Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албыг орлон гүйцэтгэгч Б.Алтансүхтэй ярилцлаа. Хүнсний бүтээгдэхүүний экспорт, махны нийлүүлэлт болон цаг үеийн асуудлыг түүнээс тодруулсан юм.
-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд манай улсын хүнсий бүтээгдэхүүний экспортын хэмжээ багассан. Махны нийлүүлэлтээс олох орлого буурсан уу. Дэлхий нийтээр хорио цээрийн дэглэм суларч буй энэ үед экспортыг өсгөх боломж хэр бүрдэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортыг дэмжих талаар олон төлөвлөгөө бий. Ялангуяа махны экспортыг нэмэгдүүлэхийг тууштай дэмжиж байгаа. Бид 2020 онд 38.8, дараа жил нь 22.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Үүний 95 хувийг БНХАУ-д нийлүүлсэн. Харин сүүлийн найман сард урд хөрш рүү мах, махан бүтээгдэхүүн гаргаагүй. Иран руу хонины 2000 тонн түүхий мах экспортлоод байна. Манай гол импортлогч БНХАУ Эрээний боомтоор мах авахгүй гэсэн шийдвэр 2021 оны зургадугаар сарын 10-нд гаргасан. ХХААХҮЯ-ны зүгээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг сэргээх, шинэ маршрутаар нийлүүлэх боломж бүрдүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулсан. Цаашид гуравдагч улсад мах тогтмол экспортлох бодлого баримталж буй. Үүний тулд дотоодын махны үйлдвэрүүдийг олон улсын чанар, стандартад нийцүүлэхэд анхаарах учиртай. Мөн тухайн импортлогч орны уламжлал, зан үйлд нийцсэн мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэвших шаардлагатай гэсэн үг.
-Мах экспортолж чадахгүйгээс хэдий хэр хэмжээний орлого төвлөрүүлэх боломж алдагдав?
-Олон улсын зах зээлд махны үнэ өндөр байдаг. Ялангуяа чанар, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн экспортолж хэвшвэл олох орлого их. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад манай улс 2020, 2021 онд махны экспортоос нийт 96 сая орчим ам.доллар олжээ. Мэдээж үүнээс илүүг олох боломж байсан.
-БНХАУ түүхий мах авахгүй, зөвхөн дулааны аргаар боловсруулсныг нь зарим боомтоороо авна гэжээ. Гэтэл ОХУ ямар ч төрлийн мах дамжуулан өнгөрүүлэхгүй гэсний улмаас 10 000 тонн мах экспортолж чадахгүй, хүлээгдэж байгаа гэдэг үнэн үү. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тийм ээ, өнөөдрийн байдлаар “Монголын махны холбоо” төрийн бус байгууллагын гишүүн 12 компанийн агуулахад 10 000 тонн мах бий. Үүнд адууны түүхий мах, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн байна. Бид өнгөрсөн онд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Эрээнээс бусад боомтоор мах экспортлох боломжтой, эсэхийг тодруулсан. Тэд Тяньжин, Далиан, Чиндао зэрэг боомтоор хориглоогүй гэдгээ мэдэгдсэн. Эдгээр боомтоор хэрхэн мах нийлүүлэх тухай асуудлаар Гадаад харилцааны яаманд хандсан ч хариу алга. Мах, махан бүтээгдэхүүн дамжуулан өнгөрүүлэхгүй гэсэн албаны мэдэгдлийг ОХУ-аас манайд ирүүлээгүй. Дээр дурдсан “Монголын махны холбоо”-ны гишүүн аж ахуйн нэгжүүд БНХАУ руу экспортлох адуу, үхэр, хонь, ямааны хөлдөөсөн болон дулааны аргаар боловсруулсан махаа ОХУ-аар дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийг Мал эмнэлгийн ерөнхий газар, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн. Нааштай хариу авах хүлээлт бий.
-Улс орнууд мах худалдан авахгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэж байгаагийн шалтгаан юу бол. Шүлхийн өвчлөл өндөр, мөн бүтээгдэхүүний чанар стандартын шаардлага хангахгүй байгаа хэрэг үү?
-Монголд 2021 онд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас манай улсаас салаа туурайтай малын түүхий мах авахгүйгээ мэдэгдсэн. Харин дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны мах болон адууны түүхий мах импортлохоо дурдсан. Мөн ОХУ түүхий мах авахгүй гэсэн. Энэ нь махны экспортыг бүр хориглосон шийдвэр биш. Гэхдээ бид малын өвчлөлөө хянах, тархалтыг нь зогсоох, мөн эрүүл бүсээс мах бэлтгэсэн гэдгээ нотлох шаардлагатай.
-Цаашид махны экспортыг тогтворжуулахын тулд ямар бэлтгэл хангаж байна вэ?
-Өмнө нь дурдсанчлан мах, махан бүтээгдэхүүний экспортын 95 хувийг БНХАУ руу нийлүүлдэг. Тус улс мах авахгүй гэхээр уг бүтээгдэхүүнээс олдог орлого шууд хаагдаж байгаа юм. Манайх сүргийн бүтцээ үнэлж, тоог нь харгалзан үзвэл Ойрхи Дорнод болон Зүүн өмнөд Азийн зарим оронд халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий мах илүү их хэмжээгээр экспортлох боломжтой. Ер нь богийн махны 60 хувийг Иран, 22-ыг нь Вьетнам руу гаргадаг. Мөн БНАСАУ, Малайз, Катар зэрэг улсад нийлүүлдэг. Тиймээс халал аргаар бэлтгэсэн махыг гадаад тогтвортой нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх үүднээс мах экспортлох, импортлох үеийн хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй. Хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг тухайн улстай тохирох шаардлагатай бөгөөд энэасуудлаар салбарын яам бодлого, төлөвлөгөө боловсруулж байна.
-Нөөцийн мах бэлтгэлийн явц 90 хувиас давсан гэсэн. Өнгөрсөн хоёр жилд үнийг нь нэмээгүй. Энэ жил үнэ нь өсөх үү?
-Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 13 000 тонн мах нөөцлөх ажлыг арилжааны банкны шаардлага хангасан 23 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар (өчигдөр) 90 гаруй хувийг нь бүрдүүлсэн. Одоогоор махны үнэ өснө, эсвэл өнгөрсөн жилүүдийнхтэй ижил байна гэж хэлэхэд эртдэнэ.
-Урд хөрш рүү гурил экспортлох эрх авсан 13 аж ахуйн нэгж бий гэсэн. Гурил экспортлох бэлтгэл ажлыг хэр хангаж байгаа бол. Энэ онд багтаан гаргаж чадах уу?
-2021 онд манай улс ойрын 30 жил аваагүй ургац хураан, улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан. Улмаар улаан буудайн гурил экспортлох таатай боломж бүрдсэн билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд манай нэр бүхий 13 үйлдвэрт тус улсад гурил экспортлох эрх олгосныг зарласан. Эдгээр аж ахуйн нэгж бэлтгэлээ хангаж буй байх. Гэхдээ цар тахлын аюул буураагүй, урд хөршийн хилийн боомтуудад хорио цээр тогтоосон хэвээр учраас энэ жил экспортыг эхлүүлнэ гэж баттай хэлэх боломжгүй. Ямартай ч манай зүгээс шаардлагатай ажлуудыг хийж байгаа гэж ойлгож болно.
-Хүнсний барааны үнэ тогтмол өсөж байна. Өргөн хэрэглээний хүнс болох мах, гурил, төмс, хүнсний ногоог дотоодод бэлтгэдэг. Мөн үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд цахилгаан, дулааны хөнгөлөлт эдэлсэн, зарим татвараас чөлөөлсөн байтал бүтээгдэхүүний ханш нэмэгдсээр байгаад бухимдах хүн олон. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь зөвхөн манай улсад үүссэн асуудал биш. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар ачаа, тээврийн саатал үүсэн, ханган нийлүүлэлтэд хүндрэл учирсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үнийн индексээс харахад 2021 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээсээ 28.1 хувиар нэмэгджээ. Манай улсын хувьд зах зээл дэх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ эмзэг, мэдрэгээр хэлбэлздэг. Тухайлбал, ачаа, тээврийн нөхцөл, шатахууны үнийн өсөлттэй шууд хамааралтай. ХХААХҮЯ хүнсний хангамжийг тогтворжуулах, эрүүл, баталгаат хоол, хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй. Үүний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, хангамжийг сайжруулах чиглэлд анхаарч ажилладаг. Жишээ нь “Намрын ногоон өдрүүд”, “Өвлийн идэш”, “Монгол хүнс-монгол бараа” зэрэг үзэсгэлэнг нэрлэж болно. Эдгээр арга хэмжээ нь бараа, бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах, зохиомол хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой.
-Манайх өргөн хэрэглээний хүнснийхээ хэдэн хувийг импортоор авч байна. Хүнсний үнийн өсөлтөд импортын гаралтай бүтээгдэхүүн хэдэн хувийг эзэлдэг бол?
-Хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс төрөл бүрийн будаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, элсэн чихэр импортоос 40-100 хувь хамааралтай.
-Сүүний урамшууллыг олгосноос хойш хэдий хэрийн хөрөнгө сүү нийлүүлэлтийг дэмжихэд зарцуулав. Урамшууллын үр дүнд тушаасан сүүний хэмжээ хэрхэн өөрчлөгдөв?
-2020 оны арваннэгдүгээр сараас сүүний урамшуулал олгож эхэлсэн. Намар, өвлийн таван сард дотоодын аж ахуйн нэгжүүдэд сүү нийлүүлбэл урамшуулал өгч хэвшсэн. 2020-2021 онд 8.6 сая литр түүхий сүү тушаасан 2735 малчинд 4.2 тэрбум төгрөг өгсөн байна. 2021-2022 онд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн. Сүүний нийлүүлэлт 2019 оныхоос өдгөө 10-15 хувиар өссөн дүн бий.
-Манай улсад хуурай сүү хийдэг үйлдвэр бий юү. Хуурай сүү үйлдвэрлэнэ хэмээн их хэмжээний зээл авсан аж ахуйн нэгж байдаг?
-ТЭСО компани хоногт 90 тонн хуурай сүү бэлтгэх хүчин чадал бүхий үйлдвэртэй. Жилд таван сая литр түүхий сүүнээс 2.5-3 мянган тонн хуурай сүү гарган авдаг. 2017-2018 онд алслагдсан орон нутагт хуурай сүү үйлдвэрлэх хоногт 1.5 тонн хүчин чадалтай долоон үйлдвэр ашиглалтад оруулсан. Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий компани эргэлтийн хөрөнгө байхгүйгээс шалтгаалж өнгөрсөн зун зөвхөн нэг үйлдвэрээ ажиллуулж, гурван тонн хуурай сүү бэлтгэсэн байсан. Уг нь саавал зохих буюу сүү бэлтгэх боломжтой эх малын тоо олон. Малчид зөвхөн хэрэгцээнийхээ цагаан идээг бэлтгэдгээс сүүний үйлдвэрлэл эрхлэх талаарх ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, хуурай сүү бэлтгэх нөөц боломж, түүхий эд бий.
-Цаашид хүнсний хангамжийг тогтвортой байлгах, үнийн хэт өсөлтгүй бүтээгдэхүүн нийлүүлэх талаар салбарын яам ямар бодлого баримталж байна. Ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?
-Хүнсний хангамжийг тогтвортой байлгах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэхэд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, импортын хамаарлыг багасгах нь чухал. Салбарын яамнаас импортын хамаарлыг бууруулах үйлдвэрлэл эрхлэгчидтэй түлхүү хамтран ажиллахад бэлэн. Мөн энэ онд усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариаланг өсгөх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах юм. Төмс, хүнсний ногооны зориулалтын агуулахын багтгаамжийг ахиулж, автоматжуулсан зоорь бүхий цогцолбор байгуулахаар төлөвлөсөн.