Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоогоод 50 жил болж байгаатай холбогдуулан Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатартай ярилцлаа. С.Хүрэлбаатар 1975 онд Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль, 1991 онд Дипломатын академи төгссөн. Гадаад харилцааны мэргэжилтэн болоод Монгол, Японы ЭСЯ-нд орчуулагч, 1980 оноос ГХЯ-ны Азийн хэлтэст Монгол, Японы харилцааг хариуцан ажиллажээ. 1981-1987 онд Япон дахь Монголын ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, 1997-2001, 2011-2017 онд Элчин сайдаар ажиллаж байв. Гавьяат эдийн засагч цолтой
-Хубилай хааны цэрэг Япон руу хоёр удаа довтолж бүтэлгүйтсэнийг эс тооцвол манай хоёр орон түүхэндээ холбогдож байсангүй гэж хэлж болно. Хоёулаа нэлээд өнийн түүхээс цухас боловч өгүүлж ярилцлагаа эхэлбэл яасан юм бэ?
-Их Юань улс танайтай найрамдалт харилцаа тогтоохыг хүсэж байна. Танайх манайд алба гувчуур төлж бай гэсэн агуулгатай илгээмж Хубилай хаан 1261 оны Японы эзэн хаан Комэяамад явуулсан ч эзэндээ хүрсэнгүй. Үүнээс хойш таван удаа элч зарсан ч алиныг нь ч хүлээж аваагүйгээр барахгүй сүүлчийнхийг нь цаазалсан байдаг. Ингээд Хубилай хаан 1274, 1281 онд хоёр удаа довтлоод далайн хар шуурганд өртөж сүйрсэн. Энэ шуургыг япончууд биднийг аврах гэж бурхнаас илгээсэн гэж үзэж “бурхны салхи” (“Камиказэ”) гэж нэрлэсэн. Үүнээс хойш бидний хооронд ямар нэг хэлхээ холбоо байсан тухай баримт байдаггүй юм.
Харин тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор манай сүүлчийн Богд хаан 1912 онд есөн орны төрийн тэргүүнд нот бичиг явуулсны дотор Япон орсон. Энэ чинь дипломат харилцаа тогтоох хүсэлтээ илэрхийлсэн хэрэг. Харамсалтай нь, хэнээс нь ч хариу ирээгүй. Тэгэхлээр нь Япон руу Даа лам Цэрэнчимэдийг элч болгож явуулсан ч Орос, Хятадын эрх баригчид Японд хүргэлгүй Харбинаас буцаасан байдаг. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа манайд Оросын нөлөө хэрээс хэтэрснээс тэр үеийн удирдагчид маань гурав дахь хөрштэй болох үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Тэгж байтал Халх голын дайн болж, Монгол, Японы харилцаа бүр хөндийрч хүйтэрсэн байлгүй. Ер нь хэдий үеэс, юуны нөлөөгөөр бидний харилцаанд урь орсон бэ?
-1930-аад оноос Япон Манж-Го-г эзэлж, яваандаа 1939 онд Халх голын дайн болсон. Энэ дайн үүссэн бодит шалтгаан одоо хүртэл тодорхойгүй. Үүнийг тогтоох цаг болсон гэж боддог.
Дипломат харилцаа хоёр улсын хооронд тогтоох талаар дохио 1956, 1957 онуудад гарч байсан юм билээ. 1956 онд Япон ЗХУ-тай харилцаагаа сэргээж улмаар НҮБ-д элсэх шаардлагатай болж, ЗХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд энэ хүсэлтэд хориг тавихгүй байхыг Япон хүссэн. Зөвлөлт үүний хариуд Япон, Монгол хоёрыг НҮБ-д хамт элсүүлчихвэл яасан юм гэсэн санал тавьсан. Ингээд 1957 онд асуудлыг НҮБ хэлэлцэж эхэлсэн чинь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний эрхтэй байсан Тайвань татгалзаж, Америк түдгэлзчихсэнээс Монгол НҮБ-д элсэж чадаагүй. 1961 онд манайхыг элсэхэд дэмжиж санал өгсөн эхний хэдэн улсын нэг нь Япон байсан. Ийнхүү манай улсыг хүлээн зөвшөөрөх, харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэх эрх зүйн үндэс бий болсон. Японы тал ч тандалт судалгаа хийж, Москва, Прага, Дели дэх Элчин сайдаараа дамжуулж хэлэлцээ хийхээр ярьж эхэлсэн. Яриа хэлэлцээ 10 жил үргэлжилсэн ч амжилт олоогүй. Үүний шалтгаан нь “дайны төлбөр” гэх асуудал байсан. Монголд 80 сая ам.долларын хохирол учруулсан, үүнийгээ төл гэж манайх шаардах болсон. Япон болохоор Манж-Го, Монголын хооронд хилийн зааг тогтоосон шугам тодорхой бус байснаас хилийн мөргөлдөөн болсон, бид дайн хийгээгүй, төлбөр төлөхгүй гэдэг байсан. Тэгж тэгж дундаж тохиролцоонд хүрч, эхлээд дипломат харилцаа тогтоочихоод төлбөрийн талаар ярилцахаар болсон. Тэгээд Орост сууж байсан Монголын Элчин сайд Н.Лувсанчүлтэм, Японы Элчин сайд Кинья Низаки нар манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурж, уг баримт бичгийг солилцох ёслол 1972 оны хоёрдугаар сарын 24-нд Москва дахь Японы ЭСЯ-нд болж албан ёсоор дипломат харилцаа тогтоосон өдөр гэж үзэхээр тохиролцсон түүхтэй. Дайны төлбөрийн асуудлыг таван жил ярьж байж хаасан. Тэгэхдээ Японы тал Монгол Улсын өмнө оюун санааны ямар нэг хариуцлага хүлээх нь зүйтэй юм гэж үзээд түүнийг эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар шийдэхээр болж, БНМАУ, Японы Засгийн газрын хооронд “Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр 1977 оны гуравдугаар сарын 17-нд байгуулж таван тэрбум иенийн буцалтгүй тусламж манайд өгөхөөр болсон. Энэ хөрөнгөөр “Говь” үйлдвэр байгуулж, төлбөрийн асуудлыг 1981 онд шийдвэрлэсэн.
-Хоёр улс дипломат харилцаа тогтоох сэдэл Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болохын өмнөхөн 1961 оны аравдугаар сард эхэлсэн гэх баримт байдаг. Дипломат харилцаа тогтоогоогүй байхдаа Токиод болсон олон улсын үзэсгэлэнд манай төлөөлөгчдийг Японы тал урьж, хүндэт зочноор оролцуулсан. Ийм юм урьд нь байгаагүй, анхны тохиолдол юм гэнэ лээ. Япон, Монголын найрамдлын нийгэмлэг 1967 онд байгуулсан гээд цаад талаас гаргасан санаачилгууд нэлээд байсан шиг. 1972 оны хоёрдугаар сард гарын үсэг зурах хүртэл 10 гаруй жилийн хугацаанд дипломат харилцаа тогтооход хэн, юу саад болж байсан юм бол. Манай талаас санаачилга хэр гаргаж байв?
-1970 онд Осака хотод болсон олон улсын “Экспо” үзэсгэлэнд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Харилцаа тогтоох талаарх саналаа энэ үед Японы тал тавьсан юм билээ. Олзлогдоод манайд байсан япончууд хүнлэг хандаж байсанд баярлаж, 1957 онд “Монголын анд нөхдийн нийгэмлэг байгуулсан байдаг. Тэр нь 1974 онд албан ёсны “Япон-Монголын нийгэмлэг” болсон.
Манай талын санаачилгын талаар нэг сонирхолтой баримт хэлье. 1967 онд Токиод болсон Ази, Алс Дорнодын эдийн засгийн хуралдаанд оролцсон манай Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Д.Чимэддорж тэндээс мордохдоо үдэж гаргалцсан Ханада Марохитод “Би эндээс сайхан уурга (загасны) авлаа. Чи Монголд суухаар яаралтай очихгүй бол би загасаа бариад дуусгана байх шүү” гэж алиалсан гэх дурсамж бий. Энэ нь харилцаа тогтоох ажлаа шуурхайлъя гэсэн санаа байлаа. Ханада Марохито ч тэгж ойлгож хүлээж авсан гэдэг. Энэ бол манай санаачилгын талаарх нэг л баримт нь.
-Дипломат харилцаа тогтоосны эхний жилүүдэд хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлж гүнзгийрүүлэх үйл явцад ямар бэрхшээл тулгарч байв?
-Албан ёсны харилцаатай болсон ч үзэл суртал, нийгмийн байгуулал нь өөр, хүйтэн дайны “төмөр хөшиг” гээд саад болсон зүйл цөөнгүй. Гэхдээ харилцаа хөгжих үндэс суурь социализмын хүнд бэрх үед тавигдаж байсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, 1974 оноос хоёр орны Гадаад харилцааны яамд төлөөлөгч солилцож, зөвлөл дөх уулзалт хийдэг практик тогтсон. 1974 онд Японы Парламент, 1977 онд АИХ-ын төлөөлөгчид харилцан айлчилснаар жилд 400-500 мянган ам.долларын худалдаа хийх болсон. 1984 оноос “Говь” үйлдвэрийг тойрч худалдаа, эдийн засгийн харилцаа нэмэгдсэн. “Говь”-д ажиллах мэргэжилтнүүдийг Японд бэлтгэж, худалдааны эргэлт нэг сая ам.долларт хүрсэн. Мөн 1974 онд Соёлын хэлэлцээр байгуулж, оюутан, судлаачдыг харилцан солилцож, гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг болсон. Монгол-Японы найрамдлын нийгэмлэг байгуулагдсан гэх мэтээр харилцаа хөгжиж байсан даа.
-Манай улс нийгмийн шинэ тогтолцоог сонгоод, ивээн тэтгэгчдээсээ хөндийрч, хөлөө олж ядаж байхад Японы Ерөнхий сайд Т.Кайфу олон улсад хандаж уриалга гарган хандивлагч орнуудын уулзалт, тусламж эхэлсэн түүх бий. Ийм уулзалт 10 удаа хийсэн. Яагаад энэ уулзалтыг зогсоов. Хандивлагч орнуудын манайд үзүүлсэн тусламжийн ач холбогдлыг базаад хэлж өгөхгүй юү?
-Монгол Улс ардчилал шинэчлэлийн зам сонгосон нь харилцаанд эргэлт авчирсан. Японы Ерөнхий сайд Т.Кайфу 1991 онд манайд айлчлах үедээ Монгол Улсын ардчиллыг дэмжих олон улсын механизм бий болгоно гэх нэг лут үг хэлсэн юм. Энэ амлалтаа Япон сайн биелүүлсэн. 1992 оны дөрөвдүгээр сард Англид болсон хөгжингүй долоон орны тэргүүн нарын уулзалтаас гаргасан Төгсгөлийн баримт бичигт Монголын ардчиллыг дэмжин туслах талаар Ерөнхий сайд Т.Кайфүгийн санаачилгаар оруулсан юм. 1992 оноос Дэлхийн банктай хамтраад хандивлагчдын уулзалтыг 10 удаа хийсэн. Нэг уулзалтаас л гэхэд 150-300 сая ам.долларын тусламж, хөнгөлөлттэй зээл “босгож” байсан. Монголын шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг давж гарахад энэ тусламж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Ер нь хандивлагч орнуудын маань тусламж ийм л зорилготой байсан учраас Монгол Улсын эдийн засаг тогтворжлоо, ахиц гарлаа гэж үзээд хандивлагч орнуудын үйл ажиллагааг зогсоосон хэрэг. Энэ тусламж ерөөс байнгын байх зорилго эхнээсээ л өвөрлөөгүй юм шүү.
-Бидний харилцаа одоо иж бүрэн түншлэлийн буюу дэлхийн улс орнуудын харилцааны дээд түвшинд хүрлээ. Манайхтай ийм түвшний харилцаатай улс цөөн. “Говь”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудал… гээд томоохон бүтээн байгуулалт, “Гурван гол”, “Өвсний үндэс”, “1000 инженер”, ЖАЙКА гэх мэт олон хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Энэ бүхэнд гар бие оролцож явсан хүний хувьд заримыг нь, тухайлбал, эдийн засгийн хийгээд боловсрол, эрүүл мэндийн салбарт япон нөхдийн үзүүлсэн тусламжийн талаар тодруулаач.
-Монгол, Японы харилцаанд эргэлт гарч, эрчтэй хөгжсөнөөс хойш 1996 онд иж бүрэн түншлэлийн, 2010 онд стратегийн түншлэлийн зарчмаар харилцаа маань хөгжиж байна. Энэ харилцааны ачаар манай хоёр орон улс төрийн салбарт л гэхэд итгэмжилсэн, харилцан ойлголцсон харилцааг хөгжүүлж байгаа. Тухайлбал, манай үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын дарга нар бүгд Японд айлчилсан, Гадаад харилцаа, Батлан хамгаалах болон бусад яамд хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт хийж хэвшсэн. Эдийн засгийн тухайд гэхэд л бие биеийг нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэх зорилт тавьчихаад байна. Энэ зорилтдоо алхам алхмаар ойртож буй ч нөөц бололцоогоо хараахан бүрэн дайчлахгүй байгаа тал бий. Өнөөдөр бидний харилцаа 700 сая
ам.долларын худалдааны эргэлттэй, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө Япон оруулаад байна. 1991 оноос хойш нийтдээ 3.2 тэрбум гаруй ам.долларын тусламж, зээл манайд олгоод байгаа. Энэ тусламж эхний үедээ Монголын хүндрэл бэрхшээлийг давахад зориулагдаж байсан бол одоо шинэ хөгжлийн суурийг тавихад чиглэгдэж байна. Японы тусламжийн тоймтойгоос дурдвал, IV цахилгаан станцад дөрвөн удаа өргөтгөл засвар хийж, нийслэлийн автобус баазын паркийг шинэчилж, УБТЗ-ын дагуу шилэн кабель тавьж өгсөн. Сансрын холбооны станц байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл бүхий эмнэлэг байгуулж өглөө. Хот, хөдөөгийн олон зуун сургуулийн байр барьж, засаж өргөтгөв. Дарханд төмөрлөгийн үйлдвэр, Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барьж ашиглалтад орууллаа. Улаанбаатарт Нарны зам, Нарны гүүр барьж өгсөн гээд яривал урт жагсаалт болно.
Одоо Монголын шинэ хөгжлийн суурийг тавихад юуны түрүүнд боловсон хүчин бэлтгэхэд тусалж байна. Тодруулбал, ЕБС-ийн баазыг бэхжүүлэх, мэргэжилтэй ажилчид, оюутныг Японд сургах, дадлагажуулах, давын өмнө хэрэгтэй байгаа мэргэжлээр 1000 инженер бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дэд бүтэц хөгжүүлэх бодлого явуулж байна. Шинээр цахилгаан станц барих, хуучныг өргөтгөх, засах, зам, гүүр барих, тээвэр, холбоог сайжруулах, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцож, туслах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжиж байна.
Монголыг бид тэжээх гээгүй, бие даасан хөгжлийн төлөө Монгол Улс өөрийн хүч чадлыг дайчлах ёстой. Тэр чармайлтыг дэмжих нь манай бодлого, сайн чармайх ёстой гэж япончууд хэлээд байгаа шүү.
-Японы Гадаад хэргийн сайд Үно Соосүкэ 1989 онд манайд ирсэн нь тэндээс Монголд айлчилсан анхны өндөр албан тушаалтан байсан бол манай Ерөнхий сайд Д.Содном Японд анх айлчилсан Монголын хамгийн анхны өндөр албаны хүн болсон гэдэг. Энэ хоёр айлчлал бидний харилцаанд ямар үүрэг гүйцэтгэснийг цөөн үгээр хэлж болох уу.
-Монгол, Японы шинэ үеийн харилцааны шанг манай Гадаад харилцааны сайд М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн, Японы Ерөнхий сайд Я.Накасонэ, Гадаад хэргийн сайд Үно Соосүкэ, Төлөвлөгөөний комиссын I орлогч дарга Т.Намжин, Ерөнхий сайд Д.Содном нар татсан гэж хэлж болно. Түүхээс товч өгүүлэхэд, 1987 оны тавдугаар сард БНМАУ-ын Гадаад харилцааны сайд М.Дүгэрсүрэн Японд анх удаа айлчилсан. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Я.Накасонэ түүнийг хүлээн авч уулзаад, Япон Улс Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Сайн яривал бид угсаа гарвал нэгтэй улс. Хоёул Азийн хамтын нийгэмлэгийн гишүүн, Монголын тал хүсвэл хөгжиж байгаа орнуудад Японы Засгийн газрын үзүүлдэг албан ёсны тусламжийн хөтөлбөртөө хамруулж болохоор байна гэж хэлсэн. Энэ бол эдийн засгийн зогсонги байдалд орчихоод түүнээс гарах зам хайж байсан Монгол Улс соргог хүлээж авахуйц сайхан үг байлаа. М.Дүгэрсүрэн сайд ирээд айлчлалынхаа дүнг Улс төрийн товчоонд танилцуулахдаа Японтой эдийн засгийн талаар хамтран ажиллах үзэл баримтлал боловсруулах санал тавьж, тогтоол гаргуулсан. Ингээд Гадаад харилцааны яам, Гадаад худалдааны яам, Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо хамтарч үзэл баримтлалын төсөл боловсруулж. 1988 онд Т.Намжим Японд айлчлахдаа түүнийг хэрэгжүүлэх боломжийн талаар Японы төр, хувийн хэвшлийнхэнтэй санал солилцож ирээд үзэл баримтлалын төслөө батлуулсан юм.
Японы Гадаад харилцааны сайд Үно Соосүкэ манай улсад айлчлахад Ц.Гомбосүрэн сайд хамтарч ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж буй чиг бодлогоо түүнд сайтар ойлгуулсан. Соосүкэ сайд Монголын эдийн засгийн төлөөлөгчид болон Ерөнхий сайд Д.Содномыг уриад буцсан түүхтэй. 1990 оны эхний улиралд Д.Содном сайд айлчилж, харилцаагаа найрсгаар хөгжүүлэхийг зорьж буйгаа нотлоод, худалдааны гэрээ байгуулж, гарын үсэг зурчихаад ирсэн. Харилцаагаа тодорхой урагшлуулж хөгжүүлэх Монгол Улсын зорилгыг дээд түвшинд нотолсноороо энэ айлчлал ач холбогдолтой болсон. Энэ бүх айлчлал, яриа хэлэлцээнүүд хоёр улсын харилцааны шинэ үеийн суурийг тавьсан гэж хэлж болно.
-Таны тэргүүлдэг Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн талаар эцэст нь сонирхоё. Ийм нийгэмлэг байгуулах ямар шаардлага байв?
-Хоёр талын олон нийтийн байгууллагууд 50-иад оны дунд үеэс хамтарч ажиллаж ирсэн юм билээ. Японд зохиогддог атом, устөрөгчийн бөмбөгийг эсэргүүцэх дэлхий дахины их хуралд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын тэргүүлсэн төлөөлөгчид оролцсоноос хойш түүнд тогтмол очих болсон байдаг. Манайх цөөн тооны мөнгө хандивлаж байсан ч баримт бий. Японы энх тайваны зүтгэлтэн зураач Ири, Марүки нар Монгол Улсад ирж атомын бөмбөгийн хор хөнөөлийн тухай зургийн үзэсгэлэн гаргаж байв. Монгол-Японы найрамдлын нийгэмлэг албан ёсоор байгуулагдсан, хамгийн ахмад нийгэмлэг шүү дээ. Тэгвэл одоо Японтой хамтарч ажилладаг 30 гаруй нийгэмлэг манайд бүртгэлтэй байдаг. Японд ийм нийгэмлэг 70 гаруй бий гэсэн тоо бий.
Миний тэргүүлж буй нийгэмлэг 28 жилийн өмнө байгуулагдсан. Ерөнхий сайд Д.Содном, Японд суусан анхны Элчин сайд С.Дамбадаржаа, Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал байсан би гээд хэд хэдэн хүн санаачилсан юм. Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яаманд туслах, олон нийтэд сурталчилж дэмжүүлэх зорилго тавьсан. Одоо хувь хүмүүс хийгээд байгууллага оролцсон 100 гаруй гишүүнтэй. Монгол, Японы харилцааны байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулан, Засгийн газар, ГХЯ-нд өгдөг. Дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийх ажлын талаарх саналаа Засгийн газарт тавиад хамтарч ажиллаж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан монгол, япон хүмүүсийн дурдатгалын ном гаргалаа. Харилцааны түүхийг өгүүлсэн баримтат кино 15-ыг хийлээ.
Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа дипломатчдыг нэгтгэдэг “Монгол элч” нийгэмлэгээс 1991 оноос эрхлэн гаргаж буй “Алтан аргамжаа” ном энэ удаагийн дугаарыг бүхэлд нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулжээ. Энэ тусгай дугаарт Монгол, Японы шинэ цагийн харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх, гүнзгийрүүлэх үйлсэд санаачилга гаргасан, ямар нэг хэмжээгээр өөрийн хувь нэмрийг оруулсан монгол, япон хүмүүсийн дурсамжууд орсон байна. Та бүхэн энэ номоос Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Элчин сайд асан С.Дамбадаржаа, С.Хүрэлбаатар, З.Батжаргал, Р.Жигжид, Японоос Монголд сууж байсан Элчин сайд Ханада Марохито, Такэнори Шимизү, Элчин сайд Кобаяши Хароюки нар болон хоёр талын эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтнүүдийн үгийг уншиж болно