Казахстаны Алматы хотод өнгөрсөн сарын сүүлчээр цахимаар зохион байгуулсан Олон улсын математик, физик, мэдээлэл зүйн олимпиадад Монголын багш нар амжилттай оролцож, таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд буй. Үүний зургааг нь Нэгдүгээр сургуулийн математик, физикийн багш нар авсан бол Арваннэгдүгээр сургуулийнхан нэг, “Шинэ үе”-ийнхэн гурван медаль “шүүрсэн”. Энэхүү олимпиадаас гурав дахь удаагаа медаль хүртсэн багш эдгээрийн дунд цор ганц байгаа нь Э.Батзаяа. Тэрбээр 2020 онд тус олимпиадад оролцохдоо математикийн багш нарын ангилалд Монголын анхны түрүүг авсан бол өнгөрсөн жил дасгалжуулагчийн төрөлд гуравдугаар байр эзэлжээ. Харин энэ жил 2020 оны амжилтаа бататгаж, алтан медалиа “ихэрлүүлээд” буй юм.Э.Батзаяа багш дүүрэг, хот, улс, олон улсын болон нэрэмжит олимпиадуудад тогтмол оролцож, мэргэжлийн ур чадвар, чадал чансаагаа сорьсоор ирсэн бөгөөд 70 орчим медаль хүртсэнээс зонхилох нь алт, мөнгө аж. Мөн түүний шавь нарын дундаас улс, олон улсын олимпиадын медальтан цөөнгүй төржээ. Нэгдүгээр сургуулийн Математикийн заах аргын нэгдлийн ахлагч, математикийн аварга багштай ярилцсанаа хүргэе.
-Эх орон, мэргэжил нэгтнүүдийнхээ нэрийг олон улсад гаргасанд тань баяр хүргэе. Багш нарын дунд болдог энэ олимпиадын цар хүрээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Баярлалаа. Казахстан улс Жатыковын нэрэмжит олон улсын математик, физик, мэдээлэл зүйн олимпиадыг сурагчдын дунд тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ жил 18 дахь удаагаа боллоо. Тухайн улсын сурагчдыг хариуцсан багш, дасгалжуулагч нарын дундах олимпиадыг 2019 оноос зохион байгуулж эхэлсэн. Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам нь ийм шийдвэр гаргасан юм билээ. Эхний жил “Эрхэт эрдэм” дунд сургуулийн захирал Ч.Сугардорж математикийн төрөлд дэд байр эзэлж, тус олимпиадаас манай улсын анхны медалийг авчирсан байдаг. Харин 2020 онд анх удаа оролцохдоо би алтан медаль хүртсэн.
Нэгдүгээр сургууль Жатыковын нэрэмжит олимпиадад байнга оролцдог. Ахлах ангийн сурагчдаар голдуу багаа бүрдүүлдэг учраас тэднийг хариуцаж явах багш нь солигддог. Өнгөрсөн онд манай багш нар нэг мөнгө, гурван хүрэл медаль авч, нийлбэр дүнгээр гуравдугаарт жагссан. Энэ жил алт, мөнгө тус бүр гурвыг хүртсэнээр хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ олимпиадыг сүүлийн хоёр жил цахимаар зохион байгуулсан.
-Сурагчдын олимпиад нь саяхан болсон юм билээ. Танай сургууль хэр амжилттай оролцов?
-Хариуг нь өчигдөр (өнгөрсөн баасан гарагт) л албан ёсоор зарлалаа. Энэ удаагийнхад 20 орны 180 багийн сурагчид өрсөлдсөнөөс Нэгдүгээр сургуулийн гурван сурагч математикийн төрөлд хүрэл медаль хүртээд байна. Манайх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас энэ төрөлд түлхүү оролцож, амжилт гаргадаг.
-Үүнд оролцогчдод тодорхой болзол, шалгуур тавьдаг уу. Манай улсаас харьцангуй цөөн баг өрсөлддөг гэж дуулсан.
-Багш нарын тухайд ямар нэг шалгуур байхгүй. Гагцхүү аль нэг сургуульд багшилдаг байх ёстой. Монголоос олон багш оролцож чаддаггүйн шалтгаан нь хэлний бэрхшээлтэй холбоотой болов уу. Учир нь Жатыковын нэрэмжит олимпиадын даалгавруудыг орос, англи, казах хэлээр бичсэн байдаг. Багш нараас тодорхой түвшний хэлний мэдлэг шаарддаг гэсэн үг. Харин сурагчдад багш нар нь тусалж, даалгавруудыг орчуулдаг.
Энэ олимпиадын нэг онцлог нь багш, дасгалжуулагч гэсэн хоёр төрөлд болдог. Дасгалжуулагчийнхад мэргэшсэн багш нар оролцдог. Нөгөөх нь ерөнхий багш нарын дунд болдог. Түрүүлсэн багш нарыг дараа жил нь тухайн төрөлд оролцуулахгүй өнжөөдөг. Бусдадаа боломж олгох үүднээс ийм зохицуулалттай. Тухайлбал, би 2020 онд багш нарын ангилалд алт авсан учраас өнгөрсөн жил тэр төрөлдөө оролцоогүй, дасгалжуулагчийнхад өрсөлдсөн. Энэ дүрмийн дагуу анх оролцсон ангилалдаа өнөө жил өрсөлдөж, дахин алт авлаа. Хэрэв дараа жил оролцвол дасгалжуулагчийн төрөлд л өрсөлдөх эрхтэй.
-Багш нар олимпиадад оролцох нь ямар ач холбогдолтой вэ. Өөрийгөө хэр түвшинд буйг мэдэх, тодорхойлох чиг баримжаа болдог байх. Өөр юуг “тэнд”-ээс авдаг бол?
-Олимпиад чухал ач холбогдолтой. Сайн багш сайн шавь бэлтгэнэ шүү дээ. Бэлтгэсэн шавь нараас нь Олимпиадын хороо шигшиж авч, үндсэн багаа бүрдүүлээд, олон улсын хамгийн том олимпиад болох IMO (International mathematical olympiad)-д оролцуулдаг юм. Энэ хүртэлх үе шатыг тухайн сургуулийн багш нар хариуцдаг учраас байнгын бэлтгэлтэй байх ёстой гэж боддог.
Манай улсын сурагчид олон улсын олимпиадад сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлсээр буй. Олон жил зүтгэсэн алтан медалиа ч авцгаасан. Үүнийг багш нарын олимпиадын үр дүнтэй холбож тайлбарлах нь ч бий. Багш сайжрахын хэрээр сурагчдын түвшин ахиж байдаг учраас тэр шүү дээ. Сурагчийн амжилтад өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна багшийн дэмжлэг, оролцоо чухал.
-Монголд хэт олон олимпиад болж байна гэдэг. Зарим нь “Хүүхдүүдийг багаас нь уралдаанч сэтгэхүйтэй, медалийн араас хөөцөлддөг болголоо” гэж шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Олимпиад нэрийн доор олон хүүхэд цуглуулж, элсэлтийн ерөнхий шалгалтын тест маягийн дасгал ажиллуулдаг явдал нэлээд байсан. Хэт олон хүүхэд оролцуулснаас өнөөх нь замбараагүй, зохион байгуулалтгүй болсон тохиолдол цөөн бус. Энэ мэтчилэн шалтгаанаас болоод олимпиадын нэр хүнд нэг хэсэг унасан. Үнэндээ тэдгээр нь олимпиад биш, түргэн бодолтын уралдаан байдаг. Жинхэнэ олимпиадад бол сурагчдаар тест ажиллуулдаггүй, өөрсдөөр нь бодуулж, хариу гаргуулдаг. Цөөн тооны буюу 4-5 бодлого өгдгөөрөө онцлог. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Чанартай олимпиад цөөрөх нь байнгын бэлтгэлтэй байдаг, сайн түвшний хүүхдүүдэд хохиролтой. Өөрсдийгөө сорих, бэлтгэх боломж нь тэр хэрээр хаагддаг. Олон улсын томоохон уралдаанд оролцох сурагчдын хувьд дотоодын олимпиадууд бол их сунгаан юм. Спортоор бол олимпын өмнөх сорилго тэмцээнүүд гэж ойлгож болно. Тиймээс туйлширч, бүхэлд нь үгүйсгэх аргагүй. Зохион байгуулалт муутай, түргэн бодолтын уралдаан олширсноос болоод манай улсад олимпиадын арга хэмжээг хэсэг хугацаанд хориглочихоод буй. Хэдийнээс сэргээх нь тодорхойгүй байна.
-Э.Батзаяа багш дүүрэг, хот, улс, олон улсын чанартай цөөнгүй олимпиадад амжилттай оролцож, медаль хүртсэн юм билээ. Олимпиадын бэлтгэлд тусгайлан цаг гаргадаг уу, эсвэл өдөр тутмын ажил тань дасгал сургуулилалт болдог уу?
-Бэлдэх цаг үнэндээ хомс. Сургуулийн дотоод системийн хүрээнд багш нар долоо хоногт нэг удаа нийтээрээ сууж, бодлого боддог. Бусад үед хичээл заах явцдаа давхар суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг.
-Та хэдэн жил математикийн хичээл зааж байна вэ?
-Би МУИС-ийн Математик, компьютерын сургуулийн онолын математикийн ангийг математикч, математикийн багш мэргэжлээр 2000 онд төгссөн. Үүний дараа жилээс багшилж эхэлсэн. 2001-2004 онд 111, 2004-2008 онд 11 дүгээр сургуульд ажиллаж байлаа. Харин сүүлийн 15 орчим жил Нэгдүгээр сургуульд багшилж байна.
-Энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв. Дунд сургуульдаа математикт хэр сонирхолтой хүүхэд байсан бол?
-Сурагч байхаасаа математикт сонирхолтой, олимпиадад идэвхтэй оролцдог байсан. Гэхдээ тэр үед мэргэжлийн чиглэл байгаагүй. Сурагчдыг одоогийнх шиг гүнзгий түвшинд бэлтгэдэг, мэргэшсэн сайн багш ч ховор. Зарим үед хичээл заах багшгүй, олимпиадад өөрсдөө бие дааж бэлтгэдэг байлаа шүү дээ. Тиймээс “Математикаар л дагнана, мэргэжил эзэмшинэ” гэсэн шийдэмгий бодол байгаагүй. Аавынхаа адилаар цэргийн хүн болно гэж боддог байсан. Гэтэл тухайн үед зах зээлийн шилжилттэй холбоотойгоор хилийн цэрэгт санхүүжилтээс үүдэлтэй хүндрэлүүд учирч эхэлсэн юм билээ. Аав минь тэр үед намайг сонголтоо эргэж харахыг зөвлөсөн. Ингээд л дуртай хичээлээрээ суралцаж, багш болохоор шийдсэн дээ.
-Багш болгон өөрийн гэсэн заах арга барилтай байдаг. Та сурагчдадаа математикийн хичээлийг хэрхэн заадаг “жор”-оосоо хуваалцаач?
-Уламжлалт хэв маягийг л баримталдаг. Нарийн арга, жор гэсэн зүйл байхгүй. Үндсэн зарчим гэвэл хүүхдүүдээ түвшин, түвшнээр нь ангилж байгаад, түүнд тохируулж хичээлээ заадаг. Анги дүүргэлт, ачаалал их учраас ингэж ажиллахаас өөр аргагүй.
-Ерөнхий боловсролын сургуульд онолын хичээлийг түлхүү заагаад, хэрэглээний математикийг орхигдуулдаг гэж их ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Хүмүүс яг ингэж ярьдаг. “Тригонометр амьдралд ямар хэрэгтэй юм бэ” гэж хүртэл асуудаг. Харин би хариуд нь “Чи бол тамирчин. Одоо үзэж буй хичээлүүд чамайг хүчирхэг болгох дасгалууд юм. Биеийн тамирын хичээл хөнгөн, уран зохиол дунд, математик хамгийн хүнд дасгал. Чи сайн тамирчин болохын тулд бүх дасгалаа хийх хэрэгтэй. Бүр илүү амжилтад хүрье гэвэл хамгийн хүндийг нь хий. Хүндийг нь хийж сурсан хүн бусад дасгалд түүртэхгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үзсэн хичээл амьдралд шууд ашиглагдаж, үр нөлөө үзүүлэхгүй байж болох ч чиний оюун ухааныг задалж, хөгжүүлэхэд чухал дасгал болдог гэдгийг ойлгуулахыг зорьдог.
-Хүн болгон математикч болох албагүй гэдэг. Гэхдээ хүсвэл, хичээвэл бүх хүн математикийг ойлгох боломжтой юу. Зарим нь “Би байгалийн шинжлэх ухааны хичээлд угаасаа тааруу, математикт авьяасгүй” гэх зэргээр “хана” босгочихсон байдаг юм билээ.
-Бүгд ижил түвшинд ойлгож, хүлээж авах боломжгүй. Хүн бүрт өөрийн гэсэн багтаамж бий. Харин багш хүн тэр багтаамжийг нь дүүртэл хичээл заах хэрэгтэй. Манайхны дунд нэг нийтлэг ойлголт байдаг нь олон цаг хичээл заалгавал үр дүнтэй гэдэг. Харамсалтай нь тийм биш. Тухайн хүний ойлгох чадвар, хүлээж авах багтаамж юу юунаас ч чухал. Хоёр хүүхдэд яг ижил 100 цагийн хичээл заалаа гэхэд үр дүн нь харилцан адилгүй байна. 100 цагийн хичээл заалгасан хүүхэд 50 цагийн хичээл үзсэн хүүхэдтэй ижил түвшний ойлголттой байж ч болох.
Боловсролын салбарынхан сүүлийн үед “Олимпиад хэрэггүй, бүх хүүхдийг ижил түвшинд сургаж, хөгжүүлэх хэрэгтэй” гэж ярих болсон. Энэ бодлого ихээхэн учир дутагдалтай санагддаг. Дээр хэлсэнчлэн бүх хүүхдийн аливааг хүлээж авах, ойлгох түвшин харилцан адилгүй. Тиймээс тодорхой хэсэг нь манлайлж, бусдынхаа өмнө явах нь мэдээжийн хэрэг. Яах вэ, ийм бодлого хэрэгжүүлбэл “ар”-ын хүүхдүүд улаан шугам руу дөхөж магадгүй юм. Гэтэл тэдний урд яваа хүүхдүүд яах вэ. Бусдыгаа хүлээх үү. Бүгд ижил байх ёстой гээд өөрийгөө дарах уу. Уг нь бол аль аль нь сурч, өөрийнхөө хэмжээнд хөгжиж байх ёстой. Бүх сурагчийг нэг хэвэнд цутгасан юм шиг ижил төрхтэй болгож чадахгүйтэй л адил зүйл шүү дээ. Бага ангид унших, бичих, бодох зэрэг цаашид суралцах суурь чадваруудыг хүүхдэд эзэмшүүлдэг учраас аль болох жигд хөгжүүлэх бодлого баримталдаг. Харин дунд, ахлах ангийн сурагчдад нэгдсэн түвшин тогтоох боломжгүй.
-Ажиглах нь ээ, эрэгтэйчүүд математик, физик зэрэг хичээлд илүү амжилт гаргаад байх шиг. Улс, олон улсын олимпиадад оролцогчид болон нэртэй математикч, физикчдийн олонх нь энэ хүйсийнхэн байгаагийн нууц нь юу юм бол?
-Ийм байдал ажиглагддаг. Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн 60-70 хувь нь эрэгтэй сурагч байдаг. Олимпиадад оролцогчдын хувьд ч ялгаагүй. Миний бодлоор багш нараас шалтгаалдаг байж магадгүй. Эмэгтэй хүүхдүүдийн чадварыг илрүүлэх, олж харах, тэдэнтэй ажиллах тал дээр туршлагагүй, дутагдалтай байж болох юм. Нөгөөтээгүүр, хүйсийн харьцаанаас үүдэлтэй байх боломжтой. Тэрнээс математикт эрэгтэй хүүхэд эмэгтэйгээсээ илүү авьяастай гэдгийг баталж нотолсон зүйл байхгүй шүү дээ. Манай гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад гэхэд эмэгтэй хүүхэд тун цөөн. Бодлогоор, бие биед нь ханьтай байлгах үүднээс цөөн тоогоор боловч хамруулдаг.
-Цар тахлын нөлөөгөөр хичээл, сургалтын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээд завсардлаа. Танай сургуулийн тухайд ямар бодлого баримтлан ажиллаж, энэ хүнд үеийг давав?
-Манай сургуульд голдуу төвийн бүсийн, интернэтийн хүртээмж сайтай газарт амьдардаг, гар утас, компьютер зэрэг хэрэгслээр хангагдах боломжтой хүүхдүүд хамрагддаг учир бусад газартай харьцуулахад хүндрэл харьцангуй бага байсан. Гэхдээ танхимын хичээл шиг үр дүнтэй байж чадаагүй нь ойлгомжтой. Бид энэ хугацаанд 50 хувийн алдагдалтай ажилласан гэж дүгнэсэн.
-Сайн багш хаана ч эрэлттэй байдаг. Хоцрогдлоо арилгах, элсэлтийн шалгалтад бэлтгэх, олимпиадад оролцох хүсэлтэй хүүхдүүд болон тэдний эцэг, эх танд хандах нь түгээмэл байх. Та хичээлээс гадуурх сургалтад цаг гаргадаг уу?
-Нэгдүгээр сургуульд багшлахаасаа өмнө нэгэн сургалтын төвд 10 гаруй жил давхар ажилласан. Тэр үед хангалттай цаг гаргадаг байсан. Харин одоо тийм цаг зав үнэхээр гардаггүй. Өмнөх төгсөлтийн шавь нар минь гуйдаг ч юм уу, зайлшгүй тохиолдолд ганц, хоёр хүүхэдтэй ажиллах нь бий. Одоогийн байдлаар би гүнзгийрүүлсэн сургалттай хоёр анги (VI болон X) хариуцаж байна. Хажуугаар нь Математикийн заах аргын нэгдлээ ахална гээд ажил их.
-Нэгдүгээр сургуулийн сурагчид улс, олон улсын чанартай математикийн олимпиадуудад тогтмол амжилт үзүүлдэг. Энэ амжилтын цаана багш нарын гавьяа их бий. Ялангуяа таны хариуцдаг нэгдэл нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг байх?
-Бид чинь “арын фронт”-ынхон шүү дээ. Шавь нь амжилттай явбал баярлана. Тэр хэрээр дараа дараагийнхаа шавь нарыг сайн бэлдэх гэж хичээнэ. Хажуугаар нь бие биенээсээ тасралтгүй суралцаж, хамтдаа хөгжиж дэвшихийг зорьдог.
Олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн учраас тодорхой хүрээний хүмүүс намайг таниад байна. Гэтэл олимпиадад оролцдоггүй, нийгэмд төдийлөн танил болоогүй атлаа сайн шавь олныг төрүүлсэн багш өчнөөн бий. Манай нэгдэлд ч ялгаагүй. Тэр үүднээс “арын фронт”-ынхон гэж тодотгосон юм. Ер нь манай нэгдлийнхэн даруухан, амбицгүй хүмүүс байдаг. Нийт 14 багштай. Залуу, дунд, ахмад гээд үе үеийн төлөөлөл бий.