байдалтай байгаа орноос хагас сая хүн хөрш зэргэлдээ орон руу дүрвэжээ. Үүнтэй холбоотойгоор Украинтай хил залгаа орнууд дүрвэгсдэд үзүүлдэг хууль эрх зүйн шалгуураа зөөллөж ямар нэгэн бэрхшээлгүй нэвтрүүлж эхэлсэн. Дүрвэгчдийн урт цуваа үүссэн гэдгийг бүх талын эх сурвалжууд мэдээлж байна.
-Ярилцсанд баярлалаа