МОЗО буюу “Монголын оюунлаг зон олон” гэсэн нэр бүхий бензин хөдөлгүүрт автомашиныг Монголд угсарч, борлуулдаг “Барс моторс” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тус компанийнхан Монголд анх удаа цахилгаан автомашин угсарчээ. Тэд шинэ автомашинаа маргааш Баянзүрх дүүргийн “Авто зон”-д танилцуулах юм.
…Өөрөөр хэлбэл, цахилгаан автомашиндаа нэмэлтээр нарны энерги хураагуур суурилуулсан гэсэн үг. Монгол хүйтэн, сэрүүн уур амьсгалтай ч жилийн 260-аас дээш хоног нь цэлмэг нартай байдаг онцлогтой. Үүнийг харгалзан үзээд цахилгаан хөдөлгүүртэй төдийгүй нарны энерги ашиглах автомашин бүтээсэн хэрэг. Байгальд ээлтэй, “ногоон” хэрэглээний төгс шийдэл гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй…
-Монгол инженер, техникийн ажилчид өөрийн орны онцлог, авто замын нөхцөл, агаарын хэмд тохирсон цахилгаан автомашин угсарснаа олон нийтэд танилцуулна гэхээр сонирхолтой байна. Энэ талаараа тодруулж, шинэ автомашиныхаа үндсэн үзүүлэлтээс танилцуулна уу?
-Манай угсарсан автомашин нэг удаа цэнэглээд зуны улиралд 300, өвөл 250 орчим км явах боломжтой. Мөн -30-аас доош хэмд хөдөлгүүр доголдолгүй ажилладаг. Бид дулаан зогсоолд байрлуулахгүйгээр туршиж үзсэн юм. Үүнээс гадна манай улсад цахилгаан автомашин хэрэглэхэд нэг хүндрэлтэй асуудал байлаа. Монголд жилийн 6-7 сар хүйтэн, сэрүүвтэр байдгаас автомашины салон ч хүйтэн байдаг. Бид үүнийг хэрхэн шийдэх талаар “Volvo” компанийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөөд ч олигтой шийдэл олж чадаагүй. Харин өөрсдийн инженерүүд, шинийг санаачлагчдын тусламжтайгаар нарны зайн хураагуураас дулаан гарган авч, зорчигч болон жолоочийн суудлыг халаах боломж бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, цахилгаан автомашиндаа нэмэлтээр нарны энерги хураагуур суурилуулсан гэсэн үг. Монгол хүйтэн, сэрүүн уур амьсгалтай ч жилийн 260-аас дээш хоног нь цэлмэг, нартай байдаг онцлогтой. Үүнийг харгалзан үзээд цахилгаан хөдөлгүүртэй төдийгүй нарны энерги ашиглах автомашин бүтээсэн хэрэг. Байгальд ээлтэй, “ногоон” хэрэглээний төгс шийдэл гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Түүнчлэн сайтар боловсруулсан тусгай зориулалтын “амьсгалдаг” эсгий оролцуулан автомашинаа битүүмжлэл сайтай, дулаан болгосон.
-МОЗО-г биш, шинэ загварын автомашин танилцуулах нь, тийм үү. Ер нь Монголд цахилгаан автомашин ашиглахын давуу болон сул тал юу вэ?
-МОЗО-гийн “дүү” гээд одоохондоо хэлчихье. Маргаашийн танилцуулгаас олон нийт илүү мэдээлэл авч болно. Цахилгаан автомашины давуу тал их шүү дээ. Ялангуяа Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй хотод цахилгаан автомашины хэрэглээ өсөхийн хэрээр агаарын чанар сайжрах нь дамжиггүй. Бид агаарын бохирдлын эх үүсвэрийг зөвхөн нүүрсний утаа гэж ойлгож байж. Гэтэл ялангуяа хуучин автомашинаас ялгарч буй нүүрстөрөгч нь агаар, орчныг бохирдуулагч томоохон эх үүсвэр болдог. Манай улс хуучин автомашины импорт, хэрэглээгээр дэлхийд гуравдугаарт орж буй судалгаа гарсан. Япон, БНСУ-д багадаа таван жил хэрэглэсэн буюу ашиглалтынх нь хугацаа дуусах дөхсөн автомашиныг оруулж ирж, хэрэглэж хэвшсэн. Ийм автомашинууд хүрээлэн буй орчныг бохирдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн бид импортод зарцуулж буй хөрөнгөний талаас илүү хувиар шатахуун, автомашин болон тоног төхөөрөмж худалдан авдаг. Үүнд жил бүр нэг тэрбумаас илүү ам.доллар төлдөг гэсэн статистик бий. Аль ч улс импортод хамгийн их хөрөнгө зарцуулж буй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадагшаа чиглэсэн валютын урсгалаа багасгахыг хичээдэг. Ийм зорилгоор Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. Тэгвэл хувийн хэвшлийнхэн автомашин угсарч эхэлсэн. Үйлдвэрлэж чадахгүй ч угсрах нь тухайн бүтээгдэхүүнд төлөх нэмүү өртгийг багасган, ажлын байр бий болгон, хүмүүсийг мэргэшүүлэхэд томоохон түлхэц болдог.
-Цахилгаан автомашинаа цэнэглэх боломж хэр байх бол. Хэдэн вольтын хүчдэл шаардлагатай байдаг вэ?
-Орон нутагт цахилгаан автомашин унаад явах боломж одоогоор алга. Энэ нь хөдөөд цахилгааны хангамж тааруу, хүчдэлийн хэлбэлзэл их байдагтай холбоотой. Цахилгаан автомашиныг 220 вольтоор 10-12 цаг цэнэглэдэг. Харин 380 вольтоор 40 орчим минут цэнэглэх боломжтой. Гол нь хүчдэлийн хэлбэлзэлгүй үүсгүүртэй байх шаардлагатай. Тиймээс одоогоор Улаанбаатарт болон ойр орчим ашиглах нь зохимжтой. Цаашид автомашиндаа цахилгаан үүсгүүр суурилуулах боломж бүрдүүлэхээр зарим орны инженерүүдтэй ярилцаж, судалсан зүйл бий. Цаашид илүү хөгжүүлнэ гэсэн үг.
-Өнгөрсөн хугацаад МОЗО автомашин хэдэн ширхгийг борлуулаад байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл хэр байна. Зах зээлээ хэрхэн харж байгаа вэ?
-МОЗО-гийн хэрэглэгчдийн сэтгэгдэл өндөр байгаа. Тиймээс ч цахилгаан автомашин болон МОЗО-г сонирхож буйгаа одоогоор 1000 гаруй хүн илэрхийлсэн. Манай улсад 2010 оноос өмнө үйлдвэрлэсэн буюу ашиглалтын хугацаа нь дууссан автомашин 150 000 орчим байгаа гэсэн судалгаа бий. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, техникийн элэгдэл хорогдлоос шалтгаалсан аюул ослын магадлал зэргийг тооцсон ч даруй ийм тооны автомашиныг актлах шаардлага байна гэсэн үг. Хүмүүс ч хуучин автомашинаа сольё, илүү чанартай, эдийн засгийн хэмнэлттэйг нь худалдан авъя гэцгээж буй. Түүнчлэн олонх иргэн 10-15 сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдсэн мөнгийг нь 36 сард хуваан төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Манай компанийн хувьд өөрсдийн борлуулсан автомашиндаа үйлдвэрлэлийн баталгаа олгож буй. Монголд лав сүүлийн 30 жил үйлдвэрлэлийн баталгаатай автомашин борлуулаагүй. Харин манайхаас автомашин худалдан аваад, засвар, үйлчилгээг нь хийлгээд явбал таван жилийн дараа тухайн автомашинаа буцаан зарж болно. Мэдээж зөрүү мөнгө төлж, тохиролцсоны үндсэн дээр шинэ автомашинтай болно. Ингэснээр бид үйлчлүүлэгчдэдээ 10 жилд хоёр шинэ автомашин хэрэглэх боломж олгож байгаа юм.
-Буцаан худалдаж авсан автомашинаа танайх яахаар төлөвлөсөн бэ?
-Элэгдсэн, солих шаардлагатай эд ангиудыг нь сольж, сэлбэнэ гэж ойлгож болно. Ахин үйлдвэрлэлд оруулж, засаж, сайжруулаад арай хямд үнээр зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр Монголд угсарсан, монгол хүмүүсийн ур ухаан шингэсэн автомашины борлуулалт илүү өснө. Цахилгаан автомашины хэрэглээ ч нэмэгдэх юм.
-“Барс моторс” хэдэн ажлын байр бий болгов. Цахилгаан болон бензин хөдөлгүүрт тэргийг жилд хэдийг угсарч нийлүүлэх боломжтой вэ?
-Одоогоор 20 орчим ажлын байр бий болгосон. Энэ жил нэмээд 30 орчим ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. Манайд ажиллахгүй ч шууд бусаар илүү олон хүн ажилтай болно. Автомашин бүтээх, угсрахад шаардагдах эд анги, деталь бүрийг хийхэд олон хүн оролцдог учраас автамашин үйлдвэрлэл, угсралтын салбар ажлын байр ихээр бий болгодог. Наад зах нь дугуй засвар, оношилгоо, угаалга зэргээс хүмүүс орлого олж болдог. Бид жилд 5000 автомашин угсрах хүчин чадалтай болсон. Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл 20-30 хоногт захиалгыг нь бэлэн болгох боломжтой.
-Монгол бол үйлдвэрлэгч бус, хэрэглэгч орон. Тэр нь ч цар тахлын энэ үед илүү анзаарагдан зарим бараа, бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Ийм нөхцөлд автомашин угсарч, борлуулахад ямар бэрхшээл тулгарч байна?
-Манай зах зээл жижиг биш, хүмүүс худалдан авах чадвар сайтай гэж хэлнэ. Тухайлбал, бид аль ч орны иргэдээс дутахгүй аялж зугаалах, амрахад мөнгө зарцуулж, үнэтэй автомашин хөлөглөдөг. Хүмүүсийн сэтгэлд нийцсэн, чанартай, эдэлгээ даахуйц автомашин санал болгож чадвал худалдан авагч олон бий. Манай угсарч, нийлүүлж буй автомашины хамгийн жижиг эд анги нь ч улирлын онцлогт тохирсон, чанар сайтай. Монгол бол салхирхаг, сэрүүн бүсэд тооцогддог, улмаар авто зам муутайгаас машин амархан эвдэрдэг. Нэг ширхэг, жижиг резинийг ч зөв сонгохгүй бол амархан элэгдэж, мууддаг. Ийм онцлог нөхцөл байдлаа мэддэг учраас автомашинаа угсрахдаа тоног төхөөрөмж, материалаа сонгохдоо онцгой анхаардаг. Энд нэг зүйл хэлэхэд, үндэсний үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүн угсарч, ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгжүүдийг шууд худалдааны байгууллагаас салгаж ойлгоосой. Өөрөөр хэлбэл, бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж борлуулах, эд анги, сэлбэг хэрэгслийг нь аваад, бүтээгдэхүүн хийж зарах хоёр ялгаатай. Тиймээс ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлж буй бол ядаж татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Түүнчлэн автомашины технологи шилжүүлэх, Монголд угсрахад туслах, хамтарч ажиллах компанийг бид багагүй хугацаанд хайсан. Төлөвлөгөөгөө танилцуулахад анх япончууд, германчууд хүлээж аваагүй. Харин автомашин үйлдвэрлэл, угсралтын салбарт сүүлийн 20 жил ноёрхлоо бараг тогтоон, шинэ технологи байнга нэвтрүүлж буй БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэртэй харилцан тохиролцож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэндээ баяртай байдаг. Өдгөө германчууд, япончуудын үл ойшоосон хандлага арилж, хэрхэн хамтарч ажиллах талаар ярих болсон.
-Нийгмийн хариуцлагатай хамт олон болно. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж та удаа дараа дурдлаа. Энэ талаар тодруулаач.
-Агаарын бохирдлыг бууруулахад манайх цахилгаан болон шинэ автомашин нийлүүлж хувь нэмрээ оруулж байна. Цахилгаан автомашин бол ойлгомжтой, утаа гаргахгүй. “Мозо”-г бид 1.5 турбо хөдөлгүүртэй, аль болох бензин бага зарцуулдаг буюу hybrid ажиллагаатайгаар хийсэн. Хурд, хүчийг нь огцом сайжруулж болно. Гэхдээ байгаль орчны асуудлыг хэзээд тэргүүнд тавих нь бидний зорилт. Мөн борлуулсан автомашин бүрийн тоогоор 100 мод тарих юм. 100 модоо өөрсдөө суулгахгүй, гэр хорооллын нэг хашаанд 10-ыг тарин, хамтын ажиллагаа бий болгоно. Модоо арчилж, ургуулсан өрхүүдийг урамшуулаад явна.
“Монголын авто тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага бий. Эл байгууллагаас цахилгаан автомашин хэрэглэгч, худалдан авагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлье гэсэн санаачилга гаргаж буй. Дэмжлэг үзүүлэх хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй. Нийслэлд моторын чадал ихтэй автомашин унаж буй хүмүүсээс авч болно гэж тооцсон. Моторын чадал ихтэй автомашин эзэмшигчдэд бага хэмжээний татвар ногдуулна. Уг татвараас төвлөрүүлсэн хөрөнгөөр цахилгаан автомашины худалдан авалтыг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, цахилгаан автомашин худалдан авагчид давхар урамшуулал хүртэнэ. Ингэж “ногоон” автомашин ашиглахыг дэмжвэл иргэдэд ч байгаль орчинд ч өгөөжтэй үйл болно. Мөн дэлхий даяар “ногоон” санхүүжилтийн боломжууд нэмэгдэж буйтай зэрэгцэн Монголд ч банкууд “ногоон” зээл идэвхтэй олгож байгаа. Энэ мэт дэмжлэгүүд, татаас нь цаашдаа тогтвортой ирээдүйн төлөө нэмэгдэнэ. Бид энэхүү үйл хэрэгт цахилгаан машинаа хөгжүүлж, хэрэглэж, экспортолж оролцоно.