Импрессионизм болон реализмын өнгө аясыг орчин үеийн хэв маягтай хослуулсан цэцэгсийн зургуудаар нь уран зураг сонирхогчид хэдийн мэддэг болсон зураач Л.Даваанямыг “Урлан”-даа урилаа. Тэрбээр жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Хээнцэр цэцэгс” цуврал үзэсгэлэнгээ дэлгэдэг. Өнөө жилийн үзэсгэлэнгээ “Norphei” арт галерейд дэлгэсэн бөгөөд энэ сарын 7 хүртэл үргэлжлэх юм.
-“Хээнцэр цэцэгс-3” үзэсгэлэн ямар онцлогтой вэ. Хэчнээн бүтээл дэлгэв?
-Өмнө нь “Бороо”, “Цэцгэн зүйрлэл”, “Хатан цэцэг”, “Хээнцэр цэцэг-1, 2” зэрэг бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ удаа сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд туурвисан 50-иад бүтээлээ дэлгэлээ.
-Яагаад голлон цэцэг зурдаг юм бэ?
-Би Баянхонгор аймгийнх. Яагаад ч юм бэ 2004 онд хотод оюутан болж ирсний дараагаас байгалийн болон таримал цэцэгс хараа булаах болсон юм. Би цэцгийг бурхны нүд гэж боддог. Учир нь баяр жаргал, уй гашуу гээд амьдралын ямар ч үед цэцэг хамт байдаг мэт санагддаг. Яг л цэцгийн дэлбээгээр дамжуулж бурхан хүний амьдралын мөчлөгүүдийг хардаг мэт санагддаг.
-Өөрийн харж, үзсэн бодит цэцэгсийг зурдаг уу, эсвэл төсөөллөөрөө “амилуулдаг” уу?
-Янз бүр дээ. Хөдөө явж байхад дуу алдам үзэсгэлэнтэй, маш гоё өнгөтэй, эсвэл өмнө нь харж байгаагүй цэцэгстэй таарна. Тийм үед завтай бол зурна, ядаж л тэмдэглэнэ. Амжихгүй бол гэрэл зургийг нь дарж авчихаад дараа нь зурна. Ихэнхдээ “Ийм тийм цэцэг яагаад байж болохгүй гэж” гээд л төсөөлнө, түүнийгээ буулгана. Эрчүүдийг мэддэггүй гэж байгаа юм биш шүү. Гэхдээ цэцгийн нэр, төрлийн талаар олонх эрчүүдээс илүү мэддэг болчихож. Сарнай гэхэд л хэчнээн олон төрөл байдаг билээ дээ. Тэр болгоныг харж, зурахын тулд тодорхой хэмжээгээр судална. Яваандаа ялгадаг болчихдог юм билээ.
-Импрессионизм бол олон өнгийн “тоглолт” гэдэг. Та ч бүтээлүүддээ олон, тэр дундаа тод өнгө ашиглажээ.
-Импрессионизмоор зурах, олон өнгөөр “тоглох”-ын тулд зохиомжоо маш сайн бодож, төлөвлөх ёстой. Харин би огт рисунок (зургийн зохиомж буюу хар зураг) гаргадаггүй. Зурахаасаа өмнө ингэж эхлээд, тэгж дуусгана гэж нүдэндээ бүрэн төсөөлсөн хойноо шууд л зотон дээр тосон будгаараа зурж эхэлдэг. Тэгээд л хурдхан дуусгачихдаг. Зарим нь төсөөлснөөс ч сайхан болно. Зарим нь огт санаанд хүрдэггүй.
-Санаанд тань огт хүрээгүйг нь хэрхдэг вэ?
-Тэгээд л орхичихдог. Хэсэг хугацааны дараа харахад хаана, хэрхэн алдсан нь мэдэгддэг юм. Гэхдээ тэгж засах дургүй. Анх зурж эхэлсэн үеийн мэдрэмж дахин давтагдахгүй шүү дээ. Тийм болохоор удаан бодож, хурдан зурдаг байх.
-Хамгийн удаан хугацаа зарцуулж туурвисан нь ямар бүтээл вэ?
-“Шугуй” гэж зургаа жил гаруйн хугацаанд зурж дуусгасан. 2018 оны шилдэг 10 бүтээлийн нэгээр шалгарч байлаа.
-Бүтээлүүддээ цэнхэр, ягаан өнгийг түлхүү ашигласан тань их сонирхолтой юм. Зураач нарт өөрийн мэдэлгүй “бариад авдаг”, байнга ашигладаг өнгө байдаг юм билээ. Тэр нь үү?
-Байж болох бүх л өнгийг ашиглаж, илүү сонирхолтой өнгө гаргаж зурахыг хичээдэг. Мэдээж цэцэг зурахад тод, гэгээлэг өнгөнүүдээр түлхүү “тоглоно”. Тэдгээрээс цэнхэрийн төрлийн өнгийг өөрийн мэдэлгүй барьчихсан суудаг. Цайвар цэнхэр, номин цэнхэр, гүн хөх гэхчлэн. Заримдаа түүнээсээ зугтаах гэж оролдоно. Гэхдээ бүтээл бүрт хийцийн ялгаа бий. Зураг болгоноо өнгийн сонирхолтой зохицол, шийдэлтэй байлгахаар зорьсон. Уран бүтээлч хүн яаж илүү шинэлэг, бүтээлээ бусдаас ямар нэг байдлаар өөр байлгах вэ гэж анхаарч, хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.
-Та багаасаа зурах дуртай байсан уу. Гэр бүлийнхэн дунд нь гарын уртай, уран бүтээлч хүн байдаг уу?
-Аавын ч, ээжийн ч талд гарын уртай хүн олон бий. Аав минь ч сайхан зурдаг. Би багаа саа зурах дуртай ч зураач болно гэж төсөөлж байгаагүй. Ахлах ангид багш “Хүүхдийн урлагийн их наадам болох гэж байна. Оролцоод үз” гэж ятгасан юм. Тэр уралдаанд оролцож, тэргүүн байрт шалгарсан. Тэргүүн байрын шагналын хамт “Од” дүрслэх урлаг, дизайн, технологийн дээд сургуульд суралцах урилга ирсэн юм. Тэгэхэд л би зураач болохоор шийдсэн дээ. Сурч байхдаа мэргэжлийнхээ амтанд улам дурлаж, сургууль дээрээ хонон өнжин л зурдаг байлаа. Олон хоног ядартлаа зурж суугаад гар татаж, сургуулийн захирал хүчээр гэрт минь хүргэж өгсөн хөгтэй түүх ч бий. Эл сургуульдаа суралцаж төгсөөд, 2010 онд “Их засаг” их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн сургууль болсноос нь хойш одоог хүртэл багшилж байна. Уран бүтээлч болох гэдэг амаргүй. Олон дунд хавчуулж, цавчуулахгүй, хүний доор орохгүй, зураач шиг зураач болох хэрэгтэй гэж бодож хичээсээр ирсэн. Үүнийгээ ч шавь нартаа захидаг юм.
-Өнгөрсөн жил та “Бороо” нэртэй үзэсгэлэн гаргасан. Бороонд бас дуртай юу. Яагаад байгалийн үзэгдлүүдээс бороог онцолсон бүтээлүүд зурж, үзэсгэлэн гаргасан юм бол?
-Би аливаа зүйлийн үнэрт илүү татагддаг төрлийн хүн. Яг л цэцгийн үнэрт дуртай шигээ борооны үнэрт хачин дуртай. Бороо орохын өмнөх сэнгэсэн үнэр, орсны дараах цээж дүүрэн бүтэн амьсгалмаар сайхан үнэр ямар гоё билээ. Тал нутагт өссөн болохоор ч тэр үү, талд бороо орсны дараа нар гарах, солонго татахыг харж, үзэсгэлэнг нь биширч өссөндөө ч юм болов уу, тэр мэдрэмжээ зурахыг хүсдэг юм. Тэгээд л “Бороо” үзэсгэлэнгээ гаргасан. Сүүлийн үед бороотой зураг их зурж байгаа. Дахин үзэсгэлэн гаргах бодол ч бий.
-Манайд уран зураг идэвхтэй цуглуулагч, галерей 50 гаруйхан бий гэдэг. Таны бүтээлүүдийг дотоодын цуглуулагч нар хэр сонирхдог вэ?
-Аль нэг зураачийн бүтээлийг дагнаж, эсвэл дүрслэх урлагийн, уран зургийн аль нэг төрлөөр дагнан цуглуулдаг хүн ч байдаг. Миний бүтээлүүд олонх цуглуулагч нарт бий. Ялангуяа цэцэгс. Айл гэр, албан байгууллагадаа өнгө нэмж, чимж байрлуулахад тохиромжтой болохоор авдаг ч байж магад. Нөгөөтээгүүр, гоё бэлэг. Хүнд цэцэг бэлэглэх нэг хэрэг, зурсан цэцэг бэлэглэх өөр хэрэг. Зураг нь амьдаас ч илүү мөн чанартай бэлэг болчихож байгаа юм. Бороотой зургууд, гэр хорооллын судалбар зургуудыг минь тэр чигт нь авсан цуглуулагч ч бий.
-Та олон улсын үзэсгэлэн, биеннальд оролцож байв уу. Оролцох бодол бий юү?
-2015 оноос хойш Монголын урчуудын эвлэлийн гишүүн болж, хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож байлаа. ӨМӨЗО, Өмнөд Солонгост үзэсгэлэнгүүдэд оролцсон. Дахин оролцох, эсэхийг одоо хэлж мэдэхгүй нь.
-Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах бол. Төлөвлөсөн үү?
-Миний гэргий бас зураач. Дараагийн үзэсгэлэнгээ ханьтайгаа хамтран гаргах хүсэлтэй. Ингэхдээ аж байдлын сэдэвтэй, монгол ахуй харуулсан бүтээлүүд туурвиж дэлгэх санаатай байна. Болж өгвөл ирэх тавдугаар сард амжуулчих бодол бий.
Бэлтгэсэн А.Тайшир