Г.Бадмаараг М.Энхжаргал
“Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Бадмаараг, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин, спортын мастер М.Энхжаргал нар Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан 22 хүртэлх насныхны Азийн АШТ-д түрүүлж, аваргаар шалгарсан юм. Монголын боксын спорт сонирхогчдод амжилтаар бэлэг барьж, баярлуулсан тэднийг зочноор урьж ярилцлаа
-Узбекистаны Ташкентэд хөл тавихад төрсөн сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье.
Г.Б: -Ташкентэд анх хөл тавиад л тэмцээн өрсөлдөөнтэй, бас сонирхолтой болох уур амьсгалыг мэдэрсэн. Надад тэр үед “Би энд аварга болно” гэсэн бодол төрөөд байлаа. 22 насныхны тивийн АШТ энэ удаа Азийн оронд анх удаа болсноороо онцлог байв. Манайхан тэндээс 12 медальтай ирлээ. М.Э: -Миний хувьд анх удаа оролцож, Азийн аварга боллоо. Тэндхийн цаг агаар Монголынхтой төстэй байсан тул бид орчин, нөхцөлдөө хурдан дассан шүү.
-Тэмцээний өмнө сугалаа гардаг. Өмнө нь тоглосон тамирчидтай дахиж таарав уу?
Г.Б: -Жингийнхээ өрсөлдөгчдийг хараад “Тэднийг ялчихвал аварга болно” гэж зорьсон. Хоёр тулаан хийхдээ эхлээд эзэн орны тамирчинтай таарсан. Өмнө нь тоглож бай гаагүй тул нэлээд судалж, тактик боловсруулж хожсон шүү. Алтан медалийн төлөө Японы боксчинтой дахин таарав. Улсынх нь Шимади хотод 2019 онд хамтарсан бэлтгэл хийхдээ түүний тоглох арга барилыг судалсан юм. Бид адилхан солгой өрөлт тэй. Түүнтэй хэрхэн тулалдах талаар багш нар тайгаа ярилцаад яг төлөвлөснийхөө дагуу тоглож ялсан. Монголд 2019 онд болсон Азийн АШТ-д БНСУ-ын тамирчныг ялж, хүрэл медаль хүртэхдээ дараагийн тэмцээнд өнгийг нь заавал хувиргана гэж бодож байснаа энэ жил биелүүллээ.
М.Э: -Азийн хошой, залуучуудын дэлхийн аварга, Узбекистаны Нигина Уктамова Японы боксчныг ялж, аваргын төлөө надтай тоглохоор таарсан. Түүний арга барил, техник минийхтэй төстэй. Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш нараас гадна биднийг тэмцээнд ахалж явсан үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид ч гэсэн яаж тулалдах талаар зөвлөсөн. Тэрбээр тэмцээний II үед хожигдож байгаагаа мэдээд довтолж тоглосон. Бид эн тэнцүү тоглож, ядарсан тул III үед хэн овсгоо, самбаа гаргасан нь ялах байлаа. Ийм зүйлийг өмнө нь харж байсан болохоор “Би алдаа гаргаж болохгүй. Өрсөлдөгчөөсөө дутвал хожигдоно. Аав, ээж, ард түмэн минь харж байгаа. Тиймээс тэвчээр, хатуужилтай гэдгээ одоо л харуулъя” гэж бодсон. Надад өрсөлдөгчөө буулгаж авах амар байгаагүй. Нутгийнх нь тамирчныг дэвжээнд нь ялах их эвгүй юм билээ. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь ялна гэсэн итгэлтэйгээр маш их дэмжсэн. Би аварга болох үедээ “Алдар” спорт хороонд харьяалагддаг байлаа.
-Охидыг боксоор хичээллэхэд гэрийнхэн нь дуртай хүлээж авдаггүй юм билээ. Та хоёр ч гэсэн эсэргүүцэлтэй багагүй тулгарсан байх.
Г.Б: -Намайг анх хичээллэхэд манайхан “Эмэгтэй хүүхэд боксоор хичээллэх дэмий, боль” гэж хориглодог байлаа. Тэмцээнээс анх медаль хүртэхэд ойлгож, дэмждэг болсон. Хэдэн өдөр бэлтгэл хийгээд шантарч болих биз гэж боддог байсан гэрийнхэндээ амжилтаар бэлэг барьж, баярлуулсан. 12-14 насныхны УАШТ-д түрүүлж, алтан медаль хүртэн, шилдэг эмэгтэй тамирчин болж байв. Тэр шагнал маань итгэл өгсөн гэж боддог. Алтан медалиа зүүгээд гэртээ ороход манайхан баярлаж “Баяр хүргэе, сайн байна. Амжилт хүсье” гээд урам хайрлаж байсныг мартдаггүй.
М.Э: -Хөлбөмбөг, боксоор хичээллэхэд аав, ээж дуртай дэмжсэн. Манайхан олуулаа өссөн. Намайг бэлтгэл хийлгэхийн тулд эгч, дүү нар минь гэрийн ажлаас чөлөөлдөг. Ядарсан амьтан орой гэрийн бараа харахад ээж хоол хийчихсэн угтана, дүү нар гар, хөл барина. Цар тахлын үед гэртээ бэлтгэл хийхэд эрэгтэй дүү нар минь хамт кросст гүйдэг байлаа. Тэд одоо “Эгч ээ, боксоор хичээллэе” гэдэг болсон. Бага дүү минь таеквондогоор хичээллэдэг. Тууштай хичээллэвэл тамирчин болохоор харагддаг.
-Боксын бээлий анх өмсөөд, мишок нүдсэн дурсамжаасаа хуваалцаач.
М.Э: -Манай сургуулийн хөдөлмөрийн багш Бат-Орших “Бокс тоглочихоор охин энд байна. Түүнийг нэг хар даа” гэж надтай Г.Бадмаарагийг танилцуулаад “Чи дагуулаад дасгалжуулагч багш дээрээ оч” гэв. Түүний боксоор хичээллэсэн түүх үүнээс эхлэлтэй. Тэрбээр одоо сайн тамирчин болсон шүү дээ. Би хөлбөмбөгийн бэлтгэл хийдэг байхдаа “Алдар” спорт хорооны заалны баруун буланд өлгөөтэй мишокийг байнга хардаг сан. Хааяа цохиж үзэхээр гоё санагдана. Хөлбөмбөгийн баг тарсны дараа ямар нэгэн спортоор хичээллэе гэж бодоод ортол боксын тамирчид бэлтгэл хийж таарав. Бүртгүүлэх гээд зогсож байтал А.Гантулга багш “Чи жижигхэн биетэй байж бокс яаж тоглох юм, чадахгүй. Эмэгтэй хүүхдэд хэцүү, шантарна” гэв. Багшийг тэгж хэлэх тусам шар хөдөлж, хичээллэх бодол юу юунаас илүү төрж билээ.
Г.Б: -Би багадаа хүнд хэзээ ч дээрэлхүүлэхгүй гэж боддог байв. Баянзүрх дүүргийн АШТ-д 79 дүгээр сургуулийн технологийн багш сурагчдаа бэлдэж оролцууллаа. Тэмцээнд өөрийгөө сорьж үзмээр санагдаад “Багш аа, би оролцъё” гэхэд зөвшөөрөв. Боксын талаар юу ч мэдэхгүй, гартаа бээлий өмсөж, хүн цохиж үзээгүй байж рингэнд гарч анх тоглосон. Тэр тэмцээний дараа хичээллэх хүсэл төрж, “Алдар” спорт хороон дээр ирж, дасгалжуулагч А.Гантулга багштай уулзахад намайг тулалдаж чадахгүй гэж бодсон уу “Чамайг авахгүй ээ” гээд голж байсан.
-Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж ирсэн нөхөд хэд хоног бэлтгэл хийгээд л шантарсан биз?
М.Э: -Тийм ээ, тамирчдын дунд бие халаалт хийж, гар, хөлөө хөдөлгөхөөс их ичдэг байлаа. Долоо хоног бэлтгэл хийгээд л хичээллэж барахааргүй санагдаад нэг өдөр очсонгүй. Тэгж халширсан үедээ “Би ер нь яах гэж зодолдох гээд байгаа юм. Спортын өөр төрлөөр хичээллэж болно шүү дээ” гэж бодсон. Гэтэл багш утасдаж “Чи яачихав аа, бэлтгэлээ хийгээч” гэж зэмлэлээ. Түүнээс хойш бэлтгэлээ таслалгүй хийсээр “Шижир алт” залуучуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж их баярласан. Анхны шагнал маань бага нас, өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс тус бүр хошой алт, насанд хүрэгчдийнхээс хошой мөнгө, хүрэл медаль дагуулсан. Хөлбөмбөг тоглодог байхдаа бэлтгэл хийхээс хааяа залхуурдаг байсан бол боксоор хичээллэхдээ хэзээ ч хойргошоогүй. Бэлтгэл хийхдээ өнөөдөр түүнтэй тоглоно, тэр амжилтаараа намайг гүйцчихвэл яана гэх зэргээр нэгэнтэйгээ өрсөлдөж, өөрийгөө хурцалдаг байв. Хөлбөмбөгөөр хичээллэсний давуу тал бокс тоглоход нөлөөлсөн. Кросст гүйдэг байсан тул хурдтай, хөлийн ажиллагаа сайн, бас тэсвэр хатуужил сууж, бэлтгэлийн ачаалал даах чадвартай болчихсон байлаа.
Г.Б: -Надад ч гэсэн халшрах үе бишгүй гарсан. Хэд хоног бэлтгэл хийгээд гар, хөл даагдахгүй, хамаг бие шархирч өвдөөд орноосоо ч босох тэнхэлгүй боллоо. Тэр үед “Миний хичээллэх спорт бокс биш байна” гэх бодол төрсөн. Дөрөв хоногийн дараа багш холбогдож “Чи яагаад бэлтгэл дураараа таслаад байна, одоохон ир” гэв. Маргааш нь багшдаа зэмлүүлж дээсээр ороолгуулснаа одоо бодохоор инээд хүрдэг юм. М.Энхжаргал эгч надаас түрүүлж, энэ спортод хөл тавьсан. Бид “Алдар”-т хамт бэлтгэл хийгээд цөөнгүй жил болжээ. Надад эгч нараасаа суралцах зүйл их бий. Юу ч мэдэхгүй жаахан охин ирэхэд тэд халуун сэтгэлээр угтан авч, боксоор хичээллэсэн анхны өдрөөс тамирчин хүний ёс зүй, хүндлэл ямар байх ёстойг зааж, зөвлөсөн. Спорт хүндлэл дээр тогтдог. Бид тэмцээний үед амь нэгтэй. Нэгнийгээ рингэнд гарахын өмнө урам өгч, итгэл найдвар төрүүлдэг. Тамирчин хүнийг амжилт гаргахад, хүмүүжиж төлөвшихөд багийн уур амьсгал их нөлөөлдөг. Миний хувьд бага насны УАШТ-ээс нэг, өсвөр, залуучуудынхаас тус бүр хоёр түрүүтэй. Насанд хүрэгчдийн УАШТ-д энэ жил оролцоно. Хүчтэй өрсөлдөгчидтэй таарах тул тактик боловсруулаад бэлтгэлээ базааж байна.
-Хилийн дээс алхаж гадаадын тэмцээнд анх оролцохдоо тамирчин байхын үүрэг, хариуцлагыг хэрхэн мэдэрсэн бэ?
М.Э: -2015 онд Тайванийн Тайпай хотод болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, багш нараа баярлуулсан. Тэр тэмцээнээс гурван охин медаль зүүсний нэг нь би. Эхний тойрогт ОХУ, дараагийнхад өмнөд хөршийн тамирчныг ялж, гурав дахь тоглолтод АНУ-ын боксчинд нэг оноогоор ялагдсан. Өрсөлдөгчөөсөө биерхүү байж урагшаа давшиж тоглосноо бодохоор одоо харамсдаг юм. 2017 онд Хөх хотод болсон тэмцээнд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгаран дараа нь Казахстаны Караганда хотод зохион байгуулсан тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Миний медалийн ихэнх нь алт. Олонхыг нь дотоодын тэмцээнээс гардсан. Би 51-54 кг-ын хооронд тоглодог, жингийнхээ өрсөлдөгчдийн тоглолтыг мэднэ.
Г.Б: - Унгар улсад зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж, өрсөлддөгийг харсан. Анхны тэмцээн байсан тул догдолж, сандрах, эмээх гээд аль аль нь зэрэгцсэн. Миний хувьд туршлага судалж, хуримтлуулсан тэмцээн байв. 2018 онд болсон хүүхдийн их наадамд 57 кг-д оролцож, түүнээс хойш 60 кг-д өрсөлдөж байна.
-Та хоёрыг Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулиас төрсөн тамирчин гэж сонссон. Бэлтгэлийнхээ хажуугаар зав гаргаад их, дээд сургуульд сурдаг уу?
М.Э: -Бид Баянзүрх дүүргийн Шар хад дахь 79 дүгээр сургуулийг төгссөн. ДАШТ-ээс медальтай ирэхдээ би есдүгээр ангийн сурагч байв. Сургуулийн захирал, багш нар, ангийн хамт олон минь сэтгэл өндөр угтаж билээ. Сургуулиасаа төрсөн алдартай тамирчдын амжилтаас үлгэр дуурайл авч урагшилсан. Тус сургуулийг төгсөөд “Mongolian air hostess agency” төвд онгоцны үйлчлэгч мэргэжлээр сурсан. Одоо Монгол Улсын зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетээр (агаарын байдлыг цаг тухайд нь газрын зураг дээр буулгаж тэмдэглэдэг) ажилладаг. Би багадаа цэргийн байгууллагад ажиллахыг хүсдэг байлаа. Тус цэргийн ангид холбооны сургалт эхлэхэд бүртгүүлсэн юм. Намайг Азийн АШТ-д оролцоход штабын дарга, дэд хурандаа Д.Энх-Амгалан, хамт олон минь их дэмжсэн. Сурч байх үед бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хэцүү санагддаг байв. Байгууллагынхаа удирдлага, багш нараас чөлөө авч бэлтгэл хийнэ. Хэдий ядардаг байсан ч хичээл, бэлтгэлээ нэг ч таслаагүй. “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олон ойлгож, бэлтгэл хийх чөлөө олгосноор Азийн АШТ-д оролцсон. Зорилгодоо хүрэхийн тулд саад бэрхшээлийг хичээл зүтгэлээрээ даван туулж, амжилт гаргалаа. Ахлах ахлагч Л.Түмэн-Өлзий, ахлах дэслэгч А.Аззаяа багш нар минь мэддэг бүхнээ надад харамгүй заасанд баярладаг. Тэдний ачаар цэргийн дүрмийг мэддэг боллоо. Цэргийн мөрдэстэй амьдралд хөл тавихад “Алдар”-т бэлтгэл хийдэг байсан минь багагүй нөлөөлсөн.
Г.Б: -Манай сургуулиас төрсөн боксын тамирчин цөөнгүй бий. Тухайлбал, олимпын аварга Э.Бадар-Ууган, мөнгөн медальт Н.Төгсцогт, эмэгтэйчүүдээс Азийн аварга М.Энхжаргал эгч гээд. Миний хувьд одоогоор амжилт гаргахдаа анхаарал хандуулж байна. Бэлтгэл хийж, тэмцээнд байнга оролцдог болохоор их, дээд сургуульд сурах цаг, зав бага гардаг. Тиймээс зорьсон зүйлдээ эхлээд хүрье гэж бодож байгаа. Би спортын сэтгэлзүйч болохыг хүсдэг. Тамирчидтайгаа зовлон, жаргалаа ярилцаж, ойр дотно нөхөрлөх сайхан. Тиймээс ийм мэргэжилтэй болъё гэж бодсон. Тамирчин хүн сэтгэл зүйгээ зөв удирдаж байж амжилт гаргадаг. Харин зорилго тавьсан бол рингэнд гараад юу чаддагаа харуулах ёстой.
-Сүүлийн үед Европ, Азийн тамирчдаас хэнийх нь тоглолтыг судалж, тактик боловсруулж байна вэ?
Г.Б: -Тамирчин бүрийн тоглох арга барил, техник, тактик өөр. Армийн ДАШТ-д оролцохдоо насанд хүрэгчдийн ангилалд тулалддаг Узбекистаны шилдэг тамирчинд ялагдсан. Надад түүнээс даагаа нэхэх бодол бий. Европоос олимп, ДАШТ, армийн аварга Бразилын боксчны техникийг сонирхож хардаг. Тэдний тэмцээнд гаргах тактикаас илүү би өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Тоглолтын үед гаргах тактикийг нь судалж байж өөдөөс нь хариу барих төлөвлөгөө боловсруулна шүү дээ. Амжилт гаргахад үүнээс гадна тухайн тамирчны сахилга бат, бие, сэтгэл зүйн хат тэвчээр, мэдрэмж, туршлага, зорилго нөлөөлнө. Бидний амжилт одоо л эхэлж байна. Багш нар минь “Та нар биеэ тоож болохгүй. Ямар ч үед даруу төлөв, зөв хандлагатай бай. Эмэгтэй хүн бокс тоглодог ч энгийн үед эелдэг, зөөлөн байх хэрэгтэй. Өөрийгөө хуурахгүйг хичээ. Юу чаддагаа бэлтгэл дээр гарга. Бэлтгэлээ хэдэн мянган удаа сайн хий, тэр хэрээр үр дүн нь тэмцээнд харагдана” гэдэг.
М.Э: -Нэг жинд тоглодог Казахстан, АНУ-ын тамирчдын амжилт, тактикийг судалдаг. Би тэмцээнийхээ бичлэгийг дараа нь үзэхдээ бухимддаг. Тэгснээс багшаасаа алдаа, дутагдлаа асууж, зөвлөгөө авах нь илүү дээр санагддаг юм. Хамгийн үнэн, шударга шүүмжлэлийг багш л хэлдэг. Монголд хүчтэй өрсөлдөгч олон бий. Тухайлбал, Орхон аймгаас Э.Мичидмаа, үндэсний шигшээ багаас О.Есүгэн, мөн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Нандинцэцэг эгч бий. Насанд хүрэгчдийн УАШТ-д өмнө нь ялж, ялагдсан өрсөлдөгчидтэйгөө таарах байх. Тиймээс бэлтгэлээ сайн базааж оролцоно.
-Тэмцээний товлосон хугацаа ойртох тусам сэтгэл зүйгээ хэр бэлддэг вэ?
Г.Б: -Анхны үеэ бодвол одоо сэтгэл зүйгээ сайн бэлдэж, рингэнд тайван гардаг болсон. Манайхан тоглолтын өмнөх өдөр “Хувцсаа бэлдсэн үү, хэрэг болох зүйлээ мартав, бидний тусалж чадах зүйл юу байна вэ” гээд санаа тавьдаг.
М.Э: -Манайхан тэмцээнтэй өдөр надаас илүү догдолдог. Эхний өдөр тааруухан тогловол “Чи түүнтэй тэгж тоглох байсан юм, маргааш алдаагаа давтаж болохгүй, эсвэл та өрсөлдөгчөө тэгэхэд нь ингэж цохихгүй яасан юм. Дараагийн тоглолтод заавал ялаарай” гэх зэргээр шүүмжилж, зөвлөнө. Рингэнд тоглохоор гарахад аав, ээж цамцны зах үрчийтэл мушгичихсан байдаг юм. Тэднийгээ хааяа “Төлбөрийн чадвартай нь цамцны зах муш гиарай. Хэрвээ урагдсан байвал шинийг авхуулна шүү” гэж цаашлуулдаг.
-Байнга бэлтгэл хийж завгүй явна гэж юу байх вэ, хааяа ч болов өөртөө чөлөөт цаг гаргадаг байлгүй.
М.Э: -Өмнө нь чөлөөт цагаараа гэртээ дүү нартайгаа бужигнаж өнждөг байлаа. Одоо цэргийн байгууллагад ажилладаг тул зав бага гарах болсон. Би юм нэхэж, оёх дуртай. Азийн АШТ-д оролцохоосоо өмнө аавдаа зориулж хөөргийн даалин урласан ч арай дуусгаж амжаагүй юм. Ажил, бэлтгэлийнхээ заваар оёж дуусгаад цэргийн баяраар бэлэглэнэ. Энэ ташрамд, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн удирдлага, хамт олон, бэлтгэл хийлгэдэг дасгалжуулагч багш нартаа, баг хамт олныг минь дэмжиж, тусалдаг Н.Мөнгөншагай ахдаа талархсанаа илэрхийлье. Мөн багийнхаа тамирчдад удахгүй болох УАШТ-д амжилттай оролцохыг ерөөе.
Г.Б: -Ойрын үед усан бассейнд сэлж байгаа. Найзуудаа уулзах санал тавихад бэлтгэлтэй, эсвэл тэмцээнд оролцож таардаг. Тэд хааяа гомдоллодог ч намайг сайн ойлгодог юм. Амжилтад хөтөлсөн багш нартаа, “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, бүх талаар дэмжиж тусалдаг гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа, “Та нарынхаа итгэлийг алдахгүй аварга болно оо” гэж хэлье