Гадаад харилцааны яамнаас Украин дахь Монгол иргэдээ татан авах талаар мэдээлэл өглөө.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд хэлэхдээ "Украины Львов хотод суралцдаг нэг оюутан түр хугацаагаар ирээд байсан гурван Монгол иргэний хамт Польшийн хилийг даваад байна.
Тус улс дайнаас дүрвэж буй иргэдийг эх орондоо визгүй нэвтрүүлэн, 15 хоногийн хугацаатайгаар орогнуулахаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд нэвтрэх хүсэлтэй Монгол иргэдийнхээ жагсаалтыг Польш улсын Гадаад харилцааны яамд хүргүүлээд байна. Хил нэвэрсэн дээрх дөрвөн иргэнийг Польшийн Элчин сайдын яамнаас тосч авч, наашаа ирүүлэх ажлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн.
Засгийн Газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол иргэдээ татан авахын тулд 500 сая төгрөгийг зарцуулах шийдвэрийг гаргасан. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар Киев-Станбул Харьков-Станбул чиглэлийн онгоцны билет захиалсан байсан боловч, өнөөдөр тухайн өдрийн нислэг цуцлагдсан талаарх мэдээ ирсэн байна.
Мөн бид газраар иргэдээ татан авах төлөвлөгөөтэй байна. Харьковд байгаа оюутнуудыг арай ойрхон гэдэг утгаараа Орос руу, харин бусад хотуудад байгаа иргэдээ Польш, Чех, Унгар руу газраар татан авах боломжийг судалж байна.
Яг одоогийн байдлаар Харьков, Киев болон бусад хотуудад хөл хорьсон. Орж гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байдалтай байна. Одоогоор татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа.
Нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо ийш тийшээ зорчихгүйгээр байгаа газартаа, хоргодох байрандаа, эсхүл гэртээ байхыг иргэддээ зөвлөж байна. Зөвхөн манай улсаас ч биш олон улсын удирдагчид иргэддээ ийм зөвлөгөөг өгч буй” хэмээв.