Манай улсад рентген оношилгооны чиглэлээр эрүүл мэндийн 413 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдгээрт цацрагийн үүсгүүр бүхий 1084 аппарат, тоног төхөөрөмж ашигладаг. Үүний олонх буюу 60 хувь нь шүдний эмнэлгүүдэд байдаг гэнэ. Рентген оношилгооны чиглэлээр ажилладаг газруудад мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа шалгалт хийхэд болзошгүй эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөгүй, аюулгүй ажиллагааны дотоод хяналт, шалгалт хийдэггүй, мөн үйлчлүүлэгчдэд цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлдэггүй зэрэг зөрчил байнга илэрдэг аж. Түүнчлэн энэ чиглэлээр ажилтнуудаа ч сургаж, мэргэшүүлдэггүй юм байна. Тиймээс ийм зөрчил гаргасан байгууллагын талаар мэдээлэл өгөх, иргэд рентген зураг авхуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардахыг МХЕГ-аас зөвлөлөө. Мөн жирэмсэн бол эмчид заавал хэлэх, рентген зураг олон удаа авхуулахгүй байх ёстой гэв. Үүнээс гадна хүүхдэд оношилгоо хийх байгууллага эцэг, эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрөл авч, баримтжуулах ёстой юм байна.