Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн сард байгуулсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлагчтай, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс өчигдөр мэдээлэл хийв. 2012-2021 он хүртэл 7.4 их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь чанаргүй байгаад ажлын хэсгийнхэн гол анхаарлаа хандуулж буйг ахлагч нь тодотгосон. Тэдний эхний дүгнэлтэд дурдсанаар банкуудад тавигддаг зургаан шалгуур байдгаас Хөгжлийн банк гурвыг нь хангахгүй байна гэв. ТУЗ нь 84 журам, заавар гаргасныг нэгбүрчлэн уншиж, тулгаж байгааг дурдлаа. Улмаар “Хөгжлийн банкны хууль, эрх зүйн зохицуулалт, засаглалыг ойрын хугацаанд сайжруулах, банкны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон 61 зээлдэгчид хамаарах төсөл, хөтөлбөрийг газар дээр нь очиж, нэгбүрчлэн тулгаж үзэх, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мэргэжлийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин, мөрдөн шалгах эрх бүхий баг бүрдүүлэх ёстой. Банкны үйл ажиллагаанд өмнө нь хийсэн хяналт, шалгалтын хүрээнд өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг шалгах, зээлийг зориулалтаар нь ашигласан, эсэхийг баримтын дагуу байгааг тогтоохын тулд зээлдэгч болон холбогдох этгээдүүдийн данс, санхүүгийн бусад баримтыг гаргуулан авч, мөрдөн шалгаж, дүгнэлт хийх шаардлагатай. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өр, төлбөрийг барагдуулах, цэгцлэх ажлын хүрээнд барьцаа болон өөрийн хөрөнгийн удирдлагыг хангуулах, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авхуулах, эцсийн өмчлөгчийг тогтоох ёстой” гэх товч дүгнэлт гаргажээ. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд гишүүд санаачилга гаргаж, уг ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх санал дэвшүүлэх юм байна. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөснөө дуулгав.
Бэлтгэсэн Б.Уран